Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 3449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Г.К” ББСБ /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,946,158 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Д.Б, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4А байр, 18 тоотод оршин суух, Ц.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.К-ийс 11,000,000 төгрөгийн зээл авах өргөдөл гаргаж зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. “Г партнерс ББСБ” ХХК болон Ц.Б нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ0101140060 тоот зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэйгээр, хувийн бизнесээ өргөжүүлэх зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр Зам гудамж  байр,  тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай Ү-2203012401 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ0101140060 дугаартай барьцааны гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэгчийн 6/2-38 дугаар тамгаар баталгаажуулан “Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгавжуулсан. Зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуааарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөр эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.5-д заасан хувиар тус тус тооцож авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн. Мөн Зээлийн гэрээнд “Зээл болон зээлийн хүү төлөх график”-ийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Ц.Б нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд  нийт 6,377,910 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүнд 5,787,686 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 590,224  төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ц.Б нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сар бүр үндсэн зээлээс 1,220,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-ын зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацааг мэдэгдэж байсан. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд үндсэн зээл 11,000,000 төгрөг, зээлийн хүү 14,955,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,972,143 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөг, нийт 28,946,158 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 372,881 төгрөгийг Ц.Боос гаргуулах хүсэлтэй байна. Мөн зээлдэгч зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж 45 байр, 18 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай Ү-2203012401 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар партнерс” ББСБ нь Ц.Бтой 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 11,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 4.8 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн, 5 дугаар хороо, 48 дугаар байрны 18 тоотын 29 м.кв орон сууцыг барьцаалсан.  Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 11,000,000, хүү 14,955,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,972,143 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 28,946,158 төгрөгийг Ц.Боос нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Бид анх гэрээ байгуулахдаа хүүг зээлийг хугацаандаа төлсөн тохиолдолд 3.3 хувь, хугацаа хэтрүүлбэл 4.8 хувийн хүүтэй байхаар тохирсон. “Газар партнерс” ББСБ-ын нэршил нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрчлөгдөж “Газар капитал партнерс” ББСБ болсон байгаа гэжээ. 

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б миний бие 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Газар капитал партнерс ББСБ” ХХК-иас 11,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ хугацаандаа төлөх ёстой байсан боловч хувийн бизнес минь дампуурч, ажилгүй болсон. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг дуустал нийт 6,377,910 төгрөгийг тус байгууллагад төлсөн. Мөн барьцаанд тавьсан өмч болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж 45 байр, 18 тоот хаягт байршилтай, 29 м.кв бүхий байраа зарж зээлээ дарах гэсэн боловч надаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйл гарсан тул өмчлөгч би одоог хүртэл өмчөө захиран зарцуулж чадахгүй байна. Энэ талуур уг ББСБ-д мэдэгдэж байсан. Зээлдэгч миний үндсэн зээл болох 11,000,000 төгрөгийг бүрэн төлөх ба Ц.Б миний аргагүй байдлыг харгалзан үзэж өөрийн байраа захиран зарцуулах хүртэл надад хугацаа олгож өгнө үү. Мөн “Газар капитал партнерс ББСБ” ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир надтай анх гэрээ байгуулахдаа хүүг 3.3 гэж тохирсон боловч 4.8 хувийн хүүгээр зээлийн бодсонтой санал нийлэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан нь үнэн. Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ нь хариуцагч Ц.Бт холбогдуулж №ЗГ0101140060 тоот зээлийн, №ЗБ0101140060 тоот барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 11,000,000 төгрөг, зээлийн хүүнд 14,955,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,972,143 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, нийт 28,946,158 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч анх гэрээ байгуулахдаа хүүг 3.3 гэж тохирсон боловч 4.8 хувийн хүүгээр зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаатай санал нийлэхгүй” гэж өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарласан байна. 

 

2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар №ЗГ0101140060 тоот зээлийн гэрээ байгуулсан ба “Газар капитал партнерс” ББСБ нь Ц.Бт 11,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай олгожээ.

 

Талууд зээлийн хүүг 1 сарын 4.8 хувь, харин зээлийг хугацаандаа төлсөн тохиолдолд 3.3 хувь байхаар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ. 

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч Ц.Б  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 45 дугаар байрны 48 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Хариуцагч Ц.Бын зүгээс гэрээний хугацаанд 1,000,000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2,338,400 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 3,039,510 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй ба шүүхээс дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсанчлан зохигчид зээлийн гэрээнд хүүг 1 сарын 4.8 хувь, харин зээлийг хугацаандаа төлсөн тохиолдолд 3.3 хувь байхаар тохирсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлийн хүүг нийтэд зарлах бөгөөд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгч гэрээ байгуулж зээл авна. Гэтэл зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг хоёр өөр янзаар тооцохоор тохиролцсон нь зээлдэгчид хүүг бага мэтээр ойлгуулах, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн байна. 

 

Иймд үндсэн зээл 11,000,000 төгрөгөөс сарын 3.3 хувиар хүүг тооцох нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн зээлдэгч гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцогддог.

 

Иймд зээлдэгчийн хувьд гэрээний хугацаа хэтэрснээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлөх үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзэн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 3,039,510 төгрөгийг үндсэн зээлээс хасч зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодож, хариуцагчийн биелүүлбэл зохих үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ. 

 

Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 7,960,490 төгрөг, зээлийн гэрээний хүү 9,819,361 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,901,818.63 төгрөг, нийт 19,681,669.63 төгрөг болж байх бөгөөд энэ дүнг хариуцагч Ц.Боос гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгчийн “нотариатын зардалд 19,000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хариуцагч Ц.Б гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцон хангаж шийдвэрлэв.

 

 Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Боос 19,700,669.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,245,488.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 45 дугаар байрны 48 тоот 29 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000280619 дугаартай, Ү-2203012101 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 326,653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ