Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 14

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 5-69 тоотод оршин суух, эрэгтэй, 55 настай, Дархан-уул аймаг дахь төмөр замын депод ажилтай Тайжууд овогт Галсангийн Галавсэнгийн /МА-63112274/ нэхэмжлэлтэй;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын  13 дугаар баг, 22 дугаар хороолол, 26-44 тоотод оршин суух, Дархан-уул аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч ажилтай, Боржигон овогт Лхагвагийн Оюунсувд /ХГ-67062601/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны цэнхэр 5 давхар 1-9 тоотод оршин суух, эмэгтэй, 51 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт Ойдовын Баясгаланд  /ФВ-71042105/ холбогдох 

“Алт угаах тоног төхөөрөмж “скрупер” хийсэн хөлсний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч О.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, гэрч Ц.Ганзориг, Б.Лхагва, Д.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Г.Галавсэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

О.Баясгалан нь 2017 оны 09 сард Солонгос Улсад байдаг манай хүргэн н.Батжаргалаар дамжуулан надтай танилцаж алт угаагч төхөөрөмж “скрупер” хийж өгөөч гэж гуйсан. Н.Батжаргал ярихдаа “О.Баясгаланг найдвартай итгэл даах, хөлс мөнгийг нь унжаад байхааргүй өгчих хүмүүс” гэж над руу утасдаад гуйгаад байсан учраас би тоног төхөөрөмж хийж өгөхөөр болж материал, ажлын хөлс нийт 15.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож урьдчилгаа 3,000,000 төгрөгийг би бэлэн авч хэлцэл ёсоор скруперээ хийж өгсөн.

Дараа нь 6,000,000 төгрөгийг увуулж цувуулж өгөөд одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Үлдэгдэл хөлс мөнгөө нэхэж удаа дараа утсаар холбогдож Бугант тосгонд очиж байсан ч “Орлого олоогүй, мөнгө байхгүй байна” гэсэн тайлбарыг хэлсээр өнөөг хүртэл ажлын хөлсний үлдэгдлийг минь өгөөгүй байна. Иймд О.Баясгалангаас ажлын хөлсний үлдэгдэл 6,000, 000 төгрөгийг надад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Галавсэнгэ нь О.Баясгалантай харилцан тохиролцож алт угаах төхөөрөмж “скрупер” хийлгэхээр захиалга аван материал, ажлын хөлсний үнэ нийт 15,000,000 төгрөгөөр тохиролцон ажил гүйцэтгэхээр ам хэлцэл хийн тохиролцсон байдаг. Одоо ажлын хөлсний үлдэгдэл 6,000,000 төгрөгийг О.Баясгалангаас нэхэмжилж байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 09 дүгээр сард О.Баясгалангийн хүүгийнх нь дансаар дамжуулан 1,000,000 төгрөг авсан бөгөөд зохигчдын дунд өгсөн авсан гэх 9,000,000 төгрөгөндөө маргаангүй болно. Тухайн үедээ алт угаах тоног төхөөрөмжөө шалган авч “боллоо” гэсэн атлаа шүүх хуралдаанд доголдолтой бараа хүлээн авсан одоо хүртэл ажиллагүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. 1.3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Иймд О.Баясгалангаас ажлын хөлсний үлдэгдэл 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх.   

Хариуцагч О.Баясгалан шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх манай нөхрийн дүү н.Батжаргал, Г.Галавсэнгэ гэдэг хүнтэй холбогдож алт угаах төхөөрөмж “скрупер” хийлгүүлж өгөхөөр ярилцаж нөхөр бид 2 Г.Галавсэнгэтэй утсаар 2017 оны 08 дугаар сард холбогдон ярьж алт угаах тоног төхөөрөмж болох “скрупер”-ийг хийх материал болон хөлсийг нийт 10,000,000 төгрөгөнд хийхээр тохиролцож 8,000,000 төгрөгийг цувуулан 8 дугаар сардаа багтаан өгсөн. 7 хоногийн дотор хийлгэе гэсэн боловч Г.Галавсэнгэ 1 сар гаруй хугацаанд хийж өгсөн. 8 дугаар сарын сүүлээр манай нөхөр ахынхаа хамт очиход ойр зуурын зүйлээ хийгээгүй байсан учраас хамтран 7 хоног шахуу хийж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мотороо залган шалгаж үзээд хүлээн авсан.

Бид нар алт угаах тоног төхөөрөмж болох скуперыг авчираад залгахад 100 диамерт амсартай хийх ёстой байтал 80 диаметрийн амсартай хийснээс болж шороо нь хахаад явахгүй, моторын суурины нугасыг  буруу харуулж гагнаснаас болж салж унасан, гинжийг нь стандарт бус гинжээр хийснээс болж тасарсан. Энэ байдлыг нь Г.Галавсэнгэ гуайд утсаар “дутуугаа засаж янзалсны дараа үлдэгдэл 2,000,000 төгрөгөө өгнө” гэдгийг хэлсэн. Тэгэхэд Г.Галавсэнгэ гуай “ажил ихтэй, замын даргын үзлэг хийх гээд байна” гэсээр 2017 оны намрыг өнгөрөөсөн. Удаа дараа утсаар ярьж эвдэрсэн, дутуу  хийсэн зүйлүүдээ засаж янзлахыг шаардаж байсан боловч янз бүзрийн шалтгаан хэлж ирээгүй. Тэгэхээр нь “та тэгвэл хавар ирж янзлаад өгөөч” гэхэд “за л“ гэдэг болохоор нь тэр хүнд итгээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ техникийг нэг өдөр ч хэрэглээгүй одоо яг хэвээрээ байж байгаа. Бид нар 2017-2018 онд гитаран буугаар үйл ажиллагаагаа явуулсан. Хамгийн сүүлд 2018 оны 09 дүгээр сард “хүүд минь мөнгө хэрэг болоод байна “гэхээр нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүүгийнхээ дансаар 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Г.Галавсэнгэ гуайд өгсөн 9,000,000 төгрөгөн дээр бидний дунд маргаан байхгүй.

Харин шүүхэд гаргасан ажлын хөлсний үлдэгдэл 6,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ хийсэн тоног төхөөрөмжөө буцаагаад авбал бидний зүгээс өгсөн 9,000,000 төгрөгөө аваад өгөхөд татгалзах зүйлгүй. Г.Галавсэнгэ гуай алт угаах тоног төхөөрөмж “скупер”-ийг анх удаа хийж байгаа юм шиг байгаа юм. Голын Ц.Ганзориг гэдэг хүн зааж зааварлаж хийлцсэн юм. Иймд Г.Галавсэнгийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 10,000,000 төгрөгөнд хийхээр тохиролцсон учраас одоо 1,000,000 төгрөг л өгөх ёстой гэх.

Гэрч Ц.Ганзориг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

 Алт угаах тоног төхөөрөмж болх “скрупер” цагт идэх шорооны хэмжээгээрээ 20, 40, 60, 100 хэмжээтэй байдаг. Хир их материал орохоос шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Үүнээс хамгийн жижиг буюу 20-ын скупер нь зах зээлийн ханшаар 20,000,000 төгрөг байдаг ба үнэ ханшаа хийж байгаа хүмүүстэйгээ тохиролцдог. Г.Галавсэнгэ над дээр 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ирж “гагнуурынхаа хөлсийг хасаад О.Баясгалан гэдэг хүнд “скупер”-ийг 15,000,000 төгрөгөөр хийгээд өгчихье” гэж хэлсэн. Б.Лхагва, Г.Галавсэнгэ бид гурав манай хашаанд “скрупер”-ыг хамтарч хийсэн. Материалын зардалд надаас 5,000,000 гаруй төгрөг, Б.Лхагва, Г.Галавсэнгэ 2 бас материалаа авчирсан, тэр нь хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Материалын үнэ гэж Г.Галавсэнгэ надад 2,500,000 төгрөг, хөлсөнд нь 2,000,000 төгрөг өгнө гээд 1,000,000 төгрөг өгсөн. 2017 оны 09 дүгээр сарын эхээр 2 хүн ирж асааж шалгаж үзээд манай хашаанаас аваад явсан. Миний хийсэн зүйл тоног төрөөрөмж асуудалгүй гэж бодож байна. Харин гагнаасны талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй. Захиалга өгөхдөө 80 диаметр гэж өгснийг амыг нь 80 диаметрээр, доошоо 100 диаметрээр хийсэн. Угсралтыг энэ хүмүүс өөрсдөө хийсэн, буруу зөрүү угсарснаас болж алдаа гарах боломжтой. Уг тоног төхөөрөмжөө 5 салгаад явуулсан. Түүнээс цаашхыг мэдэхгүй, хэдэн төгрөгөнд матераил гаргасан талаар  миний хувьд мэдэхгүй юм гэх.

Гэрч Б.Лхагва шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 сарын сүүлээр Г.Галавсэнгэ, Ц.Ганзориг нарын хамт алт угаах тоног төхөөрөмж “скрупер”-ыг Ц.Ганзоригийн хашаанд хийсэн. Уг “скрупер”-т 10 сая төгрөгний материал орсон л гэж ярьж байсан. Нарийн зүйлийг нь мэдэхгүй. “Таньдаг хүндээ хийж өгч байгаа” 15.000.000 төгрөгөнд хийж байгаа л гэж ярьж  байсан. Миний хувьд зөвхөн гагнуур л хийсэн бусад талаар сайн мэдэхгүй. Надад хөлсөнд нь 1,000,000 төгрөг өгнө гэсэн өгөөгүй. “Скрупер”-ыг 2 хүн ирээд шалгаж аваад явсан. Миний хувьд 4 хоног л хамт хийлцсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх.

Гэрч Д.Болд шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би өөрийн дүү н.Батжаргалаар дамжуулан Г.Галавсэнгэтэй танилцсан. Манай эхнэр О.Баясгалан бид хоёр хамт байж байгаад Г.Галавсэнгэтэй утсаар ярьж “скрупер” хийх талаар асуухад “хийнэ” гэсэн. Тэгээд бид нар утсаар яриад  10,000,000 төгрөгөөр тохиролцход манай эхнэр “арай хямдхан хийж өгөх боломж байна уу” гэхэд Г.Галавсэнгэ “боломжгүй” гэж байсан. Одоо мөнгөө өгөх боломжтой юу гэхээр нь бид хоёр 8 сардаа багтаагаад 8,000,000 төгрөг өгсөн.

2017 оны 08 дугаар сарын сүүлээр “скрупер”-ээ авах гээд ахтайгаа хамт очиход поошиг, тор зэргийг нь хийгээгүй дутуу зүйлүүд байсан учраас хамт 7 хоног ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мотор ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзээд л аваад явсан. Очоод ажиллуулахад шороо нь хахаад ажиллахгүй байсан. Энэ талаар Г.Галавсэнгэ рүү утсаар хэлэхэд “очиж засаж янзалж өгнө” гэсэн болохоор нь ирэх байх гэж итгэж байсан боловч 1 жил гаруй ирсэнгүй. Одоо “скрупер” авчирсан чигтээ л хэвээрээ байгаа. Уг нь өөрөөр нь л янзлуулаад авчих юм болов уу гэж бодож байсан юм... энэ тоног төхөөрөмжийг голлон хийдэг хүн нь Ц.Ганзориг юм байна лээ. Ц.Ганзориг надтай яриад хийлгэхгүй яасан юм гэж байсан. 2018 оны 09 дүгээр сард Г.Галавсэнгэ утсаар “Манай хүүхдэд мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь 1,000,000 төгрөг өгсөн. Хэрвээ Бугантад ирээд “скрупер”-ийнхээ дутууг нь засаж янзлаад өгвөл үлдэгдэл 1,000,000 төгрөгөө өгнө. Түүнээс биш 6,000,000 төгрөг өгөх ёсгүй, 15,000,000 төгрөгөнд хийхээр тохиролцоогүй юм гэх.      

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Галавсэнгийн нэхэмжлэлтэй О.Баясгаланд холбогдуулан “ Алт угаах тоног төхөөрөмж “скрупер” хийсэн хөлсний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:

Г.Галавсэнгэ нь О.Баясгаланд холбогдуулан алт угаах тоног төхөөрөмж “скрупер” хийсэн хөлсний үлдэгдэл 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Зохигчид нь 2017 оны 08 дугаар сард харилцан тохиролцож О.Баясгалан нь Г.Галавсэнгэд алт угаах төхөөрөмж “скрупер” 7 хоногийн дотор хийлгэхээр захиалж хариуцагч нь өөрөө материалаа гарган гүйцэтгэхээр ам хэлцэл хийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч нь шүүхэд тоног төхөөрөмжийн материал, ажлын хөлсөнд нийт 15,000,000 төгрөгөөр тохиролцсон, ажлын хөлсний үлдэгдэл 6,000,000 төгрөг нэхэмжилсэн, харин хариуцагч нийт 10,000,000 төгрөгөнд тохиролцсон одоо үлдэгдэл 1,000,000 төгрөг төлөх ёстой гэж маргаж байгаа хэдий ч хариуцагч нь 2017 оны 08 дугаар сард цувуулж 8,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн “Дансны хуулга” зэргээр нотлогдож, өгсөн авсан гэх 9,000,000 төгрөгөнд зохигчид маргаагүй болно.

Зохигчид нь материалын үнэ болон ажлын хөлсний төлбөрийн талаар утсаар ярьж тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “ажлын хөлсний үлдэгдэл 6,000,000 төгрөг” гэж нэхэмжилж байгаа хэдий ч материалын үнэ хэдэн төгрөг гаргах ёстой байсан үүнээс ажлын хөлсөнд хэдэн төгрөгөөр тохиролцсон талаарх тооцолборыг бүрэн хэмжээгээр гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй байна.   

Хариуцагч шүүх хуралдааны шатанд “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мотороо залган шалгаж үзээд хүлээн авсан. Бид нар алт угаах тоног төхөөрөмж болох скуперыг авчираад залгахад 100 диамерт амсартай хийх ёстой байтал 80 диаметрийн амсартай хийснээс болж шороо нь хахаад явахгүй, моторын суурины нугасыг буруу харуулж гагнаснаас болж салж унасан, гинжийг нь стандарт бус гинжээр хийснээс болж тасарсан. Энэ байдлыг нь Г.Галавсэнгэ гуайд утсаар мэдэгдэж “дутуугаа засаж янзалсны дараа үлдэгдэл 2,000,000 төгрөгөө өгнө” гэдгийг хэлсэн. Тэгэхэд Г.Галавсэнгэ гуай “ажил ихтэй, замын даргын үзлэг хийх гээд байна” гэсээр 2017 оны намрыг өнгөрөөсөн. Удаа дараа утсаар ярьж эвдэрсэн, дутуу  хийсэн зүйлүүдээ засаж янзлахыг шаардаж байсан боловч янз бүрийн шалтгаан хэлж ирээгүй. Тэгэхээр нь “та тэгвэл хавар ирж янзлаад өгөөч” гэхэд “за” л гэдэг болохоор нь тэр хүнд итгээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ техникийг нэг өдөр ч хэрэглээгүй одоо яг хэвээрээ байж байгаа...” гэсэн тайлбар гаргасан байгаа нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан “Ажил гүйцэтгэгч...гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай  гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд заагаагүй бол... хүлээн авснаас хойш 6 сарын дотор...гаргана” гэжээ. Үүнээс үзэхэд захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гомдлын шаардлага гаргахаар тухайн зүйлд заасан боловч ажлын үр дүнг хүлээн хүлээн авах үед доголдол илэрсэн талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн байгаа нь гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Мөн ажил гүйцэтгэгч нь өөрийн хийсэн эд зүйл буюу алт угаах төхөөрөмж “скрупер”-ийг захиалагчийн өмчлөлд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэлд 1,000,000 төгрөгийг өгөх талаар хүлээн зөвшөөрч байх тул О.Баясгалангаас 1,000,000 төгрөг гаргуулан Г.Галавсэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,000,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжинд 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар О.Баясгалангаас 1,000,000 төгрөг гаргуулан Г.Галавсэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА