Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Сайнхүү

Хохирогч Ч.Б, О.Н нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Э.Д-ийн өмгөөлөгч Б.Болормаа

Хохирогч Ч.Б, О.Н

Шүүгдэгч Г.Г, Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Э.Д нарт холбогдох 1716000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт Г-ийн Г.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Э-ын Д. 

Шүүгдэгч  Г.Г нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 20-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ны хооронд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт байх хохирогч Л.Т-ын дөнжин үнээг хулгайлж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан, тус аймгийн Галуут багийн нутгаас хохирогч Н.Л-ийн нас бие гүйцсэн 2 тооны үнээ, 4 тооны тугал хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Д нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 02 дугаар сарын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутгаас хохирогч Ч.Б-ын 13 тооны бярууг хулгайлж 4.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г, Э.Д нар нь бүлэглэн шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор тус аймгийн Тайшир сумын Хуримт багийн Сүйхтийн нуруу гэх газраас 2015 оны 12 дугаар сарын 13-ны үед хохирогч О.Н-ын 6 адууг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

тус аймгийн Шарга сумын Дундын овоо гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны хооронд хохирогч Ө.О-ын 2 тооны үхэр хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2 үхэр авчирч өгсөн. Тэр хоёр үхрийн нэгийг нь Х.Р гэдэг хүнд өмнө нь би нэг адууны өгөлтэй байсан учир түүндээ авчирч өгсөн. Нэгийг нь “Шаргын говь” гэдэг модны үйлдвэрийн хүнд нэг шүдлэн авчирч өгсөн. Би нэг өдөр өөрийнхөө үхэрнээс хоёр үхэр барьж авч ирээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн. Гэтэл Л.Т миний үхэр гэж булааж авчихаад өгдөггүй. Хэрэв миний үхэр бол хоёулаа ижил имтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Оюунтуяа гэдэг хүн мэдэж байгаа. Хоёуланг нь бичиг хийж тэр хүмүүст нь хүлээлгэж өгч байсан. О-ын үхрийн хэрэг дээр намайг цагдан хорьчихоод миний машиныг журмын хашаанд байхад нь хэргийн газар дээр авч очиж зураг авсан байдаг. Тэгээд Г.Г авсан гэж хэлдэг. Мөн О.Н-ын адууны хэрэг дээр би тухайн адуунуудыг ачилцсан зүйл байхгүй, Э.Д-той нийлж алсан гэж гэрчүүд нь мэдүүлэг өгдөг. Мөн Л-ийн 2 үхэр 4 тугалны хэрэг дээр тухайн үед би аймаг дээр морь тэжээдэг байсан учир амьтдын морины хомоолоо “хогийн толгой” руу 4 удаа авч очиж асгахад 4 тугал 2 үнээ их туранхай, тэр өвөл цас их орсон байсан учир адууны хомоол ирж идээд байхаар нь би хөдөө гаргаж тэжээсэн тэр талаар мэдүүлэг өгсөн. Гэтэл Г.Г 4 тугал 2 үнээг хулгайлсан гэж хэлдэг. Тухайн үхэрнүүд хогийн толгой дээр байхдаа хэвтэх хэвтэр байхгүй тураалдаа орсон байсан учир би гэртээ авч очиж тэжээсэн. Нэг тугал нь тэжээл авалгүй үхсэн, 2 үнээ тугалсан байсан учир чоно нохойноос хамгаалаад байнга гэрийн хаяанд уяатай байдаг байсан. Л.Т-лын үхрийн хэрэг дээр нагац нь болох Ж манай үхэрт байсан гэж мэдүүлэг өгдөг. Тухайн үед Ж-ы үхэрт байгаагүй, үхрийг нь хариулж байсан хүн болох Б одоо Рашаант багт мал маллаж байгаа. Б-ээс мэдүүлэг авалгүй нагац болох Ж-аас нь мэдүүлэг авсан байдаг. О-ын үхрийн хэрэг дээр намайг цагдан хорьчихоод машины мөр тааруулаад журмын хашааны хүнээс 3 хоногийн дараа гаргаж хэргийн газар дээр очиж миний машины зургийг авсан гэж хэлдэг. Тэгэхдээ 3 цаг явсан гэж журмын хашааны хүн хэлж байсан. Машины зураг авахад 2 хүн байсан гэж хэлдэг. Гэтэл хүний мөрний зургийг аваагүй. Ийм байдалтай шалгагдаад байж байна гэв.

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О.Н-ын 6 адуунаас эхлээд яръя. Би Ш, Бү гэдэг хоёр хүнтэй хамт очоод тэр хоёр хүн цаашаа яваад би үлдээд, ахтайгаа хамжаад адуу гаргаж байх явцад алтанд явж байсан 2 танихгүй ирсэн. Тэр хоёр нь Ц, У гэдэг хүмүүс байгаа. Ц, У нар нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө хоёр талын гуян дээр тамгатай байсан гэх мэт бүгдийг нь зааж үнэнээр нь гэрчилсэн. Э.А-ыг эрүүдэн шүүж мэдүүлэг авчихаад тэр мэдүүлэгт үндэслэн яллах гээд байна. Эрүүдэн шүүсэн учир нь Г, Ч нарын 8 үхрийг өөрсдөө зааж өгөөд гарын үсэг зөрүүтэй мэдүүлэг авчихаад үүн дээр тулгуурлаад яллах гээд байна. 8 үхрийн хэрэг дээр намайг Г.Г-ын хамт хулгайлсан гэсэн боловч тухайн үед Г.Г нь цагдан хоригдож байсан, би Улаанбаатарт байсан хугацаа таарсан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг шийдэгдэхгүй 3-4 жил болж байна. О-ын 2 үхрийн хэрэг дээр Г.Г-ын машины мөр тэр таарсан гэдэг боловч үүн дээр содон шинж тэмдэг юм юм вэ? гэдэг тодорхойгүй. Г.Г хулгайлсан гэхэд яагаад намайг сэжиглээд байгаа юм бэ? Г.Г би Э.Д-той хамт хулгайлсан гэж мэдүүлэг өгөөгүй. Хийгээгүй хэрэг дээр сэжиглэгдэж байгаад үнэхээр хэцүү байна. Мо-ын мотоцикль эвдэрсэн ачаад ирнэ үү? гэж хэлэхээр нь Хавчигийн даваанаас Г.Г-ын эхнэр бид 3 явж ачиж ирсэн. Өөрөөр үхэр хулгай хийхэд нь хамт явсан зүйл байхгүй. Г.Г-ыг хулгай хийсэн үгүйг би мэдэхгүй. Машиных нь мөр мөн байсан эсэх талаар би мэдэхгүй. Улсын яллагч ямар нотлох баримтыг үндэслээд ял оногдуулах гээд байгаа нь тодорхойгүй. Ч.Б-ын 13 тооны бярууны талаар би мэдэхгүй. Ч.Б надад хэлэхдээ эзэнгүй 4 бяруу байна ахын дүү ирээд мэдүүлэг өгнө үү гэж хэлэхээр нь би мэдүүлэг өгсөн. Ч.Б бяруу алдсан гэх боловч 3 жилийн мал тооллогоор нь дутсан бяруу байхгүй байдаг гэв.

Хохирогч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр адуугаа үзэхэд манай адуу бүрэн байсан. Мөн оны 12 дугаар сарын эхээр явж харахад халтар гүү, халтар байдас, хул байдас, саарал даага, хул даага гэсэн 6 тооны адуу байхгүй байсан. Айлын адуутай салаад явсан байх гэж бодоод хэсэг хайсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа манай хэсгийн төлөөлөгч адуунуудаас чинь сураг гарсан гэж хэлсэн. Гэрч нарын мэдүүлэгт цагаан шарга адуу байсан гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаан дээр Э.Д буруу талын гуян дээр тамга байсан гэж хэлдэг. Э.Д-ийн тухайд аав, ээж нь хохирлыг чинь барагдуулж өгье адуугаа олсон гээд хэлчих гэж хэлж байсан. Халтар гүүг М гэдэг хүнээс авч байсан. Тэгэхээр М дээр очиж уулзсан байдаг гэв.

Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 онд 13 тооны бяруу алдсан. Би 2015 онд Ховдоос хэдэн үхэр авчирсан тэр нь тоонд ороогүй байдаг. Алдсан 13 тооны бяруу бол манай өөрийн тугалан бяруу байсан. Баянхонгор аймагт сураг гарахаар нь би очиж үзээд 3 тооны үхэр авчирсан. Б гэдэг хүн би Э.Д-оос авсан гэж хэлдэг гэв.

1. Шүүгдэгч Г.Г-ын  2015 оны 11 дүгээр сарын 20-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ны хооронд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт байх хохирогч Л.Т-ын дөнжин үнээг хулгайлж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Л.Т-ын “ ... 2015 оны 11 дүгээр сарын 20-иос 2015 оны 12 дугаар сарын 10-ны  хооронд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн Засаг дарга Ж-ны үхэртэй хамт байсан миний монголын дүнжин үнээ алга болсон байна гээд хайгаад олохгүй тэгтэл бярууг нь Халиуны Олонбулаг багийн голоос олдсон тэгээд Р гэдэг хүнийд байгаа сураг гарч гэрт очиход миний алдсан үхэр байсан. Би тэр хүнд ямар замаар яаж авсан гэхэд Г-ийн Г гэдэг хүнд би 2 жилийн өмнө 800.000 төгрөгийн өртөгтэй морь зарсан тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь би аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргатал Г.Г үхэр авч ирж өгсөн байсан. Тэгээд намайг ирж өрнийхөө үхрээ ав гэсэн. Тэгээд би аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хашаанаас очиж тэр үхрийг авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / 1-р ХХ219/

Гэрч Д.Ж-ны “... Т-ын 11 тооны үхэр манай дээр байсан ба би маллаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүнс гаргах гээд үхрээ цуглуулж иртэл Т-ын улаан зүсмийн монголын үнээ бяруутайгаа байхгүй байсан. Тухайн үед би малын тоо болж байсан учраас сайн хайж чадаагүй, тэр үнээ бяруутайгаа манай үхрээс салгуу яваад байсан. Тэгээд 12 дугаар сарын 20-дын үеэр хайсан тэгтэл бяруу нь ганцаараа манай үхэртэй нийлсэн байсан. Тэгээд эхийг нь хайтал олоогүй. 2016 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг санахгүй байна Тү гэдэг айлд очтол Ло гэдэг хүн байсан. Бид 3 юм яриад сууж байтал Р гэдэг айлд улаан зүсмийн сүүлэндээ цагаантай үхэр байна гэнээ гэдэг сураг дуулаад Т-д хэлээд тэр намайг аймгаас дуудаад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бид 2 Р гэдэг айлд очиж тэр үхрийг үзтэл Т-ын алга болсон монголын үнээ мөн байсан. Ингээд Р гэдэг хүнээс та хэн гэдэг хүнээс энэ үхрийг авсан юм бэ гэхэд Шүүхийн шийдвэрээр Г-ийн Г гэдэг хүнээс авсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ222/

иргэний нэхэмжлэгч Х.Р-ийн “...2015 оны 12 дугаар сард өдрийг санахгүй байна аймгийн ШШГА-аас шийдвэр гүйцэтгэгч гээд нэг эмэгтэй хүн утсаар залгаад Г.Г хоёр үхэр авч ирсэн байна та ирж нэг үхрийг нь ав гэхээр нь очиж авсан юм... Би 4 настай улаан зүстэй, хоёр чих урдаасаа хөндлөн гэмээр имтэй, сүүлний үзүүр цагаан, өвчүү хэсэгт цагаантай дөнжин үнээг авсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ223/

гэрч Ж.Тү-ийн “...  2016 оны 01 дүгээр сард манайд Ло, Ж нар ирсэн. Ж нь цагаан сүүлтэй, улаан монголын үнээ алдчихлаа Т-ын үхэр байгаа юм гэж ярьсан. Тэр үеэр манайх бас нэг үхэр алдсан байсан тул Говь-Алтай аймгийн төвд үхрийн фермийн ойролцоо миний алдсан үхэртэй ижил үхэр байна гэж дуулаад аймаг явж үзээд ирсэн юм. Очиж үзэхэд цэгээн бүдэн цагаан сүүлтэй улаан зүстэй эвэртэй үнээ байсан. Энэ талаар аймагт ийм үхэр байна. Тэр танай үхэр мөн байх гэж хэлсэн юм өөр зүйл болоогүй. Дараа нь Ж-аас асуухад манай үхэр мөн байна лээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ225-226/

гэрч Б.Оюунтуяагийн “...Г нь Р гэдэг хүнд өгөх ёстой морины 800.000 төгрөгийн төлбөртөө хоорондоо тохиролцон үхэр авч ирж өгөхөөр болсон. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г нь өөрийн жижиг ачааны цагаан өнгийн портер маркын машинаар монголын улаан хүрэн зүсмийн үхэр ачиж ирээд Р-д өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ227/

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р ХХ211-212/, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ 206-208/ Г.Г-ын бичсэн захидлын хуулбар /1-р ХХ37/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Г.Г-ын Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Л-ийн нас бие гүйцсэн 2 тооны үнээ, 4 тооны тугал хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Н.Л-ийн “... 2015 ны 12 дугаар сарын эхээр Тайшир сумын Галуут баг Цойн толгой гэх газраас 6 үхэр бэлчээрээс алдсан. Тэгээд сумын Цагдаагийн хэсэгт мэдэгдэж бичиж тэмдэглүүлсэн... 2016 оны 05 дугаар сарын сүүлээр хэсгийн төлөөлөгч миний үхрийн сургийг гаргаж, хулгайлсан гэх эзэн холбогдогчийг нь олж тогтоосон. Халиун сумын Зэлийн гол гэх газарт иргэн Б-ийн үхрүүдтэй хамт байх үед нь очиж, таньж олуулсан... Бүдүүн ягаан үнээ 1 зөв талын чих ухам имтэй, халтар хүрэн гунж 1 зөв талын чих ухам имтэй, эр халзан тулгал, 2 эм халзан тугал 2 чих нь урдаасаа ухсан ухам имтэй, хадган хүзүүвчтэй байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ55-56/

Гэрч Ж.С-ийн “...2015 оны 11 дүгээр сард манай Г ганцаараа 6 тооны үхэр туугаад ирсэн юм. 1 улаан үнээ эвэртэй, 1 хүрэн үнээ эвэртэй, эм тамгыг нь сайн мэдэхгүй, 4-н улаан бяруу, 2 нь эвэртэй, 2 нь эвэргүй юм байсан. 1 нь халзан байсан санагдаад байна сайн санахгүй байна... 2 үнээ байсан. Тугал нь 2 нь эр, 2 нь эм байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ60-61/

Гэрч Б.Б-ийн “... 2015 оны 11 дүгээр сард л байх намайг малд явсан хойгуур 2 үнээ, 4 тооны тугал авчраад явсан байсан ... 1 улаан үнээ эвэртэй, эм тамгыг нь мэдэхгүй, 1 хүрэн үнээ эвэртэй, эм тамгагүй, 1 халзан бяруу, 2 улаан бяруу, 1 халзан бяруу нь дээр Хонхот гэх газар үхээд 5 монголын үхэр байсан аваад явсан..” гэсэн мэдүүлэг /2-р ХХ62-63/

Шүүгдэгч Г.Г-ын сэжигтнээр өгсөн “...Тайшир сумын нутаг биш аймгийн төвийн хог хаядаг газар 2 улаан үнээ, 4 тугал байсныг ачаад хадам аав Б-ийнд авч очиж буулгасан. Өвөл цас ихтэй туранхай үхрүүд байсан болохоор тэжээж онд оруулсан. Им тамгыг нь би мэдэхгүй байна. Би өөрийнхөө “Портер” машинаар ганцаараа ачиж авч явсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ69-70/ зэрэг нотлох баримтуудаар,

3. . Шүүгдэгч Г.Г-ын  Говь-Алтай аймгийн Шарга сумын Дундын овоо гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны хооронд хохирогч Ө.О-ын 2 тооны үхэр хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Ч.Э-ийн “... 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Есөнбулаг сумны Рашаант багийн Гашуун гэх газарт нүүж очоод 25-ны өдөр би нөхөртэйгөө манай үхэр бэлчдэг Шарга сумын Дундын овоо орчмын газарт очиход манай үхэр сүргээс 2 үхэр дутсан байсан. Нөхөр бид 2 үхрээ тэр хавиар хайгаад олоогүй бөгөөд үхэр сүргээ гэр лүүгээ туугаад нөхөр намайг гэрт хүргэж өгөөд буцаад ганцаараа алдсан 2 үхрээ хайгаад явсан. Тэгээд оройхон болж байтал Дундын овооноос урагшаа 2 км орчим зайд ялаа батгана шавсан цусны мөртэй газрын хэсэг байна гээд надад ирж хэлсэн юм. Бид 2 утас аваад тэр шөнөдөө цагдаад мэдэгдээд маргааш өглөө нь цагдаагаас ирсэн хүмүүстэй хамт очиж сэжигтэй газар нь очиж ухаж үзэхэд эхлээд үхрийн гэдэс дотор гарч ирсэн ба цааш нь сайн ухахад шир, толгой шийр нь бүгд гарч ирсэн. Толгой ширээр нь манай алга болсон 2 үхэр болох нь тогтоогдсон юм...” гэсэн мэдүүлэг /2-Р ХХ169/

Гэрч Ө.О-ын “... 2016 оны 08 дугаар сарын 16-ны үед өөрийн өмчлөлийн үхэрнүүдээ Шарга сумын нутаг Дундын овооны орчимд байхад нь эргэж очиход бүрэн бүтэн байсан. Ингээд 9 орчим хоногийн дотор эргэлгүй байгаад 2016 оны 08 дугаар сарын 25-ны өглөө үхэр бэлчиж байсан газар буюу Дундын овооны орчимд өөрийн эхнэр Ч.Э-ийн хамтаар өөрсдийн мотоцикльтой очиж бүртгэж үзэхэд бүдүүн сувай ягаан зүсмийн үнээ, нэг бүдүүрч байгаа улаан зүсмийн шар үхэр зэрэг 2 тооны үхэр дутаж алга болсон байсан....Дундын овооноос ургаш ойролцоогоор 2 км зайд газрын хөрсийг онгилсон ялаа батгана шавсан газрын хэсэг байхаар нь сэжигтэй санагдаад цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн. Цагдаагаас хүмүүс ирээд цуг очоод ухаад үзэхэд үхрийн гэдэс, толгой шийр зэрэг сэг зэм гарч ирсэн. Сайтар ухаад үзэхэд үхрийн толгой шийрнүүд нь гарч ирснээр манай алга болсон 2 үхэр зүсээрээ таарч байсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ170/

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай шинжээч У.Төгөлдөрийн “...хэргийн газрын үзлэгийн явцад криминалистикийн шинжээч дэслэгч Т.Назарбекийн гэрэл зургаар бэхжүүлж авсан “Зураг №18 Хэргийн газарт үлдсэн тээврийн хэрэгслийн дугуйн мөрийг харуулав” гэсэн тайлбар бүхий гэрэл зургийн үзүүлэлт дээрхи дугуйн мөр болон сэжигтэн Г.Г-ын унаж явсан 2458 ГАҮ улсын дугаартай хьюндай портер маркын автомашинд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн явцад мөр гаргуулж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №9, 10 дугаартай мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан дугуйн мөр нь сэжигтэн Г.Г-ын 2458 ГАҮ улсын дугаартай “Хьюндай портер” маркын автомашинд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан дугуйн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3.Хэргийн газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн дугуйн мөр нь ямар маркын ямар төрлийн тээврийн хэрэгслийн мөр болохыг тогтоох боломжтой.

4. Шинжилгээнд ирүүлсэн дугуйн мөр нь дунд оврын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн дугуйн мөр байна. Уг тээврийн хэрэгсэл нь арын хэсэгтээ давхар дугуйтай байна.

5. Шинжилгээний явцад шинээр ямар нэг нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн   мөр судлалын шинжээчийн дүгнэлт /2-р ХХ174-176/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р ХХ157-162/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Э.Д-ийн 2015 оны 02 дугаар сарын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутгаас хохирогч Ч.Б-ын 13 тооны бярууг хулгайлж 4.550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Ч.Б-ын “...2015 оны хавар манайх Рашаант багийн нутгаас үхэр дотроосоо 13 тооны баяруугаа алдсан юм. Тэгээд ойр орчимын нутгаар хайсан боловч олдоогүй юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сард Эрүүгийн төлөөлөгч Лашидаас Баянхонгор аймгийн Бууцагаан сумд айлд бяруунууд байна гэсний дагуу 2016 оны 08 дугаар сард ирсэн Бууцагаан сум орж тухайн бяруу байгаа гэх айлд очиж үзэхэд шүдлэн үхрүүд болсон манай алдсан 13 тооны үхэрнээс 4 үхэр нь мөн байсан. Тэгээд 2 өөр айлд 2, 2 үхэр тусдаа байсныг үзээд таниад ирсэн юм... Бусад үхэрнүүд нь хаана байгаа талаар мэдэхгүй байна... Бүгдийн нь чих урдаасаа ухам имтэй бяруу байсан. 5 бяруу нь эр, 8 бяруу нь охин бяруунууд байсан. Тухайн үхэрнүүд нь 2 нь улаан ягаан бяруу, 1 нь цагаан бөөртэй хар бяруу, 1 нь тарлан бяруу, 4 нь бидэртэй хүрэн буюу эрээн бор, 5 нь хар халтар нийт 13 тооны бяруу байсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ220/

Насанд хүрээгүй гэрч Б.Жа-ийн “... 2015 оны эхэнд байсан санагдаж байна.Яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна.Цагаан машиныхаа оронд 4 тооны бага шиг үхэр авч ирж байсан. Манайх үхэр байдаггүй болохоор би үхэр сайн мэдэхгүй. Тухайн үед аав үхэрнүүд авч ирэхэд харахад улаан хүрэндүү өнгөтэй л үхэрнүүд байсан. Д ахаас авч ирлээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ227/,

гэрч Я.Г-ийн “...2015 онд Мөнхбаяр буюу Н-ын үхэрт Ба наймаа хийж ирээд 4 тооны буруу тавьсан юм. Тэгээд 2015 оны 10 дугаар сард байх Дэлгэр сумын нутгийн зааг руу нүүж ирээд манайхтай ойртсон юм. Тэгээд Мөнхбаярын үхэр манай үхэртэй нийлүүлээд манайх энэ зун үхрээ харсан юм. Тэгээд байж байтал энэ намар 9 сар гарсан байхад цагдаа ирээд тухайн үхэрний эзэн гээд хүн Ба нар ирээд манай үхэрт байсан 2 тооны нэг нь улаан, нэг нь хүрэн зүстэй хоёр чихнээсээ урдаасаа ухам имтэй 2 гунж буюу эм шүдлэн үхэрнүүд байсныг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2-Р ХХ228-229/       

иргэний нэхэмжлэгч Я.Ба-ын гэрчээр өгсөн “... Д аймгаас ирж 4 бяруу ав гэж хэлсний дагуу би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн контанертай “Пронтер” маркын автомашинаар ирж ачиж авч явсан юм. Тэгээд Д-оос тухайн 4 тооны бярууг аваад Баянхонгор аймгийн Бууцагаан сум орж хоноод маргааш нь цааш явган М гэдэг одоо талийгаач болсон базындаа авч очоод тэдний үхэрт нийлүүлж тавьсан...Тухайн үед Д-оос тухайн бяруунуудыг авч байхад Ховдын гаралтай бяруунууд гэж хэлээд надад өгч байсан... саяхан Дэлгэр сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаагийн хүмүүс тухайн бяруунуудын эзэн гэх Бая эхнэрийн хамт манайд ирээд бяруунуудаа заагаад өг гэхээр нь зааж өгтөл тухайн бяруунуудыг хулгайн бяруу байна гээд 3 бярууг надаас авсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ243-245/

гэрч Г.П-ийн “... 2015 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна Э.Д надад хэлэхдээ Ховд аймгаас авч ирсэн 4 бяруу манай үхэрт байгаа. Би Ба-т машины өрөнд өгөх ёстой юм. Ачилцаад өг гэж хэлсэн. Тэгээд би Харзат багийн урд талын дэрснээс Д-ийн үхэрнээс 4 тооны ямар нэгэн содон гээд хэлчих зүйлгүй дандаа улаан хүрэн зүсмийн жоохон 4 бярууг ачилцаж өгсөн юм…” гэсэн мэдүүлэг /2-р ХХ246-247/,

2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р ХХ211-218/ зэрэг нотлох баримтуудаар, 

5. Шүүгдэгч  Г.Г, Э.Д нарын бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Сүйхтийн нуруу гэх газраас 2015 оны 12 дугаар сарын 13-ны үед хохирогч О.Н-ын 6 адууг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч О.Н-ын “... 2015 оны 11 дүгээр сарын 27-нд адуун дээрээ очиход миний адуу Тайшир сумын Сүйхтийн нуруу гэх газар 18 тооны адуу бүрэн байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 13-ны үед адуун дээрээ очиход 6 тооны адуу байхгүй байсан ... 2 бор хээр гүү дормон тамгатай, нэг нь цэцэг чандмань тамгатай, шарга гүү дормон тамгатай,  хул байдас С үсгэн тамгатай, саарал даага дормон тамгатай, хул даага дормон тамгатай, эдгээр адуунууд нь бүгд зөв талын гуян дээрээ тамгатай... бүдэг мотоциклийн мөр, портер  бололтой машины мөр байсан. Портерийн мөр нь ард талын дугуйнууд нь давхар байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ85/,

гэрч Б.А-ийн /Уугаа/ “... 2015 оны 12 дугаар сарын эхээр Цэцэг бид 2 Шарга руу алтанд яваад буцах замдаа А-ын хаяагаар гарахад А 2 дүүтэйгээ гурвуулаа адуу гаргаж байсан. Тэгээд Цэцэг бид 2 тус болоод хамт гаргалцсан...Очиход 2 адуу гаргаад махыг нь дэлгэсэн байсан. Сүүлийн адууг унагаад хуулж байхад нь очиж тус болсон... эхний 2 адууг  гаргасан байсан болохоор анзаараагүй. Сүүлийн адуу нь бүгээн зүстэй, шарга эсвэл цагаан адуу байсан санагдаж байна. Тамгын нь анзаараагүй, эм адуу байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ86-87/,

гэрч Ц.Б-ын/Цэцэг/ “... Шарга сумын Улаантуг багийн “Талын булаг” гэх газар алтанд явж байгаад буцах замдаа Бударгант гэх газар А-ын гадаа очиход Х, А, Д 3 адуу гаргаж байсан. Тэгээд У бид 2 хуулалцаж, эвдэж тусалсан...нөгөө хоёр адууг алаад эдвсэн болохоор би хараагүй. Сүүлийн гаргаж байсан адуу нь шарга зүстэй дормон тамгатай адуу байсан. Уг адуу нь зөв гуян дээрээ тамгатай байсан... Насыг нь сайн мэдэхгүй байна. Бага эм адуу байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ88-89/

гэрч Э.А-ын “... 2015 оны 12  дугаар сарын эхээр намайг хонинд яваад ирэхэд манай дүү Д Шарга сумын Бударгант гэх газар манай гадаа 6 тооны адуу буулгасан байсан ... Тэгээд маргааш өглөө нь 3 тооны адуу гаргасан. Гаргах үед би, Д, Х бид хэд байсан. Сүүлийн адууг гаргаад байж байтал У, Ц нар ирсэн. Тэгээд тэр өдрөө 3 адуу гаргасан. Мөн маргааш нь Г эхнэртэйгээ хамт ирж 3 адуу гаргаад 6 тооны адууны мах, арьс ширийг нь Г-ын цагаан өнгийн “Портер” маркын машинаар аймаг руу ачиж явсан... Г-ын цагаан өнгийн “Портер” маркын машинаар Г-тай хамт ачиж авчирсан. Тэгээд Г аймаг руу буцсан... Бүгд дормон тамгатай адуу байсан. Зүсийг нь хэлбэл саарал даага, шарга байдас, хул даага, хул байдас, бор хээр гүү 2 байсан ... Зөв талын гуян дээрээ тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ94-95/,

гэрч Д.П-ын “...нэг өглөө босоод ирэхэд 5, 6 тооны адуу манай шон дээр уяатай байсан. Тэгээд би босоод 10 цагийн үед мал бэлчихээр нь малаа дагаад хониндоо явсан юм. Тэгээд өдөр 16 цагийн үед байх хониноосоо ирэхэд тухайн адуунуудаа алаад дууссан бололтой манай гэрийн гадаа махыг нь дэлгээд тавьсан байсан. Тухайн үед манай сумын гаралтай У, Ц гэх хүмүүс ирчихсэн байсан... Тухайн адуунууд нь хэний адуу байсан талаар мэдэхгүй байна. Саарал, хул, хээр зүсмийн адуунууд харагдаж байсан бага шиг адуунууд харагдсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ96-98/ зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г нь ганцаараа бусдын 9 тооны үхэр, Э.Д-той бүлэглэн 6 тооны адуу хулгайлан авч 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Э.Д нь ганцаараа бусдын 13 тооны үхэр/бяруу/, шүүгдэгч Г.Г-тай бүлэглэн 6 тооны адуу хулгайлан авч 9.350.000/есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан байна гэж шүүх үзлээ.

Харин тус аймгийн Шарга сумын нутаг дэвсгэр Дундын овооны орчмоос 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны хооронд хохирогч Ө.О-ны 2 тооны үхрийг шүүгдэгч Э.Д, Г.Г нар бүлэглэн хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч Э.Д хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Д-ийн энэ хэрэгт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш шүүгдэгч Э.Д, Г.Г нарт  холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирсэн бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үндсэн шинжид нийцэж байгаа бөгөөд шинэ хуулиар хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор мөн 2002 оны эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Д, Г.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх шинж, үндэслэл байхгүй 2015 оны Эрүүгийн хуулинд ямар нэгэн байдлаар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдээгүй, 2015 оны Эрүүгийн хуулиар уг гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн, хүнд гэмт хэргийн ангилалд багтсан байх тул гэмт хэрэг үйлдэгдэх  үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1716000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилөн зүйлчиллээ.

Иймд шүүгдэгч Э.Д, Г.Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуульд “олон тооны мал хулгайлсан” гэх ойлголтыг тайлбарлаагүй боловч нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр 8 бод эсхүл 25 бог түүнээс дээш мал хулгайлсан байхыг шаарддаг шүүхийн практикт тогтсон жишиг байсан тул өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний 1 удаагийн үйлдлээр олон тооны мал хулгайлаагүй учраас шүүгдэгч Г.Г-т холбогдох үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү? гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний шүүх хуралдаанд гаргасан гэрч Э.А-ыг шөнийн цагаар байцаасан, Үндсэн хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй байх тул түүний 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд байгаа,  2 дугаар хавтаст хэргийн 94, 95 дугаар хуудсанд байгаа мэдүүлгүүдийг мөн хууль зөрчиж хийгдсэн 2-р хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд байгаа 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжилгээ хийлгэх тогтоол зэргийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Учир нь:

  1. 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд байгаа гэрч Э.А-аас мэдүүлэг авсан тэмдэглэлд байцаалтыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 14 цаг 38 минутанд эхлүүлж 15 цаг 07 минутанд дуусгасан, өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ оролцож гарын үсэг зурсан мөн 2 дугаар хавтаст хэргийн 94, 95 дугаар хуудсанд байгаа гэрч Э.А-аас мэдүүлэг авсан тэмдэглэлд байцаалтыг 2016 оны 06 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 27 минутанд эхлүүлж 18 цаг 40 минутанд дуусгасан, өмгөөлөгч М.Энхзаяа оролцож гарын үсэг зурсан мөн дээрх хоёр байцаалтын тэмдэглэлд өөрийн болон гэр бүлийн гишүүд үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгсөн талаар тусгасан байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлгүй байна гэж үзлээ.
  2. Хэргийн газрын үзлэг хийх явцад машины мөр илрүүлж /2-р ХХ157-162/ тухайн мөртэй ойролцоо байсан тул сэжигтэн Г.Г-ын  машинаас дугуйны хээг элсэрхэг хөрстэй газар зориудаар явуулж дугуйн мөрнүүдийг бэхжүүлэн авч /2-р ХХ163-166/ харьцуулсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон /2-р ХХ173/ 37 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан болох нь тогтоогдож байх тул 37 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжилгээ хийлгэх тогтоолыг хууль зөрчиж хийгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах болон өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Гэмт хэргийг улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ, нийгмийн аюулын шинж байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Д нарт тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Г-аас 700.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Р-д, 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Э-т /хохирогч Ө.О-ын эхнэр/, 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч О.Н-т олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хохирогч Л.Т алдсан үхрээ биет байдлаар нь буцаан авсан, хохирогч Н.Л гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан тул тэдгээр хүмүүст төлөх төлбөргүй гэж үзсэн харин шүүгдэгч Э.Д-оос 3.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Б-т, 1.050.000 төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Я.Ба-т, 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч Н-т олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлтийг хүлээн авч ажлын 5 өдрийн хугацаагаар шүүх хуралдааныгзавсарлуулсан. Завсарласан хугацаанд шүүгдэгч Э.Д хохирогч Ч.Б-т 3.500.000 төгрөг төлсөн тухай хохирогчийн хүсэлт, Э.Д 2.400.000 төгрөг төлсөн тухай хохирогч О.Н-ын хүсэлт, 1.050.000 төгрөг төлсөн тухай иргэний нэхэмжлэгч Я.Ба-ын хүсэлт, Г.Г-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тухай О.Н-ын хүсэлт, Ө.О-ны алдсан үхрээ шүүгдэгч Г.Г-аар төлүүлсэн нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт, иргэний нэхэмжлэгч Р нь нас барсан тухай улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Э.Д, Г.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Болормаа нарын гаргасан шүүгдэгч Г.Г-ыг тэнсэж хянан харгалзах, шүүгдэгч Э.Д-ийг тэнсэх, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялаас чөлөөлөх тухай хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь:

 

1. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно” гэж хуульчилжээ. Гэтэл анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх хуулийн шаардлагыг шүүгдэгч Э.Д, Г.Г нар хангахгүй мөн олон удаагийн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн байх тул хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2002 оны Эрүүгийн хуульд уг гэмт хэрэг нь хоёроос таван жилийн хорих ялтай байна. 2015 оны оны Эрүүгийн хуульд хоёроос таван жилийн хорих ялтай гэмт хэргийг тэнсэх боломжтой байгаа тул шүүгдэгч Г.Г-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэсэн өмгөөлөгчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлвэл эрх зүйн байдал нь дээрдсэн хуулийг хэрэглэх зарчим нь хоёр өөр цаг хугацааны хуулийн аль хөнгөрсөн хуулийг хэрэглэх тухай ойлголт болохоос хоёр хуулийн аль ашигтай заалтуудыг түүвэрлэн хэрэглэж болохыг зөвшөөрсөн хуулийн зохицуулалт биш юм. Хорих ялын дээд хэмжээгтаван жил хүртэл хугацаагаар тогтоосон эсвэл хөнгөнгэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэнсэж болох тухай 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчилсэн тохиолдолд хамаарах бөгөөд энэ хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн гэмт хэргийн ангилалыг тайлбарлах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Э.Д нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсаныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тэнссэн хүнийг хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нь өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчилэлд хамрагдсан тохиолдолд өршөөлийн хуулийг зөвхөн нэг удаа тухайн этгээдэд ашигтай байдлаар хэрэглэхээр хуульчилсан байх тул дахин уг хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлгүй болно.

 

Уг гэмт хэргийн давтан бүлэглэж үйлдэх нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжэд хамаарч байх тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзаж үзээгүй бөгөөд шүүгдэгч Г.Г, Э.Д нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

24-58 ГАҮ улсын дугаартай Портер маркын автомашиныг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор тухайн тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 800.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгон шийдвэрлэсэн байх тул дахин үнийг гаргаж улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Э-д буцаан олгож энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон тогтоох нь:

1.  Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн 1716000000008 дугаартай Э.Д, Г.Г нарт холбогдох хэргийг тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зүйл болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ө.О-ын 2 үхэр хулгайлсан гэх үйлдлээс шүүгдэгч Э.Д-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Шүүгдэгч Ж овогтой Г-ийн Г, Г овогтой Э-ын Д нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Д нарыг  2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Д нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.  Шүүгдэгч Г.Г, Э.Д нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.  Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болмогц 00-00 ГАҮ улсын дугаартай Портер маркын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Э-д буцаан олгосугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА