Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2019/00005

 

 

******* Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2018/00122/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Ц.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 05 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор ******* банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Зээлийн төлбөрийн зөрчил, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 17,779,195.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээ байгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралд гаргасан тайлбартаа:

...Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан Орон сууц санхүүжилтын корпораци /ОССК/-аас 38.000.000 /гучин найман сая/ төгрөгийн орон сууц худалдан авах зээлийг 204 сарын хугацаатай жилийн 8%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ байгуулан авсан бөгөөд уг зээл 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* банкны Сэлэнгэ салбарт шилжин ирсэн... Зээлдэгч нар нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлээ бүрэн төлөхгүй дутуу төлөлт хийж байгаа бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6,181,871 төгрөг, зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөг нийт 17,769,695.41 төгрөгийн төлөгдөөгүй байгаа тул уг төлбөрийн зөрчлийг арилгуулж 17,769,695.41 төгрөгийн төлбөрийг гаргуулж арилгуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээ байгуулах хүсэлтэй байна. Мөн нотариатын зардал 9.500 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд *******, ******* нараас орон сууцны зээлийн төлөгдөөгүй байгаа зөрчлийн үлдэгдэл, нотариатын зардал нийт 17,779,195.41 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийг барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээ байгуулах хүсэлтийг хангуулж ******* банкыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Засгийн газраас хэрэгжүүлж байсан ******* албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу Орон сууц санхүүжилтын корпорациас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны зээлд хамрагдаж ******* ******* ХХК-ийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байсан 12 давхар орон сууцыг сонгож 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах 3510 дугаартай гурвалсан гэрээг тус тус байгуулж 38.000.000 төгрөгийн зээлийг 8%-ийн хүүтэй авсан юм. Энэ зээлийг авахаас нэг сарын өмнө 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр******* ******* ХХК-тай 36 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ байгуулж 49.9м2 2 өрөө байрыг нийт 57,408,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож би 19,408,000 төгрөгийг урьдчилгаа болгон бэлнээр тушаасан.

Миний хувьд ОССК-оос зээлсэн 38,000,000 төгрөг, орон сууцны нийт төлбөр 57,408,000 төгрөгийг ******* ******* ХХК бүрэн төлж дууссан гэж үзэж байгаа. Гэтэл ******* ******* ХХК болон Орон сууц санхүүжилтын корпорациас гурвалсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Тус гэрээний 2.2-т заасан Орон сууцны барилгыг улсын комисс ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс барилгын компаниас зээлийн хүүгийн төлбөрийг шаардах, 2.3-т Зээл олгосон өдрөөс эхлэн графикт хугацаанд үндсэн зээлийг зээлдэгчээр төлүүлэх, Барилгын компаниар хүүгийн төлбөрийг төлүүлэх, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг барилгын компаниас зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэх гэж тодорхой заасан байдаг.

Гэтэл Орон сууц санхүүжилтын корпораци нь зээлийн хүүг ******* ******* ХХК-иар төлүүлэхээр шаардана гэсэн үүргээ ч биелүүлээгүй учраас энэ байдлаас болж зээлж авсан 38,000,000 төгрөгийн зээл бүрэн хэмжээгээр төлөгдөхгүй зөрчил гарсан. Иргэн бид нарт буруугүй гэж үзэж байна. ******* банкинд зээл шилжиж ирсэн бол хамгийн эхэнд бидний дунд хийгдсэн гурвалсан гэрээнд заагдсан бидний өмнөөс зээлийн хүүг төлүүлэхийг шаардах эрх нь байсан гэж үздэг. Тийм учраас ******* ******* ХХК нь хүүг төлөх үүрэг хүлээж байсан учраас тухайн компани нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байхад зээлийн хүүг биднээс нэхэмжилж байгааг үндэслэлгүй, шударга бус гэж үзэж байна. Би тухайн банкинд гурвалсан гэрээний үүрэг зөрчигдөж байгаа учраас гэрээнд заагдсан барилгын компаниар хүүг төлүүлж зээлийн үүргийн зөрчлийг арилгуулахаар хэд хэдэн удаа тус банкинд хандаж хүсэлт гаргаж байсан боловч банк надад энэ талаар ямар ч хариу өгөөгүй юм.

Өнөөдөр энэ байр ашиглалтанд өгсөн гэх боловч хүн амьдрах боломжгүй, цахилгаан шат тавигдаагүй, төвлөрсөн дулаанд иж бүрэн холбогдоогүй, гадна тохижилт бүрэн хийгдээгүй, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол байхгүй, телевиз, радионы шугам бүрэн тавигдаагүй байгаа нь энэ байранд амьдрах боломж нөхцөл хангагдаагүй юм. Миний бие нь энэ байранд 2 сар гаруй амьдарч байгаад гарч байр түрээслэн амьдарч байна. Манайх 9 давхарт байдаг бөгөөд цахилгаан шатгүй учраас бага насны хүүхдээ тэвэрч шатаар өгсөж, буухад бэрхшээлтэй учраас гарсан. Иймд төрийн банкинд бидний дунд хийгдсэн гурвалсан гэрээг биелүүлэх үүрэг нь шилжиж ирсэн гэж ойлгож байгаа учраас иргэн бид энэ гэрээг зөрчөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээ гараагүй байгаа. Миний бие нь зээл авах үедээ *******тай гэр бүл байсан, одоо бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан учраас энэ зээлийн өрийг би хариуцан төлнө. *******т хамааралгүй юм гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад миний зүгээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна. Учир нь: 3асгийн газраас хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн дагуу Орон сууц санхүүжилтын корпорациас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны зээлэнд хамрагдсан юм. Иргэн бид дээрх байгууллагуудтай байгуулсан гэрээнүүдийг огт зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж үндсэн зээлийг төлж ирсэн...

******* ******* ХХК нь гэрээгээр зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэр үүргээ биелүүлэхгүй байхад иргэн биднээс зээлийн хүүг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шударга биш байна. ******* гурвалсан гэрээ зөрчигдөж байгаа тухай болон гэрээг зөрчөөд байгаа барилгын компаниар зөрчлийг арилгуулж өгнө үү... гэсэн хүсэлтийг одоо энэ нэхэмжлэл гаргаад байгаа ******* банк-д 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус гаргаж өгсөн юм. Ингэж хүсэлт удаа дараа гаргаж байхад энэ ******* банк-наас хариу огт ирдэггүй байсан. ОССК-н санал болгосны дагуу бидний захиалсан 2 өрөө байр одоо хүртэл чанар стандарт хангаагүй бүрэн ашиглалтанд ороогүй цахилгаан шат тавигдаагүй ажиллаагүй, төвлөрсөн дулаанд иж бүрэн холбогдоогүй, гадна орчны тохижилт бүрэн хийгдээгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, машины зогсоол байхгүй телевиз радионы шугам бүрэн биш.... зэрэг нөхцөл байдлууд байгаа юм. Энэ бол гурвалсан гэрээ бүрэн хэрэгжээгүй, хяналтгүй явж ирсэнтэй холбоотой.

2016 онд БЗД, СБД, ЧДүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж гурвалсан гэрээг биелүүлэхийг ОССК-с шаардсан, ******* Интертрейд ХХК-с зээлийн хүүг төлүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч ******* орон сууцны корпораци ТӨҮГ-с шүүхэд тайлбар ирүүлэхдээ: 3асгийн газрын 2013 оны 253-р тогтоолоор ОССК-ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар ******* орон сууцны корпораци ТӨҮГ байгуулсан бөгөөд тус байгууллага нь ОССК-ХХК-тай чиг үүрэг, шаардах эрхүүдтэй холбогдох баримт бичгийг хүлээн аваагүй, ОССК-ХХК-тай холбоотой төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц төслийн зээлийн чиг үүргийг Засгийн газрын 2015 оны 74-р тогтоол, 2015 оны 106, 107-р тогтоолуудаар бүхэлд нь ******* банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шилжүүлсэн байдаг гэж шүүхэд албан журмын дагуу талбараа бичгээр гаргаж өгсөн байсан юм. Үүнээс дүгнэж үзэхэд: ******* банк-д Гурвалсан гэрээг биелүүлэх үүрэг нь шилжиж ирсэн тул энэхүү гэрээг иргэн бид зөрчөөгүй тул ******* банк-ны нэхэмжилсэн 17779.195.41 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээ байгуулах хүсэлтийг хангуулах нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөвөөр хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 05 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-нд заагдсан үндсэн зээл 6,181,871 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг нийт 6,191,371 төгрөгийг гаргуулан ******* банк ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,587,824.41 төгрөг, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах зэрэг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,846 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 113,860 төгрөг гаргуулан ******* банк ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот шийдвэрээр үндсэн зээл 6,181,871 төгрөгийг гаргуулж үндсэн зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Манай банк нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн хүү 176.900.91 төгрөг нь үндсэн зээлийг төлөхгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлийн дүнгээс үндсэн хүүгийн 20% байдаг гэж зээлийн гэрээний 1.5-д заасан. Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээгээр заагдсан 2.3-т Зээл олгосон өдрөөс эхлэн графикт хугацаанд үндсэн зээлийг зээлдэгчээр төлүүлэх, Барилгын компаниар хүүгийн төлбөр төлүүлэх, орон сууцны барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын актыг барилгын компаниас зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэх гэж заасан байгаа тул 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2016/12 тоот улсын комиссын акт ******* банкинд баримтаар ирсэн байдаг. Тиймээс 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс хойшхи үндсэн зээлийн хүү 7,363,721 /Долоон сая гурван зуун жаран гурван мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.900.91 /Нэг зуун далан зургаан мянга есөн зуун төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж барьцааны гэрээг зээлдүүлэгчтэй байгуулж 176.900.92 зээлийн гэрээний барьцааг хангах гэсэн нь тухайн гэрээний зээлдэгчийн эрх үүргийг заасан байхад зээлдүүлэгчид үүрэг болгон заасан байгаа тул уг Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээг байгуулж зээлийн гэрээний үүрэг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд манай банкны зүгээс хариуцагчдаас үндсэн зээлийн хүү 7,363,721, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөг, нийт 7,540,621.91/Долоон сая таван зуун дөчин мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээ байгуулах хүсэлтийг хангуулж ******* банкыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь  хариуцагч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 17,769,695.41 төгрөг, барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах, нотариатын зардал 9,500 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагын заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* банк давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах гомдлынхоо үндэслэлийг хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Хариуцагч нар нь Засгийн газрын 4000 айл орон сууц хөтөлбөрт хамрагдан Орон сууцны санхүүжилтийн корпорацитай /ОССОК/ 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ байгуулснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Улмаар Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 161 дүгээр тогтоолоор Орон сууц санхүүжилтийн корпораци ХХК нь ******* орон сууцны корпораци болж өөрчлөн байгуулагдсанаар Орон сууц санхүүжилтийн корпорацийн эрхийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Шаардан эрх шилжүүлэх гэрээгээр ******* банк нь хүлээн авснаар ******* банк-д шаардах эрх шилжсэн байна.

Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа, бид байгууллагуудтай байгуулсан гэрээнүүдийг огт зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж үндсэн зээлийг төлсөн, барилгын компани болох ******* ******* ХХК нь гэрээгээр зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэр үүргээ биелүүлэхгүй байхад гэрээнд заасны дагуу тухайн компианаас шаардалгүйгээр иргэн биднээс зээлийн хүүг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3510 дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний 2.2-т орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс барилгын компани зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардах, 2.3-т Зээл олгосон өдрөөс эхлэн графикт хугацаанд үндсэн зээлийг зээлдэгчээр төлүүлэх, Барилгын компаниар хүүгийн төлбөр төлүүлэх, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг барилгын компаниас зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэх, гэж зээлдүүлэгчийн эрх үүргийг, тус гэрээний 4.5-д орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр гаргахад өөрсдөөс нь хамаарах үүргээ бүрэн биелүүлнэ гэж Барилгын компанийн эрх үүргийг тус тус тодорхойлжээ.

Гэтэл нэхэмжлэгч ******* банк нь гэрээнд заасан өөрийн болон барилгын компанийн үүргийг хариуцагч нар биелүүлээгүй хэмээн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд орон сууцыг улсын комисс хэзээ хүлээн авсан, улсын комиссын акт гарсан талаар зээлдэгч нарт мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, мөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаагаар хэрхэн тооцож хариуцагч нараас 7.540.62191 гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах тухай шаардлагын хувьд зохигчдын хооронд байгуулсан Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гэрээнд зааснаар зээлдүүлэгчийн үүрэгт хамаарахаар заасан тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь мөн үндэслэлгүй.

Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 200.355 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН