Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00285

 

Н.Лувсанжамбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00969 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Лувсанжамбаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

ИНЕГ-ын даргын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 72 444 240 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Лувсанжамбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 2011 оны 08 дугаар сард ИНЕГ-ын харъяа Хэвлэлийн цех байгуулагдсан цагаас эхлэн хэвлэлийн эх бэлтгэгчээс эхлэн ажиллаж, хэвлэлийн цехийн эрхлэгч болтлоо тасралтгүй 12 жил ажилласан. 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ИНЕГ-аас Мөрөн Нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажилд хяналт тавих ажилтнаар томилогдсон. Нисэх онгоцны буудлын барилгын өргөтгөлийн ажил 1 жил гаран хугацаанд үргэлжлэн, 2012 оны 10 дугаар сард ажлыг нь хүлээж авсан байдаг. Ажлаа хүлээж авсны дараа 2013 оны 01 дүгээр сард цаашид ажиллах боломжтой, ажиллах ёстой хүн гэж үзсэн учир Англи улс руу хэлний сургалтанд явуулсан. 2013 оны 01 дүгээр сард миний  цалингийн карт руу цалин хийсэн байсан. Монголд ирэх үед ИНЕГ-т нэлээд өөрчлөлт орсон байсан. 2013 оны 02 дугаар сарын сүүлээр намайг Англи улсаас ирээд ажилдаа оръё гэхэд удаан хүлээлгэсэн. Нийгмийн даатгал нь төлөгдөхгүй байсан учир би компанид ажил хийж, нийгмийн даатгалаа төлж байсан. 2014 оны 09 дүгээр сард удирдлагадаа хандан өргөдөл бичихэд хариу өгөхгүй байсаар 2014 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал гаргасан. Энэ талаар надад мэдэгдэхгүй 11 cap өнгөрсөн байсан. ба нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй. 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарыг хүртэл ямар ч тодорхой хариу өгөлгүй байлгаж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

2012 оны 10 дугаар сард тухайн ажил дуусахад хөдөлмөрийн гэрээ дуусах байсан юм бол ажлыг 2012 оны 12 дугаар сард хүлээгээд авчихсан байсан. Буцаж ажилдаа орох гэсэн боловч түр хүлээж бай гэсэн хариу өгсөөр өдийг хүрсэн. 2014 онд албан бичгээр хариу өгөхдөө 2014 оны гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцалж байна гэсэн хариу өгсөн. Тиймээс ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай мэдэгдээгүй. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ цуцалсан гэсэн. Тиймээс энэхүү тушаалын агуулга нь хөрөнгө оруулалт дууссан, Засгийн газрын агентлагийн хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ямар нэгэн заалтыг баримтлахгүй гэрээг цуцалсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэл болгосон байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаарх баримт байхгүй бөгөөд Мөрөн, Хатгалын барилгыг улсын комисс хүлээж авсан тухай акт байхгүй. Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт 44 сарын хугацаанд цалингүй ажиллаж байсан. Иймд урьд эрхэлж байсан ажил буюу Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэрдромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 72 444 240 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Лувсанжамбаа нь ИНЕГ-т анх 2001 оны 08 дугаар сараас хэвлэлийн цехийн эх бэлтгэгч-дизайнер, хэвлэх үйлдвэрийн даргаар дэвшин ажилласан байдаг. Ингээд Н.Лувсанжамбааг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум, Мөрөн Нисэх онгоцны буудлын ажилд хяналт тавих хяналтын ажилтнаар томилсон. 1 жилийн хугацаанд энэ ажил дуусаагүй байсан учир энэ ажлыг дуустал гэрээг сунгасан байдаг. Н.Лувсанжамбааг 2013 оны 01 дүгээр сард гадаадад сургалтанд хамруулж явуулсан нь үнэн. Тухайн сургалт нь 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. Нэхэмжлэгчийг сургалтанд яваад ирэхэд нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ч 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нөхөж тушаал гаргасан байсан нь үнэн. Н.Лувсанжамбаа 2011 оны 09 дүгээр сард захиргаанд хандаж өргөдөл өгч, түүнд нь 11 дүгээр сарын 20-ны өдөр хариу өгсөн байдаг. Тушаал гарсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа.

2014 оны 01 дүгээр сарын 21-нд ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Гэтэл энэ хугацаанд ямар ажил хийж байсан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн асуудал биш юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Харин эргэж ирээд ажлаа хийгээгүй учир цалин ч олгогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ гэрээ нь хугацаатай, нөхцөлтэй байсан. Энэ ажил нь дууссанаар тухайн гэрээний хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Хатгалын нисэх буудлын шороон зурвас байгуулах ажил нь ИНЕГ-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил бөгөөд уг ажлыг захиалагч ИНЕГ уг ажлыг актаар 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан. Нэхэмжлэгч 2013 оны 01 дүгээр сараас цалин аваагүй. Энэ хугацаанд өргөдөл, гомдлоо гаргасан эсэх нь эргэлзээтэй байна. ИНЕГ-ын даргад бичсэн өргөдөл дээрээ энэ ажил нь дууссан юм гэдгийг нотолсон байдаг. 2014 оны 01 дүгээр сард нь бичиг баримтаа цэгцэлж, хуучин ажилдаа оръё гэсэн өргөдөл өгсөн. Тамгын газраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир өөр ажилд авах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэж байгаа юм бол тухайн үед нь гомдол гаргах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00969 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лувсанжамбаагийн ИНЕГ-т холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байх хугацааны цалин хөлс нийт 72 444 240 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Лувсанжамбаагийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00969 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лувсанжамбааг Иргэний нисэхийн ерөнхий газрын Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38 504 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 350 474 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Н.Лувсанжамбаа нь 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал Сум Мөрөн нисэх онгоцны буудлын засварын ажилд хяналт тавих хяналтын инженерээр томилогдсон. 1 жилийн хугацаанд уг засварын ажил дуусаагүй байсан учир энэ ажлыг дуустал гэрээг нь дахин сунгасан.

Гэтэл Н.Лувсанжамбаа нь уг ажлаа хийж гүйцэтгэхгүйгээр сул цалин авдаг байсан. Энэ нь шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон хяналтын инженер н.Батбилэгийн мэдүүлэг болон Улсын комисст Мөрөн нисэх буудлын ажлыг хүлээн авсан улсын  комиссын акт болон Хатгал нисэх буудлын ажлыг хүлээн авсан Иргэний нисэхийн ерөнхий газрын ажил хүлээн авах комиссын акт зэрэгт зурсан гарын үсгээр нотлогдоно. Н.Лувсанжамбаа нь Мөрөн болон Хатгал нисэх буудлын ажлуудад хяналт тавих инженерийн ажлаа хийж гүйцэтгэж байсан тухайгаа нотолсон нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Мөн Н.Лувсанжамбаа тухайн үеийн Иргэний нисэхийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг таньдаг байсан танил талаа ашиглаж Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар үндэслэлгүйгээр сургалтад хамрагдаж байсан. Энэ нь Н.Лувсанжамбааг сургалтанд хамруулахаар гаргасан нисэх буудлуудын мэргэжлийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаагүй болно гэсэн Захиргаа, удирдлагын газрын албан бичгээр нотлогдоно. Уг сургалт нь 2013 оны 02 дугаар сар хүртэл үргэлжилсэн учраас картанд нь мөнгө орсон болохоос Н.Лувсанжамбааг үргэлжлүүлэн ажиллуулж олгосон мөнгө биш юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “...ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан Н.Лувсанжамбаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажлын байраа дур мэдэн орхиж явсан гэх үндэслэл заасан нь хуульд нийцээгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байраа дур мэдэн орхиж явсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй...” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй.

Хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтуудад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хуульд түр хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход ажил олгогч түүнийг заавал ажлын байраар хангах үүрэг хүлээлгээгүй байтал шүүх хэлний сургалтад хамрагдаж ирснээс хойш нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй, 11 сар байлгасны эцэст хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч нь хөдөө орон нутагт томилолтоор явж байсан тул давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож амжаагүй бөгөөд энэ тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдэж хурал хойшлуулахыг хүсэж байсан болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах  хуулийн үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Давж заалдах шатны шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Лувсанжамбаа нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, Хөвсгөл аймаг дахь Мөрөн нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажил болон Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилт хяналт тавих хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 72 444 240 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  зөвшөөрөөгүй байна.            

Н.Лувсанжамбаа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хэвлэлийн цехэд эх бэлтгэгч, дизайнер, цехийн даргаар ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/2985 дугаар тушаалаар  Мөрөн нисэх буудлын барилгын өргөтгөлийн ажил болон Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерээр томилогдон ажиллажээ. Уг албан тушаалд хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байх ба хугацааг үргэлжлүүлэн “өргөтгөл, аэродромын хүчитгэлийн ажлыг дуусах хүртэл”  хугацаанд  сунгасан  нь гэрээнд тусгагджээ. 

Мөрөн, Хатгал нисэх буудлуудын барилгын өргөтгөл, аэродромын хүчитгэлийн ажил 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дууссан нь Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын акт, ажил хүлээлцсэн баримтаар тогтоогдсоноос үзэхэд энэ үед хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байх боломжтой боловч ажил олгогч нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/394 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд англи хэлний сургалтанд явуулсан, дараа нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 тоот тушаалаар  Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн албан тушаалаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг  баримталжээ. 

Тухайн ажил дууссанаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгосон байна. Хэрэгт байгаа баримтаар Мөрөн, Хатгал нисэх буудлуудын барилгын өргөтгөл, аэродромын хүчитгэлийн ажил 2012 оны 12 дугаар сард  дууссан үйл баримт тогтоогдож байх боловч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр цуцалсан тул энэ хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний дагуу  ажиллах эрхтэй байсан гэж үзнэ.

Харин өргөтгөлийн болон замын хүчитгэл, засварын ажил хийгдэж дууссан тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан хяналтын инженерийн албан тушаал байхгүй болсон, ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болохыг шүүх анхаараагүй нь буруу байна. Ажилтны албан тушаалын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд  эрхлэх ажил үүрэг нь Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажил гүйцэтгэхтэй холбоотой, үүнээс шалтгаалж гэрээний хугацаа тодорхойлогдсон байжээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгчийг сургалтанд хамрагдаж ирээд 2013 оны 03 дугаар сарын 01-нээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2014 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл хугацаанд ажил олгогч нь ажилтныг  ажиллах  нөхцлөөр хангаагүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан дээрх хугацааны 10 сар, 20 хоногийн олговор 16 187 237 төгрөгийг шаардах эрхтэй байна. /1 сарын дундаж цалин 1 480 960 төгрөг, нэг өдрийн цалин 68 881 төгрөг, 20 хоногийн цалин 1 377 637 төгрөг, 10 сарын цалин хөлс 14 809 600 төгрөг/            

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан тул тушаалд дурьдсан “...ажлын байраа дур мэдэн орхиж явсан...” гэх үйл баримт ач холбогдолгүй бөгөөд сахилгын дээрх зөрчлийг гаргасан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байв.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00969 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  Иргэний нисэхийн ерөнхий газраас 16 187 237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Лувсанжамбаад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Мөрөн, Хатгал нисэх буудлуудын аэродромын хүчитгэлийн ажилд хяналт тавих хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, ...350 474... гэснийг ...238 886.19... гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА