Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01727

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01727

 

 

Ч.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22ы өдрийн 181/ШШ2017/01456 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэлийн, хариуцагч Г.Түмбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 569 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь зээлдэгч Г.Түмбаярт бизнест нь зориулж 2014, 2015 онд зээлийн гэрээг амаар байгуулж, мөнгө хэсэгчлэн зээлдүүлж зээлийн барьцаанд Г.Түмбаяр нь нэгж талбарын 18643315217103 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 386 м.кв газар, өмчлөх эрхийн 000032552 дугаартай гэрчилгээг барьцаалсан боловч хуульд зааснаар бүртгүүлээгүй. Зээлийг хэсэгчлэн олгож Г.Түмбаярын Хаан банкны 5031113456 тоот дансанд шилжүүлэх болон бэлнээр түүнд хүлээлгэн өгсөн.

Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 920 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 14 120 000 төгрөг өгсөн.

Гэтэл зээлдэгч Г.Түмбаяр нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 4 551 000 төгрөгийг буцаан төлөөд үндсэн зээлийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж дуусгаагүй. Иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тогтоосон бол бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагыг баримтлан тохиролцсон хүүгээ төлөхгүй гэж байгааг нэхэмжлэгч мэдэж байсан хэдий ч анх авсан үндсэн зээлийн үлдэгдлийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй. Зээлээ төлөхийг шаардахад янз бүрийн арга хэрэглэдэг. Харин одоо бэлнээр өгсөн 5 000 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байна. Тэрээр бэлнээр болон дансаар авсан мөнгөө баталгаажуулж, тэмдэглэлийн дэвтэрт гарын үсгээ зурсан боловч өөрийн гарын үсэг биш гэж маргаж байна. Ззэлдүүлэгчийн тухайд бэлэн өгсөн мөнгийг тухайн өдөр өөрийн харилцах банкны данснаас зарлагын гүйлгээг хийж, түүнд зээлж байсан нь баримтаар нотлогдож байгаа тул зээлдэгчээс шаардах эрхтэй. Иймд Г.Түмбаяраас зээлийн үлдэгдэл 9 569 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Түмбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ч.Нарангэрэлээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 920 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 200 000 төгрөгийг тус тус ХААН банкны 5031113456 тоот дансаар шилжүүлснийг ХААН банкны 5032361124 дансаар хүлээн авсан. Нийт 9 120 000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө аваагүй.

Би авсан зээлээсээ 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 71 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 640 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 40 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 11 сард 100 000 төгрөг, 2016 оны 12 сард 50 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 50 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 20 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 төгрөг буюу нийт 5 101 000 төгрөг төлсөн, одоо 4 019 000 төгрөгийн үлдэгдэлтэй.

Тэмдэглэлийн дэвтэр дээрх гарын үсэг минийх биш, бэлнээр мөнгө өгснөө нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг үндэслэлгүй. Хэрэгт авагдсан газрын гэрчилгээний эх хувь Ч.Нарангэрэлд байгаа тул түүнээс гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Түмбаяраас 8 019 000 төгрөгийг гаргуулан Ч.Нарангэрэлд олгож, Ч.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 143 254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь мөнгө зээлэх бүртээ ХААН банкны 5031113456 дансаар дамжуулан 9 120 000 төгрөгийг зээлдүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч дээрх данснаас гадна бэлнээр 5 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж өөрийн гараар бичсэн гэх тэмдэглэлийн дэвтрийг гаргаж, хариуцагчаас илүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч Ч.Нарангэрэлээс зээлсэн мөнгөөс 5 101 000 төгрөгийг дансаар буцаан төлсөн нь баримтаар нотлогдож байна.

Өнөөдрийн байдлаар нийт 4 019 000 төгрөгийн үлдэгдэлтэй ба талуудын хооронд зээлийн төлбөр, тооцоо дансаар хийгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүх бэлнээр төлбөр, тооцоо хийгдээгүй байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн бичвэрийг нотлох баримт гэж үзэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох заалтыг зөрчиж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд 13 120 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрээс 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь хариуцагч Г.Түмбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 569 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Түмбаяр, Ч.Нарангэрэлээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ХААН банкны дансаар 2 000 000 төгрөг, үүнээс хойш 3 удаа тус дансаар мөнгө шилжүүлэн авч, нийт 9 120 000 төгрөг зээлсэн болох нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх үйл баримт болон хариуцагч зээлийн төлөлтөд 5 101 000 төгрөг төлсөн асуудлаар хэн аль нь маргаагүй, харин 5 000 000 төгрөг бэлнээр шилжүүлсэн эсэх талаар талууд марган, нэхэмжлэгч нь уг шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд тэмдэглэлийн дэвтэр нотлох баримтаар гарган өгч, дэвтэрт бичигдсэн бичвэрүүдийг хариуцагч Г.Түмбаяр бичсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулсан боловч хариуцагч гар хугарсан гэмтлийн улмаас шинжээчид хүргүүлсэн Г.Түмбаярын гарын үсэг, бичгийн загварууд нь шинжилгээний обьектод тавигдах шаардага хангах боломжгүй болж, нэхэмжлэгч тал уг хүсэлтээсээ татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй.

Үүний дагуу шүүх хэрэгт цугларсан банкны дансны хуулгууд, тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудын хоорондын уялдаа холбоо, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг харьцуулан үзсэний үндсэн дээр хариуцагч Г.Түмбаярыг нэхэмжлэгчээс 4 000 000 төгрөгийг бэлнээр зээлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх тул хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Ч.Нарангэрэлийг хариуцагч Г.Түмбаярт 13 120 000 төгрөг шилжүүлэн өгсөн гэж үзэх бөгөөд талууд гэрээгээр хугацаа тогтоогоогүй учир нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь нэг сарын дотор төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үүрэгт 8 019 000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22ы өдрийн 181/ШШ2017/01456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Түмбаяр нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ч.ЦЭНД