Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00003

 

Ч.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01456 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1727 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Т-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9 569 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ч.Н- нь зээлдэгч Г.Т-т бизнест нь зориулж 2014, 2015 онд зээлийн гэрээг амаар байгуулж, мөнгө хэсэгчлэн зээлдүүлж зээлийн барьцаанд Г.Т- нь нэгж талбарын 18643315217103 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 386 м.кв газар, өмчлөх эрхийн 000032552 дугаартай гэрчилгээг барьцаалсан боловч хуульд зааснаар бүртгүүлээгүй. Зээлийг хэсэгчлэн олгож Г.Т-ын Хаан банкны 5031113456 тоот дансанд шилжүүлэх болон бэлнээр түүнд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 920 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 14 120 000 төгрөг өгсөн.

Гэтэл зээлдэгч Г.Т- нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 4 551 000 төгрөгийг буцаан төлөөд үндсэн зээлийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж дуусгаагүй. Иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тогтоосон бол бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагыг баримтлан тохиролцсон хүүгээ төлөхгүй гэж байгааг нэхэмжлэгч мэдэж байсан хэдий ч анх авсан үндсэн зээлийн үлдэгдлийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй. Харин одоо бэлнээр өгсөн 5 000 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байна. Тэрээр бэлнээр болон дансаар авсан мөнгөө баталгаажуулж, тэмдэглэлийн дэвтэрт гарын үсгээ зурсан боловч өөрийн гарын үсэг биш гэж маргаж байна. Ззэлдүүлэгчийн тухайд бэлэн өгсөн мөнгийг тухайн өдөр өөрийн харилцах банкны данснаас зарлагын гүйлгээг хийж, түүнд зээлж байсан нь баримтаар нотлогдож байгаа тул зээлдэгчээс шаардах эрхтэй. 

Иймд Г.Т-аас зээлийн үлдэгдэл 9 569 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Ч.Н-ээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 920 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 200 000 төгрөгийг тус тус Хаан банкны 5031113456 тоот дансаар шилжүүлснийг Хаан банкны 5032361124 дансаар хүлээн авсан. Нийт 9 120 000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө аваагүй.

Би авсан зээлээсээ 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 71 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 640 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2 500000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 40 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 11 сард 100 000 төгрөг, 2016 оны 12 сард 50 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 50 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 төгрөг буюу нийт 5 101 000 төгрөг төлсөн, одоо 4 019 000 төгрөгийн үлдэгдэлтэй.

Тэмдэглэлийн дэвтэр дээрх гарын үсэг минийх биш, бэлнээр мөнгө өгснөө нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг үндэслэлгүй. Хэрэгт авагдсан газрын гэрчилгээний эх хувь Ч.Н-д байгаа тул түүнээс гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-аас 8 019 000 төгрөгийг гаргуулан Ч.Н-д олгож, Ч.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 143 254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1727 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Т- нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ч.Н-ээс Хаан банкны дансаар нийт 9 120 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн төлбөрөөс 5 101 000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 4 018 000 төгрөгийг төлөөгүй байгаа талаар маргаан байхгүй болно.

Учир нь бидний хооронд бэлэн мөнгөөр гүйлгээ тооцоо хийгдэж байгаагүй болохыг банкны хуулгаар хийгдсэн тооцооны баримтууд бүрэн нотлож байгаа. Мөн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 сая төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 сая төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3 сая төгрөгийг тус тус Хаан банкны дансаар бэлнээр Ч.Н- нь хүлээн авсан тухай баримт шүүхэд гаргаж өгсөн боловч уг 5 сая төгрөгийг Г.Т-т дансаар шилжүүлж өгөөгүй, юунд зарцуулсан нь бүрэн нотлогдохгүй байхад шүүх тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн нотлогдоогүй бичвэрээр нотлогдсон гэж үзэж шийдвэр, магадлал гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна. Тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн бичвэр Г.Т-ын гарын үсэг бичиг биш гэдгээ мэдэгдэж шинжилгээний байгууллагаар шинжлүүлэхээр гараа хугалаагүй байх үедээ бичсэн гарын үсгийн хэлбэрийг банкнаас авч шинжлүүлэхээр өгөөд байхад хүлээн аваагүй хэт нэг талыг барьж хууль зөрчсөн үйлдэл гаргаад байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ч.Н- нь хариуцагч Г.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 9 569 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба хяналтын шатны шүүх уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлалаа өөрөө нотлох үүрэгтэй ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн байх тул маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдэл, үнэлгээний талаар гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

  Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01456 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1727 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/12297 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН