Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00025

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00036 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.*******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох, оногдох хэсгээ гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.800.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны үнэ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь нийт 56.795.000 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, Хаан банкны 5094130783 тоот дансны хамтран эзэмшигч Т.*******ээс 27.000.000 төгрөг гаргуулах тухай бие даасан гуравдагч этгээд Т.*******ийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Намжилжав, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.*******, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Т.******* Б.*******тэй танилцаж, 2012 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин С.Биндэръяа 2012 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн, хүү С.Шижирбаатар 2014 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн. Б.*******тэй гэр бүл болох үед би охин Г.Баясгалангийн хамт 4-14-42 тоотод амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд нөхөр Б.******* архи уух нь ихсэж, элдэв муу үгээр доромжлон, айлган түгшээж хүүхдүүдийн хамт тайван амгалан амьдарч чадахгүй байх болсон. 1 удаа Цагдаагийн газарт дуудлага өгч байсан. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 19 цаг 30 минутанд согтуу ирж агсам тавьж охин С.Биндэръяаг айлган, алгадаж 70 настай ээж рүү минь хашгирч би айсандаа хажуу айлын хүнийг дуудаж тусламж хүссэн. Иймд цаашид *******тэй цуг амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг өөрийн асрамжиндаа авч, эцэг Б.*******гээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн бидний дундын хамтран өмчлөх эд хөрөнгө болох Прадо 120 маркийн 35-45 ОРА автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөр, гэр бүлийн хэрэгцээний 700 тгазрыг тогтоож, оногдох хувь хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Т.******* миний бие Б.*******тэй гэр бүл болон үр хүүхдээ хамтдаа өсгөн нэгэн голомтыг бадраан сайн сайхныг бодон амьдралаа эхлүүлсэн. Гэвч жил ирэх тусам ааш араншин нь улам бүр дордож хүүхдүүд маань ч байнгын айдастай тайван бус орчинд амьдарсан. Өөрийн үзэмжээр хуваарьт хөрөнгөө дундын өмчид хүлээн зөвшөөрч зарцуулчихаад одоо болохоор үр хүүхдүүдээсээ нэхэж байгаа нь үнэхээр ичгүүртэй санагдаж байна. Үүнийгээ ч өөрөө хяналтын шатны шүүхэд хэлсэн байдаг. Хоёр нялх хүүхдийнхээ ирээдүй болон үр хүүхдээ юман чинээ бодохгүй зүгээр л хар амиа бодож хаяж байна. Бидний гэр бүл энэ хүнээр тэжээлгэж тэтгүүлсэн зүйл байхгүй. Цалингийн зээлээ өөртөө зарцуулсан тухайгаа хяналтын шатны шүүхэд хэлсэн байгаа. Мотоцикль 2 удаа авч байсан. Анх 4 дугуйтай 250 мотортой ногоон өнгийн мотоцикль 4.500.000 төгрөгөөр, 2016 онд cross маркийн уралдааны мотоцикль 5.000.000 төгрөгөөр авч мөн дагалдах хэрэгсэлд нийт 4.000.000 төгрөг зарцуулсан байна. Нийт 19.680.000 төгрөг энэ бүгдийг тооцоогүй шүүхийн шийдвэр гарсан болохыг хяналтын шатны шүүх буруу гэж үзсэн. Том охин Г.Баясалыг ам бүлийн тоонд оруулан тооцож гэр бүлийн дундын өмч хуваахад оролцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Охин С.Биндэръяа нь Билэгт Өргөө бүрэн дунд сургуулийн 1-р ангид элсэн суралцаж байгаа бөгөөд жилийн сургалтын төлбөр болох 3.600.000 төгрөг үүний 50 хувь болох 1.800.000 төгрөгийг, дундын өмчлөл болох автомашины үнэ 35.000.000 төгрөгийг ам бүлийн 5 хүнд тэгш хувааж 4 ам бүлд ногдох 28.000.000 төгрөгийг Б.*******гээс гаргуулж өгнө үү, Хаан банкны дансанд байх миний эзэмшлийн 3.000.000 төгрөгийг 5 ам бүлд хувааж, 4 ам бүлд ногдох 2.400.000 төгрөгийг хэвээр үлдээж өгнө үү. Т.*******тэй хамтран эзэмших Хаан банкны дансанд байх 30.000.000 төгрөгөөс түүний хөрөнгө 27.000.000 төгрөгийг Т.*******т буцаан олгож өгнө үү. Б.*******гээс нийт 32.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.*******гийн нэхэмжилсэн цалингийн зээлийн 17.590.000 төгрөгөөс 10 дугаар сарын 23-ны өдөр нэмж авсан 3.000.000 төгрөгийг хасч тооцож өгнө үү. Б.*******гийн нэхэмжилсэн цалингийн зээлээс өөртөө зарцуулсан мөнгөн дүн 19.680.000 төгрөг болж байгаа тул Б.*******гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан 8.795.000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү. Охин С.Биндэръяа, хүү С.Шижирбаатар нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, зуслангийн байшин зэрэгт маргах зүйлгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Б.******* нь найз нөхөд, хамт олонтойгоо хааяа нийлж архи уудаг байсан нь үнэн. Архины халуунд хааяа муухай зан гаргадаг байсан нь үнэн. Гэр бүлээ цуцлуулах, үр хүүхдээ өнчрүүлэх дээрээ тултал үйлдэл хийж байгаагүй. Дахин муухай зан гаргахгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэсэн боловч Т.******* нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж дээрх мөнгийг надаас нэхэмжилжээ. Би дээрх бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах болон хүүхдийн асрамж тэтгэлгийг зөвшөөрнө. Зуслангийн газрыг Т.******* хүүхдүүдийн өмчлөлд үлдээж, оногдох хэсгээсээ татгалзана. Бидний гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгийг Т.*******ийн дагавар охин хуваалцах ёсгүй гэж бодож байна. Би тэр дагавар охиныг нь үрчилж аваагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгө бол Т.******* болон 2 хүүхэд бидний өмч гэж үзэж байна. Намайг удаа дараа гүтгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга архи уудаг, хар амиа боддог, хүүхдийнхээ ирээдүйг боддоггүй цалингийн зээлээ зөвхөн өөртөө зарцуулдаг гэх зэргээр бичжээ.Хүүхдүүдээ бодсон бол тэр өөрөө яагаад анх салах өргөдөл өгсөн юм бэ. Би салахгүй гэж зөндөө хэлсэн. Т.******* нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон байсныг би мэдэхгүй явсан юм билээ. Түүний хүссэн хэмжээний мөнгө олж хөрөнгө хуримтлуулж чадахааргүй хүн гэдгийг надад хамт амьдарсан хугацаанд олон удаа янз бүрийн байдлаар хэлж намайг чамлаж байсан ч би түүнийг ингэж хүүхэдэдээ ганц удаа гар хүрснээр далимдуулан салахаар үг сэггүй зүтгэнэ гэж бодоогүй. Хамт амьдарна, түүний байранд амьдарч өөрийн байрыг зараад мөнгөө өсгөнө гэж хоёулаа тохирч түүний хадгаламжинд хадгалуулсан. Хэзээ нэг өдөр сална гэж би хэзээ ч бодож байгаагүй. Хэрэв би хар амиа бодож явдаг хүн юм бол түүнд мөнгөө өгч хадгалуулах уу. Амьдралыг ингэж дуусгаж намайг юу юу ч үгүй хаяж орхино гэж энэ хүн төлөвлөж явсныг би даанч мэдсэнгүй явжээ. Т.*******ийн ээж нь миний 1 өрөө байранд байсан тавилгыг зарсан. Мөнгийг нь яасан гэж би нэг ч удаа асуугаагүй. Яагаад гэвэл бид нэг гэр бүл учраас амьдралд л зарцуулсан байх. Түүнээс гадна миний мэдэхээр 4-24-т арктай 1 өрөө байр байдаг. Бас 3-13-т нэг өрөө байр байдаг. Мөн 3-12-т Мөнгөн сор гэсэн үсчин гоо сайхны салон байдаг. Эдгээр эд хөрөнгийг би мэддэг байсан ч хэзээ яаж авсаныг сонирхож байгаагүй. Одоо харин энэ бүгдийг шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргана.Т.******* нь намайг хүүхдүүдээ хаясан гэжээ. Харин тэр өөрөө өөр хүнтэй болоод намайг орхиод гэрийн бүх тавилгаа ачиж аваад 2017 оны 8 сард 4-24-ийн байр руугаа явчихсан байсан. Ямар байдалтай ямар эд хөрөнгөтэй үлдсэнээ би баримтжуулж зургийг нь шүүхэд нотлох баримтаар өгнө. Тэгээд тэр өөрийнхөө байрнаас 2018 оны 1 сард намайг ажлаас бууж ирэхэд хаалганы түлхүүрийн голыг солиод хөөсөн. Тэгсэн мөртлөө өөрийгөө өрөвдүүлэх гэж шүүхийн өмнө жүжиглэдэг гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Т.******* өмнө нь амьдрал үзэж охинтой болсон байсан учраас дахиад салахыг юман чинээ бодохгүй байх шиг байна. Надад бол маш хэцүү байна. Хүүхдүүдээсээ би салж чадахгүй. Намайг охиноо алгадсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн байсан. Т.******* юу ч болоогүй байхад орилж хашгирахад охин маань намайг ээжийгээ яаж байна гэж бодсон юм бүү мэд, зайлаач гэхээр нь би алгадсан нь үнэн. Энэ миний буруу. Би охиндоо хайргүйдээ алгадаагүй. Т.******* л намайг буруутай гэж хүүхдэд харагдуулах гэсний гайгаар ийм юм болсон. Миний архи ууснаас болж салах гэсэн юм биш байна гэдгийг би энэ хугацаанд бодож оллоо. Т.******* надаас салах өөр шалтгаан байгааг олж мэдлээ.Тэрээр өөр хүнтэй амьдрахаар шийдсэн байна. Сэтгэл нь хэзээ ч эргэхгүй болсон юм байна. Түүнээс гадна одоо 4-14-42 орон сууцыг маш хурдан чөлөөлж өг гэж шаардаж байна. Учир нь энэ байр бол түүний надтай гэрлэх үед өөрийнх нь нэр дээр байсан хуваарьт өмч юм. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ганцхан машиныг дундын өмч гэж тогтоолгож оногдох хэсгийг авна гэсэн байсан нь, гэрийн доторхи эд зүйлээ аваад явсан нь, одоо өөрийнхөө байрыг зарна, гар гэж хөөж байгаа зэрэг нь ямар зорилготой нь тодорхой харагдаж байна. Анх гэрлэхдээ би өөрийн 1 өрөө байраа 48.000.000 төгрөгөөр зараад Т.*******ийн хадгаламжинд хадгалуулсан. 2 удаа цалингийн зээл авч зуслангийн байр барьсан, гэрийн тавилга авч байсан, машин авсан. Машиныг 2 талаасаа мөнгө оролцуулж авсан. Эдгээрийг яагаад бичээгүй учрыг ч олох шиг боллоо. Хүний сэтгэл санаа хувираад сална гээд улайраад байхад салахгүй гээд яах билээ. Тийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Т.******* миний хадгалуулсан мөнгөний оронд надад 1 өрөө байр авч өгнө гээд ээж нь болохоор 1 дүгээр микрийн 1 дүгээр байранд 1 өрөө авч өгнө гээд байна лээ. Үүнийг би зөвшөөрөхгүй. 2013 оны 7 сард хадгалуулсан 48.000.000 төгрөг хүүтэйгээ нийлээд 76.000.000 төгрөг болсон байх ёстой боловч хүүг нэхэмжлэхгүй 48.000.000 төгрөг авна. Булган аймгийн Хангал сумын нутагт зуслангийн байшин байгаа үүнийг өгнө, оногдох хэсгийг гаргуулахгүй, прадо маркийн авто машинаа 25.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрийн доторхи эд хөрөнгийг цалингийн зээлээр авсан. Тэхдээ Т.*******т үлдээнэ. Цалингийн зээлийн үлдэгдэл 17.590.000 төгрөгийн 50 хувь болох 8.795.000 төгрөгийг Т.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Б.******* бид хоёрын хувьд хожуу гэрлэж эцэг эх болцгоосон ч миний хувьд оюутан байхдаа хүүхэдтэй болсон, албан ёсоор гэр бүл болж амьдарч байгаагүй. Харин Б.******* албан ёсны гэр бүлтэй байсан. Мөн хамтран амьдрагч нартай байсан. Хэзээ ч гэр бүл үр хүүхдээ бодож архийг зохицуулж хэрэглэдэггүй байсан. Би энэ хүнтэй суугаад энэ хүнээс идэж уусан, өөртөө зориулсан зүйл байхгүй. Өсгөж үржүүлье амьдаръя л гэж бодсон. Би тэр хүнээс хүүтэй мөнгө зээлээгүй, харин гэр бүлийн хөрөнгөө өсгөн арвижуулахын төлөө ажиллаж ирсэн. Машин болон зуслангийн газар нь биднийг гэр бүл болсноос хойш, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөр бий болсон. Би энэ хэдэн жил энэ хүнээр тэжээлгэж байсан биш би ч гэсэн өөрийн гэсэн орлоготой хүн. Гэрийн тавилгын хувьд Б.******* нь тийм их зүйл авсан юм байхгүй. Би анх том охинтойгоо амьдарч байхдаа бүх тавилгаа Солонгос улсаас захиалж оруулж ирсэн. Б.*******гийн авч ирсэн тавилгыг өөрт нь үлдээсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Прадо-120 маркийн суудлын автомашиныг 2014 оны 07 дугаар сард 42.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тус машиныг худалдаж авахад би өөрийн өмчлөлийн машинаа 10.000.000 төгрөгөөр, Б.*******гийн машиныг 6.000.000 төгрөгөөр тус тус худалдаж дээр нь миний хураасан мөнгө болон Б.*******гийн цалингийн зээл, орон сууцны үнээс нэмж авсан. Б.******* цалингийн зээл авсан мөнгөнийхөө 5.000.000 төгрөгөөр нь мотоцикль худалдаж авсан бөгөөд одоо ч мотоцикль нь өөрт нь байдаг. Б.******* байрны мөнгөнийхөө тодорхой хэсгийг машин авахад зарцуулсан бөгөөд үлдсэн мөнгөө гэр бүлийнхээ хамтран өмчлөлд сайн дурын үндсэн дээр шилжүүлж миний нэр дээр банканд хадгалуулсан. Иймд Б.*******гийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй, надад ийм мөнгө ч байхгүй. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба түүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн 30.000.000 төгрөг одоо миний хадгаламжинд байгаа тул гэр бүлийн хамтын өмч учраас гэр бүлийн таван гишүүндээ хуваах болно. Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 48.000.000 төгрөг болон зээлийн үүргийн тал төлбөрийг хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Т.******* миний бие Б.*******гийн орон сууцыг албадан заруулаагүй, өөрийн үзэмжээрээ өөрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж эгчийнхээ хүүхдэд зарсан гэж надад хэлж байсан. Миний бие дээрх байрны үнэ болох 30.000.000 төгрөгийг албадан хүчээр аваагүй. Өөрөө л хүсээд гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байхаар өгсөн. Сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан банкруу надтай хамт явсан гэдэг нь огт худал. Миний бие өөрөө хувиараа аж ахуй эрхэлдгийн хувьд мөнгөн хуримтлал бий болгож тэрхүү мөнгөн хуримтлалын хүүний орлогоор амьдралаа залгуулж ирсэн. Цалингийн зээлийн тухайд миний бие цалингийн зээлээс нэг ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй, харин Б.******* зээл аваад 5.000.000 төгрөгөөр мотоцикл, дагалдах хэрэгсэл гэх мэт зүйлүүдийг 2.000.000 төгрөгөөр авсан. Мөн гэр бүлийн дундын хэрэгцээндээ зориулж зуслангийн байшинд тодорхой хэмжээний мөнгө оруулсан. Үлдсэн мөнгийг нь гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хичээл сургууль /том охин Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн лицейд 3 жил сурсан төлбөр/, соробон сампингийн сургалт, шатрын дугуйлан, бүжгийн дугуйлан зэрэгт зарцуулж ирсэн. Эцэг, эх хүмүүс үр хүүхдийнхээ төлөө адилхан үүрэг хариуцлагатай байх ёстой байтал Б.******* нь одоо надаас ийнхүү хүүхдэд зарцуулсан, өөртөө зарцуулсан цалингийн зээлээ надаас нэхэж байгааг хүлээс зөвшөөрөхгүй байна. Иймээс Б.*******гийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.******* миний Хаан банкны 5094130783 тоот харилцах данс нь 2003 оноос өдийг хүртэл бидний ээж Ш.Чанцалдулам, эгч Т.*******тэй хамтран эзэмшиж байсан бөгөөд үргэлжлүүлэн ээжийн оронд би хамтран эзэмшиж байгаа болно. Энэ дансанд байгаа миний хөрөнгө болох 27.000.000 төгрөгийг Т.*******ээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хариу тайлбарт:

Т.******* миний Хаан банкны 5094130783 тоот харилцах данс нь 2003 оноос өдийг хүртэл ээж Ш.Чанцалдулам, мөн үргэлжлүүлэн дүү Т.******* нартай хамтран гэр бүлийн дундын дансаар эзэмшиж байсан. Тиймээс уг дансанд байгаа 27.000.000 төгрөг нь Т.*******ийнх мөн бөгөөд дансны хуулгаар харагдаж байна. Иймд миний бие Т.*******т өгөхөд татгалзахгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00036 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржгон овогт Төмөрбаатарын *******, Баян овогт Бадамын ******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Шижирбаатар, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С.Бидэръяа нарыг эх Т.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д заасныг баримтлан С.Шижирбаатар /ФА:14302113/, С.Биндэръяа /ФА:12311903/ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б.*******гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Б.*******гээс сургалтын төлбөрийн тал хувь болох 1.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.******* Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг Бандийн булаг эх-д байрлах 700 м.кв зуслангийн зориулалттай газар, 31.82 м.кв зуслангийн байшингийн өмчлөгчөөр Т.*******, С.Биндэръяа, С.Шижирбаатар нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, оногдох хэсгээсээ татгалзсан болохыг, нэхэмжлэгч Т.******* Хаан банкны дансан дахь 3.000.000 төгрөгийн хариуцагч Б.*******д оногдох 600.000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн болохыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.*******т 27.000.000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн болохыг тус тус баталж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгаж, Иргэний хуулийн 126.1, 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-д заасныг баримтлан 35-45 ОРО улсын дугаартай Прадо маркийн автомашины хамтран өмчлөгчөөр Т.*******, С.Биндэръяа, С.Шижирбаатар нарыг тогтоож, хариуцагч Б.*******гээс 21.000.000 төгрөг гаргуулан Т.*******, С.Биндэръяа, С.Шижирбаатар нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ээс 38.795.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШЗ2017/04466 дугаартай шүүгчийн захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШЗ2018/00537 дугаартай шүүгчийн захирамжийн 3 дахь заалт, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2018/00739 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШЗ2018/00537 дугаартай шүүгчийн захирамж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2018/00739 дугаартай шүүгчийн захирамжууд нь, энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 383.900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 608.150 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******ээс 292.950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Т.*******т, 351.925 төгрөг гаргуулан Б.*******д, хариуцагч Б.*******гээс 376.900 төгрөг гаргуулан Т.*******т, 50.009 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00036 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.*******гийн орон сууцыг зарж Т.******* миний дансанд хийсэн 30.000.000 төгрөгийг Б.*******гийн хуваарьт өмч гэж дүгнэжээ. Гэтэл 2013 оны 07 дугаар сарын 07-ний өдөр 30.000.000 төгрөгийг миний дансанд хийсэн, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авто машин авахад зориулж миний голомт банкны данснаас 34.989.800 төгрөгийг авсан байдаг. Б.*******гийн хувьд 30.000.000 төгрөгийг миний голомт банкны дансанд хийснээр гэр бүлийн дундын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Миний мөнгийг авто машин авахад зарцуулсан нь дундын өмчлөлд биет байдлаар шилжүүлснийг харуулдаг. Гэтэл шүүх 4001033836 тоот дансанд хийсэн 30.000.000 төгрөгийг Б.*******гийн хуваарьт өмч гэж үзсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Бид хамтран амьдарч байх хугацаанд Б.******* 2 удаа цалингийн зээл авсан байдаг. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Б.******* дахин 30.000.000 төгрөгийн зээлийг авсан байсан. Гэтэл үүнийгээ мөн надаас нэхэмжилсэн байна. Энэ байдлыг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан байна. Иймээс Б.*******гийн цалингийн зээлийн үлдэгдлийг одоогийн байдлаар тооцох, 30.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлээс хасаж тооцуулах хүсэлтэй байна. Мөн мотоцикль 50.000.000 төгрөг, хувцас дагалдах хэрэгсэл 2.000.000 төгрөгийг Б.*******гийн хуваарьт өмч гэж үзэн дээрх зээлийн үлдэгдлийн 8.795.000 төгрөгөөс хасаж тооцуулах хүсэлтэй байна. Мөн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 036 дугаар шийдвэрийн 8 дахь хэсэгт заасныг хүчингүй болгож өгнө үү. Мөн 35.000.000 төгрөгийг ам бүлийн 5 хүнд хувааж Т.*******, Г.Баясал, С.Биндэръяа, С.Шижирбаатар, нарт ногдох 28.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.*******гийн цалингийн зээлийн үлдэгдлийг дахин тооцож Б.*******гийн хуваарьт өмч болох мотоцикль, дагалдах хэрэгсэл авсан 7.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш авсан 3.000.000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00036 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би их хэмжээний цалингийн зээлтэй учраас өөрийн гэсэн орон гэргүй байгаа тул одоо прадо маркийн машинаа 25.000.000 төгрөгөөр худалдсан. Энэ талаар миний эгч Б.******* шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөнгө орж ирсэн талаар баримт болох дансны хуулгыг шүүхэд өгсөн. Би машинаа ченжид 25.000.000 төгрөгөөр худалдсан. Тиймээс би машины үнэ 25.000.000:413=18.750.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр буюу 2.250.000 төгрөгөнд тооцож тэмдэгтийг хураамж төлсөн болно. Мөн машины үнийг 5 хүнд хувааж тооцсон нь ойлгомжгүй байна. Шүүх миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 30.000.000 төгрөг гэж тооцсоныг буруу гэж үзэж байна. Би Т.*******тэй гэрлэж өөрийн хуваарьт өмч болох 1 өрөө орон сууцаа 48.000.000 төгрөгөөр зарж Т.*******ийн хадгаламжинд хийлгэсэн. Гэтэл Т.******* хэд хоногийн дараа 2013 оны 08 дугаар сарын 02-нд 35.000.000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 06-нд 5.000.000 төгрөгийг буцаан авсан байсан. Энэ талаар Т.******* надад хэлээгүй, мөнгө чинь өсөж байгаа гэж хэлдэг. Хэдийгээр орон сууц худалдах худалдан авах гэрээн дээр байрны үнийг 30.000.000 төгрөг гэж бичсэн ч гэсэн байр худалдаж авсан Ууганцэцэг нь байрны мөнгөний урьдчилгаа гэж хэлээд 15.000.000 төгрөгийг миний дансанд шилжүүлж дараа нь ипотекийн зээлээр байрыг авсаны дараа төлбөр 33.000.000 төгрөг банкнаас миний дансанд шилжин орсон. Би гэрийн дотрох бүх эд хөрөнгө, зуслангийн байшин зэргийг Т.******* болон хүүхдүүддээ үлдээсэн. Би гэрийн нарийн ширийн зүйлд оролцдоггүй мөнгө өгөөд л явдаг байсан. Гэтэл намайг шүүх хуралдаан дээр гүтгэж худал мэдүүлэг өгсөн. Би охиноо нэг удаа алгадсан нь үнэн. Гэхдээ би хүчирхийлэгч биш. Дараа нь би хүүхдүүдтэйгээ уулзах гээд очиход намайг уулзуулахгүй гээд цагдаа дуудсан. Үүнээс өөр маргаан болж байгаагүй. Би одоо Т.*******т маш их гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт прадо маркийн машиныг 25.000.000 төгрөгөөр тооцож надаас 18.750.000 төгрөг гаргуулах гэж, Т.*******ээс орон сууцны үнэ 48.000.000 төгрөг гаргуулах гэж залруулсан заалтыг оруулна уу гэжээ

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.******* давж заалдсан гомдолдоо:

Т.******* миний хаан банкны 5094130783 тоот харилцах дансыг 2003 оноос хойш өдийг хүртэл эгч Т.******* хамтран эзэмшиж ирсэн. Гэвч 2017 оны анхан шатны шүүх хуралдаанаар Б.*******д олгосон шийдвэр гаргаж дансыг битүүмжилсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн болно. Гэвч 2019 оны 1 сард хуралдсан шүүх хуралдаанаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.*******т 27.000.000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн болохыг баталсугай гэсэн шийдвэр гарсан. Хариуцагч Б.*******гийн хувьд уг дансыг мэдэхгүй маргаан байхгүй гэсэн тайлбар өгсөн. Иймээс одоог хүртэл жил гаруй хугацаанд миний эрхийг зөрчиж надад эдийн засаг, цаг хугацааны хувьд асар их алдагдалд оруулж байгаа учир уг данснаас миний мөнгө болох 27.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжлэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******гээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.800.000 төгрөг гаргуулах, прадо-120 маркийн авто машин, зуслангийн байшин газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.******* нь өөрийн орон сууцыг худалдаж хадгаламжинд хадгалуулсан 48.000.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдлийн 50 хувь болох 8.795.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.*******ийн дансанд байгаа 27.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргасан ба хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Т.******* бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тус тус маргажээ.

Зохигчид 2012 онд албан ёсоор гэр бүл болон амьдарч байгаад 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин С. Биндэрьяа, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Шижирбаатар нарыг төрүүлсэн. Гэр бүл болон амьдрах хугацаанд хэрүүл маргаантай болсноос 2017 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Б.******* нь гэрлэлт цуцлуулах хоёр хүүхдээ эхийн асрамжинд үлдээж тэтгэлэг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй. Зуслангийн байшин, газрыг дундын эд хөрөнгөөр тогтоолгон оногдох хэсгээ авахгүй, нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээх, хүүхдийн сургалтын төлбөрыг төлнө гэсэн тайлбар гаргасан байна.

Шүүх Булган аймгийн хангал сумын 2 дугаар баг, Бандын булгийн эх гэх газарт байрлах 700мталбай бүхий газар,31.82м2 талбайтай зуслангийн байшин прадо маркийн суудлын авто машин зэргийг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, авто машиныг хөрөнгийн үнэлгээний Далай ван аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон 35.000.000 төгрөгийн үнэлгээнд үндэслэн гэр бүлийн 5 гишүүнд хувааж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэр бүлийн 3 гишүүнд оногдох хэсгийг гаргуулж, охин Баясал нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, итгэмжлэл өгөөгүй учраас түүнд оногдох хэсгийг үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэр бүлийн тухай хуульд нийцсэн байна.

Мөн хариуцагч Б.******* нь Т.*******тэй гэр бүл болон амьдрахаас өмнө өөрийн амьдарч байсан 1 өрөө байраа 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 30 сая төгрөгөөр Ууганцэцэгт худалдах худалдан авах гэрээгээр худалдсан. 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөг, 33.000.000 төгрөгийг Ууганцэцэгээс Б.*******гийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, орон сууц худалдан авах гэрээгээр тогтоогдсон, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т.*******ийн дансанд 49 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Т.******* нь дансандаа 30.000.000 төгрөг байгаа, гэр бүлийн гишүүдэд хуваана гэсэн тайлбар гаргаж байсан зэргээр Б.*******гийн хуваарьт өмч болох нь тогтоогдсон байх тул Б.*******гийн хуваарьт өмч гэж үзсэн нь зөв болжээ.

Харин нэхэмжлэгч Т.******* нь цалингийн зээлийн мөнгөөр Б.******* нь өөрөө мотоциколь авсан гэсэн тайлбар гаргаж буй боловч нэхэмжлэгч Т.******* энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй мөн охин С.Баясал нэхэмжлэлийн шаардлага гаргах үед насанд хүрээгүй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрсэн ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар бие даасан шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчид итгэмжлэл олгоогүй байх тул Т.*******ийн нэхэмжлэлээр шийдвэрлэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болно.

Гуравдагч этгээд Т.*******ийн бие даасан шаардлагыг Т.******* хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсны үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагыг бүрэн хэрэгжүүлэн шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.950 төгрөгийг, хариуцагч Б.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 259.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ