Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00224

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00224

 

Г.Зэс-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 181/ШШ2017/02883 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн,

Хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүүд 6 434 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Зэс-Эрдэнэ нь хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Хаппи таун хотхоны ХД-72 дугаар байрны 2 давхарт 56.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцсон. Хариуцагчтай гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч, эхнэрийн хамт Хаппи таун орон сууцны ажлын явцтай очиж танилцахад барилга бүрэн баригдаж дуусаагүй, орон сууцны дотор заслын ажлууд эхлээгүй байдалтай байсан. Нэхэмжлэгч гүйцэтгэгч талын саналыг хүлээн авч, захиалга өгч орон сууцыг лыг 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зарчмын дагуу гэрээний агуулгыг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлон, нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны урьдчилгаа төлбөрт 1 952 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг 2014 оны 7 сард Улаанбаатар хотын банкнаас зээлж, нийт 101 952 000 төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлсөн. Юу Би Эйч проперти ХХК нь орон сууцны талбайн хэмжээг 56.64 м.кв-аар тодорхойлж, 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тооцон, Г.Зэс-Эрдэнээс төлбөрийг хүлээн авсан. Гэтэл энэ 2017 оны 4 сард Хаппи таун хотхоны оршин суугчдаас байрны талбайн хэмжээг дутаж байгаа талаар мэдэж орон сууцны талбайг 4 дүгээр сарын 11-ний өдөр Тоонто гранд ХХК-иар хэмжүүлэхэд 53.82 м.кв байсан. Энэ талаар хариуцагч байгууллагад хандаж м.кв талбайн дутуу асуудлыг шийдвэрлэж, хохиролгүй болгож өгөх боломж байгаа эсэхийг асуухад бид гомдол хүлээн авч шийдвэрлэхгүй, явдаг газраараа яваад асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Ингээд нэхэмжлэгч шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ болон улсын бүртгэлд бүртгэгдсэн 56.64 м.кв талбайгаар тооцож банкнаас зээл авч төлбөрийг хариуцагчид төлснөөр нэхэмжлэгчид хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байна. Иймд талбайн зөрүүнд төлсөн 6 354 000 төгрөг, Тоонто гранд ХХК-иар хэмжилт хийхэд гарсан зардал 80 000 төгрөг, нийт 6 434 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот барилгыг Өндөр буянт холдинг ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъяанстехник ХХК, Хай кик, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-иас 6 434 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 000 төгрөгийн 117 894 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 106 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Зэс-Эрдэнэ нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хариуцагчтай байгуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны ХД-72 тоот байрны 2 дугаар орцны, 2 давхарт 56.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэсэн гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ хэмээн тодорхойлсон байхад шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч орон сууцны ажлын явцтай очиж танилцахад барилга бүрэн баригдаж дуусаагүй, орон сууцны дотор заслын ажлууд эхлээгүй байдалтай байсан ба гүйцэтгэгч талын зүгээс танайхаас авсан төлбөрөөр энэхүү орон сууцыг барьж, 2014 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэснээс харахад талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, орон сууцны 30 хувийн санхүүжилтийг захиалагч иргэдээс бүрдүүлж барилгыг барьж ашиглалтад оруулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд үл хамаарах юм. Нөгөө талаар нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар дуусаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнэ нь хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-д холбогдуулан 6 354 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ гэрээгээр тохирсон хэмжээнээс бага талбайтай орон сууцыг шилжүүлсэн тул илүү төлсөн төлбөрийн зөрүү болон хэмжилт хийлгэсэн зардлыг гаргуулна гэж тайлбарладаг. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, барилгын зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон, орон сууцыг худалдаж авснаас хойш хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнэ, хариуцагч Юу Би Эйч протерти ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалга-ын нэртэй гэрээ байгуулж, Иргэний хуулийн 31 дүгээр бүлэг буюу 343-358 дугаар зүйлийг үндэслэн, хариуцагч Юу Би Эйч проперти ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны ХД-72 дугаар байрны 2 дугаар орцны 2 давхарт байрлах 56.64 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч Г.Зэс-Эрдэнэд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1 м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөгөөр тооцон нийт 101 952 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлж орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5-8 дахь тал/

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу худалдан авч буй орон сууцны үнийг төлж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг эзэмшилдээ авч, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-15/ Зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасанд нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон байхад шүүх хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх ажиллагаа өөрөө бус харин түүний үр дүн байдаг бөгөөд энэ гэрээ нь эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн өөр шинж чанар бүхий эд зүйл бий болоход чиглэгддэг. Харин худалдах-худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгө бий болсон ажиллагаа нь уг гэрээний агуулгад хамаарахгүйн гадна гэрээний зүйл болж буй эд хөрөнгө нь гэрээ байгуулагдахаас өмнө бий болсон, гэрээний үнэд хөрөнгө бий болоход шингэсэн хөдөлмөр, хөрөнгийг агуулсан байдаг байна.

Хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот актаас үзвэл, хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-ийн захиалгаар баригдсан 640 айлын орон сууцны барилгыг барилгын зураг төслийн дагуу 2008 оны 05 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд барьж дуусгасан байна. /хх-30 дахь тал/ Нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, орон сууцыг мөн оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэж өгөхөөр хугацааг тохирч, улмаар нэхэмжлэгч нь орон сууцыг 2014 оны 10 дугаар сард хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Үүнээс дүгнэвэл, талуудыг хэлцэл хийх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан, нэхэмжлэгчийн захиалгаар шинээр бий болсон эд хөрөнгө биш байх тул нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнэ, хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнэ нь хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-ийг гэрээгээр тохирсон тоо хэмжээнээс бага талбайтай орон сууцыг шилжүүлсэн гэх үндэслэлээр илүү төлсөн мөнгөө буцаан авахаар шаардсан.

Хариуцагч тал, нэхэмжлэгчийн захиалсан хэмжээнээс /56.64 м.кв/ бага буюу 53.14 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан болох нь Тоонто гранд ХХК-ийн хэмжилтээр нотлогдсон байна. /хх-9 дэх тал/

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4, 254.5 дахь хэсэгт тоо хэмжээний доголдолтой холбоотой худалдан авагчийн шаардлагын талаар зохицуулсан. Худалдагч нь хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан буюу үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй, бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй нөхцлөөс бусад тохиолдолд гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байна. Үүний тулд худалдан авагч нь эд хөрөнгийн тоо, хэмжээ гэрээнд заасан нөхцөлд нийцэж байгаа эсэхийг эхлээд шалгаж авах учиртай. Ийнхүү тоо, хэмжээний доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ талаар худалдагчид мэдэгдэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлдэг бол доголдлыг илрүүлсэн боловч эд хөрөнгийг хүлээн авсан, эсхүл доголдлыг илрүүлэх боломжтой байхад эд хөрөнгийг шалгаж аваагүй бол худалдан авагч нь худалдагчаас дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхийг шаардах эрхээ алдахаар хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг 2014 оны 10 дугаар сард хүлээн авах үед, мөн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд ч орон сууцны талбайг хэмжих арга хэмжээ аваагүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнэ нь орон сууцыг 2014 оны 10 дугаар сард хүлээн авснаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхээ, орон сууцыг хүлээн авахдаа түүний талбайн хэмжээг шалгаж аваагүйгээс мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлүүлэхийг шаардах эрхээ тус тус алдсан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 117 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД