Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 05

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг 18-15 тоотод оршин суух, эрэгтэй, 32 настай, одоо “Төрийн банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарт харилцааны менежер ажилтай Боржигон овогт Ганбүрэлийн Дарханбаатар /ТЯ-86090814/ /“Төрийн банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбарын// нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 9-16 тоотод оршин суух, эрэгтэй, 50 настай, одоо “Сэлэнгэ Жасмин” ХХК-ийн захирал Тайж нар овогт Дүгэржавын Загдгочоо /ЦГ-68092917/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 9-16 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 56-35 тоотод оршин суух, эмэгтэй, 47 настай, гаалийн байцаагч ажилтай Боржин овогт Хишгээгийн Алтанзагас /МЮ-71031461/ нарт холбогдох:  

 “Орон сууцны зээл, зээлийн хүү нийт 17,779,195.41 төгрөг гаргуулах,  барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дарханбаатар, хариуцагч Д.Загдгочоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Дарханбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Загдгочоо, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Алтанзагас нар нь 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 403510 тоот “Зээлийн гэрээ” байгуулан “Орон сууц санхүүжилтын корпораци /ОССК/”-иас 38.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах зээлийг 204 сарын хугацаатай жилийн 8%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулан авсан. 2015 оны 05 дугаар сарын 15-нд “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарт шилжин ирсэн. Зээлдэгч нар нь “Зээлийн гэрээ”-нд заагдсан заалтыг зөрчиж зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна.

Зээлдэгч нар нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлээ бүрэн төлөхгүй дутуу төлөлт хийж байгаа бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6,181,871 төгрөг, зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөг нийт 17,769,695.41 төгрөгийг гаргуулж зээлийн зөрчлийг арилгуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах, нотариатын зардал 9,500 төгрөг гаргуулж өгнө үү. Байрны гэрчилгээ гарсан эсэх нь тодорхойгүй бид нар асууж сурагласан боловч гараагүй байсан гэх.

 

Хариуцагч Д.Загдгочоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Засгийн газраас хэрэгжүүлж байсан Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу Орон сууц санхүүжилтын корпорациас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны зээлд хамрагдаж Орон сууц санхүүжилтын корпорациас санал болгосон барилгын компани болох “Өлзийт интертрейд” ХХК-ийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байсан 12 давхар орон сууцыг сонгож 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 403510 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, мөн өдрийн “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах” 3510 дугаартай гурвалсан гэрээг тус тус байгуулж 38,000,000 төгрөгийн зээлийг 8%-ийн хүүтэй авсан юм. Энэ зээлийг авахаас нэг сарын өмнө 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Өлзийт интертрейд” ХХК-тай 36 дугаартай “Орон сууцны барилга захиалах гэрээ” байгуулж 49.9м2 2 өрөө байрыг нийт 57,408,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож би 19,408,000 төгрөгийг урьдчилгаа болгон бэлнээр тушаасан.

Миний хувьд ОССК-оос зээлсэн 38,000,000 төгрөг, орон сууцны нийт төлбөр 57,408,000 төгрөгийг  “Өлзийт интертрейд” ХХК бүрэн төлж дууссан гэж үзэж байгаа. Гэтэл “Өлзийт интертрейд” ХХК болон Орон сууц санхүүжилтын корпорациас гурвалсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Тус гэрээний 2.2-т заасан “Орон сууцны барилгыг улсын комисс ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс барилгын компаниас зээлийн хүүгийн төлбөрийг шаардах”, 2.3-т “Зээл олгосон өдрөөс эхлэн графикт хугацаанд үндсэн зээлийг зээлдэгчээр төлүүлэх”, Барилгын компаниар хүүгийн төлбөрийг төлүүлэх”, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг барилгын компаниас зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэх” гэж тодорхой заасан байдаг.

Гэтэл “Өлзийт интертрейд” ХХК нь зээлийн хүүг төлөөгүй, Орон сууц санхүүжилтын корпораци нь зээлийн хүүг төлүүлэхээр шаардана гэсэн үүргээ ч биелүүлээгүй юм. Ийм учраас энэ байдлаас болж зээлж авсан 38,000,000 төгрөгийн зээл бүрэн хэмжээгээр төлөгдөхгүй зөрчил гарсан бөгөөд одоо ч зөрчил нь хэвээрээ байна. Энэ нь иргэн бид нарт буруугүй гэж үзэж байна. Төрийн банкинд зээл шилжиж ирсэн бол хамгийн эхэнд бидний дунд хийгдсэн гурвалсан гэрээнд заагдсан бидний өмнөөс зээлийн хүүг төлүүлэхийг шаардах эрх нь байсан гэж үздэг. Тийм учраас “Өлзийт интертрейд” ХХК нь хүүг төлөх үүрэг хүлээж байсан учраас тухайн компани нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байхад зээлийн хүүг биднээс нэхэмжилж байгааг үндэслэлгүй, шударга бус гэж үзэж байна. Би тухайн банкинд гурвалсан гэрээний үүрэг зөрчигдөж байгаа учраас гэрээнд заагдсан барилгын компаниар хүүг төлүүлж зээлийн үүргийн зөрчлийг арилгуулахаар хэд хэдэн удаа тус банкинд хандаж хүсэлт гаргаж байсан боловч банк надад энэ талаар ямар ч хариу өгөөгүй юм.

Өнөөдөр энэ байр ашиглалтанд өгсөн гэх боловч хүн амьдрах боломжгүй, цахилгаан шат тавигдаагүй, төвлөрсөн дулаанд иж бүрэн холбогдоогүй, гадна тохижилт бүрэн хийгдээгүй, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол байхгүй, телевиз, радионы шугам бүрэн тавигдаагүй байгаа нь энэ байранд амьдрах боломж нөхцөл хангагдаагүй юм. Миний бие нь энэ байранд 2 сар гаруй амьдарч байгаад гарч байр түрээслэн амьдарч байна. Манайх 9 давхарт байдаг бөгөөд цахилгаан шатгүй учраас бага насны хүүхдээ тэвэрч шатаар өгсөж, буухад бэрхшээлтэй учраас гарсан. Иймд төрийн банкинд бидний дунд хийгдсэн гурвалсан гэрээг биелүүлэх үүрэг нь шилжиж ирсэн гэж ойлгож байгаа учраас иргэн бид энэ гэрээг зөрчөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээ гараагүй байгаа. Миний бие нь зээл авах үедээ Х.Алтанзагастай  гэр бүл байсан, одоо бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан учраас энэ зээлийн өрийг би хариуцан төлнө. Х.Алтанзагаст хамааралгүй юм гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Х.Алтанзагас шүүхэд гаргасан тайлбартаа:

“Төрийн банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад миний зүгээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна. Учир нь:

3асгийн газраас хэрэгжүүлж байсан Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу Орон сууц санхүүжилтын корпорациас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны зээлэнд хамрагдсан юм. Ингэхдээ бид ОССК-оос санал болгосон барилгын компани болох “Өлзийт Интертрейд” ХХК-ний Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байсан 12 давхар орон сууцыг сонгож 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 403510 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах 3510 дугаартай гурвалсан гэрээг тус тус байгуулж 38000.000 /гучин найман сая/ төгрөгийн зээлийг 8%н хүүтэй авсан юм. Энэ зээлийг авахаас нэг сарын өмнө буюу 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус “Өлзийт Интертрейд” ХХК-тай 36 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ байгуулж 49,92 мкв 2 өрөө байрыг нийт 57408.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 19408000 төгрөгийг бид өөрсдийн хуримтлалаасаа гаргаж тус компанид бэлнээр тушаасан юм. Энэ тушаасан мөнгөн дээрээ ОССК-иас зээлсэн 38.000.000 төгрөгөө нэмж өгөөд байрны нийт төлбөр 57.408.000 төгрөгийг “Өлзийт Интертрейд” ХХК-д бүрэн төлж дуусгасан юм.

Иргэн бид дээрх байгууллагуудтай байгуулсан гэрээнүүдийг огт зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж үндсэн зээлийг төлж ирсэн...

Гэтэл “Өлзийт Интертрейд” ХХК нь зээлийн хүүг төлөөгүй, ОССК нь зээлийн хүүг төлүүлэхээр шаардана гэсэн үүргээ биелүүлээгүй байна. Ийм нөхцөл байдлаас болж ОССК-оос зээлж авсан 38000.000 төгрөгийн зээл бүрэн хэмжээгээр төлөгдөхгүй зөрчил гарсан бөгөөд одоо ч зөрчилтэй хэвээрээ байна. Энэ 2 байгууллагын гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй хандсаны улмаас иргэн бид буруутан болж байна. Энэ гарч байгаа зөрчилд иргэн бид ямар ч буруугүй зөвхөн гэрээнд тусгагдсан үүргийнхээ дагуу үүргээ биелүүлж ирсэн. “Төрийн банк”-д уг зээл шилжиж ирсэн гэж байгаа бол гурвалсан гэрээ одоо ч гэсэн хүчин төгөлдөр байгаа болохоор “Төрийн банк” тус гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж зээлдэгч бидний өмнөөс зээлийн хүүг төлүүлэхийг барилгын компани “Өлзийт интертрейд” ХХК-иас шаардах эрх нь ч гэсэн “Төрийн банк”-д зээлтэйгээ хамт дагалдаж ирж байгаа гэж үзэж байна.

“Өлзийт интертрейд” ХХК нь гэрээгээр зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэр үүргээ биелүүлэхгүй байхад иргэн биднээс зээлийн хүүг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шударга биш байна гэж үзэж байна. Д.Загдгочоо гурвалсан гэрээ зөрчигдөж байгаа тухай болон гэрээг зөрчөөд байгаа барилгын компаниар зөрчлийг арилгуулж өгнө үү... гэсэн хүсэлтийг одоо энэ нэхэмжлэл гаргаад байгаа “Төрийн банк”-д 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус гаргаж өгсөн юм. Ингэж хүсэлт удаа дараа гаргаж байхад энэ “Төрийн банк”-наас хариу огт ирдэггүй байсан. ОССК-н санал болгосны дагуу бидний захиалсан 2 өрөө байр одоо хүртэл чанар стандарт хангаагүй бүрэн ашиглалтанд ороогүй цахилгаан шат тавигдаагүй ажиллаагүй, төвлөрсөн дулаанд иж бүрэн холбогдоогүй, гадны орчны тохижилт бүрэн хийгдээгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, машины зогсоол байхгүй телевиз радионы шугам бүрэн биш.....зэрэг нөхцөл байдлууд байгаа юм. Энэ бол гурвалсан гэрээ бүрэн хэрэгжээгүй, хяналтгүй явж ирсэнтэй холбоотой. Иргэн бид захиалсан байрандаа 2 сар амьдраад гарсан учир нь энэ захиалсан манай 2 өрөө байр 9 давхарт байрладаг тул нялх хүүхэдтэй бид гарч ороход үнэхээр бэрхшээлтэй байсан түл бусдын байрыг хөлсөлж хүүхдүүдээ амьдруулж ирсэн. Ийм байдлаар иргэн бид хохирч байгаа тул 2016 онд БЗД, СБД, ЧДүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж гурвалсан гэрээг биелүүлэхийг ОССК-с шаардсан, “Өлзийт Интертрейд” ХХК-с зээлийн хүүг төлүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-с шүүхэд тайлбар ирүүлэхдээ: 3асгийн газрын 2013 оны 253-р тогтоолоор ОССК-ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ байгуулсан бөгөөд тус байгууллага нь ОССК-ХХК-тай чиг үүрэг, шаардах эрхүүдтэй холбогдох баримт бичгийг хүлээн аваагүй, ОССК-ХХК-тай холбоотой төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц төслийн зээлийн чиг үүргийг Засгийн газрын 2015 оны 74-р тогтоол, 2015 оны 106, 107-р тогтоолуудаар бүхэлд нь “Төрийн банк” болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шилжүүлсэн байдаг гэж шүүхэд албан журмын дагуу талбараа бичгээр гаргаж өгсөн байсан юм. Үүнээс дүгнэж үзэхэд: “Төрийн банк”-д Гурвалсан гэрээг биелүүлэх үүрэг нь шилжиж ирсэн тул энэхүү гэрээг иргэн бид зөрчөөгүй тул “Төрийн банк”-ны нэхэмжилсэн 17779.195.41 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээ байгуулах хүсэлтийг хангуулах нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөвөөр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Алтанзагас би... нэхэмжлэлтэй бүрэн танилцаж танилцсаны үндсэн дээр тайлбар гаргаж, дээрх тайлбараар өөрийн байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлсэн гэж үзэж байгаа тул олон дахин шүүх дээр ирэх боломжгүй, миний бие төрийн тусгай албан хаагч тушаалаар албан үүрэг гүйцэтгэж явдаг Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж амьдардаг тул шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул миний гаргасан тайлбарыг үндэслэн шүүх хурлыг хийлгэж асуудлыг шийдэж өгнө үү...гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк”- ХХК-ийн /Сэлэнгэ салбарын төв/ нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Д.Загдгочоо, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Алтанзагас нар нь 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 403510 тоот “Зээлийн гэрээ” байгуулан “Орон сууц санхүүжилтын корпораци /ОССК/”-иас 38.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах зээлийг 204 сарын хугацаатай жилийн 8%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулан авсан. 2015 оны 05 дугаар сарын 15-нд “Төрийн банк” ХХК-ны Сэлэнгэ салбарт шилжин ирсэн...Зээлдэгч нар нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлээ бүрэн төлөхгүй дутуу төлөлт хийж байгаа бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6,181,871 төгрөг, зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөг нийт 17,769,695.41 төгрөгийг гаргуулж зээлийн зөрчлийг арилгуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах, нотариатын зардал 9,500 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  ханган шийдвэрлэх үндэслэлтэй.

  “Төрийн банк” ХХК нь /Сэлэнгэ салбар/ иргэн Д.Загдгочоо, хамтран зээлдэгч Х.Алтанзагас нарт холбогдуулан “Орон сууцны зээл, зээлийн хүү нийт 17,779,195.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 9-16 тоотод оршин суух иргэн Д.Загдгочоо нь Засгийн газрын “4000 айл орон сууц” хөтөлбөрт хамрагдан Орон сууцны санхүүжилтийн корпорацитай /ОССОК/ 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №403510 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №3510 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” хийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох  харилцаа үүсэж хамтран зээлдэгчээр Х.Алтанзагас үүрэг хүлээн оролцсон байна.

Энэ нь Орон сууц санхүүжилтийн корпораци, иргэн Д.Загдгочоо, хамтран зээлдэгч Х.Алтанзагас нарын хооронд 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №403510 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” хийн 38,000,000 төгрөгийн зээлийг 204 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3510 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 161 дүгээр тогтоол тус тус гарч “Орон сууц санхүүжилтийн корпораци” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” болж өөрчлөн байгуулагдсанаар орон сууцны зээл санхүүжүүлэх чиг үүрэг нь байхгүй болж зээлийн багцаа арилжааны банкинд шилжүүлэх шаардлага үүссэний улмаас “Орон сууц санхүүжилтийн корпораци” болон “Төрийн банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Шаардан эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон    “Төрийн банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ шилжүүлсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлдэгч болон хамтран зээлдэгч Д.Загдгочоо, Х.Алтанзагас нарт мэдэгдсэн гэх “Мэдэгдэл”-ээр нотлогдож байна. 

Зохигчдын хооронд 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн №403510 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 6,181,871 төгрөг, зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөг нийт 17,769,695.41 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх талаар 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн “Мэдэгдэл” зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Д.Загдгочоо, хамтран зээлдэгч Х.Алтанзагас нар нь  гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа хэдий ч зохигчдын хооронд хийгдсэн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3510 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 2.3-т “Зээл олгосон өдрөөс эхлэн графикт хугацаанд үндсэн зээлийг зээлдэгчээр төлүүлэх, Барилгын компаниар хүүгийн төлбөр төлүүлэх, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг барилгын компаниас зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэх” гэж заасан атал Төрийн банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөгийг хэрхэн яаж тооцож тооцоолбор гаргасан нь /зээлийн хүүг хэдэн оны хэдэн сараас эхлэн тооцсон эсэх нь/ тодорхойгүй байх тул зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөг нийт 11,587,824.41 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх үндсэн зээл 6,181,971 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг нийт 6,191,371 төгрөгийг зохигчдоос гаргуулах нь зүйтэй.  

Мөн нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээ гараагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна. Гэтэл “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний “Зээлдэгчийн эрх, үүрэг”-ийн 3.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж барьцааны гэрээг зээлдүүлэгчтэй байгуулж зээлийн гэрээний барьцааг хангах” гэсэн нь тухайн гэрээнд зээлдүүлэгчид үүрэг болгон заасан байгааг дурдах нь зүйтэй. Иймд дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Д.Загдгочоо нь гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрөө төлж байсан болох нь хэрэгт авагдсан “Хадгаламж” банкны кассын орлогын баримт /2011 оны 09-12 сар, “ХАС” банкны орлогын ордер /2012 оны 1-3, 5-12 сар/, “ХАС” банкны мөнгөн шилжүүлгээр /2013 оны 1, 2, 3, 4, 6, 9, 10, 11 сар/, “Төрийн банк” ХХК, “ХАС банк” ХХК-ны төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн /2014 оны 3-12 сар/, “Төрийн банк” ХХК, “ХАС” банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, төлбөрийн баримт /2015 оны 1-12 сар/, Төрийн банк” ХХК-ийн орлогын болон мемориалын баримт /2016 оны 1-12 сар/, “Төрийн банк” ХХК-ийн орлогын мэдүүлэг /2017 оны 1-3, 5 сар/ зэрэг нотлох баримтууд авагдсан болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Д.Загдгочоо нь “..Миний бие нь зээл авах үедээ Х.Алтанзагастай гэр бүл байсан, одоо бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан учраас энэ зээлийн өрийг би хариуцан төлнө. Х.Алтанзагаст хамааралгүй...” гэсэн хэдий ч гэрлэлтээ цуцлуулсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Д.Загдгочоо, Х.Алтанзагас нараас үндсэн зээл 6,181,871 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг нийт 6,191,371 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 11,410,923.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,900.91 төгрөг нийт 11,587,824.41 төгрөг, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах зэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Х.Алтанзагаст шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч “эмнэлэгт хэвтэж байна, шүүх хуралдаанд оролцохгүй”  гэсэн тул зохигчдын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.  

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 246,846 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 6,181,871 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 113,860 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 368 дугаартай “Журам батлах тухай” /4 хуудас/, мөн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаартай “Тогтоол болон журамд өөрчлөлт оруулах тухай”, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаартай “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай”, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 74 дугаартай “Зээлийн багцын нөхцөлийн тухай” тогтоолууд, Сангийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай “Төрийн банкинд зээлийн багц шилжүүлэх тухай”, мөн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд зээлийн багц шилжүүлэх тухай” тушаалууд, “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг дуусгавар болгож, татан буулгах комисс томилох тухай” /2 хуудас/ тогтоолууд, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны 2016/12 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” /3 хуудас/, “Төрийн банк” ХХК-ийн Д.Загдгочоогийн цахилгаан эрчим хүчний 2017.12.19, 2018.02.20, 2018.03.20, 2018.05.20, 2018.06.18, 2018.08.19, 2018.09.19, 2018.11.19-ний өдрүүдэд төлбөр төлсөн баримтууд, Балансын гадуурх дансны хуулга /2016-2018 оны 8 хуудас/, Д.Загдгочоогийн 2011-2018 оны зээл төлсөн баримтуудын хуулбар /3 хуудас/ зэрэг авагдсан болно. 

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Загдгочоо, Х.Алтанзагас нараас 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №403510 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-нд заагдсан үндсэн зээл 6,181,871 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг нийт 6,191,371 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт  11,587,824.41 төгрөг, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах зэрэг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 246,846 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 113,860 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д /Сэлэнгэ салбар/ олгосугай.

  3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119  дүгээр  зүйлийн 119.2-д зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг  дурдсугай.

  4.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.СОЁЛМАА