Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/01990

 

 

 

 

 

 

 

С.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02510 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Туулын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11/5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024712 дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Туул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Цэнгүүнзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Туул хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн биеэр очиж гардан авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 сарын 14-ний өдрийн 9498 дугаар захирамжийн дагуу төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11/5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024712 дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаараа шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. Төлбөр авагч манай үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж, үнэлгээг 156 805 830 төгрөгөөр тогтоосон. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнэлгээ зах зээл дээр дунджаар 3 000 000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршилын итгэлцүүр зэргийг буруу тооцоолсон, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг тооцоололгүйгээр хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Мөн энэ хувийн сууц нь үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүйгээс ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна. Иймд үл хөдлөх хөрөнгийг 156 805 830 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9498 дугаартай захирамж болон шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ГХ2018/01313 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11/5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024712 дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс 61 800 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18271833 дугаартай тогтоолоор эхлүүлсэн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан. Төлбөр төлөгч хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлэхээр болсон. Тогтсон хуваарийн дагуу шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК томилогдох болсныг талуудад танилцуулахад төлбөр төлөгч С.Туулын зүгээс шинжээчийг солиулах хүсэлт гаргасан тул Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 156 805 830 төгрөгөөр тогтоосон. Уг тайланг шинжээчээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч С.Туул болон төлбөр авагч нарт 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11/5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024712 дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Туулд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9498 дугаар шүүгчийн захирамжаар С.Туулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо. Баянголын ам 18190 найрамдлын зам гудамж, 11/5 тоот хаягт байршилтай, Ү-2201024712 улсын бүртгэлийн дугаартай 197.95 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон үүрэн холбооны 99119552 дугаарыг тус тус албадан худалдаж үнийн дүнгээс нэхэмжпэлийн шаардлага болох 61 800 000 төгрөгийг гаргуулж Гялс кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүсгэн явуулж байна. Төлбөр төлөгч С.Туулын өмчлөлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн бөгөөд шинжээч хөрөнгийн зах зээлийн үнийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 156 805 830 төгрөгөөр тогтоосныг зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй тул үнэлгээг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийн барьцаа үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоосон ба үнэлгээний тайлан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу хураан авсан өдрөөс 28 хоногийн дотор үнэлгээг тогтоож тайланг гаргаж, уг үнэлгээний тайланг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шинжээчээс хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр талуудад мэдэгдсэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар ажлын 3 өдрийн дотор мэдэгдсэн/ нь уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байхад шүүхээс 33 хоногийн дараа хөрөнгийг үнэлгээг тогтоосон гэж үндэслэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02510 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1725 дугаар магадлалаар хариуцагч болох С.Туулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98 238 960 төгрөгийг гаргуулж Кредитех СТМ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг С.Туулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11/5 тоот хаягт байршилтай 197,95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18271833 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх8-10, 11-13, 61/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 184/ГХ2018/01313 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18271833/2 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор С.Туулын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024712 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11/5 тоот хаягт байрлах, 197,95 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18271833/3 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-66-68, 72-74 дэх тал/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор үнэлж энэ тухай талуудад мэдэгдэнэ гэж заасантай нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ.

 

Хэргийн 40-47, 84 дүгээр тал дах баримтаар Файн эстимэйт ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг бичгээр үйлдэж, хариуцагч байгууллагад 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тайланг актаар хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан шийдвэр гарснаас хойш 33 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18226, 4/18227, 4/18229 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч, авагч нарт шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг танилцуулан мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд багтаагүй, 3 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь ялимгүй зөрчил бөгөөд эд хөрөнгийн үнэлгээнд шууд нөлөөлсөн эсхүл үнэлгээг үндэслэлгүй гаргах нөхцөл бүрдсэн гэх эргэлзээгүй байдал тогтоогдоогүй байна. /хх-86-87, 89/

 

Нэхэмжлэгч С.Туул нь үнэлгээний тайлан зах зээлийн бодит үнэд нийцэхгүй хэт доогуур үнэлсэн гэж тайлбар гаргасан болохоос бус, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн үндэслэлийг зааж тусгаагүй. Мөн хөрөнгийн үнэлгээ 156 805 830 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэсэн бол түүнтэй холбоотой харьцуулсан үнэлгээ хийлгэх, өөрөө түүнийгээ нотлох эрх нь нээлттэй байсан. Гэтэл дээрх ажиллагаа хийгдээгүй, холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иймд үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ