Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0783/з |
Дугаар | 335 |
Огноо | 2020-09-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 335
“Б с м” ХХК-ийн
нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн дарга,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах
дүгнэлт гаргасан ажлын хэсэгт
тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Б с м” ХХК-ийн MV-...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах, мөн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0257 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, М.З, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0257 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б с м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Б с м” ХХК-ийн ашигт малтмалын МV-...тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...”Б с м” ХХК-ийн ашигт малтмалын MV-...дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б с м” ХХК-ийн MV-...дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б с м” ХХК-ийн МV-...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн” гэсэн хэсгийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 123.2.1-т зааснаар “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэж гомдол гаргаж байна.
4. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй хэмээн давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн.
5. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 120 дугаартай албан бичгээр МV-...дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлт гаргасан хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/6353 дугаартай албан бичгээр “шийдвэрлэх боломжгүй” буюу хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн болно.
6. Иймд, давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаагүй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болно. Мөн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн уг шаардлагыг “захиргааны хэргийн хэргийн харъялалын бус” гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид хандан маргааны бүхий захиргааны актыг хүчингүй болгож, тусгай
зөвшөөрлийг сэргээхийг хүсэхэд татгалзсан учир “МV-...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад тооцогдох бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн болно.
7. Давж заалдах шатны шүүх “хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон” шаардлагыг хариуцагчид урьдчилан хандаагүй учир захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж дүгнэсэн ойлгомжгүй байна. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 378 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б с м” ХХК-ийн МV-...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн” гэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ
8. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Б с м” ХХК-ийн МV-...дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/425 дугаар тушаалааар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаартай “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
10. Тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэр гарсан. Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичгээр тус аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Б с м” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МV-...дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргажээ. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар бүхий дүгнэлт гарч, уг дүгнэлтээр “Б с м” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн байна. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрээр “Булаг сүүж майнинг" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-...дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хариуцагч байгууллагын зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй юм. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.
11. Иймд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
12. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0257 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 378 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
13. Анхан шатны шүүхэд “Б с м” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг МV-...эзэмшдэг “Б с м” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Хүсэлт хүргүүлэх тухай” Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичгийг үндэслэн “Б с м” ХХК-ийн эзэмшдэг МV-...тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 20- ны өдрийн 2019/18 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална...” гэж заасан ба 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.
15. Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.
16. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ...” гэж заасан.
17. Байгаль орчныг хамгаалах тухай 16 дүгээр зүйлийн 2-д “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 16.2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харъяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 16.2.10-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.
18. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 17.2.4- д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харъяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 17.2.8-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийгтухэйн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.
19. Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй.
Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна.
20. Энэ заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Өмнөговь аймгийн Засаг дарга, Гурван тэс сумын Засаг дарга нар санал, дүгнэлтээ ирүүлсэн. Гол нь нутгийн иргэдийг төлөөлж байгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж байгаа, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субъектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм.
21. Шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдоол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг, саналд хайхрамжгүй хандаж байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0257 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 378 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
22. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрт холбогдуулж, маргааны үйл баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.
23. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий” байнгын ажлын хэсгийг томилсон, уг ажлын хэсгээс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “... Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгийг үндэслэн “Б с м” ХХК-ийн эзэмшдэг МV-...тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэх үндэслэлээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/18 дугаар дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрээр “Б с м” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-...дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “... ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил явагдаж, уурхайг байнгын ашиглалтад авах Улсын комисс ажиллаж байхад ... байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэж дүгнэн манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй, ... хууль бус” гэж маргажээ.
24. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр “Б с м” ХХК-д Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах “Булаг сүүж” нэртэй, 1389,37 га талбайд ашигт малтмал ашиглалтын МV-...дугаартай тусгай зөвшөөрөл олгосон, Өмнөговь аймгийн Засаг даргаас “...аймгийн нутаг дэвсгэрт стратегийн 3 том ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, ... аймгийн хэмжээнд нийт хайгуулын 108 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 99 тусгай зөвшөөрөл олгогдсон ..., өнөөгийн байдлаар эдгээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр нэмэгдэн ... “Б с м” ХХК ... зэрэг аж ахуйн нэгжүүд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлуудаа эхлээд байна. ... /ингэснээр/ байгаль орчны тулгамдсан асуудлууд үүсэх эрсдэлтэй байна, ... уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх талаар ... иргэд санал бодлоо илэрхийлсэн, ... иймд үйл ажиллагаа эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ... хүсэлтийг хүргүүлж байна” гэх хүсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн, Өмнөговь аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...тус компанийн тухайд холбогдох хууль, журам зөрчсөнийг хууль хяналтын байгууллагаас тогтоосон баримт байхгүй бөгөөд уурхай нээгдсэнээр нутгийн иргэд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд үүсэх эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, цаашид байгаль орчныг хамгаалах, ашигт малтмалын ордыг бодлого төлөвлөгөөтэй хөгжүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах гэсэн орон нутгийн зүгээс баримталж буй бодлогын хүрээнд дээрх хүсэлтийг хүргүүлсэн” гэжээ.
25. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан... /тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар заасан, үүнийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” нь эрх бүхий этгээдээс шалгагдаж тогтоогдсон бөгөөд нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргасан тохиолдолд, уг саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргах, дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаар зохицуулсан гэж үзнэ.
26. Тухайн тохиолдолд, “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэх нөхцөл байдлыг эрх бүхий этгээдээс тогтоогоогүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, санал гаргах эрхтэй нутгийн захиргааны байгууллага, Засаг даргаас “... тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох хууль, журам зөрчсөнийг хууль хяналтын байгууллагаас тогтоосон баримт байхгүй, ... урьдчилан сэргийлэх зорилгоор хүсэлт гаргасан” гэсэн нь дээрх хуулиар тогтоосон “тусгай зөвшөөрлийг цуцлуулах” саналын үндэслэлд хамаарахгүй тул “...байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэх үндэслэлээр гаргасан маргаан бүхий захиргааны актууд хууль бус бөгөөд нэхэмжлэгч “Б с м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.
27. Иймд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын хяналтын журмаар гаргасан “... манай байгууллагын зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй, ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар бүхий дүгнэлтээр “Б с м” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн тул ... тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй” гэх, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан “...тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас ... саналаа ирүүлсэн ... /байхад/ яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй” гэх гомдлын үндэслэлүүдийг хүлээж авахгүй.
28. Хариуцагч нар өөрсдийн гаргасан захиргааны актууд буюу маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлт, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй, түүнчлэн, маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлтийн үндэслэл болсон “хүсэлт”-ийн талаарх тайлбараа Өмнөговь аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... орон нутгийн удирдлагыг /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд/ оролцуулаагүй... шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй ... шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдоол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг, саналд хайхрамжгүй хандсан, ... хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
29. Түүнчлэн, нэхэмжлэгч “Б с м” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-...дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг шүүх хүчингүй болгосноор МV-...дугаар тусгай зөвшөөрөл “цуцлагдаагүй” буюу хүчин төгөлдөр байдал нь шууд сэргэх үр дагавартай тул “Б с м” ХХК-ийн MV-...дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлагагүй, өөрөөр хэлбэл, энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй, шүүхийн шийдвэрээс үүсэх үр дагавар байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүх буруутгахгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ‘... энэ нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад тооцогдох бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн ... /байхад/ шүүх хүлээн авахаас татгалзсан нь буруу” гэх гомдлыг мөн хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б с м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б с м” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА