Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0558

 

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0558

Улаанбаатар хот

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэртэй, Б.М-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б нэр дээр дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг 95/3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2201037710 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000327371 тоот гэрчилгээг, мөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Балдан-Осорын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг 95/7 тоот хаягт байр, бүртгэлийн Ү-2201037705 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000327377 гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037710 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамжны 95/3 тоотод байрлах 170 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Y-2201037705 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын ам /181821/ 3 хэсэг гудамжны 95 тоотод байрлах 170 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай тус тус барилгуудыг газар эзэмших эрхийн 000512365, 000512366 тоот гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, фото зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаяг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анх 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр иргэн Б.Б-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037710, Y-2201037705 тоот дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000327371, 00327377 гэрчилгээнүүдийг олгосон байна.

Тухайн бүртгэлийг хийх үед Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авaхаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт нь дээрх хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 9-д заасан мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийн үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхнө төлнө.

Мөн Иргэн Б.М-ийн уг эд хөрөнгөнд хөрөнгө оруулсан эсэх тодорхойгүй мэдэх боломжгүй байсан бөгөөд бүртгэл үнэн зөв байх зарчим нийцүүлэх зорилгоор үйлчлүүлэгчээс өөр нотлох баримт шаардах эрхгүй болно.

Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль тогтоомж, журмыг баримтлан, хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр зэрэг нотлох баримтуудын үндсэн дээр хийгдсэн байх тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 8 сарын 29-ны өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч шүүхэд хандаж буй асуудал нь талийгаачийн өв залгамжлагчийн хувьд буюу өвлөх эрх зөрчигдсөн тухайд биш, талийгаачийн эхнэрийн хувьд буюу гэр бүлийн хөрөнгийн тухайд биш гагцхүү улсын бүртгэлд буруу бүртгэгдсэн хөрөнгийг дан ганцаар өмчлөгч нь байх ёстой гэж шүүхэд хандсан байдаг. Улмаар шүүх “(1) нэхэмжлэгчийн тайлбар болон 2) тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч хөрөнгө оруулсан. байна, тиймээс уг үл хөдлөх эд хөрөнгүүд нэг хүний буюу зөвхөн Б.Б-ын өмч болох нь нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.М-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэмээн тогтоож, уг өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгээгүй нь хууль бус гэж үзсэн.

Анхан шатны шүүхийн үнэлээд буй тооцоо нийлсэн актыг илүү тодруулан авч үзвэл нэхэмжлэгч иргэн болон барилгыг бүхэлд нь захиалан барьсан “Е б” ХХК-ийн хооронд хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, барилгыг барих хөрөнгийг бусдаас бүрдүүлсэнтэй холбогдох баримт юм.

Хэрэв Б.М нь “Е б” ХХК-ийн барьж буй барилгад хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулсан этгээд буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн нөгөө талаасаа тэрхүү бодитоор оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Энэ харилцаа нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэг (109-122 дугаар зүйл)-ээр зохицуулсан “Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох” зохицуулалтад хамаарахгүй болно.

Түүнчлэн дээрх тооцоо нийлсэн актад хөрөнгө оруулалтын хариу төлбөрт барилгын өмчлөх эрх олгох бус мөнгөн хөрөнгө буцаан олгохоор тохирсон байхад талуудын тохиролцооноос өөр зүйлийг гуравдагч этгээдээс гаргуулахаар шийдэж буй Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Дээрхээс гадна талийгаач Б.Б 2014 оны 11 дүгээр сарын 5-ны нас барж хуульд зааснаар 1 жилийн дараа өв нээгдсэн үеэс эхлээд Б.М нь талийгаачийн нэр дээрх хөрөнгүүдийг бүгдийг нь өөрийн хуваарьт хөрөнгө хэмээн төрсөн хүүхдүүд болох Б.М, Б.М, Б.Ц нарыг өвлөх эрхгүй хэмээн марга байсан. Тиймээс ч уг маргаан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23ны өдрийн 2238 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 001/XT2018/00305 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Энэ иргэний журмаар шийдвэрлэгдсэн маргааны явцад хариуцагч Б.М-ээс одоо улсын бүртгэлтэй маргаж буй Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаар, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг Б.Балдан-Осорынх биш, гэр бүлийн хөрөнгө ч биш зөвхөн өөрийн хуваарьт өмч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй тооцоо нийлсэн акт болон бусад баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Харин шүүх маргаан бүхий 2 орон сууцыг Б.М-ийн хуваарьт өмч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.

Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс үл хамааран өмчлөлийн маргааныг харьяаллын шүүх эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт, үндэслэл, шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дахин авч үзэж өөрөөр шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай зөрчилдөж байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-д “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж заажээ.

Харин нэхэмжлэгч Хил хамгаалах ерөнхий газраас 2017 оны 8 дугаар сард лавлагаа авсны үндсэн дээр Б.Б эзгүйд бүртгэл хийгдсэн байна гэдгийг мэдээд шүүхэд хандсан гэх боловч энэ үйл баримт нь нэхэмжлэлийн үндэслэлтэй таарахгүй байна. Талийгаач Б.Б байхгүй байхад бүртгэл хийгдсэн байгаа нь нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөх эрхийг хэрхэн сэргээх үндэслэл болж байгаа нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч иргэн улсын бүртгэл дэх маргаан бүхий орон сууцыг Б.Б биш минийх учраас улсын бүртгэл буруу хийгдсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа тул улсын бүртгэлийг мэдсэн үеэс тоолох нь зүй ёсны асуудал юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг анхаарч үзэлгүйгээр өөр үйл баримттай хольж хөөн хэлэлцэх хугацааг тоолж буй нь хуульд заасан  журмыг гажуудуулж байна.

Маргаж буй амины орон сууцны доорх газрын нэг нь П.Н, нөгөө Б.Б өөрийнх нь эзэмшил газар дээр баригдсан байдаг эзэмшигч этгээдийн зөвшөөрөлтэйгөөр уг газар дээр баригдсан барилгыг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Түүнчлэн талийгаачийг төлөөлсөн этгээд нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос ангид үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд төлөөллийг зүй ёсоор хэрэгжүүлсэн. Хэрэв Б.Б байхгүйд өөр этгээдийн нэр дээр бүртгэл хийгдсэн бол энэхүү бүртгэлтэй холбогдуулан талийгаачийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх байсан. Гэвч ийм үйл баримт болоогүй бөгөөд энэхүү төлөөлөгчийн үйлдэл нэхэмжлэгч буюу төлөөлүүлэгчээс өөр этгээдийн эрх ашгийг огтхон ч хөндөөгүй юм.

Нэхэмжлэгчээс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Баянголын ам 95/3, 95/7 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Б нь бүртгүүлэхдээ өөрөө Монголд байхгүй байхад нь Н өмнөөс нь гарын үсэг зурсан, түүнийг нь хариуцагч хүлээн авсан нь буруу, буцаах ёстой байсан, өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн гэж маргадаг.

Хэрэгт авагдсан Б.М-ийн гадаад паспортын хуулбараар мэдүүлэг гаргасан гэх 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нь Монголд байгаагүй болох нь тогтоогддог. Өөрийг нь байхгүй байхад нь хийгдсэн өөрийнх нэр дээр хийгдсэн бүртгэл нь одоо маргаж буй бүртгэлтэй яг адилхан байдлаар хийгдсэн байтал өөрт хамааралтай бүртгэл нь хууль ёсны гээд өнөөдрийг хүртэл яваад байдаг, адил хийгдсэн бүртгэлийг яагаад хууль бус, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзээд буй нь ойлгомжгүй байна.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д бүрдүүлэх баримт бичгийг жагсаасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хуульд заасан шаардлагыг хангасан баримтуудыг улсын бүртгэлд гаргаж өгсөн бөгөөд үүнийг үндэслэн улсын бүртгэл хийгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Хуульд төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж өгсөн бөгөөд үүнийг үндэслэн улсын бүртгэлд хийгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Хуульд төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болохоор зохицуулсан ба Б.Б нь өөрийн туслах болох П.Н дамжуулан мэдүүлгийг гаргасан нь хуулийг зөрчсөн зүйл огт байхгүй.

Түүнчлэн улсын бүртгэгч нь тухайн гарын үсгийг нягтлан шалгах, боломжгүй бөгөөд хуульд энэ талаар улсын бүртгэгчид хүлээлгэсэн үүрэг ч байхгүйн дээр хуульд заасны дагуу баримт бичгээ бүрдүүлээд ирсэн байхад мэдүүлгийг буцаах эрхгүй, бүртгэлийн байгууллага бүртгэх үүрэгтэй юм.

Маргаж буй хоёр үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмших эрхийн нэг нь Б.Б нэр дээр нэг нь П.Н нэр дээр байдаг бөгөөд өөрийнхөө газар барилга болон бусдын газар дээр эзэмшигчийнх нь зөвшөөрөлтэйгөөр барьсан барилгаа улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим баримтыг дутуу үнэлж, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг, 95/3, 95/7 тоотод тус тус байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт Б. Б гэж гарын үсэг зурсан, мэдүүлэгт хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нэг нь Б.Балдан-Осорын нэр дээр, нөгөө нь П.Н нэр дээр байсан боловч П.Н зөвшөөрсөн бичиг, кадастрын зураг, барилгын хаяг олгосон баримт, фото зураг, барилгын схем зураг зэргийг үндэслэн бүртгэж, гэрчилгээ олгожээ.

            Нэхэмжлэгч Б.М нь дээрх бүртгэлийг хийх үед Б.Б нь Монгол Улсад байгаагүй, П.Н итгэмжлэлгүйгээр хүсэлт гаргасан байхад улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ гаргасан нь хууль зөрчсөн, үүний улмаас өөрийнхөө хөрөнгө оруулсан барилгыг дангаар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй ... мэдүүлгийг татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй. Хуулийн 13.9-д мэдүүлэг гаргагч баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Нэхэмжлэгч Б.М-ийг хөрөнгө оруулсан гэдгийг бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй....” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...  Б.М-ийн хөрөнгө оруулсан гэх тооцоо нийлсэн актаар оруулсан хөрөнгийг буцаан олгож, ашгийг хувааж авахаар тохирсон байдаг, энэ нь барилгын өмчлөх эрхтэй хамааралгүй, иргэний эрх зүйн харилцааны асуудал. Иргэний хэргийн шүүх талийгаач Б.Б нэр дээрх энэхүү 2 барилгыг Б.М-ийн хуваарьт өмчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн дундын өмч гэж шийдвэрлэсэн байхад шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалттай зөрчилдсөн шийдвэр гаргасан. П.Н “Б” гэж гарын үсэг зурсан нь Б.Б хүсэл зоригоос ангид үйл ажиллагаа явуулаагүй. Өөрийнхөө туслах П.Н дамжуулан мэдүүлгийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийн гарын үсэг зурах хэсэгт “Б.Б” гэж бичсэн байх боловч түүний гарын үсэг биш, П.Н түүний өмнөөс зурсан, Б.Б нь тухайн үед Монгол Улсад байгаагүй нь тогтоогджээ.

            Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д мэдүүлгийг өөрөө, ... эсхүл төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болно” гэж заасныг, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаал батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д итгэмжлэлийг хавсаргана гэснийг зөрчжээ.  Мэдүүлэгт П.Н, Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар байх бөгөөд улсын бүртгэгч Б.Б өөрөө мэдүүлэг гаргасан эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байх тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

            Гэвч хариуцагч улсын бүртгэгчийн уг алдаатай үйл ажиллагааны улмаас Б.М-ийн тухайн өмчүүдийг өмчлөх эрх зөрчигдсөн эсэхийг анхаарч үзээгүй байна.

            Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх зорилготой. Үүний тулд юуны өмнө захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг тогтоохоос гадна уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож, зөрчигдсөн бол актыг хүчингүй болгох бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх буюу хамгаалагдах  ёстой. Харин эрх нь зөрчигдөөгүй бол нэхэмжлэлийг хангаж, захиргааны актыг хүчингүй болгох нь шүүхийн зорилго биш, ялангуяа бусдад эерэг үйлчлэлтэй гарсан захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй.

            Иймд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаа болон нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг анхаарах шаардлагатай.

            Дээрх бүртгэл нь Б.Б эерэг үйлчлэлтэй захиргааны акт бөгөөд хэдийгээр өөр этгээд түүний өмнөөс мэдүүлэгт гарын үсэг зурсан боловч энэ нь Б.Балдан-Осорын хүсэлт зоригийг үгүйсгэж Б.Мийг өмчлөх эрхтэй гэж шууд үзэх үндэслэл болохгүй.

            Харин Б.М, Б.Б нарын хэн нь өмчлөх эрхтэй гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах асууудал тул энэ талаар талийгаач Б.Б хүүхэд Б.М, Б.М, Б.Ц нар иргэний хэргийн шүүхэд хандсан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2195 дугаар шийдвэрээр тухайн хөрөнгийг зөвхөн Б.Б нэр дээр бүртгэсэн бүртгэлээс үл хамаарч Б.М, түүний хүү Б.Э,талийгаач Б.Б нарын  гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, Б.М-ийн “хуваарьт өмч” болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 

Үүнээс үзвэл иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Б.М-ийг дээрх хөрөнгүүдийг дангаар өмчлөх эрхгүйг тогтоосон байх тул хариуцагч бүртгэлийн байгууллагын алдааны улмаас зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээх тухай ойлголт байхгүй буюу Б.М-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг энэхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, бусдад эерэг үйлчлэлтэй гарсан захиргааны актыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д “захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэснийг буруу хэрэглэсэн байна.  

Иймд энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.М нь гэр бүлийн дундын эд хөрөнгө өмчлөх эрхээ  бүртгүүлэх эрх нь зөрчигдсөн гэж маргаагүй болохыг, мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэлийн байгууллагад хандаж, дээрх алдааг залруулан гэр бүлийн дундын эд хөрөнгө өмчлөх эрхээ зохих журмын дагуу бүртгүүлэх боломжтойг тус тус тэмдэглэж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.2-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан “Б.Б нэр дээрх 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-2201037710, Ү-2201037705 дугаар бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон 000327371, 000327377 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР  

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ