Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2883

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/02883

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД 72 байрны 89 тоотод оршин суух, ЦЖ85011972 регистрийн дугаартай, Олхонууд овогт Гэндэнсүрэнгийн Зэс-Эрдэнийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13/3 тоотод байрлах, 5574765 регистрийн дугаартай, Ю ХХК-д холбогдох,

           Захиалсан орон сууцны нийт талбайн зөрүү 3.53 м.кв-ийн үнэ 6.354.000 төгрөг, Тоонот Гранд ХХК-иар хэмжилт хийхэд гарсан зардал 80 000 төгрөг, нийт 6 434 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

           Г.З нь 2014 оны 07 сарын 03-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-тай байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол Happy town орон сууцны ХД-72 байрны 2-р орцны 2 давхарт 56.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууыг захиалгаар бариулахаар тохиролцсон байна. Хариуцагчтай гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч болон түүний эхнэр Happy town орон сууцны ажлын явцтай очиж танилцахад барилга бүрэн баригдаж дуусаагүй, орон сууцны дотор заслын ажлууд огт эхлээгүй байдалтай байсан ба гүйцэтгэгч талын зүгээс танайхаас авсан төлбөрөөр энэхүү орон сууцыг барьж 2014 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтнд оруулах юм, дуусгах гэхээр манай байгууллага мөнгөгүй байгаа та хэд захиалгаа өгчих юм бол ямар ч асуудалгүй орон сууцтай болно гэсэн санал тавьсан тул захиалагчаар орон сууцыг бариулж гэрээнд заасан ажлыг 2014 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авсан байна.

           Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэсэн гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” хэмээн тодорхойлж нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны урьдчилгаа төлбөрт 1 952 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг 2014 оны 07 сард Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ байгуулан зээлж нийт 101 952 000 төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлсөн. 

           “Юу Би Эйч Проперти” ХХК нь орон сууцны талбайн хэмжээг 56.64 м.кв-аар тодорхойлж 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тооцож иргэн Г.Зэс төлбөрийг хүлээн авсан юм. Тухайн үед зээл гаргагч Улаанбаатар хотын банкны зээлийн мэргэжилтэн, эдийн засагчид болон нэхэмжлэгч түүний эхнэр нь хамт орон сууцны барилгын үйл явцтай танилцаж байсан.

           Гэтэл энэ 2017 оны 4 сард Happy town хотхоны оршин суугчдаас байрны м.кв дутаж байгаа талаар мэдэж орон сууцны м.кв-тыг хэмжүүлэхээр 2017 оны 04 сарын 11-ний өдөр “Тоонот Гранд” ХХК-д хандсан ба хэмжилтээр өмчилж байгаа орон сууцны бодит хэмжээ нь 53.82 м.кв болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл, 2014 оны 07 сарын 03-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар 56.64 м.кв талбайтай орон сууцыг захиалагч нь өгөх байтал 53.82 м.кв талбайтай орон сууцыг өгсөн болох нь тус байгууллагын хэмжилтээр тогтоогдсон.

Энэ талаар хариуцагч байгууллагад хандаж м.кв-ын дутуу асуудлыг шийдвэрлэж, хохиролгүй болгож өгөх боломж байгаа эсэхийг асуухад: “Бидэнд оршин суугчдаас ийм гомдол ирсэн, гэхдээ бид гомдол хүлээж авч шийдвэрлэхгүй, явдаг газраараа яваад асуудлаа шийдвэрлүүлээрэй” гэсэн хариу өгсөн. Ингээд нэхэмжлэгчийн хувьд шүүхэд хандсан юм. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ болон улсын бүртгэлд бүртгэгдсэн 56.64 м.кв талбайгаар тооцож банкнаас зээл авч төлбөрийг хариуцагчид төлснөөр нэхэмжлэгчид хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байна.

           Иймд нэхэмжлэгчийн зүгээс м.кв-ийн зөрүүнд төлсөн 3.53 м.кв х 1 800 000 төгрөгөөр тооцож 6 354 000 төгрөг, Тоонот Гранд ХХК-иар хэмжилт хийхэд гарсан зардал 80 000 төгрөг нийт 6 434 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Юу Би Эйч Проперти” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол , Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-аас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг хүлээн авсан.

            Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъяанстехник” ХХК, “Хай кик" ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн.

            Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компаний талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэл, болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний дагуу нийт талбайгаас дутсан 3.53 м.кв талбайн үнэ 6.354.000 төгрөг, хэмжилт хийлгэсний зардалд төлсөн 80 000 төгрөг, нийт 6 434 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК нь нэхэмжлэгч Г.Зд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах, Happy town орон сууцны ХД-72 дугаар байр, 2-р орц, 2-р давхарын 89 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 07 сарын 03-ны өдрийн НРТ14В118 тоот худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК, нэхэмжлэгч Г.З нар нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах, Happy town орон сууцны ХД-72 дугаар байрны 2-р орцны, 2-р давхарын 89 тоотын 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 101.952.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, орон сууцны үнийг бүрэн төлсөн, энэ талаар маргаангүй байна.

            Харин гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэх талаар маргаж байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

            Хэрэгт авагдсан баримаас үзвэл “Юу Би Эйч проперти” ХХК маргааны зүйл болж буй орон сууцны барилгыг 2013 онд “Өндөр буянт холдинг” ХХК-с худалдан авсан ба “...гэрээ байгуулах үед 70 хувийн гүйцэтгэлтэй, засал чимэглэлээс бусад ажил хийгдсэн байсан...” талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадахгүй байна.

            Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байх боловч гэрээ байгуулагдсанаас хойш 3 сар гаруй хугацаанд бэлэн болох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан гэж үзэх үндэслэл тодорхойгүй байна.

            Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч бий болсон орон сууцыг худалдан авахаар хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлөх үүрэгтэй” гэжээ.

            Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

            Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

            Нэхэмжлэгч Г.З 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц хүлээлцсэн актаар тухайн орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.  

Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

            Иймд, нэхэмжлэгчийн орон сууцны талбайн зөрүү 3.53 м.кв-ийн үнэ 6.354.000 төгрөг, хэмжилт хийлгэсний зардал 80 000 төгрөг, нийт 6 434 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон     

                     ТОГТООХ нь: 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-с 6.434.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Зэс-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118000 төгрөгийн 117894 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 106 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ