Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2019/00009

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00569/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор ******* нэхэмжлэлтэй *******д холбогдох  Алт угаах тоног төхөөрөмж скрупер хийсэн хөлсний үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 09 сард Солонгос Улсад байдаг манай хүргэн н.Батжаргалаар дамжуулан надтай танилцаж алт угаагч төхөөрөмж болох скрупер хийж өгөөч гэж гуйсан. ******* ярихдаа *******г найдвартай итгэл даах, хөлс мөнгийг нь унжаад байхааргүй өгчих хүмүүс гэж над руу утасдаад гуйгаад байсан учраас би тоног төхөөрөмж хийж өгөхөөр болж материал, ажлын хөлс нийт 15.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож урьдчилгаа 3,000,000 төгрөгийг би бэлэн авч хэлцэл ёсоор скруперээ хийж өгсөн.

Дараа нь 6,000,000 төгрөгийг увуулж цувуулж өгөөд одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Үлдэгдэл хөлс мөнгөө нэхэж удаа дараа утсаар холбогдож Бугант тосгонд очиж байсан ч Орлого олоогүй, мөнгө байхгүй байна гэсэн тайлбарыг хэлсээр өнөөг хүртэл ажлын хөлсний үлдэгдлийг минь өгөөгүй байна. Иймд *******гаас ажлын хөлсний үлдэгдэл 6,000, 000 төгрөгийг надад гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа... Би *******д скруперны үнэ болох 10.060.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар *******гаас 1,000,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т ...нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг зөрчиж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч нь *******д холбогдуулан алт угаах тоног төхөөрөмж скрупер хийж өгсний үлдэгдэл хөлс 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зохигчдын хооронд иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан харилцаа үүссэн. Скруперийг хийхдээ өөрийн зардлаар, өөрийн материалаар хийж өгөхөөр тохиролцож, зардал, ажлын хөлс нийлээд 15.000.000 төгрөгийг ******* *******д өгөхөөр аман хэлцэл хийж тохирсон байдаг. Хэлцэл ёсоор ******* нь скруперийг хийж дуусгаад *******гийн нөхөр *******од хүлээлгэж өгсөн. ******* нь ажиллуулж шалгаж үзээд ямар нэгэн чанарын доголдолгүй эдийг аваад явсан. Тухайн үед ******* нь *******д хийж өгсөн тоног төхөөрөмж чинь ажиллахгүй байна гэж огт хэлж байгаагүй, мөнгийг нь хэсэгчлэн төлөөд явсан байсан. Шүүх дээр хариуцагч ******* тайлбар хийхдээ: Скрупер чанарын хувьд доголдолтой очингуутаа ажиллаагүй, гинж нь тасарсан, ажил хийж болохгүй байсан гэж хэлдэг. Энэ нь ямар ч баримтааар нотлогдохгүй байхад шүүх чанарын гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь илтэд нэг талыг барьсан шийдвэр болсон. Үнэхээр л тэр төхөөрөмжөөр огт ажил хийжашиг орлого олоогүй юм бол яагаад 1 жил гаран хугацаанд хөлсийг нь хэсэгчлэн хийж дансанд нь шилжүүлээд байгаа юм бэ? гэсэн асуудал бий болж байна.

Мөн хариуцагч скрупер хийлгэсэн үнэ 15.000.000 төгрөг биш 10.000.000 төгрөг гэж маргадаг. Үүийг гэрч ******* тодорхой гэрчилж, ханш нь 15.000.000 төгрөгөөс дээш үнээр хийгддэг, танил хүмүүс учир 15.000.000 төгрөгөөр хийгээд өгье гэж ******* хэлсэн байсан. Захиалсан хэмжээгээр нь хийж өгсөн, хүлээлгэж өгөхдөө шалгуулж, ажиллуулж өгсөн, ямар нэгэн эвдрэл гарах ёсгүй, буруу угсарснаас ажиллуулж чадаагүй байж болно гэж,

Мөн гэрч Лхагва нь 15.000.000 төгрөгөөр хийж өгч байгаа гэж ******* хэлж байсан, скруперийг 2 хүн ирээд шалгаад аваад явсан, хальт хийлцсэн ажлын 1.000.000 төгрөгөө аваагүй гэж хэлсэн байдаг. Эдгээр гэрчүүд бүгд 15.000.000 төгрөгөөр хөлсийг тохирсон талаар хэлж нотлоод байхад дээрх гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй гэж буруу дүгнэсэн. Тэгвэл хариуцагчийн 10.000.000 төгрөгөөр хөлсийг тохирсон гээд байгааг юунд үндэслэж ямар баримтыг үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нөхөр *******ын мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, гэрч мэдүүлэг өгөхдөө өөртөө итгэлгүй, эхнэр *******гаас асуусан байдалтай түүний үгийг дагуулж ярьж байсныг шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс харахад ойлгомжтой байгаа юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******гаас дансаар 9.000.000 авсан давж заалдах гомдолдоо 1.550.000 төгрөг аваагүй гэсэн үндэслэлээсээ татгалзаж байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн 14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би хүргэн болох Батжаргалаар дамжуулан Галавсэнгэтэй танилцсан. Тэгээд алт угаах төхөөрөмжийг 10.000.000 төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцсон. Би хөлсийг нь төхөөрөмж хийсний дараа өгнө гэсэн боловч мөнгөний хэрэгцээ байна гээд 9.000.000 төгрөгийг цувуулж авсан. Энэ хүн ер нь худал яриад байдаг юм байна. Даваажав гэдэг хүнээр дамжуулан 1.550.000 төгрөг авсан атлаа аваагүй гэж худал хэдлсэн тул тэр хүнтэй нь хайж байж очиж уулзахад мөнгө дамжуулан авсан гэдгээ хүлээсэн.

Анх 10.000.000 төгрөгөөр хийж өгнө гэж тохирчихоод одоо 15.000.000 төгрөг гээд нэхээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй үндэслэлгүйгээр 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан Алт угаах тоног төхөөрөмж скрупер хийсэн хөлсний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд гэрч асуулгасан гэрчийн мэдүүлгийг шүүх огт үнэлээгүй, шүүхийн шийдвэрт зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан харилцаа үүссэн гэж тодорхойлсон атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг баримтлан хууль буруу хэрэглэсэн гэж тайлбарласан байна.

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сард алт угаах тоног төхөөрөмж скрупер хийлгэх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

Талуудын хооронд хийгдсэн ам хэлцлийн дагуу нэхэмжлэгч ******* нь тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэн захиалагч тал буюу *******д хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* нь тоног төхөөрөмжийг хүлээн авч төхөөрөмжийн үнэ буюу хөлсөнд 9.000.000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч ******* нь ажлын хөлсийг 15,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлаж, гэрээний үүргийн үлдэгдэл үнэ 6.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргадаг бол хариуцагч ******* нь гэрээний үнийг 10.000.000 төгрөгөөр тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу төлөх ёстой 1.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 5.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн гэж талууд гэрээний үнийн талаар маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зохигчид нь гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд *******, Д.*******, Б.Лхагва нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийн дагуу шүүх гэрчүүдээс зохигчдыг байлцуулан мэдүүлэг авсан байх ба гэрч нар нь *******гийн хүсэлтээр алт угаах төхөөрөмж хийсэн, төхөөрөмжийг хийхэд тодорхой үүрэгтэй оролцсон, төхөөрөмж хийхэд хэдий хэмжээний материал шаардагдсан талаар мэдүүлдэг боловч зохигчдын хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнг хэрхэн тохиролцсон талаар гэрчлээгүй, нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 15.000.000 төгрөгөөр тохиролцсон гэж буй боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, гэрээний үнийн дүнг тодорхойлж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хувьд: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэх гэрээний хуульд заасан дээрх тодорхойлолтоос үзвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин түүний үр дүн байдаг боловч тухайн эд хөрөнгө бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог байна. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болсон ажиллагаа худалдах, худалдан авах гэрээний агуулгад хамаардаггүй болно.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн материалаар хариуцагч *******гийн хүсэлтээр алт угаах тоног төхөөрөмжийг шинээр хийж улмаар түүний өмчлөлд шилжүүлсэн нь эд хөрөнгө буюу ажлын үр дүн байх бөгөөд гэрээний агуулгаас талуудын тайлбар зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт маргааныг шийдвэрлэхдээ худалдах худалдан авах гэрээг зохицуулсан хуулийг баримтлах болсон талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул хууль хэрэглээний өөрчлөлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-д төрлийн шинжээр тодорхойлох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ. гэж заасан, зохигчдын хооронд үүссэн маргаанд худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэж болох хэдий ч зохигчдын хооронд гэрээний үнийн дүнтэй холбоотой маргаан үүссэн байх тул маргааныг шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий заалтыг баримтлах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн алт угаах төхөөрөмжийн доголдлын талаар хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч зүгээс тайлбартаа дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан гомдол гаргаагүй тул эд хөрөнгийн доголдлын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 111.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН