Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 34

 

                           Г.Г, Э.Д нарт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Сайнхүү

Хохирогч Ч.Б, О.Н нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Д өмгөөлөгч Б.Болормаа,

Шүүгдэгч Г.Г, Э.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Э, шүүгдэгч Ж.Д, Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нарын давж заалдах гомдлоор Г.Г, Э.Д нарт холбогдох 1716000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг эдэлж байгаад 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Говь- Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 01 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Г.Ганбаатарын ногдох хөрөнгөөс хоёр зуун мянган төгрөг хурааж, таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж одоо ялаа эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, ДК78101918 регистрийн дугаартай, Жалайр овогт Г Г.

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7-15 тоотод оршин суудаг, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ94011111 регистрийн дугаартай, Гонио овогт Э. Д.

Шүүгдэгч Г.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 20-наас 2015 оны 12 дугаар сарын 10-ны хооронд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт байсан хохирогч Л.Т дөнжин үнээг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын эхээр тус аймгийн Галуут багийн нутгаас хохирогч Н.Л нас бие гүйцсэн 2 тооны үнээ, 4 тооны тугал хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Д нь 2015 оны 02 дугаар сарын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутгаас хохирогч Ч.Б 13 тооны бярууг хулгайлж 4.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г, Э.Д нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 13-ны үед тус аймгийн Тайшир сумын Хуримт багийн Сүйхтийн нуруу гэх газраас хохирогч О.Н 6 адууг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны хооронд Говь-Алтай аймгийн Шарга сумын Дундын овоо гэх газраас хохирогч Ө.О 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Анхан шатны шүүх: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Э.Д, Г.Г холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ө.Отгоны 2 үхэр хулгайлсан гэх хэргээс шүүгдэгч Э.Д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож. Шүүгдэгч Жалайр овогтой Г. Г, Гонио овогтой Э. Д нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Д нарыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Д нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж. Шүүгдэгч Г.Г, Э.Д нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24-58 ГАҮ улсын дугаартай Портер маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Э буцаан олгохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Э давж заалдах гомдолдоо: 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Шарга сумын нутаг Олонсайр буюу Дундын овоо орчмоос бэлчээрт байсан үхэр сүргээсээ нэг үнээ, нэг шараа алдсан. Энэ үед би өөрөө үхрээ хайж яваад 2 хүн портер машинтай тууж яваад ганганд оруулж алаад арьс, толгой, шийр, гэдсийг нь нүх ухаж булсан байсан. Нэг нь пүүзтэй, нөгөө нь резинэн ултай гуталтай хоёр хүний мөр байсан. Г.Г портер машин явсан болох нь тогтоогдож Г.Г нь 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял авсан. Хамт явсан хүмүүс нь тогтоогдоогүй энэ бүлэг хулгайч нар нь миний үхэр сүрэг рүү дахин ирж хулгайлах нь тодорхой байна. Иймд хамт явсан хүмүүсийг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Э.Д 13 тооны бяруу хулгайлсан гэм буруутай гэж үзсэн гэтэл хохирогч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний алдсан бяруунууд бүгд 2 чих нь урдаасаа ухам имтэй бяруунууд байсан” гэж мэдүүлдэг. Харин гэрч Сэргэлэн нь “Тухайн үед имгүй 4 бяруу ирсэн манай талийгаач нөхөр Мөнхбаяр бид 2 чихийг нь урдаас нь ухам эмнэж чихэнд нь пайз зүүсэн” гэж мэдүүлдэг. Иргэний нэхэмжлэгч Я.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би анх авч ирэхдээ анзаараагүй. Талийгаач Мөнхбаяр хэлэхдээ имгүй бяруу байсан би эмнэсэн гэж хэлдэг. Хоёр бяруу нь хүзүүвчтэй байсан.” Бууцагаан сумын төв дээр цагдаа намайг “Аймагт авч очиж хорино. Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэлчихвэл үнэн зөвийг нь тогтоогоод чамайг явуулна” гэж дарамталж байгаад энэ айлын үхэр мөн гэж хэлүүлсэн” гэдэг. Хохирогч Ч.Б нь 2015 онд би 13 тооны бяруу алдсан гэдэг боловч 2014 оны мал тооллогоор 15 тугал тоолуулаад 2015 оны мал тооллогоор 15 бяруу тоолуулсан байдаг. Харин 2016 оны мал тооллогоор 3 настай үхэр гээд 37 үхэр тоолуулсан байдаг. Үүнээс харахад Ч.Б үхэр бүрэн гүйцэд төдийгүй, өссөн харагдаж байна. Энэ талаарх нотлох баримтыг 2017 оны 12 сарын 20-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн байхад шүүх энэ нотолгооны зүйлд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй хэргийн бодит байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй эргэлзээтэй байхад үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Э.Д, Г.Г нар бүлэглэж О.Н 6 тооны адуу хулгайлсан гэх үйлдэл нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотлогдвол зохих асуудлууд нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хэргийг дахин хянаж үзнэ үү гэжээ.

Шүүгдэгч Э.Д нь давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багаас алга болсон гэх 13 бярууг би аваагүй. Я.Б гэдэг хүн надаас авсан гэж хэлээд өгөөч гэхээр нь тус болдог хүн болж худал мэдүүлэг өгснөөр энэ гэмт хэрэгт холбогдсондоо гомдолтой байна. 13 бярууг Я.Б, Г.П нар авсан юм. Миний утсан дээр энэ 2 хүний төлбөр төлөхөөс болоод маргалдсан мессежүүд нь байгаа. Энэхүү мессежийг төлбөр төлөх 5 хоногийн хугацаа авч Я.Б нь 2 хоногийн дараа манайд ирж миний утаснаас Г.П руу бичиж хохирлын мөнгийг надад өгсөн юм. Я.Б нь олон хүнээр мэдүүлэг өгүүлсэн нь хавтаст хэргээс харагдаж байгаа Гэрч Сэргэлэн нь бяруу эмгүй байсан бид 2 эмнэсэн гэж хэлчихээд сүүлд нь эмтэй бяруу байсан гэдэг. Жанчивдорж нь 2015 оны эхэнд гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогч 2 сарын сүүлээр алдсан байдаг. Гэрч Г.П нь бүр 5 сард гэж мэдүүлдэг олон сарын зөрүүтэй мэдүүлэг байдаг юм. Иргэний нэхэмжлэгч Я.Б нь 1 сая 50 төгрөг надаас авалгүй шууд авсан гэж худал нотариатаар батлуулж дээр нь надад П тэр хоёр 3 сая төгрөг олж өгсөн. Тэр хоёр чи өршөөлд хамрагдана чимээгүй салчих гэсэн. Нэг хүн 13 бярууг ганцаараа хулгайлж чадахгүй ийм амьдралд нийцэхгүй хэрэгт холбогдож ял авсан тул та бүхэн үнэн зөвөөр нь шүүж өгнө үү.

О.Н гэдэг хүний 6 адууг манай ах хулгайлж Л.Г, түүний эхнэр Энхээ бид нар нядалж арьс махыг нь би борлуулсан нь үнэн. Гэтэл цуг явсан Энхээ гэдэг хүнийг асууж мэдүүлэг аваагүйд гомдолтой байна. Цуг явсан Г.Г энэ хэрэгт холбогдож ял авсан гэтэл Энхээ, Амгаланбаатар нар ял шийтгүүлээгүйд гомдолтой байгаа тул энэ 2 хүнийг шалгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Г нь давж заалдах гомдолдоо: Л.Т гэдэг хүний гунжин үнээ бяруутай байсан гэж хохирогч хэлдэг. Гэвч энэхүү гунжин үхэр нь бяруутай байсан юм бол тугаландаа хээл авч бяруундаа тугалсан болж таараад байгаа юм. Энэ хүн үхрээ буруу таньж байна. Энэхүү үхэр нь миний өөрийн үхэр тул буцааж олгож өгнө үү. О.Н гэдэг хүний 6 тооны адууны үйлдэл дээр адууг нь би хулгайлаагүй. Э.Д утсаар ярьж Бударгант гэх өвөлжөөнд яваад ирье гэсэн. Тэгээд Э.Д манай эхнэр Энхээ бид нар очиж 3 тооны адуу гаргасан. Би түүнийг хулгайн зүйл гэж сүүлд нь мэдсэн. Э.Д ах Э.А нь мэдэхгүй гэж хэлээд байж бай гэсэн. Хулгайн үйлдэлд нь Э.А шалгалгүй надад хэргийг нь үүрүүлж байгаад гомдолтой байна. Уг адууны хохиролд өгсөн 2 адууг Э.А авч ирж өгсөн. Ө.О гэх 2 үхрийг Сайхнаа буюу Батдорж гэх залуутай алж “Түмний зоог” гэх гуанзанд махыг нь тушаасан. Түүнээс нэг хүн нэг шөнийн дотор 2 үхэр нядалж чадахгүй шүү дээ хохирогч 2 гутлын мөр байсан гэж мэдүүлдэг энэ нь Дагвадорж биш Сайхнаа юм. Давж заалдах шатны шүүх энэхүү гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Н байдсан гүү болгочихсон яриад явж байгаа. Буурал ах нутгийнх нь хүн адууг нь мэдэж байгаа шүү дээ. Алдсан гээд байгаа шарга гүү нь бүдүүн гүү, Завхан аймгийн Отгон сумын адуу гэсэн. Дормон тамга байхгүй. О.Н гэрч, хохирогчийн мэдүүлэгтээ цэцэг чандмань тамгатай бусад нь дормон тамгатай гэсэн байдаг. Одоо болохоор 6 адуугаа бүгдийг нь дормон тамгатай гээд явж байгаа. Э.А худлаа мэдүүлэг авсан болохоор тэр лүүгээ чиглүүлж тааруулаад байгаа нь үнэхээр хэцүү байна. Ө.О хоёр үхэр гэж байгаа үүнд би ямар ч хамаарал байхгүй. Үнэхээр яллах гээд байгаа юм бол яагаад Э.Д, Г.Г хоёр энд зогсоод байгаа юм бэ? Г.Г манай эхнэр яваад аргал түүсэн гэж байгаа үнэхээр яллах гээд байгаа бол энд гурвуулаа зогсож байх ёстой. Эмэгтэй хүнд хууль үйлчлэхгүй болсон юм уу? бид хоёрт хэцүү байна. Мотоцикль ачсан талаар мэдүүлэг авсан байгаа. Машины мөрийн таарлаа ч би ямар Г.Г өвөртлөөд унтаж байгаа биш. Хэзээ дээ очоод аваад ирэх юм. Г.Г ганцаараа явсан юм уу? өөр хүнтэй явсан юм уу? машинаа өөр хүнд өгөөд явуулсан юм уу? үнэхээр ч аваагүй юм уу? би энэ байдлуудын алийг нь ч мэдэхгүй. Цагдаа нар машиныг нь авч гараад муу нэртэй болохоор нь Г.Г луу хэргээ тохоод байгаа юм уу? мэдэхгүй, хэцүү байна. Хохирогч Энхээ гэдэг хүн нь болохоор эрүүгийн төлөөлөгч Д.Э гэдэг хүнээр шалгуулж байгаа. Батдорж буюу Сайханаа гэдэг хүн манай үхрийг авсан байгаа гэсэн тийм өргөдөл бичээд цагдаагаар шалгуулж байгаа юм билээ. Шүүх рүү өгнө гэхэд шүүгчийн туслах Б.О ах та тайлбарлаад ярьчих гэж хэлсэн гэж байна лээ. Бид хоёр чинь садан болохоор утсаар ярихад тэгж хэлсэн. Тэр мах түмний зоогийн Шонхоо гэдэг хүнд очсон. Шонхоогийн ээж нь таньж байсан энэ залуугаас 2 мах авсан гэж байсан. Тэр хүнд мал байхгүй, Ө.О өөрөө хүртэл очиж уулзсан. Тиймээс энэ байдлыг тодруулж шалгаж өгнө үү? мэдүүлгүүд худлаа байсан нь тодорхой байгаа. Тухайн үед Г.Г хотод байсан, би хоригдож байсан. Хэргийг дахин шалгаж өгнө үү? би амьдралтай хүн хэцүү байна. Гэрч оролцуулъя гэхээр цагдаа нар албадан авчирч шүүх хуралдаанд оролцуулахгүй байна. Цагдаа нар хавтаст хэрэгт өөрсдөө оролцсон, ийм муухай зүйл хийсэндээ гэрч нарыг албадан авчирч чадахгүй байгаа. Миний ах хүртэл ганцаараа малаа малладаг. Хүнээр малаа харуулаад өнөөдөр ирсэн байгаа. Гэрч Л.С, Г.П нарыг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай байгаа тул гомдолтой байна гэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө.О үхрийг Э.Д бид хоёрыг хулгайлсан гэж дайрдаг. Тэр үед намайг 2016 оны 08 сарын 26-нд хориод, машиныг минь журмын хашаанд хийсэн. Гурван хоногийн дараа журмын хашаанаас машин авч гараад 5-6 цагийн дараа машин авчирсан гэдгийг журмын хашааны хүн гэрчилдэг. Миний машины мөрийг тааруулсан байх магадлалтай. Тэгж шалгах байсан юм бол намайг оролцуулдаггүй юм гэхэд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг тэр ажиллагаандаа оролцуулахгүй яасан юм бэ? газар дээр нь машин аваачаад зураг авсан байхыг үгүйсгэхгүй. Х.Р өгсөн үхэр сувай үхэр байхад яахаараа надаас тугалтай үхэр нэхээд байдаг юм бэ? Батсүх гэдэг хүн Л.Т үхрийг хардаг байсан, хариулдаг байсан гэж хэлсэн. Б гэдэг нь мал андуурахаар хүн биш. О.Н 6 адуун дээр хамт явсан. Би тураалдаа орсон тугалыг алж идэх дээрээ тулаагүй. Тэр өвөл ямар өвөл болсныг малчин хүмүүс мэдэж байгаа. Би үхрийг хулгайн сэдэлтээр аваагүй, тэжээнэ хавар эзэн нь гараад ирэх байх гэж бодсон. Онд оруулах гэж би тэр үхэрнүүдийг тэжээсэн. Баянхонгор аймгийн цагдаа нарт авч явсан үхрийн талаар хэлээгүй бол манай аймгийн цагдаа нар үхрийг олохгүй байсан гэжээ.

Шүүгдэгч Э.Д өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хэрэг нотлогдохгүй байна шалгуулна гэдэг хүсэлтийг удаа дараа өгч байсан Анхан шатны шүүх тодорхой гэрч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулж шүүхийн хэлэлцүүлэг явуулсан үүнд Э.А гэдэг залуу намайг зодож байгаад шөнө 00 цагаас хойш хэргээ хүлээж гэж мэдүүлэг авсан гэдэг. Мөрдөгч, Прокурор нь хэргийг тал бүрээс нь мөрдөж нотлох ёстой давж заалдах шатны шүүх 2 удаа энэ хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Э.Д тэр 13 бярууг авсан нь нотлогдоогүй байхад энэ 2 хүнийг шүүгдэгчийн ширээний ард суулгаж байгаа нь харамсалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих зүйлүүд нь нотлогдоогүй О.Н өөрөө бүдүүн шарга гүү гэж байсан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр байдсан гүү гээд ярихаар одоо О.Н байдсан гүү нь бүдүүн гүү болгочихсон яриад явж байгаа огт нотлогдоогүй зүйлээр яллаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ 2 хүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Д өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүх Э.Д 2 үйлдэлд буруутгаж ял халдаасан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7-р хуудаст Шүүгдэгч Э.Д 2015 оны 2 дугаар сарын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутгаас хохирогч Ч.Б 13 тооны бярууг хулгайлж 4.550.000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гээд хохирогч Ч.Б мэдүүлэг насанд хүрээгүй гэрч Б.Ж мэдүүлэг, гэрч Я.Г мэдүүлэг иргэний нэхэмжлэгч Я.Б мэдүүлэг Г.П мэдүүлгийг үндэс болгож гэм буруутай тооцож ял халдаасан. Эдгээр нотлох баримтуудаас харахад анхан шатны шүүх нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2015 оны 2 сарын орчим гэж дүгнэлт гарсан Ч.Б нь 2015 оны хавар гэдэг Б.Ж нь 2015 оны эхээр, Я.Ганпүрэв нь 2015 оны сүүлчээр 10 сард гэдэг Г.П нь 2015 оны 5 сард гэж ярьдаг үүнээс үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолвол зохих асуудлыг тогтоогүй байхад эдгээр гэрч нарын мэдүүлгийг үндэслээд дундуур нь буюу өөрийн таамгийг үндэслээд 2015 оны 2 дугаар сарын орчим гэж дүгнэлт гаргаж гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирогч 13 тооны бяруу алдсан гэж байгаа боловч энэ хүн 13 бяруутай байсан талаар тогтоосон зүйл байхгүй. Гэрч нарын мэдүүлгээр 4 бяруу л ярьдаг болохоос 13 бярууны талаар яригдаагүй. Гэтэл 4 бярууг Баянхонгор аймгаас олсон байдаг. Үүнээс харахаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь тогтоогдоогүй гэж үзэхээр байна. Хэргийн материалаас харахаар машины мөр байсан гэдэг асуудал ярьдаг хэрэв машины мөр байсан бол шүүгдэгч Э.Дагвадоржийг буруутгаж байгаа нь эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолвол зохих асуудал нотлогдоогүй тул хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Г.Г нар бүлэглэн 6 тооны адууг хулгайлсан гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгч нар энэ үйлдэлд өөр хүмүүс оролцсон гэж ярьж байгаа боловч тухайн хүмүүсийг шалгаагүй үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаар үзэх байх. 13 бярууны тухайд Э.Д авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой тул хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа голчлон тайлбаруудыг хийсэн. Гэм буруугийн асуудал өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа, бэхжүүлж байгаа байдал нь хууль зөрчсөн. Өнөөдөр прокурор нь хүртэл хууль зөрчөөд тогтоол гаргаад сууж байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа хууль зөрчигдөж явсан. Байцаан шийтгэх ажиллагааг 2002 оны хуулиар тайлбарлах нь зүйн хэрэг байх. Ө.О 2 үрхийн хэрэг дээр давхар дугуйтай машин Г.Г л байх гэсэн байдлаар дүгнэлт гаргасан. Хэргийн газар хэдэн кадар зураг авсан нь тодорхойгүй, хэргийн газрын үзлэгт огт тэмдэглэгдээгүй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 130 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл ямар байх талаар тодорхой зааж өгсөн байдаг. Таньж олуулах ажиллагаа хийсэн гэдэг. Үхрийн шүд тоолуулсан энэ нь таньж олуулах ажиллагаа мөн үү? Гэрчийг дүүгийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлдэг. Үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгоогүй байхдаа Э.А мэдүүлэг авсан. Өмнөх шүүх хуралдаан дээр хүртэл хэлж байсан Э.А нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг шиг тэгж яриад байх чадвартай хүн биш. Мөрдөн байцаалтанд ямар мэдүүлэг өгсөн нь өнөөдөр харагдаж байгаа. Яагаад ингэж асуусан байх уу? Улсын яллагч яллахыг улайраад дайрчихдаг Улсын яллагч хэн хэнийх нь эрх зүйн байдалд хяналт тавих ёстой. Шалгалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Өнөөдөр Г.Г ял шийтгэлийн асуудал бүрхэг байгаа. Хэргийг нэгтгээгүй байгаа. Он сар давхацсан хоёр хэргийг хооронд нь хутгаж ял өгөх гэсэн л арга. Баянхонгорын хэрэг яаж илэрсэн тэр талаар нэг ширхэг тэмдэглэл ч байхгүй. Г.Г илчилж байж л энэ хэрэг тодорхой болсон. Тэгэхэд өөрсдөө илрүүлсэн юм шиг гаргаж ирдэг. Хэрэгт таньж олуулсан ажиллагаа ерөөсөө байхгүй. Э.Д өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатанд явж байсныхаа хувьд нэг зүйлийг хэлье. 13 бярууг Баянхонгор аймагт Ч.Б таньж олуулах ёстой байсан. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Э гэдэг хүнээр таньж олуулаад хаа байсан Баянхонгор аймгаас хүртэл буруу үхэр таньж олоод хүний үхэр аваад ирсэн байдаг. Үхрийн шүд насаараа ургадаг байгаа. Өнөөдрийн байцаан шийтгэх ажиллагаа хуульд нийцээгүй. Таван үйлдэлд Г.Г, Э.Д нарыг буруутгаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн хүрээнд авагдаагүй. Хууль зөрчиж хийгдсэн ажиллагаанууд байгаа. Өнөөдрийн байдлаар гэм буруу нь тогтоогдоогүй. Г.Г, Э.Д нарыг цагаатгах үндэслэлтэй, Э.Д нарыг шинэ эрүүгийн хуулиар аль ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаагаад дахин хэлэлцэх боломжтой гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Б 13 тооны бярууг Э.Д би хулгайлаагүй Я.Б хулгайлсан гэж хэлсэн хулгай хийсэн талаараа энэ хүн өөрөө хэлсэн байгаа. Хавтаст хэрэгт гэрч Я.Б мэдүүлэг байгаа. Ийм байхад алга болоогүй хулгайлаагүй гэж ярьж байгаа нь буруу өөрөө хулгайлсан гэж хэлээд байгаа Э.Д нь 13 тооны бярууны үнийг төлсөн байгаа тул үүн дээр үгүй гэж ярих шаардлага байхгүй. 6 тооны адуун дээр бид нар авсан гэхдээ хамт байсан хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм гэдэг. Гэрч Б.А Ц.Б нар 6 адууг нядалж байх үед Энхээ гэдэг хүн байгаагүй гэдэг гэтэл Г.Ганбаатар байсан гэдэг зүйл яриад өөрийнхөө ялыг нэмээд эхнэрээ татах гээд сууж байгаа нь сонин байна. Э.Д нь 6 адуу би аваагүй манай ах Э.А авсан гэдэг Э.А өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар харахаар эргэлзээтэй зүйл огт байхгүй мөн О.Н нь 6 адууны хохирлыг төлүүлсэн энэ 2 шүүгдэгч хуваагаад төлсөн байдаг ямар нэгэн маргаан байхгүй. Ямар учраас эхнэрээ, ах нараа татах гээд өөрсдийнх нь өгөөд байгаа гомдлоор хэргүүд нь тогтоогдсон байхад Ч.Б мал өссөн байна бяруу алдаагүй тул энэ хүнийг цагаатгаж өгнө үү гээд шүүгдэгч өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйл зөрөөд байна. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна Хохирогч нар нь хохирлоо төлүүлсэн гомдол саналгүй гэж байгаа. Энэ 2 шүүгдэгч нь хулгайлсан гэж зөвшөөрөөд хохирлоо төлсөн байдаг гэжээ.

Прокурор Ц.Сайнхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний зүгээс ингэж ойлгож байна. Хохирогч нар нь юмаа алдаагүй байж алдсан мэтээр ярьж өөрийнх нь биш юмыг минийх гээд таниад ирсэн байдлаар энэ шүүх хуралдаан дээр ярьж байна. Хохирогч нар нь Г.Г, Э.Д хоёрыг хэрэгтэн болгох гээд дайраад байгаа юм шиг ярьж байна. Хохирогч нар өөрсдөө шүүх хуралдаанд ороод ирсэн байхад худлаа хэлээд байна гээд байх юм. Хохирогч Л.Т гэхэд гэрч Жаргалсайхан гэдэг хүнээр үхрээ таниулаад олоод ирсэн байгаа. Ч.Б өөрийнхөө 3 үхрийг таниад олоод ирсэн. Гурван удаа таниулах ажиллагаа хийсэн. Эдгээр хүмүүс өөрийн эд хөрөнгөө алдчихаад бүтэн жилийн турш нааш цааш хохирогч гэсэн нэрийн дор дуудагдаад яваад байгаа. Хэдэн удаа шүүхэд эдгээр хүмүүс дуудагдлаа зардал мөнгөний тухайд ярих юм бол нэлээд их мөнгө гарна. Зарим хохирогч нар нь буцааж авсан үхэр, олсон үхрээ хэлээд гомдол саналгүй гэж байхад эдгээр хүмүүс худлаа хэлээд намайг буруутгаад байна гээд дайраад байх юм. Сая нотлох баримт шинжлэн судлуулахдаа хангалттай ярьсан. Гунжин үхэр алдаад дөнжин үнээ болсон талаар хохирогч өөрөө ярьсан. Шүүгдэгч Г.Г үхэртэй холбоотойгоор удаа дараа худлаа хэлсэн. Ярьсан хэлсэн болгоныг нь шалгаад байвал энэ хэрэг эцэслэн шийдэгдэхгүй. Гутлын мөрний шинжилгээ хийлгэе гээд байгаа гутлын мөрний шинжилгээ хийлгэлээ гэхэд тухайн үед өмсөж байсан гутал нь байгаа юм уу? өмгөөлөгч нөхөж гарын үсэг зурсан гэдэг М.Энхзаяа өмгөөлөгчийн хэлсэн тайлбар хэрэгт байгаа юм уу? шүүгдэгч нар хэрэгт байхгүй юмыг ярьдаг. Э.А мэдүүлгүүд зөрүүтэй байгаа. Одоо дүүгийнхээ талд өөр мэдүүлэг өгч байна гэж ойлгож байгаа. Дүүгээ буруу юм руу хийлээ гэдгээ ойлгосон юм уу? эсвэл хүмүүсийн шахалт шаардлагад ороод өөр мэдүүлэг өгч байгаа нь харагдаж байгаа. Мэдүүлэгт тодорхой байгаа. Пүрэвбаатарын мэдүүлэгээр тухайн үед Г.Г байсан нь тогтоогдож байгаа. Эд зүйлийн үнэлгээний асуудал түрүү нь яригдсан. Санжидмаа гэдэг хүний гаргасан үнэлгээнд би эргэлзэж байгаа. Бүдүүн гүү тухайн үед 800.000 төгрөг байсныг нотлох боломжгүй гэж харж байгаа. Өнөөдөр яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд л ярих ёстой. Энхтуяагийн үхрийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэрэгсэхгүй болсон. Хэрэгсэхгүй болсон хэргийг энд ярих шаардлагагүй. Энэ хэрэг 5-6 хэрэг нэгтгэгдсэн хэрэг. Шинжээч нарын үнэлгээ өөр өөр байдаг. Үүнийг өнөөдөр манай бүх хуульч нар мэддэг. Яваандаа энэ асуудал цэгцрэх байх гэж ойлгож байгаа. Бид нар ч гэсэн хамтарсан зөвлөгөөн хийгээд энэ талаар ярилцаж тохиролцсон асуудал байгаа. Хамгийн өндөр үнэлгээ Н.Л үхэр дээр гарсан байдаг. Хүсэлт гаргасан бол үнэлгээг дахин хийлгэх боломж байсан. Бүтэн жил юу ч хэлж яриагүй байж өнөөдөр өөрсдөө үнэлгээ гаргаж ирээд танилцуулж байгаа нь буруу байна гэж би ойлгож байгаа. Журмын хашааны хүний мэдүүлгийг би уншсан. Хэргийн газар үзлэг хийхэд гэрч, хохирогч нар хамт очоод байлцсан. Портер машины дугуйны мөр бэхжүүлж авсан байдаг. Хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, зураг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг байгаа. Дараа нь машин хэргийн газар аваачих тийм илүүдээ гарсан мөнгөтэй мөрдөн байцаагч, мөрдөгч байхгүй байхаа. Хохирогч Л.Т үхрээ таниад авчирсан байгаа. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл байгаа. Ө.О үхэр лүү яваагүй гэдэг хэрнээ гэнэт гурвуулаа явсан гэдэг. Гурвуулаа яваад ирсэн гэдэг мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй. Шүүх хуралдаан болохоос өмнө эрүүгийн төлөөлөгч Д.Э уулзаад асуусан тэгэхэд Г.Г явсан мэдээлэл байгаа гэдгийг шалгаж өгнө үү гэсэн болохоос тэр нь яг тодорхой болсон зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Шүүгдэгч Г.Г түүний эхнэр Энхээ, Э.Д нар явсан гэдэг нь яг батлагдаад нотлогдсон зүйл байхгүй. Ч.Б мал тооллогын баримт байгаа энэ яг албан ёсных эсэх нь бас эргэлзээтэй. Хэргийн холбогдогч өөрөө тэр бичгийг авчирсан. Шүүгдэгч Э.Д ярьж байгаагаар үхэр алдаагүй гэж байгаа. Хохирогч өөрөө 2015 онд үхэр нэмж авсан гэдгээ хэлсэн. Би өөрөө уулзаад шалгуулах хүсэлтээ байцаалтаар өг гэж хэлэхэд шүүгдэгч нар байцаалтаа өгсөн. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулж өгөх асуудал яригдсан. Түрүүний 20 минутын завсарлагаанаар туслах ажилтнаас асуусан. Яллах дүгнэлтийг гардуулж өгөхдөө нэг нэгээ нь дуудаж ирээд өмгөөлөгчийн өрөө гэдэг камертай өрөөнд оруулж гарын үсэг зуруулж яллах дүгнэлтийг гардуулж өгсөн гэсэн. Гарын үсэг зуруулсан баримт өөрт нь байна. Үүгээр юуг хэлэх гэж байна гэхээр шүүгдэгч нар буруу юм яриад байна. Гаргаж байсан халтар морь нь дугуй тамгатай байсан гэдэг. Мөн гэрч Ц.Б, Б.А нарын мэдүүлэгт зүсийг тодорхой хэлсэн байдаг. Хавтаст хэргийн тухайд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байгаа. Зарим нэг хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ шүүхэд байгаа. Нотлох баримт үнэхээр хангалтгүй байна гэж үзэх юм бол хэргийг буцаах эрх зүйн зохицуулалтууд шинэ хуульд байгаа. Одоо энэ хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцаахад бодит нөхцөл байдал тогтоогдохгүй. Өнөөдөр мэдүүлэг өгч байгаа хохирогч, гэрч нар тухайн үйлдэл хэдэн оны хэдэн сард болсон ямар үйлдэл болсныг нарийн сайн мэдэж чадахгүй байгаа. Шүүгдэгч Г.Г, Э.Д нарыг хэрэг бүртгэлийн хэргээр нь дахин шалгах боломжтой байгаа гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны үед Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутгаас хохирогч Л.Т дөнжин үнээг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутгаас хохирогч Н.Л нас бие гүйцсэн 2 үнээ, 4 тугалыг хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны үед Говь-Алтай аймгийн Шарга сумын Дундын овоо гэдэг газраас хохирогч Ө.Отгоны 2 үхрийг хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэг Э.Д нь 2015 оны 02 дугаар сарын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутгаас хохирогч Ч.Б 13 тооны бярууг хулгайлж 4.550.000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Г.Г, Э.Д нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 13-ны үед Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Сүйхтийн нуруу гэдэг газраас хохирогч О.Наранбаатарын 6 адууг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Эдгээрээс шүүгдэгч Л.Г хохирогч Л.Т дөнжин үнээг хулгайлсан үйлдэл нь:

Хохирогч Л.Т, гэрч Д.Ж нарын: “2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 10-ны хооронд монголын дөнжин үнээгээ алдаад бярууг нь Халиун сумын Олонбулаг багаас олж, харин үнээгээ Рэндорж гэдэг хүнээс авсан бөгөөд Г.Г нь уг үхрийг Х.Р өрөндөө өгсөн байсан” тухай адил агуулгатай мэдүүлгүүд,

Иргэний нэхэмжлэгч Х.Р: “2015 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгч эмэгтэй Г.Ганбаатар 2 үхэр авч ирсэн байна. Та нэгийг нь ав гэхээр нь очиж улаан зүстэй, хоёр чих урдаасаа хөндлөн эмтэй, сүүлний үзүүр, өвчүү нь цагаан дөнжин үнээг урьд нь Г.Г зарсан байсан жороо бор гүүнийхээ оронд авсан” тухай мэдүүлэг,

Гэрч Б.О: “Г нь Х.Р гэдэг хүнд өгөх ёстой 800.000 төгрөгийн төлбөртөө үхэр өгөхөөр тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн цагаан өнгийн портер маркийн ачааны машинаар улаан зүсмийн монголын үнээ ачиж ирснийг Х.Р өгсөн” тухай мэдүүлэг,

Гэрч Ж.Т: “2016 оны 01 дүгээр сард Жаргалсайхан ирээд Л.Т цагаан сүүлтэй, улаан монголын үнээг алдчихлаа гэж ярьж байсан ба Говь-Алтай аймгийн төвд үхрийн фермийн ойролцоо цагаан сүүлтэй, улаан зүстэй эвэртэй үнээ байсан талаар Жаргалсайханд хэлэхэд очиж үзээд авсан байсан” тухай мэдүүлэг,

Д.Ж нь Х.Р үхэр дотроос хохирогч Л.Т үхрийг зүс, им, зэрэг онцлог шинжээр нь таньж олсон тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Г хохирогч Н.Л нас бие гүйцсэн 2 үнээ, 4 тугалыг хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Н.Л: “2015 оны 12 дугаар сарын эхээр Тайшир сумын Галуут багийн Цойн толгой гэдэг газраас 6 тооны үхрээ бэлчээрээс нь алдсаныг 2016 оны 5 дугаар сарын сүүлээр сумын хэсгийн төлөөлөгч эзэн холбогдогчийг нь олж өгсөн бөгөөд алдсан бүдүүн ягаан үнээ, халтар гунж, эр халзан тугал, хоёр эм халзан тугал зэрэг үхрээ Халиун сумын Зэлийн гол гэдэг газарт Б.Б үхэрт байхад нь таньж, олж авсан тухай мэдүүлэг,

Гэрч Ж.С, Б.Б нарын: “2015 оны 11 дүгээр сард Н.Г нь улаан үнээ, хүрэн үнээ, 4 тугал нийт 6 тооны үхэр тууж ирсэн байснаас 1 тугал нь үхээд үлдсэн 5 үхрийг нь эзэн нь аваад явсан” тухай мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г хохирогч Ө.О 2 үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Ч.Э, гэрч Ө.О нарын: “2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үхэр сүргээс нь 2 үхэр алга болсон байсан бөгөөд Дундын овоо гэдэг газраас урагшаа 2 километр орчим зайд ялаа батгана шавсан, цусны мөртэй, сэжигтэй газар байхаар нь цагдаа дуудаж хамт очиж үзэхэд алдсан хоёр үхрийнх нь гэдэс дотор, толгой шийр, шир зэргийг нь булсан байсан тухай” адил агуулга бүхий мэдүүлэг,

Тухайн хэргийн газар дээрээс гэрэл зургаар бэхжүүлж авсан авто машины дугуйн мөр нь шүүгдэгч Г.Г 24-58 ГАҮ улсын дугаартай хендай портер маркийн авто машины дугуйн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа тухай шинжээч У.Төгөлдөрийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Д хохирогч Ч.Б 13 тооны бярууг хулгайлж 4.550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Ч.Б: “2015 оны хавар үхэр дотроосоо 13 тооны бяруугаа алдаад олохгүй байтал 2016 оны 05 дугаар сард эрүүгийн төлөөлөгч Лхашид Баянхонгор аймгийн Бууцагаан сумд бяруунууд байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд алдсан 13 тооны үхрийн 4 нь мөн байна гэж авч ирсэн” тухай мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Ж: “2015 оны эхээр аав Баянжав нь цагаан машиныхаа оронд Дагваагаас авлаа гээд улаан хүрэндүү өнгөтэй 4 бага шиг үхэр авч ирсэн тухай” мэдүүлэг,

Гэрч Я.Г “2015 онд Мөнхбаяр буюу Нямболдын үхэрт Баянжав нь 4 тооны бяруу тавьсан байсан бөгөөд жилийн дараа тухайн үхрийн эзэн, Баянжав нар цагдаатай ирээд улаан, хүрэн зүстэй хоёр чих нь урдаасаа ухам имтэй 2 гунж байсныг аваад явсан тухай” мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Я.Б: “Д нь ирж 4 бяруу ав гэж хэлсний дагуу өөрийнхөө эзэмшлийн пронтер маркийн автомашинаар ирж ачиж авч явсан бөгөөд дараа нь Баяраа гэдэг хүн цагдаагийн хамт ирээд хулгайд алдсан бяруу нь мөн байна гээд 3 бярууг авч явсан тухай” мэдүүлэг,

Гэрч Г.П: “2015 оны 05 дугаар сарын дундуур Э.Д нь Ховд аймгаас авч ирсэн 4 бярууг Баянжавд машины үнэнд өгөх ёстой юм. Ачилцаад өг гэхээр нь содон шинж тэмдэггүй, улаан хүрэн зүсмийн 4 бярууг ачилцаж өгсөн тухай” мэдүүлэг,

Хохирогч Ч.Б нь өөрийн алдсан үхрийг таньж, олсон тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Г.Г, Э.Д нар нь бүлэглэн хохирогч О.Н 6 адууг хулгайлж 4800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч О.Н “2015 оны 11 дүгээр сарын 27-нд харахад бүрэн байсан адуун дээрээ 2015 оны 12 дугаар сарын 13-ны үед дахин очиход дормон тамгатай бор хээр гүү, цэцэг чандмань тамгатай бор хээр гүү, дормон тамгатай шарга гүү, С үсгэн тамгатай хул байдас, дормон тамгатай саарал даага, дормон тамгатай хул даага зэрэг 6 тооны адуу алга болсон байсан бөгөөд мотоциклийн бүдэг мөр, хойд талын дугуйнууд нь давхар портер машины бололтой мөр гарсан байсан” тухай мэдүүлэг,

Гэрч Б.А буюу Уугаагийн: “2015 оны 12 дугаар сарын эхээр Цэцэгтэй хамт Шарга руу алтанд яваад буцахдаа Амгаланбаатарын хажуугаар гарахад Амгаланбаатар 2 дүүтэйгээ гурвуулаа адуу төхөөрч байхтай таарч гаргалцсан бөгөөд эхний 2 адууг гаргасан байсан болохоор анзаараагүй. Харин сүүлийн адуу нь шарга юмуу цагаан гэмээр бүгээн зүстэй охин адуу байсан, тамгыг нь анзаараагүй” тухай мэдүүлэг,

Гэрч Ц.Б буюу Цэцэгийн: “Шарга сумын Улаантуг багийн “Талын булаг” гэх газар руу алтанд яваад буцахдаа Бударгант гэдэг газар Амгаланбаатарын гадаа очиход Хүрлээ, Амгаланбаатар, Дагвадорж нар адуу гаргаж байхтай таарч хамт төхөөрөлцсөн бөгөөд хоёр адууг өмнө алаад эвдсэн байсан болохоор хараагүй. Харин сүүлд гаргасан адуу нь зөв гуян дээрээ дормон тамгатай, шарга зүстэй, бага эм адуу байсан” тухай мэдүүлэг,

Гэрч Э.А: “2015 оны 12 дугаар сарын эхээр хонинд яваад ирэхэд нь дүү Д нь Шарга сумын Бударгант гэх газарт гадаа нь 6 тооны адуу буулгасан байснаас гурвыг нь маргааш өглөө Дагвадорж, Хүрлээ нарын хамт гаргасан бөгөөд сүүлийн адууг гаргаж байхад Ууганаа, Цэцэг нар ирсэн. Маргааш нь Г эхнэртэйгээ хамт ирж 3 адуу гаргаад 6 тооны адууны мах, арьс ширийг нь Ганбаатарын цагаан өнгийн “Портер” маркийн машинаар аймаг руу ачиж явсан. Дормон тамгатай саарал даага, шарга байдас, хул даага, хул байдас, хоёр бор хээр гүү зэрэг адууг Ганбаатарын цагаан өнгийн “Портер” маркийн машинаар Г хамт ачиж авчирсан” тухай мэдүүлэг,

Гэрч Д.П “Нэг өглөө босоод ирэхэд нь саарал, хул, хээр зүсмийн 5-6 тооны бага шиг адуунууд шон дээр нь уяатай байсан бөгөөд 10 цагийн үед хониндоо яваад өдөр 16 цагийн үед хониноосоо ирэхэд нь тухайн адуунуудаа алаад дууссан махыг нь дэлгээд тавьсан байсан тухай” мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч бэхжүүлсэн, яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдосон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дэвсгэр Дундын овооны орчмоос 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны хооронд хохирогч Ө.Отгоны 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч Э.Д хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэн уг гэмт хэргээс шүүгдэгч Э.Д үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй байна.

Э.Д Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчилсэн найруулга Эрүүгийн хууль батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр” заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг нь 2015 оны шинэчлнэ найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжид нийцэж байгаа бөгөөд хуучин 2002 оны Эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилжээ.

Тиймээс Г.Г, Э.Д нарын үйлдсэн гэмт хэрэгт шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэх нь ял хүндрэх тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж шүүгдэгч нарыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь тус тусдаа наймаас дээш бод малыг хулгайлсан, бүлэглэж, машин механизм ашиглаж, уг гэмт хэргийг үйлдсэн зэрэг нь тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болсон байна.

Шүүгдэгч Г.Г, Э.Д нарын үйлдэл нь бусдын олон тооны малыг нууц далд аргаар, хууль бусаар эзэмдэн авч өөрийн өмчийн адилаар захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шинжээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, мөн хуулийн тусгай ангид заасан ялаас хорих ялыг сонгож хэрэглэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Мөн хохирогч Ч.Б миний алдсан бяруунууд урдаасаа ухам имтэй байсан гэж мэдүүлсэн ба 1 үхрийг нь буруу таньж авч ирсэн, гэрч Сэргэлэн тухайн үед имгүй 4 бяруу ирснийг талийгаач Мөнхбаяр бид хоёр чихийг нь урдаас нь ухам им хийж чихэнд нь пайз зүүсэн гэж мэдүүлж байгаа боловч анхан шатны шүүх хохирогчийн таньж олуулах ажиллагаагаар имнээс гадна бусад онцлог шинжээр нь өөрийн 3 үхрийг зөв таньсан байдал, хохирогчийн мэдүүлэг зэргийг үнэн зөв гэж үнэлсэн нь үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ч.Б 2015 оны мал тооллогоор 2 настай үхэр буюу бяруу 15 толгойг тоолуулсан бол, 2016 онд 3 настай үхэр 37 толгойг тоолуулснаас харахад хохирогчийн үхрийн тоо толгой нь бүрэн гүйцэд байснаар барахгүй өссөн байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа боловч хохирогч энэ талаар 2015 оны мал тооллогоос хойш Ховд аймгаас үхэр авч ирсэн учраас 2016 оны тооллогоор үхэр өссөн дүнтэй гарсан гэж мэдүүлж байгаа нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Я.Б, гэрч Э.А нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар эдгээр байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Э давж заалдах гомдолдоо манай 2 үхрийг Г.Г авсан нь тогтоогдож, хамт явсан нөхдүүд нь тогтоогдоогүй байна. Тиймээс хамт явсан хүнийг нь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Дагвадорж нь давж заалдах гомдолдоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багаас алга болсон 13 бярууг Б, П нар авсан. Б, П нар хохирлыг нь төлсөн. Баянжав нь гэрч Сэргэлэнгээр бяруу эмгүй байсан бид хоёр эмнэсэн гэж худал гэрчлүүлсэн. Наранбаатар гэдэг хүний 6 адууг манай ах Амгаланбаатар хулгайлж, Г, түүний эхнэр Энхээ бид нар нядалсан гэжээ.

Шүүгдэгч Г.Г нь давж заалдах гомдолдоо Л.Т гэдэг хүн гунжин үнээг бяруутай байсан гэж яриад үхрээ буруу таниад байгаа. Тэгвэл тугаландаа хээл авч бяруу тугалсан болж таараад байгаа. Тиймээс энэ миний үхэр тул буцаан олгож өгнө үү. О.Н гэдэг хүний 6 тооны адууг Амгаланбаатар хулгайлсан. Отгоны хоёр үхрийг би Батдорж гэдэг залуутай хамт алж нядалсан гэжээ.

Монгол хэлний тайлбар тольд дөрвөн настай үнээг дөнжин үнээ, гурван настай үнээг гунжин үнээ, гурван насандаа тугалсан үнээг нэмрийн гунж гэж нэрлэнэ гэж тайлбарласан байгаа бөгөөд уг үхэр нь нэмрийн гунжиндаа тугалсан бол 2015 оны 12 дугаар сард дөнжин насандаа бяруутай байх боломжтой бөгөөд гэрч Д.Ж нь хохирогч Л.Т уг үнээг нас зүснээс нь гадна сүүлний үзүүр, өвчүү нь цагаан онцлог содон шинж тэмдэг болон имээр нь таньж олж авсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэргээ сайн дураараа илчилж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн тохиолдолд шүүхээс энэ байдлыг шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд буюу шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогч Ч., шүүгдэгч Э.Д, Г.Г, шүүгдэгч Э.Д өмгөөлөгч Б.Болормаа нарын хэргийн бодит байдал гүйцэд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д түүний өмгөөлөгч Б.Болормаа, хохирогч Ч.Э, шүүгдэгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

                         ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                          Ч.ЭНХТӨР