Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2019/00020

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2019/00020

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 148/2019/00113

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 146 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гомдлоор ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох Ургамал хамгааллын бодисын төлбөр 48.834.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь ******* ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 03 тоот гэрээгээр 31.454.000 /Гучин нэгэн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн Спрут экстра гэх ургамал хамгааллын бодис, 1 литрийг нь 9.700 төгрөгөөр тооцож 1500 литрийг нийт 29.550.000 төгрөгөөр, Тебу-60 гэх бодисыг 1 литрийг нь 23.800 төгрөгөөр тооцож 80 литрийг нийт 1.904.000 /Нэг сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөгөөр тус тус худалдан авахаар гэрээ хийж энэ гэрээний дагуу төлөх ёстой 31.454.000 төгрөгөөс 9.454.000 төгрөгийг 2018 оны 04-р сарын 25-ны өдөр Хаан банкаар шилжүүлснээс хойш нэмж мөнгө төлөөгүй байна. Уг бодисыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн.

02 тоот гэрээний Дөрөв б заалтын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөр болох 22.000.000 /31.454.000-9.454.00=22.000.000/ төгрөгийг төлөөгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд календарийн 111 хоногт, хоногийн 0,5%-аар тооцоход 12.210.000 төгрөгийн алданги тооцохоор байгааг Иргэний хуульд нийцүүлэн хасч гүйцэтгээгүй үүргийн тал хувиар тооцоход /22.000.000:2=11.000.000/ 11.000.000 төгрөг болж байгаа тул алданги 11.000.000 нэхэмжилнэ. Мөн хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №17 тоот гэрээ байгуулж Фенизан гэх бодисыг 1 литрийг нь 58.000 төгрөгөөр тооцож 260 литрийг нийт 15.080.000 төгрөгөөр худалдан авч гэрээ хийгээд 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэж өгсөн ба төлбөрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4.524.000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлснээс хойш нэмж мөнгө төлөөгүй байна.

17 тоот гэрээний Дөрөв б заалтын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөр болох 10.556.000 төгрөгийг /15.080.000-4.524.000=10.556.000/ 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд календарийн 111 хоногт, хоногийн 0,5%-аар тооцоход 5.858.580 төгрөгийн алданги тооцохоор байгааг хуульд нийцүүлэн хасч 5.278.000 төгрөгөөр тооцон алданги нэхэмжилнэ. Ингээд нэхэмжлэлийн нийт үнийн дүн 48.834.000 төгрөг /22.000.000+11.000.000+10.556.000+5.278.000=48.834.000/ болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь газар тариалан эрхлээд нэлээд хэдэн жил болж байна. Тус ******* ХХК-тай анх удаагаа харилцан холбоотой ажилласан. Учир нь өнгөрдөг жил Спрут экстра ургамал хамгааллын бодис нь зөвхөн энэ компани оруулж ирсэн учраас гэрээ байгуулсан. Цаашид энэ компанитай хамтран ажиллах боломжтой гэж үзэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин гэрээ хийж бодис нэмж худалдан авсан. Сүүлийн 3 жил манай компани 650 га газарт ургац их алдсан. 2018 онд ургац хураах үед байгалийн давагдашгүй хүчин буюу цас бороо орж ургац их алдсан. Би энэ байдлаа хэлж 2 удаа биеэр очиж нягтлан бодогчтой нь уулзсан. Би он дөнгөж гарангуут зээл хөөцөлдөн авч төлбөрөө хийчихье гэсэн боловч өнөөдрийг хүртэл зээл маань гараагүй л явж байгаа учраас төлбөрөө төлж чадахгүй болчихоод байна. Байгалийн давагдашгүй хүчин нөлөөлсөн гэж үзэн дүгнэлт гаргуулсан. Ийм учраас алданги 16.278.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08ы өдрийн 146 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-аас 32.556.000 төгрөг гаргуулан ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.278.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.120 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 320.730 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүх нь хэт нэг талыг барьж, гэрээний талуудын эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, талуудын гэрээ хийх эрхэд хөндлөнгөөс халдсан шинж чанартай шийдвэр гаргаж хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. Шүүх нь цаг агаарын эрсдэлт нөхцөл байдал үүссэний улмаас ургац алдсан тул хариуцагчийг 16.278.000 (Арван зургаан сая хоёр зуун далан найман мянган) төгрөгийн алданги төлөхөөс чөлөөлж шийдвэрлэлээ гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262.1 зүйлд заасан харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон авч Иргэний хуулийн 232.1 зүйлийг үндэслэж алданги төлөхөөс чөлөөлж шийдвэрлэлээ гэсэн нь хуулийн буруу хэрэглээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 232.1 зүйлийг үндэслэсэн бол харин ч алдангийг тооцож төлүүлэх ёстой биш үү.

Хариуцагчийг алданги төлөхөөс чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлүүд:

Нэгдүгээрт: Хариуцагч Баян ундарга ХХК-н аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад газар тариалангаас гадна өөр хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг үүний дотор зочид буудал, нийтийн хоолны газрын үйлчилгээ эрхэлдэг, тэр нь сумандаа тохижилт үйлчилгээгээрээ шилдэгт ордог, байнгын тогтмол үйлчлүүлэгчидтэй, гадаад дотоодын иргэд тухлан саатах дуртай, наад зах нь албан газруудын захиалгат үйлчилгээ тасардаггүй гэдгийг нийтээр мэдэх газар тул зөвхөн газар тариалангийн бизнес нь доголдсон нь түүний төлбөрийн чадварын байдал доройтоход хүргэсэн гэх шууд хамааралтай байдлыг нотолсон баримт байхгүй юм. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчаас асууж хариулт авах явцад нэхэмжлэгч төлбөрийн чадвар алдсан гэхээсээ илүүтэй харин бүр өмнөх Гурван зуу гаруй сая төгрөгний шүүхийн шийдвэртэй өр төлбөрөө өнгөрсөн намар барагдуулж дуусгасан болох нь тодорхой болсон. Тэгээд ч шүүх хариуцагчийн төлбөрийн чадвар доройтсон гэж үзсэн юмуу яагаад үүргээ зохих ёсоор хугацаандаа гүйцэтгээгүйн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэснээ тодорхой заагаагүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 06 дугаар сард худалдсан барааныхаа төлбөрийг таван сарын дараа авахаар бизнесийн түншдээ боломж олгож гэрээ байгуулсан. Ийм бодит боломж олгоод байхад худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаандаа ядаж төлбөрийн зарим хэсгийг төлөх оролдлого ч хийгээгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандах болсон.

Гуравдугаарт: Хариуцагчийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох газар тариалангийн үйл ажиллагаа цаг агаараас ихээхэн хамааралтай, эрсдэлтэй зүйл гэдэг нь гэрээ байгуулах үед ч тов тодорхой байсан атал хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрөөд хугацаандаа төлбөр төлөгдөхгүй бол алданги төлөх тухай заалт бүхий гэрээ байгуулсан. Хариуцагч ийм заалт бүхий гэрээ байгуулахдаа хэн нэгний шахалтад автаж гарын үсэг зурсан гэх үйл баримт байхгүй тул гэрээний дагуу алданги төлөхөөс зайлсхийх үндэслэл байхгүй юм. Талууд гэрээг өөрсдийн хүсэл зоригоор хийсэн бөгөөд нэг хувийг хариуцагчид өгсөн болохыг үгүйсгээгүй.

Хариуцагчийн зүгээс гэрээг буюу гэрээний алданги төлөхтэй холбоо бүхий хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлт шаардлага гаргаагүй болно. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчид тавьсан асуулт нь хүртэл хэт нэг талыг барьсан шинжтэй. ******* ХХК ер нь урьд нь ч энэ мэтээр алданги төлүүлэхээр шаардаж нэхэмжлэл гаргаж байсан, энэ гэрээнийхээ заалтыг эргэж харж зас гэж өмнө нь өөр хэрэг дээр ажиллаж байсан төлөөлөгчид нь анхааруулж байсан...., ...худалдан авагч тал гэрээг сайтар уншиж анхааралгүйгээр гарын үсэг зурдаг тал байдаг... гэх мэтчилэн шүүх хөндлөнгийнх байх ёстой байр сууриасаа гажсан, зохисгүй үг яриа гаргаж байсан болно.

Дөрөвдүгээрт: Ерөөсөө хариуцагчийн ургац алдсан гэдэг нь түүний зургаан сарын өмнө худалдан авч хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй бол гэрээгээр тохирсон хариуцлага хүлээх эсэхтэй ямар ч хамааралгүй зүйл юм.

Харин хэрэв хариуцагч хэн нэгэнд зургаан сарын дараа ургацаа хураахаараа ургац нийлүүлэх тухай гэрээ байгуулсан байж байгаад ургац алдсаны улмаас нийлүүлж чадахаа байсан бол түүнийг гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэхэд саад учирсан нь хүндэтгэх шалтгаантай гэж үзэж алданги төлөхөөс чөлөөлж болох байхаа. Тавдугаарт: Алданги төлөх тухай гэрээнд бичгээр заалт оруулсан байхад шүүх үзэмжээрээ алданги төлөхөөс чөлөөлөх тухай хуулийн заалт байхгүй юм. Харин алдангийн хэмжээ хуульд зааснаас хэт өндөр байвал шүүх хуульд нийцүүлэн хасч тооцож болох тухай заалт л байгаа. Зургаадугаарт: Банкнууд, зээлдэгч яаж ч ургац алдсан, өвчин зовлон тохиолдсон байсан ялгаагүй зээлийн хүүгээ төлөхөөс чөлөөлөх буюу хүүгийн хэмжээг багасгадаггүй, гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлдэг биз дээ. Тэгвэл бараагаа зээлээр өгсөн зээлдүүлэгчийн эрх ашгийг ч гэсэн банкныхаас дорд үзэх буюу ач холбогдол багатайд тооцох ёсгүй юм. Ингээд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Баянндарга ХХК-аас 16.278.000 төгрөгийн алдангийг нэмж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа:

...Давж заалдах гомдол гаргасан ******* ХХК нь ургамал хамгаалах бодис их хэмжээгээр худалдсан бөгөөд худалдан авсан ******* ХХК нь байгалийн давагдашгүй хүчний улмаас ургац алдаж хохирол үзсэн нь баримтаар бүрэн нотлогдсон байхад заавал гэрээний хариуцлага хүлээлгэж алданги төлүүлнэ гэж гэрээ байгуулсан нэг талдаа хариуцлага тооцуулах гэж байгаа явдал нь харилцан итгэлцлэл болон энэрэнгүй байх зарчимд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. ******* ХХК нь ургамал хамгааллын бодис худалдаж аваад чанар болон үнийн дүнгийн талаар маргаагүй, төлбөрийг төлнө гэж байгаа бөгөөд зөвхөн алданги төлөх боломж нөхцөлгүй боллоо, байгалийн давагдашгүй хүчний улмаас хохирол үзэж ийм байдалд орлоо гэсэн тайлбар гаргасан билээ.

Мөн хариуцагч шүүх хурал дээр тайлбар өгөхдөө ...Манай компанитай адилхан олон компани ургацаа цасанд даруулж хохирсон, ер нь бусад харилцагч компаниуд бидний эрсдэлд орсон энэ байдлыг харгалзан үзэж гэрээний хугацаагаа сунгаж байгаа, алданги гэж төлүүлэхгүй байгаа, биднийг ойлгож байгаа... гэж тайлбар хэлсэн болно. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын үндсэн дээр алданги төлөхөөс чөлөөлсөн нь хуульд харшлаагүй, хуулийг зөрчөөгүй юм. Нэхэмжлэгч гомдолдоо бичихдээ ...Шүүх Иргэний хуулийн 232.1, 262.1-д заасан заалтуудыг буруу хэрэглэсэн, нэг талыг баримталж шийдвэрлэлээ... гэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний харилцаа, агуулгыг тодорхойлсон заалтыг бичсэн байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл биш юм. Иргэний хуулийн 22 дугаар бүлгийн 1 дүгээр дэд бүлэгт худалдах, худалдан авах гэрээний талаар заасан бөгөөд 261 дүгээр зүйлийн 261.1-д заахдаа ...Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана... гэж заасан байдаг тул энэ заалтаас үндэслэн Иргэний хуулийн 52 дугаар бүлгийн 514 дүгээр зүйлийн 514.2-т заасан ...Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж шүүх багасгаж болно... гэсэн заалт хэрэгжих үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нь гомдолдоо бичихдээ ...Иргэний хуульд алданги төлөхөөс чөлөөлөх хуулийн заалт огт байдаггүй... гэж бичиж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-дэх заалтанд ...Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ..., 4.2-дахь заалтанд ...Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна... гэж хуульчлан заасан юм.

Иймд шүүх нотлох баримт дээр үндэслэж, шүүхийн эрх хэмжээний хүрээндээ шийдвэрээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Гомдол гаргаж буй ******* ХХК нь ургамал хамгаалах бодисоо худалдахдаа хийсэн гэрээ нь хуульд заасан гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй байна. Тодруулбал худалдаж буй бүтээгдэхүүний чанар стандарт, худалдан авагчийн эрх, үүргийн талаар заалт оруулаагүй байгаа нь гэрээнд тусгагдвал зохих заалтуудыг оруулаагүй, зөвхөн худалдагч талын эрх ашигт нийцүүлэн хийсэн гэрээ гэж үзэх үндэслэл харагдаж байна. Тиймээс гэрээ учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь гомдолдоо бичихдээ энэ иргэний хэрэгт хамааралгүй, баримтаар нотлогдоогүй зүйлүүд бичсэн байна. Тухайлбал ******* ХХК нь газар тариалангаас бусад өөр олон үйл ажиллагаа явуулдаг, өмнөх өр төлбөрөө төлсөн байна, хэрвээ банк байсан бол нэмэгдүүлсэн хүү төлүүлдөг биз дээ......гэх зэргээр зөвхөн өөрийн компанийхаа эрх ашгийг бодож алдангийн хариуцлага тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч ******* ХХК нь ургамал хамгааллын бодисоо худалдан борлуулсан, хариуцагч *******-ХХК -нь төлбөрийг нь төлнө гэж байгаа тул гомдол гаргаж байгаа *******ХХК-д хохирол учраагүй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл нь гэрээ байгуулах үед мэдэгдээгүй, гэрээ байгуулсны дараа үүссэн зүйл учир энэ нөхцөл байдлуудыг харгалзан дүгнэн үзэж Хүндэт шүүгч та бүхэн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 32.556.000 төгрөгийг алданги 16.278.000 төгрөг нийт 48.834.000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шийдвэрт давж заалдах гомдол гаргасан үндэслэлээ анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийг алданги төлөхөөс үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Зохигчид нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 02 дугаартай гэрээгээр ургамал хамгаалалын Спрут экстра болон Тебу-60 бодисыг, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай гэрээгээр ургамал хамгаалалын Фенизан бодисыг тус тус худалдах худалдан авахаар харилцан тохирч, үнийн 30 хувийг урьдчилан төлж бодисыг худалдан авагч талд шилжүүлж үлдэгдэл буюу 70 хувийг дараа буюу хэсэгчилэн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

Гэрээний дагуу худалдан авагч ******* ХХК нь худалдагч ******* ХХК-аас бодисыг гэрээнд заасан хэмжээгээр шилжүүлэн авсан боловч бодисын үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс зохигчдын хооронд маргаан үүссэн байх ба зохигчид нь гэрээ байгуулсан эсэх болон гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй боловч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс худалдагч ******* ХХК нь алданги төлөх шаардлага гаргасныг хариуцагч байгалийн давагдашгүй хүчний нөлөөгөөр ургац алдаж санхүүгийн боломжгүй болсноор төлбөр төлөх гэрээний хугацаа хэтрүүлсэн тул алданги төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулсан 02,17 дугаартай худалдах худалдан авах гэрээнд төлбөр төлөх хугацааг тодорхой зааж, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлөхөөр тохиролцсон байна.

Талууд гэрээндээ алданги төлөхөөр тохирсон нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас гэрээнд заасан алданги төлүүлэх тухай шаардлага хууль зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийг алданги төлөхөөс чөлөөлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тайлбартайгаа холбогдуулан шүүхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/121 дугаартай Тодорхойлолт, Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын А/126 дугаартай Ургацын хохирол тогтоох ажлын хэсэг томилох тухай захирамж, Алтанбулаг сумын Ургацын хохирол тогтоох комиссын дүгнэлт, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/246 дугаартай Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/50 дугаартай Цаг агаарын тодорхойлолт зэргийг ирүүлжээ.

Дээрхи нотлох баримтаар хариуцагч ******* ХХК-ийг Байгалийн давагдашгүй хүчний улмаас төлбөрийн чадвар тодорхой хэмжээгээр муудсан гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн байгалийн давагдашгүй хүчний нөлөөгөөр ургац алдсанаар компанийн голлох үйлдвэрлэл болох газар тариалан эрхлэх үйл ажиллагаа доголдож, төлбөрийн чадвар нь муудсан, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8д ...анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг төлөх анзын хэмжээг 50 хувиар буюу 8.139.000 төгрөгөөр багасгаж төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хувьд шүүх зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлсон нь буруу бөгөөд талууд гэрээг хэрхэн нэрлэснээс үл шалтгаалан тухайн гэрээний агуулга талуудын хүсэл зориг, тохиролцоо зэргээр гэрээний харилцааг тодорхойлдог бөгөөд тухайн гэрээний хувьд талууд барааны үнийн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон байх ба зээлээр худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл болох хүүгийн талаар тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 146 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1 дүгээр заалтыг:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.8-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас гэрээний үнэ 32.556.000 төгрөг, алданги 8.139.000 төгрөг нийт 40.695.000 төгрөг гаргуулж *******ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.139.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.120 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 361.425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239.340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН