| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2018/00122/И |
| Дугаар | 208/МА2018/00056 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2018/00056
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 150/2018/00122/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа
Хариуцагч ******* Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 149 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхоны гүүрэн дээр гуанз гаргаад ажиллаж байхад Сарантуяа гэгч эмэгтэй утасдаад Галтбаатар зээл хаах 7.000.000 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Чи туслаад өгөөч гээд дахин дахин утасдаад байхад нь өөрөө ирж уулз гэж хэлснээр Галтбаатар 2018 оны 08 дугаар сарын 09, 10-нд хоёр өдөр манай гадаа машиндаа сууж өглөөнөөс орой хүртэл намайг мөнгө олж өгөхийг хүлээж байгаад 10-ны өдөр найзаараа дамжуулж өдрийн хүүтэй мөнгө найзаас нь зээлж аваад тэр дороо Хөтөлд би бараа авахдаа Г.Галтбаатар, Сарантуяа хоёртой цуг 18 цаг дөхөж байхад дэлгүүрээс гараад мөнгө орж ирсэн байсныг мэдээд Төрийн банк дээр очиход ******* эдийн засагч гэр рүүгээ харихаар гарч ирэхэд нь зээл хаах гэсэн юм виза унших уу гэтэл та ХААН банкнаас хурдан /хаахаас нь өмнө/ аваад ир би хүлээж байя гэсний дагуу машинтай ХААН банк дээр очсон.
ХААН банк яг намайг оронгуут хаалгаа барьсан. Би тэндээ мөнгөө аваад Галтбаатартай төрийн банк дээр ирэхэд биднийг ******* теллертэйгээ хүлээж байгаад орлого авсан. Би мөнгө тоолж өгч Галтбаатар гарын үсэг зурахдаа нээрээ би мартчихаж таван сая хэдэн зуун ч билээ үлдсэн шүү дээ гээд үлдсэнээр нь би охиныхоо зээлийг хаагаад буцаж гүүрэн дээр ирээд үлдсэн мөнгөө таниас аваад махан дээр 2-3 хоног эргүүлээд хүүтэй нь 08 дугаар сарын 13-ны өдөр өгнө гэж тохиролцоод би орлогоосоо мөнгө өгч байхад худалдагч С.Оюунбилэг эгч ирээд машинаас буусан. Тэгэхэд нь би Оюунчимэг эгчид би мөнгө өгөх ёстой Галтбаатараа чи маргааш мах ачаад явахдаа авчихгүй юу гэхэд Галтбаатар тэг тэг гээд 250000 төгрөг буцааж өгөөд Оюунчимэг эгчид Галтбаатар та 10 минут хоцорсон бол мөнгөө авч чадахгүй байх байлаа гээд инээлдээд өнгөрсөн.
Түүнээс хойш Г.Галтбаатар мах ачиж явна гээд маргааш орой нь ирээд дутуу 250.000 төгрөгийг авч явсан. Түүнээс хойш утсаар ярилгүй таг чиг болохоор мөнгөө нэхэхэд банк зээл гаргахгүй хаасан зээл гаргалаа л бол таны мөнгийг авч өгнө гээд бичиг баримтаа харуулсан. Гэтэл Сарантуяа мөнгө өгөх ёстой гээд бидний хооронд маргаан болсон. Тиймээс би Галтбаатарт мөнгөө өгсөн тул түүнээс 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Арсланбаяраас мөнгө төгрөг зээлсэн асуудал огт байхгүй юм. Харин Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Сарантуяа нь өөрөө хэрэглэх зорилгоор намайг гуйж Төрийн банкнаас надаар малчны зээлийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авахуулсан байсан юм. Энэ мөнгөө хугацаандаа төлөхгүй учир Сарантуяа нь Арсланбаяраас 2015 оны 08 дугаар сард зээл авч надаар авахуулсан банкны зээлийг хаасан. Сарантуяа нь надаар зээл авахуулахдаа зээлийг төлөх хугацаанд нь төлнө гэсэн учраас би түүнд итгэж зээл авч өгсөн юм. Гэтэл намайг эргээд Арсланбаяртай нийлж өр төлбөрт унагаж байгаад гомдолтой байна. Сарантуяа нь надад мөнгөө төлөхгүй байсан учир би түүнд мөнгөө хийгээч гэдгийг нь хэлсэн. 7 дугаар сард дахиад хэлсэн. Энэ үед мөнгийг чинь өсгөөд 7 хувийн хүүтэй өгнө гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 10-нд зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход зээлээ төлөхийг шаардахад чи зээлийнхээ эргэн төлөлтийг хийж бай зээл төлөх хугацаанд чамаас зээлсэн мөнгөө 7 хувийн хүүтэй бодоод өгчихнө гэсэн тул түүний өмнөөс банкинд 2 удаа нийт 3.500.000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн. Ийм байдлаар явсаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход Сарантуяа эгч надад Арсланбаяраас мөнгө авахаар боллоо гээд бид хоёр миний машинтай Орхон голын гүүр дээр Арсланбаярын цайны газарт ирж бид хамт Хөтөлд ирсэн. Би Арсланбаяраас мөнгө зээлье гэж хэлээгүй, бид гэрээ хэлцэл ч байгуулаагүй. Сарантуяа эгч надаас авсан мөнгөө Арсланбаяраас авч зээлийг хаалгасан тул би Арсланбаярт ямар ч өр байхгүй. Арсланбаяр нь нэхэмжлэлдээ Сарантуяа утсаар залгаж мөнгө авсан талаар бичсэн байна.
Би Арсланбаярыг надаас мөнгө нэхэж ирэхэд нь та Сарантуяа эгчид зээлүүлсэн биз дээ би таниас мөнгө аваагүй Сарантуяагаасаа нэхээч гэж хэлэхэд өр зээлэнд орсон хүнээс юуг нь авдаг юм гэж хүртэл хэлж байсан. Тэр ч бүү хэл С.Арсланбаяр нь Төрийн банкны орлогын ордерыг хуурамчаар үйлдэж намайг цагдаагийн байгууллагад өгч дарамтлах гэсэн оролдлого хийсэн. Бид С.Арсланбаярт банкнаас мөнгө авч өгнө гэж огт хэлээгүй ингэж хэлэх ч шалтгаан байхгүй. Би Арсланбаярыг мөнгө зээлүүлээч гэж гуйгаагүй, түүнээс мөнгө аваагүй учир юу гэж түүнд ингэж хэлэх вэ? Харин намайг зээлийн эргэн төлөлтийн хугацаа боллоо гээд шаардахаар Сарантуяа нь Арсланбаяраас мөнгө авч өгсөн. С.Арсланбаяр, Сарантуяа хоёр нийлж цагдаад өгсөн болохоор би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харамсалтай нь Сарантуяа нь надаас зээлсэн/ноолуурын мөнгө/ мөн миний түүний мобайл банкийг ашиглаж хүүхдүүд рүүгээ явуулсан мөнгийг банкнаас авахуулсан мөнгөний эргэн төлөлт гэж зүтгэж би үүнийг няцааж чадаагүй учир шүүх Сарантуяагийн талд асуудлыг шийдвэрлэсэн би хохирч үлдсэн. Гэхдээ шүүх ноолуур зарсан мөнгөө Сарантуяад зээлүүлсэн болон С.Арсланбаяраас Сарантуяагийн надад авч өгч банкны өр зээлийг хаасан мөнгөний асуудлыг миний тухайн үед гаргасан нэхэмжлэлтэй хамааралгүй асуудал гэж үзсэн. Би 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С.Арсланбаяраас мөнгө зээлээгүй, харин Сарантуяа надаар авахуулсан зээлээ төлөхийн тулд мөнгө авч өгч би банкны зээлээ хаасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 506 дугаартай шийдвэрээр:
- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 126.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай шийдвэрийг хариуцагч Галтбаатар би үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
...Миний хувьд *******аас мөнгө төгрөг зээлсэн асуудал огт байхгүй юм. Харин Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Сарантуяа нь өөрөө хэрэглэх зорилгоор намайг гуйж Төрийн банкнаас надаар малчны зээлийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авахуулсан байсан юм. Энэ мөнгөө хугацаандаа төлөөгүй учир Сарантуяа нь *******аас 2015 оны 8 дугаар сард зээл авч надаар авахуулсан банкны зээлээ хаасан. ******* нь Сарантуяаг олон хүнд өр, зээлтэй дампуурсан, нөхрөөсөө салаад Баянхонгор аймаг руу явж сураггүй болсон учраас түүнд зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй болохоороо надаас нэхэмжилж байна гэж үзэж байна. Үүнийгээ өөрөө ч шүүх хурал дээр мэдүүлж байсан. Баянхонгорт байгаа хүнд мэс засалд орсон бие нь муу байгаа гэсэн ах дүү нар нь утсаар яриулдаггүй юм билээ гэж хэлж байсан. Миний хувьд 7.000.000 төгрөгийг ******* 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас авсан, тэр мөнгөөр би зээл хаасан гэдэг асуудал дээр огт маргаагүй.
...Арсланбаяр бид хоёрын дунд зуучилж мөнгө авч өгсөн юм бол хэд хэдэн удаа Арсланбаяртай очиж уулзаад зээл хаах өдөр дагаж яваад байх уу гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. ...Би 2015 оны 08 сарын 10-ны өдөр Арсланбаяраас мөнгө зээлээгүй, харин Сарантуяа надаар авахуулсан зээлээ төлөхийн тулд түүнээс мөнгө авч өгч би банкны зээлээ хаасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
...Нэхэмжлэгч ******* нь миний үйлчлүүлэгч *******т 7.000.000 төгрөг зээлдүүлсэн гэдэг. ******* *******аас мөнгө зээлж аваагүй гэж маргадаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас мөнгө зээлж авахаар ... удаа дараа уулзаж байсан талаар ... гэрчээр асуугдсан Г.Ганхуяг, ... ******* мэдүүлэгтээ *******аас мөнгө авах талаар уулзаж байсан гэсэн тайлбар гэх нотлох баримтуудыг тусгажээ. Шүүх нотлогдсон үйл баримтыг биш харин хүмүүсийн хоорондын болж байсан яриа, уулзалтын тухай яриаг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь буруу юм. Дээрх яриа, уулзалтуудаар *******, *******т мөнгө зээлсэн үйл баримт тогтоогддоггүй.
...*******ын Төрийн банкинд мөнгө төлсөн баримт дээр *******ын утасны дугаар байгаа нь *******аас ******* мөнгө зээлсэн гэдгийг нотлох баримт биш юм.
Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...******* нэхэмжлэгч *******аас 7.000.000 төгрөгийг зээлж авсан эсэх талаар маргахаас, 7.000.000 төгрөгийг хариуцагчийн буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, авсан эсэх талаар маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг аман хэлцэл хэлбэрээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн сонирхолтой дүгнэлт бий.
Хариуцагч зээлж аваагүй гэж маргаад байхад, түүнийг шүүх хүлээн зөвшөөрөөд маргаад байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зүйлчилж маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм. Нөгөөтэйгүүр, ...7.000.000 төгрөгийг хариуцагчийн буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, авсан эсэх талаар маргаагүй тул гэсэн дүгнэлт огт бодит байдалд нийцэхгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хуралдааны тэмдэглэл зэргээс дүгнэхэд зохигчид энэ талаар тасралтгүй маргалдсан байхад маргаагүй гэж дүгнэсэн нь алдаа болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2 дах хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг шүүх хэрэгжүүлж чадаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Эдгээр зүйл заалтад дурьдсанаар нэхэмжлэгч ******* нь *******т 7.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримт нотлох баримтаар, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон мэтээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр эртний танил. Сарантуяа надтай уулзаад *******т зээлээ хаах мөнгө хэрэгтэй байна туслаач гэсэн тэгэхээр нь Галтбаатарыг өөрөө ирж уулз гэсэн тэгээд ******* хоногийн хүүтэй зээлж авья зээлээ хаагаад дахин зээл аваад өгнө. Нэг үхэр чононд идүүлээ биз би танд зээлсэн мөнгөндөө хүү төлнө гэж хэлсэн. Ингээд би дансанд мөнгө оронгуут нь Хөтөл хамт явж ХААН банкнаас мөнгөө аваад Төрийн банк руу очин түүний зээлийг хаасан. Анх 7.000.000 төгрөгийн зээл хаана гэсэн. Банканд мөнгө төлөх үед зээл нь 7.000.000 биш 5.800.000 төгрөг болсон. Зээлийг нь хаачихаад үлдэгдэл мөнгийг *******т бэлнээр нь өгсөн. Зээлээ буцааж төл гэхэд Сарантуяа төлнө гэсэн маргаан гарсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Мөнгө зээлсэн асуудалд ******* огт хамаагүй. *******ын зээлийг ******* төлж үлдэгдэл мөнгийг өгсөн. *******, ******* нарын зээлийн маргааныг шүүх шийдвэрлэсэн. Тиймээс хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй хэмээн маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.
Хэргийг судлан үзвэл:Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас 7.000.000 төгрөг бэлнээр авч улмаар хариуцагч *******ын хамт Төрийн банкны Хөтөл салбар дээр ирж түүний Төрийн банкнаас авсан малчны зээлийн төлбөрт 5.808.000 төгрөгийг ******* нь төлснөөр хариуцагч *******ын малчны зээлийг хааж, үлдэгдэл 1.192.000 төгрөгийг бэлнээр *******т өгсөн байна.
Дээрхи үйл баримтын талаар талууд маргаагүй боловч хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 7.000.000 төгрөгийг аваагүй харин ******* надад өгөх байсан мөнгийг *******аас авч надад өгсөн гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Ю.Сарантуягийн хүсэлтээр *******т мөнгө зээлүүлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч ******* нь ******* нь *******аас мөнгө зээлж надаар авахуулсан зээлийн төлөлтөө хийсэн гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагчийн татгалзал нь нотлогдохгүй байна гэж үзлээ.
Учир нь:Хариуцагч ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү хэргийг маргааныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаартай шийдвэрээр ******* нь гэрээний дагуу *******т төлөх төлбөрөө бүрэн төлж дуусгасан өөрөөр хэлбэл тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж шийдвэрлэсэн байна.
Дээрхи шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой бол шүүх түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрхи шүүхийн шийдвэрт шүүх дүгнэлт хийх боломжгүй бөгөөд уг шийдвэрийн дагуу ******* нь хариуцагч *******ын өмнө үүрэг хүлээсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч ******* нь Төрийн банканд хариуцагч *******ын зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн этгээд эсэх, *******, ******* нарын хооронд хийсэн эсэх талаар хэрэгт холбогдох нотлох баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас бэлнээр 7.000.000 төгрөгийг авч улмаар хариуцагч *******ын хамт төрийн банк дээр очин түүний зээлийн төлбөрт 5.808.000 төгрөгийг төлж, зээл төлөөд үлдэгдэл мөнгийг *******т өгсөн, хариуцагч ******* мөнгийг хүлээн авсан үйл баримтууд нь хариуцагч Г.Галбадрахын *******гаас авах мөнгийг ******* надад өгсөн гэсэн нэхэмжлэлийн татгалзал нь үгүйсгэгдэж байна.
Зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч *******т зээлийн төлбөр төлөх мөнгө хэрэгтэй байгаа талаар хоёр удаа *******гийн хамт *******тай очиж уулзсан, нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн зээлийн төлбөрт мөнгө шилжүүлснээр хариуцагч нь мөнгийг хүлээн авч улмаар зээлийн төлбөр төлөх болон бусад байдлаар түүний шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан нь үйл баримтуудаас үзвэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 1-д заасан гэрээ байгуулах саналыг хариуцагч гаргасан, түүний саналыг хүлээн авч эд хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 1.1-т заасан хариуцагчийг гэрээ байгуулах саналын дагуу мөнгийг шилжүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт үндэслэлтэй, анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 127.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН