Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2020/02510

 


 

2020 08   12

184/ШШ2020/02510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, .. гудамжны .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, .. овогт С.Т /регистрийн дугаар: ...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 тоот хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... Найрамдлын зам гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Т миний бие хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 05 сарын 19-ний өдөр өөрийн биеэр очиж гардан авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны .. сарын ..-ний өдрийн ...8 дугаар захирамжийн дагуу төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...Найрамдлын зам гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 400.000.000 төгрөгөөр үнэлж байгаа талаараа шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. Төлбөр авагч манай үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж, үнэлгээг 156.805.830 төгрөгөөр тогтоосон. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнэлгээ зах зээл дээр дунджаар 3 сая орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох Байршлын итгэлцүүр зэргийг буруу тооцоолсон, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг тооцоололгүйгээр хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Мөн энэ хувийн сууц нь үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүйгээс ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна. Иймд, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...Найрамдлын зам гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 156.805.830 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ...8 дугаартай захирамж болон шүүхийн 2018 оны .. дугаар сарын .-ны өдрийн 184/ГХ2018/0.. дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...Найрамдлын зам гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс 61.800.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18271833 дугаартай тогтоолоор эхлүүлсэн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан. Төлбөр төлөгч хөрөнгийг 400.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлэхээр болсон. Тогтсон хуваарийн дагуу шинжээчээр Мөнх-Оргил трэйд ХХК томилогдох болсныг талуудад танилцуулахад төлбөр төлөгч С.Тын зүгээс шинжээчийг солиулах хүсэлт гаргасан тул Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 156.805.830 төгрөгөөр тогтоосон. Уг тайланг шинжээчээс 2020 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч С.Т болон төлбөр авагч нарт 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...Найрамдлын зам гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ГХ2018/0.. дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ....3 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...Найрамдлын зам гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан байх ба хөрөнгийн үнэлгээг 2020 оны 05 дугаар 18-ны өдөр албан ёсоор тогтоожээ. / хх 64-66, 70-72, 84 дүгээр тал/

Ийнхүү хөрөнгийг битүүмжилснээс хойш 1 жилийн дараа, хураан авснаас хойш 33 хоногийн дараа хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д: Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасантай нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д: Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно., 49.2-т: Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно. гэж тус тус заажээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхдээ өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна. Харин үүнээс хойш 1 жилийн дараа хөрөнгийг үнэлэхдээ зөвхөн тухайн үеийн буюу 2020 оны 5 дугаар сарын ханшийг үндэслэн тогтоосон нь хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй болоогүй гэж үзэхэд хүргэнэ. /хх 65 дугаар тал/

Учир нь, шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хураан авснаас хойш 1 сарын дотор зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан зохицуулалт нь хөрөнгийн үнэлгээг бодитоор тогтоох зорилгыг агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, битүүмжлэгдсэн хугацаанд хөрөнгийн үнэ цэнэ ямар ч байдлаар өөрчлөгдөх боломжтой тул битүүмжилсэн хугацаа урт байх тусам хөрөнгийн үнэлгээ бодитоор гарах магадлал тэр хэмжээгээр буурна. Энэ нөхцөл байдлыг хууль тогтоогч харгалзан үзэж, хөрөнгийг битүүмжилсэн, эсхүл хураан авснаас хойш 1 сарын дотор үнэлгээ тогтоохыг хуульчилсан байна.

Нөгөө талаас, хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласнаар хөрөнгийн өмчлөгч тухайн хөрөнгийг худалдан борлуулах буюу зах зээлийн анхдагч үнийг тогтоох боломжгүй болдог. Ийнхүү хөрөнгийг худалдан борлуулах өмчлөгчийн эрх удаан хугацаанд хязгаарлагдсанаар зах зээлийн үнэ өсөх үеийн боломж-ийг мөн өмчлөгч алдах юм.

Хэрэв хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөрөнгийг битүүмжилснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж үнэлгээг тогтоосон бол өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан үеэс хойшхи бүх цаг үеийн зах зээлийн үнэлгээнээс хамгийн өндөр үнэлгээг сонгох байдлаар үнийг тогтоох шаардлагатай юм.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлсэн ажиллагааны талаар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Дээр дурдсанаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...Найрамдлын зам гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...Найрамдлын зам гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаарт бүртгэгдсэн 197.95 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР