Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01193

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01193

Орхон аймаг

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.О,

Нэхэмжлэгч: Г.Б  нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Б.С-д холбогдох, 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Т.Э-ийн шаардлага бүхий  

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах, Булган аймаг Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 700 м.кв талбай бүхий газар, 31.82 м.кв талбайтай зуслангийн байшин, Прадо-120 маркийн 35-45 ОРО автомашин зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгож, гэр бүлийн гишүүдэд хуваалгах, Г.Бын Б.Сгээс 7 000 000 төгрөг гаргуулах, гэр бүлийн хэрэгцээндээ хоёр жилийн хугацаанд зарцуулсан 18,0 сая төгрөг, гурван жилийн хугацаанд зарцуулсан 18,0 сая төгрөг нийт 74 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.С нь орон сууцны үнэ 48,0 сая төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь 8 790 000 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Эийн Хаан банкны 5094130783 тоот дансны хамтран эзэмшигч Т.Оээс 27 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Н, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э, гэрч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.О нь Б.Стэй танилцаж, 2012 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин С.Б 2012 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн, хүү С.Ш 2014 оны 10 дугаар сарын 21-нд төрж бид эцэг, эх болцгоосон. Б.Стэй гэр бүл болох үед би охин Г.Бтай хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-42 тоотод амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд Б.С нь ажлын хүмүүс болон найз нөхөдтэйгээ архи ууж ирэх нь хэвийн үзэгдэл болсон. Ааш зан нь ширүүн болох үе мэр сэр гарч байсан ч тухай бүрт нь хэлж ойлгуулаад өнгөрдөг байсан. 2 хүүхдийн эцэг, эх болсон тул архи уух нь багасах байх гэж найдаж байсан. 2014 онд бага хүүгээ тээгээд жирэмсэн байхад орой согтуу ирж агсам тавьж айлын хүн орж ирж тусалсан. Эгчийг болон өөрийн ээжийг нь дуудаж ярилцаж уучилж өнгөрөөж байсан. Иймэрхүү байдлаар ааш араншинг нь тэвчиж өнгөрөөж байсан. Гэвч Б.Сгийн байдал дээрдээгүй, архи уух нь ихэсч, элдэв муу үгээр доромжлон, айлган түгшээж тайван амгалан амьдарч чадахгүйд хүргэж байсан. Цагдаагийн газарт дуудлага өгч тусламж хүссэн боловч элдвээр хэлж, ална гэж байнга сүрдүүлдэг. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 19 цаг 30 минутанд согтуу ирж агсам тавьж охин С.Бг айлган, алгадаж 70 настай ээж рүү минь хашгирч би айсандаа хажуу айлын хүнийг дуудаж тусламж хүссэн. Охины толгой доргиж, бариулсан. Одоо ерөнхийдөө хэзээ согтуу ирж ямар араншин гаргах бол гэж сэтгэл түгшиж, тайван бус, амьдрахад хэцүү болсон. Гурван хүүхдийн хамтаар аавындаа хэсэг байсан. Иймд цаашид Б.Стэй цуг амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг өөрийн асрамжиндаа авч, эцэг Б.Сгээс тэтгэлэг гаргуулна, бидний дундын хамтран өмчлөх эд хөрөнгө болох Прадо 120 маркийн 35-45 ОРО автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоож, оногдох хувь хэсгийг гаргуулж өгнө үү Б.Сгийн үйлдэл нь гэр бүлийн гишүүд болох 3 хүүхэд миний эрх ашгийг зөрчсөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байнгын давтагдах болсон тул бид эвлэрэх боломжгүй юм. Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын 3 хүүхэд биднийг тогтоож, оногдох хувь хэсгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.О нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Т.О миний бие нь 2017.08.28 ны өөрийн СДШ -д нөхөр нь Б.Сгээс гэрлэлт цуцлуулж, 3-5 насны 2 хүүхдэдээ тэтгэвэр тогтоолгон гаргуулах, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр Прадо маркийн автомашины, болон гэр бүлийн хэрэгцээний м2 газрыг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн 2 дахь хувь дээр бичигдээгүй үлдсэн тул уг шаардлагаа дахин тодруулан гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.О нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбар гаргахдаа: “Т.О миний бие Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Сд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, нэмэлт тайлбар гаргаж байна. Үүнд: 1. Б.Сгээс гэрлэлтээ цуцлуулж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн охин С.Б, 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдөр төрсөн хүү С.Ш нарыг өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох, 2. Гэр бүлийн дундын өмч PRADO-120 маркийн 35-45 ОРО автомашин, Булган аймгийн Хангал сумын 2-р баг Бандийн булаг эх-д байрлах 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй, 31.82 м.кв талбайтай дүнзэн зуслангийн байшин зэрэг эд хөрөнгөөс гэр бүлийн 5 гишүүнд хувааж, 3 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.О 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Т.О миний бие Б.Стэй гэр бүл болон үр хүүхдээ хамтдаа өсгөн нэгэн голомтыг бадраан сайн сайхныг бодон амьдралаа эхлүүлсэн. Гэвч амьдралын явцад эр хүн болгон өрхийн тэргүүн болдоггүйг мэдэрсэн. Эцэг хүний үүрэг хариуцлага гэдгийг бараг мэдэхгүй зөвхөн хар амиа бодон өөрийн юу хүссэнээ хийж өөрийн дураар авирладаг. Энэ бүгдийг тэвчин болж бүтэх байх гэж итгэсээр энэ олон жилийг өнгөрүүлсэн. Гэвч жил ирэх тусам ааш араншин нь улам бүр дордож хүүхдүүд маань ч байнгын айдастай тайван бус орчинд амьдарсан. Өөрийн үзэмжээр хуваарьт хөрөнгөө дундын өмчид хүлээн зөвшөөрч зарцуулчихаад одоо болохоор үр хүүдүүдээсээ нэхэж байгаа нь үнэхээр ичгүүртэй санагдаж байна. Үүнийгээ ч өөрөө хяналтын шатны шүүхэд хэлсэн байдаг. Хоёр нялх хүүхдийнхээ ирээдүй болон үр хүүхдээ юман чинээ бодохгүй зүгээр л хар амиа бодож хаяж байна. Би энэ хүнтэй ярилцаж байхдаа чи хүүхдийнхээ ирээдүйг юу бодож байна гэж асуухад хүүхнүүд та нар дуртайдаа хүүхэдтэй болчихоод сүүлд нь ингэж новширдог улс гэж хээв нэг хэлж байсан. Бидний гэр бүл энэ хүнээр тэжээлгэж тэтгүүлсэн зүйл байхгүй. Цалингийн зээлээ өөртөө зарцуулсан тухайгаа хяналтын шатны шүүхэд хэлсэн байгаа. Мотоцикл 2 удаа авч байсан. Анх 4 дугуйтай 250 мотортой ногоон өнгийн мотоцикл 4 500 000 төгрөгөөр, 2016 онд cross маркийн уралдааны мотоцикл 5 000 000 төгрөгөөр авч мөн дагалдах хэрэгсэл болох гутал 2х300 000 төгрөг /тус бүр/, хослол 1х280 000 төгрөг, өмд 1х190 000 төгрөг, малгай 1х300 000 төгрөг, армур 1х400 000 төгрөг, цүнх 1х100 000 төгрөгөөр авч байсан. Мөн өөртөө бөгж 860 000 төгрөг, Adish 1 500 000 төгрөг, турк нэхий 1 500 000 төгрөг, хөөрөг 450 000 төгрөг, элэгний эмчилгээнд 1 удаад 1 000 000 төгрөг нийт 4 000 000 төгрөг зарцуулсан байна. Нийт 19 680 000 төгрөг энэ бүгдийг тооцоогүй шүүхийн шийдвэр гарсан болохыг хяналтын шатны шүүх буруу гэж үзсэн. Том охин Г.Быг ам бүлийн тоонд оруулан тооцож гэр бүлийн дундын өмч хуваахад оролцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Охин С.Б нь Билэгт Өргөө бүрэн дунд сургуулийн 1-р ангид элсэн суралцаж байгаа бөгөөд жилийн сургалтын төлбөр болох 3 600 000 төгрөг үүний 50 хувь болох 1 800 000 төгрөгийг эцэг Б.Сгээс гаргуулж өгнө үү.

2. Дундын өмчлөл болох автомашины үнэ 35 000 000 төгрөгийг ам бүлийн 5 хүнд тэгш хувааж 4 ам бүлд ногдох 28 000 000 төгрөгийг Б.Сгээс гаргуулж өгнө үү.

3. Хаан банкны дансанд байх миний эзэмшлийн 3 000 000 төгрөгийг 5 ам бүлд хувааж, 4 ам бүлд ногдох 2 400 000 төгрөгийг хэвээр үлдээж өгнө үү.

4. Т.Этэй хамтран эзэмших Хаан банкны дансанд байх 30 000 000 төгрөгөөс түүний хөрөнгө 27 000 000 төгрөгийг Т.Эт буцаан олгож өгнө үү. Б.Сгээс нийт 32 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Сгийн нэхэмжилсэн цалингийн зээлийн 17 590 000 төгрөгөөс 10 дугаар сарын 23-ны өдөр нэмж авсан 3 000 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү. Б.Сгийн нэхэмжилсэн цалингийн зээлээс өөртөө зарцуулсан мөнгөн дүн 19 680 000 төгрөг болж байгаа тул Б.Сгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан 8 795 000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү. Охин С.Б, хүү С.Ш нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, зуслангийн байшин зэрэгт маргах зүйлгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.   

Нэхэмжлэгч Т.О 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Т.О би 2012 оноос Б.Стэй 2017 оны хооронд гэр бүлээ албан ёсоор бүртгүүлэн амьдарч байсан билээ. Энэ хугацаанд охин С.Б хүү С.Ш гэх хоёр хүүхэд төрүүлсэн. Миний том охин Б 12 настай байсан бөгөөд С бид хоёр харилцан тохиролцож миний охиныг хүлээн зөвшөөрч гэр бүл болсон. Би Б.Стэй гэр бүл болохоос өмнө охинтойгоо өөрийн гэсэн байртай түрээсэлж орлого ордог, үл хөдлөх хөрөнгөтэй хүнээс дутах зүйлгүй л амьдарч байсан. Б.Стэй амьдарснаар хоёр ам бүл байсан бол дөрвөн ам бүл болон хоцорч 3 хүүхдийн ирээдүйг ганц биеэр хариуцан амьдрахаар болоод байгаа билээ. Миний хувьд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого 1 500 000 төгрөгөөр дутах зүйлгүй амьдарч байсан. Энэ нь нэг жилд 18 000 000 төгрөг бидний амьдрах хугацаанд 90 000 000 төгрөгний түрээсийн орлого олж амьдралдаа зарцуулсан байдаг. Тэгвэл Б.С нь сард 1 200 000 -1 300 000 төгрөгний цалин авч байсан бөгөөд 2012-2013 онуудад надад надад цалингаасаа өгч байгаагүй. Би ч хэдэн төгрөг авдаг байсныг нь мэддэггүй байсан. 2014 оноос цалингийн зээлээ төлөөд 450 000 – 500 000 төгрөг надад өгдөг байсан боловч буцаагаад бусдад тавьсан өр зээлд уусан архины мөнгө, өдөр бүр 20 000-30 000 төгрөгөөр нь буцааж авсаар дуусгадаг байсан. Би бүр надад мөнгө битгий өгч бай, өөрөө тэр өр зээлэндээ өгч бай гэж хэлж байсан удаатай.  

1. 2014 онд цалингийн зээл 15 000 000 төгрөг авсан. Үүнээс 6 000 000 төгрөгөөр лагерийн байшин барьсан. 4 500 000 төгрөгөөр 450 мотортой 4 дугуйтай мотоцикл мөн 4 000 000 төгрөгөөр элэгний эмчилгээ 4 удаа тус бүр 1 000 000 төгрөгөөр хийлгэсэн.  

2. 2015 онд зээлийн үлдэгдэл 13 000 000 төгрөг дээр нэмж 7 000 000 төгрөгний зээл авсан. Үүнээс 5 000 000 төгрөгөөр 250 мотортой Cross маркийн мотоцикл дагалдах хэрэгсэл 2 000 000 төгрөгөөр авсан.

3. 2016 онд зээлийн үлдэгдэл дээр нэмж 10 000 000 төгрөг авсан гэж надад хэлсэн. Гэтэл зээлийн үлдэгдэл 14 188 288,62 төгрөг дээр 13 000 000 төгрөгний зээл нэмж аваад үлдэгдэл нь 27 188 288,62 төгрөг болсныг би сүүлд нь мэдсэн. Энэ 13 000 000 төгрөгний зээлийн 3 000 000 төгрөгний зээлийг би огт мэдээгүй. 10 000 000 төгрөгний тооцоог гаргавал

- Архинаас гаргах эмчилгээнд сая төгрөг /Булганаас удган гэх хүнийг Чимгээ эгч нь дагуулж ирж төлбөрт нь өгсөн/ - DDISH-н тоног төхөөрөмж 1 500 000 төгрөгөөр авсан, - Турк нэхий 1 500 000 төгрөгөөр, - Мотоциклын малгай, цүнх, хамгаалалт гутал зэргийг дахин 1 000 000 төгрөгөөр, - Монетон бөгж 860 000 төгрөгөөр, - Хөөрөг 450 000 төгрөгөөр тус бүр авсан. Энэ бүгд нийт 6 310 000 төгрөг болсон. Үлдсэн 3 690 000 төгрөгийг амьдралд ойр зуурын зүйлд зарцуулсан.

2014 оноос хойш цалингийн зээлд сар бүр 700 000 төгрөг төлөөд сард 500 000 төгрөг үлдэж байсан бөгөөд үүнийг надад өгсөн нэртэй боловч буцаагаад архи дарс, хүнээс зээлсэн гээд буцааж авдаг байсан. Гэр бүлд зарцуулдаг байсан сарын хэрэглээний тооцоог гаргавал,

Тогтмол зардал – 110 000 төгрөг /тог, усны мөнгө, байр/, 30 000 төгрөг /утас/, 50 000 /univation/, 160 000 төгрөг /бензин/, 90 000 төгрөг /3 боодол/,

Хувьсах зардал – памперс 3 багц х 48 000 = 144 000 төгрөг, 150 000 /сүү 5ш х 30 000/, 15 000 /каш/, 10 000 /угж/, 50 000 төгрөг /эм тариа/, 40 000 төгрөг /ахуйн хэрэглэл/, 400 000 төгрөг /хоол хүнс, мах, будаа, тос/, 100 000 /бусад/, нийт 1 739 000 төгрөг сар бүр амьжиргаандаа зарцуулж байсан. Үүнээс харахад Б.С нь гэр бүлээ тэжээх биш надаар тэжээлгэж байсан нь харагдана. Цалингийн зээлийн тооцоог гаргавал нийт 27 000 000 төгрөгний зээл авснаас өөртөө 20 310 000 төгрөг зарцуулсан болно. Зуслангийн байшин 6 000 000 төгрөгөөр барьсан бөгөөд үлдэгдэл 690 000 төгрөг болж байна. Т.О би 1 сард 1 500 000 төгрөгний орлого олдог байсан бол Б.С нь 2014 оноос 2017 оны хооронд сард 500 000 төгрөг амьжиргаанд зарцуул гэсэн нэрээр өгдөг байсан. Үүнийг тооцвол,

- Миний орлого 1 500 000 х 12 сар = 18 000 000 /жилд/ төгрөг 5 жилд 90 000 000 төгрөг болж байна.

- Б.Сгийн орлого 500 000 х 12 сар = 6 000 000 /жилд/ төгрөг 3 жилд 18 000 000 төгрөг болж байна. Тэгвэл миний олсон орлого 90 000 000-аас 18 000 000 төгрөгийг хасвал 72 000 000 төгрөг би илүү олж амьдралдаа зарцуулсан байна. Би Б.Стэй энэ бүгдийн тооцоог хийгээгүй билээ.

Харин би дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Охин С.Б, хүү С.Ш нарыг өөрийн асрамжинд үлдээх, С.Б, С.Ш нарт тэтгэмж тогтоолгох,

2. Миний орлого болох 1 500 000 төгрөгний орлогоос Б.Сгийн цалингийн орлого болох 500 000 төгрөгтэй дүйцүүлэн 500 000 төгрөг хасаад үлдэгдэл 1 000 000 төгрөгийг Б.Сгээс 3 жилээр тооцож 18 000 000 төгрөг нэхэмжилж байна.

Мөн 2012-2014 онд 1 500 000 төгрөгний орлогыг амьдралдаа зарцуулсан бөгөөд үүний тал хувь болох 750 000 төгрөгийг хоёр жилээр тооцож 18 000 000 төгрөгийг Б.Сгээс нэхэмжилж байна. 375 000 төгрөг 1 хүний х 2 = 750 000 х 12 сар = 9 000 000 /1 жилийн/ төгрөг болно. 2 жилд 18 000 000 төгрөг болж байна.

3. Охин С.Бгийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1 800 000 төгрөгийг эцэг Б.Сгээс гаргуулахаар нэхэмжилж байна.

4. ХААН банкны 5094130783 тоот дансанд байгаа 3 000 000 төгрөгийг 5 ам бүлд хувааж Т.О, Б, Б, Ш бид дөрөвт ногдох 2 400 000 төгрөгийг гаргаж өгнө үү.

5. Б.Сгийн цалингийн зээл авч өөртөө авсан эд зүйлсийг түүний хуваарьт өмчид тооцож өгнө үү.  

6. Надаас нэхэмжилсэн цалингийн зээлийн ногдох хувь 8 795 000 төгрөгний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.  

7. Бидний дундын хөрөнгө болох 42 500 000 төгрөгөөр худалдан авсан дундын өмчөөр тогтоогдсон Прадо-120 автомашиныг 5 ам бүлд хуваан бидний 4 ам бүлд ногдох 34 000 000 төгрөгийг Б.Сгээс гаргуулж өгнө үү.  

8. Б.Сгийн надаас нэхэмжилж буй Согоот баг 6-13-59 тоот байрны мөнгөний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

Энэ мөнгө нь 2013 оны 7 сард миний Голомт банкны дансанд орж ирсэн байдаг бөгөөд эргээд 2014 оны 7 сард 34 990 000 төгрөгийг авч Прадо-120 автомашиныг худалдан авахад зарцуулагдсан болох нь банкны хуулгаар харагдаж байна. Тиймээс Б.С нь өөрийн хуваарьт өмчөө дундын өмчид хүлээн зөвшөөрч оруулсан байдаг бөгөөд эргээд машин авахад зарцуулагдсан нь тодорхой байгаа учраас түүний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Т.О би Б.Сгээс нийт 74 200 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.     

Нэхэмжлэгч Т.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: Б.Сгийн гаргасан сөрөг нэхэмжлэпийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна. Б.С бид 2-ын хувьд хожуу гэрлэж эцэг эх болцгоосон ч миний хувьд оюутан байхдаа хүүхэдтэй болсон, албан ёсоор гэр бүл болж амьдарч байгаагүй. Харин Б.С албан ёсны гэр бүлтэй байсан. Мөн хамтран амьдрагч нартай байсан. Хэзээ ч гэр бүл үр хүүхдээ бодож архийг зохицуулж хэрэглэддэггүй байсан. Энэ хүнд зөвхөн найз нөхөд нь чухал. Хэзээ уухыг хүснэ тэр цагтаа хэдэн өдрөөр ч ууна. Нэг ёсондоо бидний амьдрал хаалттай хаалганы цаана архидалт, хүчирхийлэл дунд байсан. Үүнийгээ засахыг хүсэж хэлж ярихад дандаа өөрийгөө өмөөрнө. Хэтэрхий их ууж байна гэхэд намайг архичин гэлээ гэж уурлана. Юмны учрыг олохын оронд уур омгоороо бүхнийг шийднэ гэж боддог. Миний хувьд энэ хэдэн жилийг үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө гэж зүтгэж эхнэр хүнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн гэж бодож байна. Нэг өдөр орж ирэхэд нь зөрж гаралгүй аль сайн бүхний дээжийг өргөн эр хүн гэж хүндэлж ирсэн минь алдаа болсон бололтой. Эргээд нэг амьдралаа харахад энэ хүн надтай өөр ямар нэг ашиг сонирхлын үүднээс гэр бүл болсон нь тодорхой харагдаж байна. Урьд нь хамтран амьдарч байсан хүүхнээсээ 1 хүүхэдтэй, хүүхдийн тэтгэлэг өгдөг. Би энэ хүнтэй суугаад энэ хүнээс идэж уусан, өөртөө зориулсан зүйл байхгүй. Өсгөж үржүүлье амьдаръя л гэж бодсон. Би тэр хүнээс хүүтэй мөнгө зээлээгүй, харин гэр бүлийн хөрөнгөө өсгөн арвижуулахын төлөө ажиллаж ирсэн. Машин болон зуслангийн газар нь биднийг гэр бүл болсноос хойш, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөр бий болсон. Би энэ хэдэн жил энэ хүнээр тэжээлгэж байсан биш би ч гэсэн өөрийн гэсэн орлоготой хүн. Гэрийн тавилгын хувьд Б.С нь тийм их зүйл авсан юм байхгүй. Би анх том охинтойгоо амьдарч байхдаа бүх тавилгаа Солонгос улсаас захиалж оруулж ирсэн. Гэр бүл болохоос өмнө би өөрөө авсан байсан зарим тавилгыг авсан, харин гэр бүл болсноос хойш бий болсон тавилгууд болон анх гэр бүл болохдоо Б.Сгийн авч ирсэн тавилгыг өөрт нь үлдээсэн. Ийнхүү өөрийн хуваарьт хөрөнгө болох тавилгаа авах шалтгаан нь энэ гэр оронг Б.С эзэнгүй мэт аашилж элдэв эмэгтэйчүүдийг оруулж дэн буудал болгож байгаатай холбоотой. Үүнийг баримтжуулсан бичлэгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Ийнхүү энэ үйлдлээс болж миний бие хүүхдүүдийнхээ хамт аавындаа амьдарч байна. Үр хүүхдээ тав тухтай байлгамаар байгаа учир Б.Сгээс түүнтэй гэрлэхээс өмнө миний бие өөрөө өмчилж байсан, өөрийн хуваарьт хөрөнгө болох орон сууцаа султгуулж авмаар байна. Энэ хүний хувьд ууж идэж бусадтай нийлж наргих хүүхэнтэй найзлах нь хэвийн үзэгдэл. Амьдралд байдаг л асуудал гэсэн байр суурьтай байдаг. Магадгүй энэ хүний суурь хүмүүжилтэй холбоотой гэж бодож байна. Миний хувьд ийм зүйлийг үзэн яддаг хатуу байр суурьтай хүн. Би ийм орчинд үр хүүхдээ хүмүүжүүлэхийг хүсэхгүй. Эмэгтэй хүнийг юман чинээ боддоггүй. Олон хүүхнүүдээр тоглож ирсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Нэгдүгээрт, Прадо-120 маркийн суудлын автомашиныг 2014 оны 07-р сард 42 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Тус машиныг худалдаж авахад би өөрийн өмчлөлийн машинаа 10 000 000 төгрөгөөр, Б.Сгийн машиныг 6 000 000 төгрөгөөр тус тус худалдаж дээр нь миний хураасан мөнгө болон Б.Сгийн цалингийн зээл, орон сууцны үнээс нэмж авсан. Б.С цалингийн зээл авсан мөнгөнийхөө 5 000 000 төгрөгөөр нь мотоцикл худалдаж авсан бөгөөд одоо ч мотоцикл нь өөрт нь байдаг. Хоёрдугаарт, Б.С байрны мөнгөнийхөө тодорхой хэсгийг машин авахад зарцуулсан бөгөөд үлдсэн мөнгөө гэр бүлийнхээ хамтран өмчлөлд сайн дурын үндсэн дээр шилжүүлж миний нэр дээр банкинд хадгалуулсан ба миний бие өөрийн мөнгөө нэмж, ахаасаа бас мөнгө зээлж хадгалуулан хадгаламжийн хүүгийн орлогоор гэр бүлийн хоол хүнс, орон сууцны цахилгаан дулааны мөнгө, хүүхдүүдийн хувцас хэрэглээний мөнгө зэргийг зохицуулж ирсэн. Иймд Б.Сгийн нэхэмжилж буй 76 сая төгрөгийг төлөх боломжгүй, надад ийм мөнгө ч байхгүй. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба түүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн 30 000 000 төгрөг одоо миний хадгаламжинд байгаа тул гэр бүлийн хамтын өмч учраас гэр бүлийн таван гишүүндээ хуваах болно. Б.Сгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 76,000,000 төгрөг болон машинаа өөрөө авна гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрлэлтээ цуцлуулаад 2 хүүхдийг өөрийн асрамжинд авна гэж байгаа нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн амь нас эрүүл мэндэд халтай шаардлага байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.С өөрөө хүүхдийг алгадаж байсан тухайгаа ч сөрөг нэхэмжпэлдээ дурьдсан байх ба хүүхдийг ийнхүү сэтгэл санааны хувьд архи ууж агсам тавьж сэтгэл зүйн дарамтанд оруулахаас гадна хүч хэрэглэж зодож зовиур үүсгэж байгаа тул түүнд хүүхдээ асруулахыг миний бие зөвшөөрөх боломжгүй. Б.С нь хүүхдүүдтэй уулзаж болох боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэдтэй уулзахаар сургууль цэцэрлэгээр очиж байгаа нь хүүхдэд айдас төрүүлэхээс гадна, бусад хүүхдийн өмнө ичгэвтэр байдалд оруулж байгаа зэрэг нь энэ хүүхдээ буй харин өөрийгөө л бодож байгааг харуулж байна. Б.С нь одоо намайг хүүхдүүдтэйгээ айлаар дамжин амьдарч байгааг мэдэж байгаа атлаа миний хуваарьт хөрөнгө болох орон сууцанд ганцаараа амьдарч, хүссэн үедээ эмс хүүхнүүдтэй хамт архидаж, хонож өнждөг мөртлөө орон сууцыг минь суллаж өгөхгүй байгаа нь энэ хүнийг хүүхдүүдээ асрахыг хүсдэг, тэдний төлөө санаа зовдог хүн биш гэдгийг харуулж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын миний нэр дээр Хаан банкинд хадгалагдаж байгаа 30 сая төгрөгөөс гэр бүлийн таван гишүүнд тэнцүү хувааж оногдох хэсэг болох 6 сая төгрөгийг Б.Сд гаргаж өгөхийг зөвшөөрч байна. Харин бусад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Т.О сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Т.О миний бие Б.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 3 хүүхэд болон өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагын хэмжээг багасгаж, шинээр шаардлага гаргаж нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. 

1. Т.О миний бие Б.Сгийн орон сууцыг албадан заруулаагүй, өөрийн үзэмжээрээ өөрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж эгчийнхээ хүүхдэд зарсан гэж надад хэлж байсан. Надад хэлэхдээ 30 сая төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Надад харин хадгалуулахаар өгсөн гэх 48 сая төгрөгийг өгч байсан удаагүй. Худалдсан орон сууцныхаа мөнгө болох 30 сая төгрөгийг надад өгөх үед нь би өөрөө мөнгө нэмээд хадгалж байсан ба үүнээс хэрэгтэй үедээ мөнгөө аваад бид хэрэглэж байсан. Миний бие дээрх байрны үнэ болох 30,0 сая төгрөгийг ч албадан, хүчээр аваагүй. Өөрөө л хүсээд гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байхаар өгсөн. Сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан ...банкруу надтай хамт явсан гэдэг нь огт худал байна. Ийнхүү өөрөө сайн дураар дээрх 30 сая төгрөгөө гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулчихаад ийнхүү эцэг хүний үүрэг хариуцлагаас зугтаж буцаан нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү орон сууцны үнэ болох 30 сая төгрөгийг оролцуулан 42 сая төгрөгөөр одоо өөрийнх нь унаж байгаа прадо 120 автомашиныг, жилд 1 удаа 1 сая төгрөгөөр жилд 2 удаа, 2 жил дараалан нийт 4 удаа элэгний эмчилгээнд, 2 шкаф дүүрэн хувцас /турк нэхий 1 ширхэг 1.500.000 төгрөгний үнэтэй/, өөртөө бөгж- 860.000 мянган төгрөгөөр, мөн өөртөө зориулж хөөрөг, гэр бүлийн хэрэгцээнд зориулж зуслангийн газар, байшин, ДиДиШ телевизийн антенн, хүлээн авагч, зурагт нийт 1.500.000 төгрөгөөр гэх мэтээр зарцуулж дууссан. Энэхүү орон сууцны үнэ гэх мөнгө нь дээрх хөрөнгийн өчүүхэн хэсэгт нь хамаарна. Миний бие Б.Сгээс өөрийн бусад хуваарьт хөрөнгийг нэхэмжлээгүй болно. Миний бие өөрөө хувиараа аж ахуй эрхэлдгийн хувьд мөнгөн хуримтлал бий болгож тэрхүү мөнгөн хуримтлалын хүүний орлогоор амьдралаа залгуулж ирсэн. Одоо миний дүүгийн хамт эзэмшдэг дансанд 30 сая төгрөг байгаа бөгөөд тэрхүү мөнгийг Б.Сг оролцуулаад гэр бүлийн 5 гишүүндээ тэнцүү хуваах саналтай байна. 

2. Цалингийн зээлийн тухайд миний тус цалингийн зээлээс 1 ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй, харин Б.С зээл аваад 5 сая төгрөгөөр мотоцикл, дагалдах хэрэгсэл /малгай, цамц, өмд, нүдний хамгаалалтын шил, үүргэвч гэх мэт/, 2 сая төгрөгөөр авсан. Мөн гэр бүлийн дундын хэрэгцээндээ зориулж зуслангийн байшинд тодорхой хэмжээний мөнгө оруулсан. Үлдсэн мөнгийг нь гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хичээл сургууль /том охин Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн лицейд 3 жил сурсан төлбөр/, соробон сампингийн сургалт, шатрын дугайлан, бүжгийн дугайлан зэрэгт зарцуулж ирсэн. Эцэг, эх хүмүүс үр хүүхдийнхээ төлөө адилхан үүрэг хариуцлагатай байх ёстой байтал Б.С нь одоо надаас ийнхүү хүүхдэд зарцуулсан, өөртөө зарцуулсан цалингийн зээлээ надаас нэхэж байгааг хүлээс зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлийн гэрээнд миний бие батлан даах зорилгоор хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон болохоос миний дансанд ямар ч зээлийн мөнгө ороогүй, бэлнээр цалингийн зээлийн мөнгийг би огт авч байгаагүй. Ийм байтал гэрээнд гарын үсэг зурсны төлөө намайг цалингийн зээлийг авч хэрэглэсэн мэтээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хүний гаргаж байгаа үйлдэл бүр нь хэтэрхий амиа хичээсэн, үр хүүхдээ боддоггүйг харуулж байна.

Иймээс Б.Сгийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.О бие даасан шаардлагад гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хариу тайлбартаа: “Т.О миний Хаан банкны 5094130783 тоот харилцах данс нь 2003 оноос өдийг хүртэл ээж Ш.Чанцалдулам, мөн үргэлжлүүлэн дүү Т.Э нартай хамтран гэр бүлийн дундын дансаар эзэмшиж байсан. Тиймээс уг дансанд байгаа 27 000 000 төгрөг нь Т.Эийнх мөн бөгөөд дансны хуулгаар харагдаж байна. Иймд миний бие Т.Эт өгөхөд татгалзах зүйлгүй болно” гэжээ.   

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус шүүхээс анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 142/ШШ, давж заалдах шатны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 25 тус хоёр шатны шүүхийн шийдвэрээр охин Г.Бд гэр бүлийн дундын өмч болох 35 000 000 төгрөгнөөс 5 хуваан түүнд ногдох 7 000 000 төгрөгийг шийдвэрлээгүй үлдээсэн болно. Үүнд дээрх хоёр шатны шүүхийн бие даасан нэхэмжлэл гаргаагүй байсан шалтгааны улмаас ногдох хувийг олгох шүүхийн шийдвэр гаргаагүй болно. Иймд Г.Б нь ээж Т.О надад итгэмжлэл өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Охин Г.Бд ногдох гэр бүлийн дундын өмч болох 35 000 000 төгрөгнөөс ногдох 7 000 000 төгрөгийг хариуцагч Б.Сгээс гаргуулж өгөх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би найз нөхөд хамт олонтойгоо хааяа нийлж архи дарс уудаг байсан нь үнэн. Архины халуунд хааяа муухай зан гаргаж байсан нь үнэн. Гэр бүлээ цуцлуулах үр хүүхдээ өнчрүүлэх дээрээ тултал үйлдэл хийж байгаагүй. Дахин муухай зан гаргахгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, муухай зан гаргахгүй, гэр бүлээ цуцлуулмааргүй байна” гэжээ.    

Хариуцагч Б.С 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Т.О нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж дараахь мөнгийг надаас нэхэмжилжээ.  

1. Охин С.Биндэрьяагийн Билэгт Өргөө дунд сургуулийн төлбөрийн 50 хувийг нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй. Энэ сургуульд сургах талаар болон төлбөрийн талаар надтай тохиролцоогүй тул би сургалтын төлбөрийн 50 хувийг төлөхийг зөвшөөрөхгүй.

2. Дундын өмчлөл болох 35 000 000 төгрөгийг 5 ам бүлд хувааж 4 ам бүлд 28 000 000 төгрөг гаргуулах гэжээ. Дундын өмчлөлд 35 000 000 төгрөг хаана байгаа юм бол ойлгомжгүй байна. Ийм бэлэн мөнгө байгаа гэдгийг нотлох ёстой байх. Надад 35 000 000 төгрөг байхгүй тул зөвшөөрөхгүй.

3. Хаан банкны дансанд байгаа 3 000 000 төгрөгийг 5 ам бүлд хувааж 4 ам бүлд оногдох 2 400 000 төгрөгийг хэвээр үлдээнэ үү гэжээ.Тийм мөнгө байгаа бол би оногдох хэсгээ авна. Энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ.

4. Т.Этэй хамтран эзэмшдэг Хаан банкны дансанд байгаа 30 000 000 төгрөгөөс 27 000 000 төгрөгийг Т.Эт буцааж олгож өгнө үү гэжээ. Т.Эт яагаад ийм мөнгө өгөх нь ойлгомжгүй бөгөөд сайтар тооцоолж үзвэл миний байраа зараад хадгалуулсан 49 000 000 төгрөгийг энэ дансанд хийсэн байж болзошгүй. Тийм учраас 27 000 000 төгрөгийг Т.Эт өгөх ёсгүй гэж үзэж байна.Т.Э ийм хэм жээний мөнгө Т.Отэй хамтран эзэмшдэг дансандаа хийгээгүй байна лээ. Тиймээс ингэж шйидвэрлэхийг зөвшөөрөхгүй.

5. Цалингийн зээлээс 10 сарын 23-нд авсан 3 000 000 төгрөгийг хасаач гэжээ. Хэдэн оны 10 сарын 23-ны өдрийн зээл болох нь тодорхойгүй байгаа тул зөвшөөрөхгүй.

6. Цалингийн зээлээс өөртөө зарцуулсан мөнгөн дүн 19 680 000 төгрөг болж байгаа тул сөрөг нэхэмжилсэн 8 795 000 төгрөгийг хүчингүй болгоно уу гэжээ.

Би энэ хүнтэй 2010 оны 2 дугаар сард гэрлэсэн. Хамт амьдарсан 10 жилийн турш янз бүрийн зүйлд зарцуулсан мөнгө төгрөгийг одоо нэг тооцоод намайг 19 680 000 төгрөгийг хувьдаа зарцуулсан гэжээ. Үүнийг би зөвшөөрөхгүй. Миний хуваарьт өмч болох 49 000 000 төгрөгийг хадгаламжинд хадгалахаар аваад миний нүдэн дээр дансандаа хийчихээд 12 хоногийн дараа 35 000 000 төгрөгийг нь дахин 4 хоногийн дараа 5 000 000 төгрөгийг нь буцаагаад гаргаад авчихсан байгааг юу гэж ойлгох вэ. Энэ мөнгийг яасан тухайгаа огт хэлэхгүй байгаа .Тэгээд бас тэр мөнгийг аваагүй гэж мэлзээд. Үнэхээр би өөрийгөө ийм хүнтэй ханилж явсан гэж бодохоор гутмаар санагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах болон хүүхдийн асрамж тэтгэлгийг зөвшөөрнө. Зуслангийн газрыг Т.О хүүхдүүдийн өмчлөлд үлдээж, оногдох хэсгээсээ татгалзна. Бидний гэрлэсэнээс хойш бий болсон эд хөрөнгийг Т.Оийн дагавар охин хуваалцах ёсгүй гэж бодож байна. Би тэр дагавар охиныг нь үрчилж аваагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгө бол Т.О болон 2 хүүхэд бидний өмч гэж үзэж байна. Намайг удаа дараа гүтгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга архи уудаг, хар амиа боддог, хүүхдийнхээ ирээдүйг боддоггүй цалингийн зээлээ зөвхөн өөртөө зарцуулдаг гэх зэргээр бичжээ. Хүүхдүүдээ бодсон бол тэр өөрөө яагаад анх салах өргөдөл өгсөн юм бэ. Би салахгүй гэж зөндөө хэлсэн. Т.О нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон байсныг би мэдэхгүй явсан юм билээ. Түүний хүссэн хэмжээний мөнгө олж хөрөнгө хуримтлуулж чадахааргүй хүн гэдгийг надад хамт амьдарсан хугацаанд олон удаа янз бүрийн байдлаар хэлж намайг чамлаж байсан ч би түүнийг ингэж хүүхэддээ ганц удаа гар хүрсэнээр далимдуулан салахаар үг сэггүй зүтгэнэ гэж бодоогүй. Хамт амьдарна, түүний байранд амьдарч өөрийн байрыг зараад мөнгөө өсгөнө гэж хоёулаа тохирч түүний хадгаламжинд хадгалуулсан. Хэзээ нэг өдөр сална гэж би хэзээ ч бодож байгаагүй. Хэрэв би хар амиа бодож явдаг хүн юм бол түүнд мөнгөө өгч хадгалуулах уу. Амьдралыг ингэж дуусгаж намайг юу юу ч үгүй хаяж орхино гэж энэ хүн төлөвлөж явсаныг би даанч мэдсэнгүй явжээ. Т.Оийн ээж нь миний 1 өрөө байранд байсан тавилгыг зарсан. Мөнгийг нь яасан гэж би нэг ч удаа асуугаагүй. Яагаад гэвэл бид нэг гэр бүл учраас амьдралд л зарцуулсан байх. Ганц бие ч гэсэн айлд байх ёстой бүх л зүйл байсан даа. Би цалингийн зээл аваад өөрөө өөртөө дандаа юм аваад дуусгаж байсан болж байна уу. Хоёулаа гарын үсэг зураад л авч амьдралдаа зарцуулсан шүү дээ уг нь бол. Би сая хэргийн материалтай танилцаж байхад өмнө нь анхаараагүй нэг зүйлийг олж мэдпээ. Бид 2010 оны 2 дугаар сард гэрлэсэн. Гэтэл Т.О 2012 оны 2 сарын 16-нд үйлчилгээний зориулалттай багагүй хэмжээний том талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгөөр бүртгүүлсэн тухай гэрчилгээ байна. Түүнээс гадна миний мэдэхээр 4-24-т арктай 1 өрөө байр байдаг. Бас 3-13-т нэг өрөө байр байдаг. Мөн 3-12-т Мөнгөн сор гэсэн үсчин гоо сайхны салон байдаг. Эдгээр эд хөрөнгийг би мэддэг байсан ч хэзээ яаж авсаныг сонирхож байгаагүй. Одоо харин энэ бүгдийг шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргана. Т.О нь намайг хүүхдүүдээ хаясан гэжээ. Харин тэр өөрөө өөр хүнтэй болоод намайг орхиод гэрийн бүх тавилгаа ачиж аваад 2017 оны 8 сард 4-24-ийн байр руугаа явчихсан байсан шүү дээ. Ямар байдалтай ямар эд хөрөнгөтэй үлдсэнээ би баримтжуулж зургийг нь шүүхэд нотлох баримтаар өгнө. Тэгээд тэр өөрийнхөө байрнаас 2018 оны 1 сард намайг ажлаас бууж ирэхэд хаалганы түлхүүрийн голыг солиод хөөсөн шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийгөө өрөвдүүлэх гэж шүүхийн өмнө жүжиглэдэг...” гэжээ.  

Хариуцагч Б.С 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.О нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлж Б.С надад холбогдуулан гаргасан шаардлага тус бүрд нь дараах тайлбарыг хийж байна.  

1. Охин Биндэрьяа.хүү Ш нарыг өөрийн асрамжинд үлдээж тэтгэмж тогтоолгох гэжээ. Гэрлэлтээ яах гэж байгаа юм бол. Цуцлуулна гэсэн өмнөх шаардлагаа дэмжиж байгаа болоод хүүхдийн асрамж,тэтгэлгийн талаар шаардсан юм болов уу гэж бодоод 2 хүүхдээ ээжид нь өгье. Тэтгэмж төлье гэж зөвшөөрч байна. Уг нь би анх салахгүй, 2 хүүхдээ өнчрүүлэхгүй гэж зөндөө гуйсан. Харин энэ маргаан шүүхэд их удлаа. Энэ хугацаанд Т.Оийн зан байдлыг маш сайн мэдэж авлаа. Надаас ямар их хөрөнгө нууж явсныг үнэнч бус байдлыг, хөнгөмсөг зантайг нь бас хүнийг яаж гүтгэдгийг, хэлсэн ярьснаасаа яаж буцдаг хүн болохыг мэдэж авлаа.Тийм учраас ийм хүнтэй цаашид хамтран амьдрах нь байтугай дахин дахин тааралдахыг ч хүсэхгүй байна.

2. Т.О 1 500 000 төгрөгийн орлогоо миний цалин болох 500 000 төгрөгтэй дүйцүүлж 500 000 төгрөг хасаад үлдсэн 1000 000 төгрөгийг 3 жилээр тооцоод надаас 18 000 000 төгрөг нэхжээ. Мөн 2012 оноос 2014 оны хооронд 1500 000 төгрөгний орлогыг амьдралдаа зарцуулсан. 2 жилээр тооцож 18 000 000 гаргуулж өгнө үү гэжээ. Үүнийг би огт ойлгохгүй байна. Ямар учраас ийнхүү нэхэж байгаа шалтгаанаа.үндэслэлээ дурдаагүй байна. Би Т.Оийг ийм орлого олдог гэж огт мэдэж байгаагүй. Түрээслэх үл хөдлөх эд хөрөнгөтэй гэдгийг ч мэдээгүй. Ямар ч байсан орон сууцтай байсан. Мөн би цалин гайгүй авдаг болохоор болно гэж бодсон. Хүүхэд төрүүлээд юун ажил хийх гэж боддог байлаа. Тэгсэн чинь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө, үйлчилгээний газар зэрэгтэй болох нь хэрэг шийдвэрлэж байх явцад гарч ирсэн. Би яагаад 36 000 000 төгрөг төлөх ёстойгоо ойлгохгүй байна. Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л юм байна. Би хамт амьдрах хугацаандаа Т.Оээс сар бүр 1 000 000 аваад байсан юм шиг ойлгож байна. Ийм юм гэж байхгүй энэ шаардлагыг зөвшөөрөхгүй.

З. Охин Биндэрьяа одоо ямар сургуульд сурч байгаа болох, сургалтын төлбөр нь хэд болохыг Т.О нотолбол 50%-ийг нь төлнө.

4. Хаан банкны хадгаламжийн 5094130783 дугаартай дансанд байгаа 30 000 000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хувааж 24 000 000 төгрөгийг нь 3 хүүхэд болон өөртөө гаргуулж өгнө үү гэжээ. Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүү Т.Этэйгээ хамтран эзэмшдэг данс гээд л дүү нь нэхэмжлэл гаргаж 50%-ийг нь нэхээд байсан биз дээ. Хэдийгээр дансыг харвал Т.О, Т.Э нарын хамтран эзэмшдэг данс гэж харагдаж байгаа боловч Т.О нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм бол би өөрт оногдох 6 000 000 төгрөгийг нь аваад 24 000 000 төгрөгийг нь 3 хүүхэд болон Т.От өгөхийг зөвшөөрч байна. Дүүтэйгээ учраа олсон бололтой.

5. Б.Сгийн цалингийн зээл авч өөртөө авсан эд зүйлсийг түүний хуваарьт өмч гэж тооцож өгнө үү гэжээ. Би цалингийн зээлээс Прадо маркийн машин авахад мөнгө оруулсан. Зуслангийн байшин барьсан. Мотоцикл туслах хэрэгслийн хамт авсан. Т.Оийн машиныг 10 000 000 төгрөгөөр, миний машиныг 6 000 000 төгрөгөөр зараад цалингийн зээл аваад 42 000 000 төгрөгөөр Прадо маркийн машин авсан. Хэрэв Т.О цалингийн зээлээр авсан дээрх эд хөрөнгүүдийг миний хуваарьт өмч гэж хүлээн зөвшөөрч байгаа бол би түүнд машин авахад оруулсан 10 000 000 төгрөгийг нь өгье. Гэрлэлт цуцлуулах маргаан эхлэхээс нэг жилийн өмнө машинаа зарах гэхэд 27 000 000 төгрөгөөр ченж авна гэхээр арай биш юм байна гээд хоёулаа зарахаа больж байсныг Т.О мэдэж байгаа. Хэдийгээр шинжээч 35 000 000 төгрөгөөр үнэлсэн ч би амьдралын аргагүй байдлаас болж 25 000 000 төгрөгөөр худалдсан. Цалингийн зээлтэй түүнийгээ төлж байна, орох орон алга. Аргагүйн эрхэнд машинаа зараад мөнгийг нь эгчдээ өгөөд эгч маань байр авахдаа нэмэрлээд одоо тэр эгч Б.Оийндээ би амьдарч байна. Эгч шүүх хуралд гэрчээр орохдоо хэлсэн шүү дээ. Зуслангийн байшинг цалингийн зээлээр барьсан нь үнэн, намайг ав гэж байгаа бол би авъя. Мотоцикл энэ тэр бол угаасаа миний хувийн хэрэгцээнд зориулсан зүйл учраас хуваарьт өмч юм.

6. Цалингийн зээлийг хамтарч төлнө гэж банкны өмнө үүрэг хүлээсэн учраас Т.О 8 795 000 төгрөгийг төлөх ёстой. Миний сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болго гэж байгаа юм шиг байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ.

7. Прадо маркийн автомашины 42 500 000 төгрөгийг дундын өмч гэж үзээд түүнээс гэр бүлийн 4 хүнд оногдох хэсэг болох 34 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Энэ машиныг нэхэмжлэлийн 5 дахь шаардлагаараа цалингийн зээлээр авсан тул хуваарьт өмч гэж тооцооч гэсэн мөртлөө анх худалдаж авсан мөнгөөр үнэлээд оногдох хэсэг гэж нэхээд байгааг ойлгохгүй байна. Ингэж тооцох ч үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Одоо тэр машин байхгүй. Хуваах боломжгүй болсон. Харин өөрийнх нь оруулсан 10 000 000 төгрөгийг өгч болох юм. Т.О нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага тайлбар зэрэгтээ Прадо машиныг 42 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж байснаа одоо 42 500 000 төгрөгөөр авсан гэжээ. 42 000 000 төгрөгөөр уг машиныг авсан юм.

8. Согоот багийн 6-13-59 тоот орон сууцны мөнгийг өөрийнхөө Голомт банкны дансанд орсон ч гэсэн 34 990 000 төгрөгийг нь 2014 оны 7 сард данснаасаа авч Прадо машин авахад зарцуулсан тул Б.С хуваарьт өмчөө дундын өмчид хүлээн зөвшөөрч оруулсан, машин авахад зарцуулсан гэжээ. Т.О нь эхлээд орон сууцны мөнгө гэж өгөөгүй гэж байснаа сүүлдээ ХААН банкны 5094130783 тоот дансанд 30 000 000 төгрөг байгаа болох нь лавлагаагаар гараад ирэнгүүт үүнийг С байрны мөнгө гэж өгсөн энэ 30 000 000 төгрөгийг оролцуулаад 42 000 000 төгрөгөөр Прадо машиныг авсан гэж 2018 оны 02 сарын 19-нд шүүхэд гаргасан тайлбартаа маш тодорхой бичсэн байгаа. Одоо энэ нэмэгдүүлсэн шаардлагадаа Т.О нь өөрийн Голомт банканд 6-13-59 тоот орон сууцны мөнгө орж ирсэн гэдгийг үнэнд гүйцэгдэж хүлээн зөвшөөрчээ. Би Согоот багийн 6-13-59 тоот 1 өрөө орон сууцаа 2013 оны 7 сарын 5-нд Г.Ут 30 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн ч бодит байдал дээр 48 000 000 төгрөгөөр худалдсан юм. Г.Ут 48 000 000 төгрөгөөр худалдсан гэдгийг миний Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 2013 оны 7 сарын 18-нд орон сууцны урьдчилгаа Г.Уээс гэж 15 000 000 төгрөг, мөн өдрөө орон сууцны үнэ гэж Г.Уээс 33 000 000 төгрөг орсон байдаг бөгөөд энэ нотлох баримт 1 дэх хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд байгаа. Харин Т.Оийн Голомт банкан дахь 4001033836 дугаартай дансанд 2013 оны 7 сарын 21-нд 49 000 000 төгрөгийн орлого орсон байдаг. Энэ нотлох баримт болох дансны хуулга нь 1 дэх хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд байгаа. Харин үүнээс 12 хоногийн дараа буюу 2013 оны 8 сарын 2-нд Т.О 35 000 000 төгрөгийг дээрхи данснаасаа бэлнээр гаргаж авсан байдаг. Мөн 4 хоногийн дараа буюу 2013 оны 8 дугаар сарын 6-нд дахин 5 000 000 төгрөг бэлнээр гаргаж авсан байдаг. Тэгэхээр 2014 онд машин авахад зарцуулсан гэдэг нь худал. Миний эгч Б.О нь нэхэмжлэгч Т.Отэй биднийг салах маргаан эхлэх үед утсаар ярьж эцэг эхээс нь өвлөгдөж үлдсэн байрны мөнгийг өг гэж утсаар загнахад тэрээр 48 биш 45 ш дээ гэж хариу хэлж байгаа нь утасны бичлэг дээр байгааг анхны шүүх хурал дээр бүгд сонссон шүү дээ. Би өөрийн хуваарьт өмч болох 1 өрөө орон сууцаа 48 000 000 төгрөгөөр зараад мөнгөө бүгдийг нь Т.От хадгалуулахаар өгсөн. Дээр нь 1 000 000 төгрөг нэмээд 49 000 000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө авах эрхтэй гэж үзэж байна. Миний сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүчингүй /бодвол хэрэгсэхгүй гэж байгаа бололтой/ болгох үндэслэлгүй. Би сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагаа дэмжиж байгаа” гэжээ.   

Хариуцагч Б.С нь Г.Бын нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Т.О бидний гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг, дундын өмчийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа. Т.Оийн гомдлоор бидний маргаан УДШ дээр одоо хянагдаж байгаа. Тэр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад Т.О дагавар хүүхдийнхээ өмнөөс мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Тэгээд ч би Т.Оийн охиныг үрчилж аваагүй. Миний хөдөлмөрийн орлогоор бий болсон хөрөнгөнөөс Г.Б авах эрхгүй гэж бодож байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.  

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.С миний бие Т.Отэй 2012 онд гэр бүл болж хоёр хүүхдийн эцэг эх болсон. Би нилээд хожим гэр бүл зохиож байгаа учраас өвдөх, үхэх эрхгүй боллоо сайхан амьдаръя гэсэн чин сэтгэлтэй байлаа. Анх гэрлэхдээ Эрдэнэт үйлдвэрт ажилладаг учраас архийг тохируулан хэрэглэдэг байсан. Хэзээ ч хэтрүүлэн хэрэглэж байгаагүй. Хэрэв урьд орой нь архи хэтрүүлэн хэрэглэвэл ажилгүй, амьдралгүй болох учраас тохируулан хэрэглэдэг байсан. Хааяа хүний эхнэр л юм болохоор найз нөхөдтэйгээ уух үед Т.О уурлаж бид маргалдаж хэрэлдэж муудалцах үе байсан. Тэгэхдээ гэр бүлээ сарних хэмжээнд хүртэл хэрүүл маргаан болж байсангүй. Гэтэл Т.О хамт амьдарсан хугацаанд байнга зовоож байсан гэсэн нэхэмжлэлийг шүүхэд өгсөн байсан. Заримдаа архи ууснаас болж гэр бүл минь зовж байсан юм байна гэдгийг би ойлгож дахиад ийм асуудал гаргахгүй гэж өөртөө ч эхнэртээ ч тангарагласан. Хүн бас өөрийгөө мэддэггүй юм шиг байна гэж бодсон. Тэгээд салахгүй гэдгээ шүүхэд хэлснээр шүүх биднийг эвлэр гэж 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 142/Ш32017/04469 дугаартай захирамж гаргасан юм.

Гэтэл маргаашаас нь Т.О гэрийнхээ бүх юмыг аваад нүүсэн. Т.Отэй эвлэрэх гэж би хичээсэн ч авч хэлэлцээгүй. 2 хүүгээ авах гээд цэцэрлэг дээр очсон чинь өгөхгүй, уулзуулахгүй гээд цэцэрлэгийн эрхлэгч дээр нь ороод ч уулзаж чадаагүй. Намайг эргэн тойрондоо хүчирхийлэл үйлдэгч гэж ойлгогдохоор мэдээлэл тараажээ гэж бодсон. Тэгээд энэ хүн надаас салахаар нэгэнт шийдсэн байна гэсэн дүгнэлтийг хийгээд энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргахад хүрлээ. Т.О өмнө нь амьдрал үзэж охинтой болсон байсан учраас дахиад салахыг юман чинээ бодохгүй байх шиг байна. Надад бол маш хэцүү байна. Хүүхдүүдээсээ би салж чадахгүй. Намайг охиноо алгадсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн байсан. Т.О юу ч болоогүй байхад орилж хашгирахад охин маань намайг ээжийгээ яаж байна гэж бодсон юм бүү мэд, зайлаач гэхээр нь би алгадсан нь үнэн. Энэ миний буруу. Би охиндоо хайргүйдээ алгадаагүй. Т.О л намайг буруутай гэж хүүхдэд харагдуулах гэсний гайгаар ийм юм болсон. Миний архи ууснаас болж салах гэсэн юм биш байна гэдгийг би энэ хугацаанд бодож оллоо. Т.О надаас салах өөр шалтгаан байгааг олж мэдлээ. Тэрээр өөр хүнтэй амьдрахаар шийдсэн байна. Сэтгэл нь хэзээ ч эргэхгүй болсон юм байна. Түүнээс гадна одоо 4-14-42 орон сууцыг маш хурдан чөлөөлж өг гэж шаардаж байна. Учир нь энэ байр бол түүний надтай гэрлэх үед өөрийнх нь нэр дээр байсан хуваарьт өмч юм. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ганцхан машиныг дундын өмч гэж тогтоолгож оногдох хэсгийг авна гэсэн байсан нь, гэрийн доторхи эд зүйлээ аваад явсан нь, одоо өөрийнхөө байрыг зарна, гар гэж хөөж байгаа зэрэг нь ямар зорилготой нь тодорхой харагдаж байна. Анх гэрлэхдээ би өөрийн 1 өрөө байраа 48 000 000 төгрөгөөр зараад Т.Оийн хадгаламжинд хадгалуулсан. 2 удаа цалингийн зээл авч зуслангийн байр барьсан, гэрийн тавилга авч байсан, машин авсан. Машиныг 2 талаасаа мөнгө оролцуулж авсан. Эдгээрийг яагаад бичээнгүйн учрыг ч олох шиг боллоо. Хүний сэтгэл санаа хувираад сална гээд улайраад байхад салахгүй гээд яах вэ дээ.

Тийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин би 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Т.Оээс хүүхдийн тэтгэлэг авахгүй. Т.О миний хадгалуулсан мөнгөний оронд надад 1 өрөө байр авч өгнө гээд ээж нь болохоор 1 дүгээр микрийн 1 дүгээр байранд 1 өрөө авч өгнө гээд байна лээ. Үүнийг би зөвшөөрөхгүй. 48 000 000 төгрөгөө хүүтэй нь авна. 2013 оны 7 сард хадгалуулсан 48 000 000 төгрөг хүүтэйгээ нийлээд 76 000 000 төгрөг болсон байх ёстой. Түүнийг Т.Оээс нэхэмжилж байна. Булган аймгийн Хангал сумын нутагт Энэрэл асрамжийн газрын зуслангийн ойролцоо зуслангийн байшин байгаа. Прадо маркийн авто машин байна. Эдгээрийг үнэлүүлж гэр бүлийн гишүүдэд хуваалгана. Тэхдээ би машинаа авна. Зуслангийн байшинг түүнд үлдээнэ. Гэрийн доторхи эд хөрөнгийг би цалингийн зээл авч худалдан авсан. Тэхдээ Т.От үлдээнэ. Иймд гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж, тэтгэмж тогтоолгох, авто машиныг дундын өмч гэж тогтоолгох тухай Т.Оийн нэхэмжлэлтэй хамт 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах, хуваарьт өмч 76 000 000 төгрөгийг Т.Оээс гаргуулах асуудлыг нэг мөр шийдүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Б.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: “Т.Оийн нэхэмжлэлтэй Б.С надад холбогдох иргэний хэрэгт хариуцагч би сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Би өөрийн хуваарьт өмч болох Согоот багийн 6-13-59 тоот 1 өрөө байраа 2013 оны 07 дугаар сарын 05-нд 48.0 сая төгрөгөөр худалдаж дээр нь дансанд байсан 1.0 сая төгрөг, Т О бас 1.0 сая төгрөг нэмээд бүгд 50.0 сая төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 19-нд Т.От өгч тэрээр ХААН банкны хадгаламжиндаа хийхээр тохиролцож би банкинд хүргэж өгөөд машиндаа хүлээж байхад хийчихлээ гээд гараад ирсэн. Би ч итгэсэн. Гэтэл арилжааны банкуудаас ирсэн лавлагаагаар Т.Оийн аль ч хадгаламжинд 50.0 сая төгрөгийн хадгаламж ороогүй байна. Тийм учраас би түүнээс анх түүнд хадгалуулахаар өгсөн 48,0 сая төгрөгөө нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Т.О нь миний эгч Б.Отэй утсаар ярихдаа 48.0 сая төгрөг биш 45.0 сая гээд л байна лээ.

Мөн дараах байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хамт амьдарсан хугацаанд 3 удаа цалингаа барьцаалж зээл авч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 11 сарын 10 -нд өмнөх зээл дээрээ нэмж 13.0 сая төгрөгийн зээл аваад нийтдээ 27.188.000 төгрөг төлөхөөр болсон. Одоогийн байдлаар үлдэгдэл нь 17 590 000 төгрөг байна. Зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр Т.О гарын үсэг зурсан. Банкны өмнө хамтран үүрэг хүлээсэн гэсэн үг. Тийм учраас энэ зээлийн үлдэгдэлийн 50% болох 8 795 000 төгрөгийг Т.Оээс гаргуулах шаардлага гаргаж байна” гэжээ.   

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э шүүхэд гаргасан шаардлагадаа: “Т.Э миний Хаан банкны 5094130783 тоот харилцах данс нь 2003 оноос өдийг хүртэл бидний ээж Ш.Чанцалдулам, эгч Т.Отэй хамтран эзэмшиж байсан бөгөөд үргэлжлүүлэн ээжийн оронд би хамтран эзэмшиж байгаа болно. Энэ дансанд байгаа миний хөрөнгө болох 27 000 000 төгрөгийг Т.Оээс нэхэмжилж байна” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах, Булган аймаг Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 700 м.кв талбай бүхий газар, 31.82 м.кв талбайтай зуслангийн байшин, Прадо-120 маркийн 35-45 ОРО автомашин зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгож, гэр бүлийн гишүүдэд хуваалгах, Г.Бын Б.Сгээс 7 000 000 төгрөг гаргуулах, гэр бүлийн хэрэгцээндээ хоёр жилийн хугацаанд зарцуулсан 18,0 сая төгрөг, гурван жилийн хугацаанд зарцуулсан 18,0 сая төгрөг нийт 74 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.С нь орон сууцны үнэ 48,0 сая төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь 8 790 000 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.  

Гуравдагч этгээд Т.Э Хаан банкны 5094130783 тоот дансны хамтран эзэмшигч Т.Оээс 27 000 000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

Т.О, Б.С нар нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин С.Б, 2014 оны 10 сарын 21-ний өдөр хүү С.Ш нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд Б.С нь архи уух, гэр орондоо ширүүн догшин зан авир гаргадаг болсны улмаас хэрүүл маргаан үүсэж, хоорондын үл ойлголцол бий болсон байх ба гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй зэрэг байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хариуцагч Б.С хүүхдүүдийнхээ асрамжийг эхэд нь өгөхийг хүлээн  зөвшөөрч байх тул 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С.Б, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Ш нарыг эх Т.Оийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.   

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Б.Сгээс хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байх ба, хариуцагч Б.С нь хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 1 800 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь Прадо-120 маркийн 35-45 ОРО автомашин, Булган аймаг  Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 700 м.кв талбай бүхий газар, 31.82 м.кв талбайтай зуслангийн байшин, Хаан банкны хадгаламж дахь 3 000 000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хувааж, өөрт болон гурван хүүхдэд ногдох хэсгийг гаргуулна гэсэн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан бөгөөд, Т.О, Б.С нарын гэр бүл болсноос хойш Булган аймаг Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 700 м.кв талбай бүхий газар, 31.82 м.кв талбайтай зуслангийн байшин, Прадо-120 маркийн 35-45 ОРО автомашин зэрэг хөрөнгүүд бий болсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Талууд Булган аймаг Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 700 м.кв талбай бүхий газар, 31.82 м.кв талбайтай зуслангийн байшинг Т.О болон гурван хүүхдийн өмчлөлд үлдээж, Т.Сд оногдох хэсэг болох /шинжээчийн үнэлгээнээс тооцож/ 2 006 240 төгрөгийг өгөхөөр эвлэрсэн, мөн Т.Оийн ХААН банкны дансан дахь 3 000 000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүндээ хувааж Б.Сд 600 000 төгрөг өгөхөөр тус тус эвлэрсэн.

Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй Бын нэхэмжлэлтэй Б.Сд холбогдох Прадо-120 маркийн машины үнээс 7,0 сая төгрөг гаргуулах хэргийг тус Т.Оийн нэхэмжлэлтэй Б.Сд холбогдох хэрэгтэй нэгтгэсэн.  

Прадо-120 маркийн 35-45 ОРО автомашины тухайд одоогоор энэ авто машин байхгүй зарагдсан болох нь нотлогдож байна. Уг машиныг талууд хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч байх ба, Т.О нь машинаа зарж 10,0 сая төгрөг, Б.С нь машинаа зарж 6,0 сая төгрөг тус тус гаргаж, Б.Сгийн цалингийн зээл /өмнөх шүүх хуралдаануудад Т.О ингэж тайлбарлаж байсан байна/, байр зарсан мөнгөнөөс оруулсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон байна. Машиныг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш худалдсан байх тул гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Үүнд: Шүүхээс хөрөнгийг үнэлүүлэхээр “Далайван Аудит” ХХК-г шинжээчээр томилсон бөгөөд Прадо-120 маркийн 35-45 ОРО авто машины зах зээлийн үнийг 35 000 000 төгрөгөөр тогтоожээ.

Хэдийгээр хариуцагч Б.С Прадо-120 маркийн авто машинаа 25,0 сая төгрөгөөр худалдсан гэх боловч энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зарагдсан байх ба, уг машин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул шүүхээс эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон шинжээчийн дүгнэлтийг баримтлан гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Тиймээс Прадо-120 маркийн автомашины үнээс гэр бүлийн гишүүн тус бүрд 7 000 000  төгрөг ногдох тул Т.О, Г.Б болон хоёр хүүхдэд нийт 28,0 сая төгрөг ногдохоор байх тул Б.Сгээс уг мөнгийг гаргуулан олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.О нь өөрийн орлого болох 1 500 000 төгрөгний орлогоос Б.Сгийн цалингийн орлого болох 500 000 төгрөгтэй дүйцүүлэн 500 000 төгрөг хасаад үлдэгдэл 1 000 000 төгрөгийг Б.Сгээс 3 жилээр тооцож 18 000 000 төгрөг гаргуулахаар, мөн 2012-2014 онд 1 500 000 төгрөгний орлогыг амьдралдаа зарцуулсан бөгөөд үүний тал хувь болох 750 000 төгрөгийг хоёр жилээр тооцож 18 000 000 төгрөгийг Б.Сгээс нэхэмжилж байна /375 000 төгрөг 1 хүний х 2 = 750 000 х 12 сар = 9 000 000 /1 жилийн/ төгрөг болно. 2 жилд 18 000 000 төгрөг болж байна/ гэсэн.

Т.О, Б.С нар нь хууль ёсны гэр бүл бөгөөд, хамтран амьдрах хугацаандаа хэн нь хэдэн төгрөг гэр бүлдээ зарцуулсныг гэрлэгчид бие биенээсээ шаардах боломжгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэжээ.

Гэрлэгчдийн хамтын амьдралын явцад гарсан зардлыг жишээ нь: нөхөр илүү хоол  идсэн, эсхүл эхнэр илүү үнэтэй хувцас авсан гэдгээр ч юмуу гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь илүү зардал гаргасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлийн хамтын амьдралын явцад гарсан зардал болохоос хөндлөнгийн хэн нэгний хариуцах зардал биш тул дээрх 36,0 сая төгрөг гаргуулах Т.Оийн шаардлага үндэслэлгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хариуцагч Б.С анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа өөрийн хуваарьт хөрөнгө болох орон сууцаа зарсны мөнгийг хүүтэй нь нэхэмжилнэ гэж 76,0 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 48,0 сая төгрөг болгосон байх ба, мөн зээлийн гэрээний хамтран гүйцэтгэх үүрэг 8 790 000 төгрөг нийт 56 790 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Б.С нь Т.Отэй гэр бүл болон амьдрахаас өмнө өөрийн амьдарч байсан хуваарьт хөрөнгө болох нэг өрөө орон сууцаа 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 48 000 000 төгрөгөөр Г.Ут худалдах худалдан авах гэрээгээр худалдсан болох нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 33 000 000 төгрөгийг Б.Сгийн Худалдаа хөгжлийн банкны /1-р хавтас 60 хуудас/ дансанд Г.Уээс орон сууцны төлбөрт шилжүүлсэн хуулга, гэрч Г.Уийн: ...Б.Сгийн 6-13-59 тоот орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.С, Т.О нараас 48,0 сая төгрөгөөр худалдан авсан, худалдах худалдан авах гэрээг 30,0 сая төгрөгөөр хийсэн. Т.О, Б.С нар нь татвар өндөр төлөхгүйн тулд гэрээг 30,0 сая төгрөгөөр хийсэн. Би мөнгөө шилжүүлэхдээ эхлээд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15,0 төгрөг, дараа нь 33,0 сая төгрөг шилжүүлсэн. 33,0 сая төгрөгийг нь зээл авч өгсөн” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, орон сууц худалдах худалдан авах гэрээ, шүүх хуралдаанд шинжлэн судалсан CD бичлэгийн Т.О, Б.Сгийн эгч Б.О нарын хооронд болсон харилцан яриа, Т.О нь байр зарсан мөнгөнөөс 30,0 сая төгрөгийг өөрийнхөө дансанд хийсэн гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэдийгээр Т.О орон сууцыг 30,0 сая төгрөгөөр зарсан гэж байгаа боловч уг орон сууцыг 48,0 сая төгрөгөөр худалдсан болох нь Б.Сгийн дансанд Г.Уээс орон сууцны мөнгө гэж 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орсон орлого, гэрч Г.Уийн мэдүүлэг, CD бичлэгийн Т.О, Б.Сгийн эгч Б.О нарын хооронд болсон харилцан яриа зэргээр нотлогдож байна. Орон сууцыг худалдсан энэ 48,0 сая төгрөг бол Б.Сгийн хуваарьт хөрөнгө байна.

Хариуцагч өөрийн орон сууц зарсан 48,0 сая төгрөг дээр 1,0 сая төгрөг нэмээд нийт 49,0 сая төгрөгийг Т.От хадгалуулахаар өгсөн гэдэг бөгөөд Т.Оийн Голомт банкны 4001033836 дугаартай дансанд 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 49,0 сая төгрөгийн орлого орсон болох нь /1-р хавтас 175 хуудас/  нотлогдож байна. Ингээд Т.О нь 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тухайн данснаасаа 35,0 сая төгрөгийг, 2013 оны 8 дугаар сарын 6-нд дахин 5 000 000 төгрөгийг зарлагджээ.

Нэхэмжлэгч Т.О 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: ... Прадо-120 маркийн машиныг авахад /1-р хавтас 225 тал/ Б.Сгийн цалингийн зээл, машины мөнгөнөөс 20,0 сая төгрөг, 10,0 сая төгрөг нь миний өөрийн мөнгө, байрны мөнгөнөөс 12 500 000 төгрөг орж ирсэн гэсэн тайлбар гаргасан байна. Эндээс дүгнэхэд Прадо-120 маркийн машиныг авахад Т.О, Б.С нар өөр өөрсдийн машинаа зарсан нийт 16,0 сая төгрөг дээр, Б.С 16,0 сая төгрөгийн цалингийн зээл авч оруулаад, машиныг 42 500 000 төгрөгөөр авсан байх тул орон сууц зарсан мөнгөнөөс 12 500 000 төгрөг орсон болох нь нотлогдож байна.

Т.О, Б.С нар нь 2017 оны 8 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа гэж тайлбарласан бөгөөд, тэднийг тусдаа амьдрах үед Б.Сгийн цалингийн зээлийн үлдэгдэл 17 590 454 төгрөг байсан болох нь Б.С, Т.О нарын тайлбараар нотлогдож байх тул Б.Сгийн цалингийн зээлийн үлдэгдэл болох 17 590 000 төгрөгний тал хувь болох 8 790 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.О хариуцах үндэслэлтэй.

Иймээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, Б.Сгийн хуваарьт хөрөнгө орон сууц зарсан 48,0 сая төгрөгнөөс машин авахад оруулсан 12 500 000 төгрөгийг хасахад 35 500 000 төгрөг үлдэнэ, үүнээс Т.О болон 2 хүүхдэд оногдох 21 000 000 төгрөгийг хасаж, мөн Г.Бд оногдох 7,0 сая төгрөгийг хасахаар 7 500 000 төгрөг үлдэж байна. Үүн дээр Т.О, Б.С нарын хамтран авсан зээлийн үүргийн 50 хувь болох 8 795 000 төгрөгийг нэмж, Т.Оээс нийт 16 295 000 төгрөг гаргуулан Б.Сд олгохоор шийдвэрлэв.

Харин Т.Оийн гэр бүлийн хэрэгцээндээ хоёр жил, гурван жилд зарцуулсан нийт 36,0 сая төгрөг гаргуулах, мөн Прадо-120 маркийн машины 34,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд машины үнээс Т.О, Г.Б хоёр хүүхдэд 28,0 сая төгрөг гаргуулахаар шийдсэн тул машины үнээс хангагдаагүй үлдсэн 6,0 сая төгрөг, нийт 40,0 сая төгрөгийг,

мөн Прадо-120 маркийн 35-45 ОРО авто машин нь одоо гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байхгүй зарагдсан байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох, мөн Б.Сгийн худалдан авсан мотоциклын талаар нэхэмжлэгч хуваарьт хөрөнгө болохыг нь тогтоолгоно гэсэн боловч, энэ нь хэзээ авсан ямар мотоцикл болох, одоо байгаа эсэх нь тодорхойгүй байх тул энэ шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Зохигчид эд хөрөнгийн бусад шаардлагууд дээрээ эвлэрсэн болно.   

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э нь хамтран эзэмшигч Т.Оээс Хаан банкны 5094130783 тоот харилцах дансанд байгаа өөрийн хөрөнгө болох 27 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг нэхэмжлэгч Т.О хүлээн зөвшөөрч байх тул бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид анхаарвал зохино.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Т.Оийн төлсөн 1 207 850 төгрөг, нэхэмжлэгч Г.Бын төлсөн 126 950 төгрөг, хариуцагч Б.Сгийн төлсөн 608 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Эийн төлсөн 292 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Оээс 292 950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Т.Эт, 441 900 төгрөг /48,0 сая + 8 790 000₮ = 56 790 000₮-нөөс тооцов/ гаргуулан Б.Сд, хариуцагч Б.Сгээс 337 457 төгрөг /21,0 сая + 10 031 200₮ + 3 000 000₮ + 1 800 000₮ + 70 200₮ = 35 901 400₮- нөөс тооцов/ гаргуулан Т.От, 126 950 төгрөг гаргуулан Г.Бд, хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирох 52 256  төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заав.             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Т.О, Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Ш, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С.Б нарыг эх Т.Оийн асрамжид үлдээсүгэй.  

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан С.Ш, С.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б. Сгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Б.Сгийн хүүхдийн сургалтын төлбөр 1 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хариуцагч Б.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 28,0 сая төгрөгнөөсөө татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, нэхэмжлэгч Т.О нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Эийн 27,0 сая төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, Булган аймаг Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 31.82 м.кв талбай бүхий зуслангийн байшин, 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг хүлээн зөвшөөрч Т.О болон хүүхдийн өмчлөлд үлдээж, Т.Сд оногдох хэсэг болох 2 006 240 төгрөгийг өгөхөөр эвлэрсэн, мөн Т.Оийн ХААН банкны дансан дахь 3 000 000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүндээ хувааж Б.Сд 600 000 төгрөг өгөхөөр тус тус эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, тус тус хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-д заасныг тус тус баримтлан Т.Оээс 16 290 000 төгрөг гаргуулан Б.Сд олгож, Б.Сгээс 7 000 000 төгрөг гаргуулан Г.Бд олгож, Т.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас Прадо-120 маркийн 35-45 ОРО авто машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох, мотоциклыг Б.Сгийн хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, 40,0 сая төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.  

7. Тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШЗ2017/04466 дугаар шүүгчийн захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШЗ2018/00537 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2019/04818 дугаар шүүгчийн захирамжууд нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.   

8. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 207 850 төгрөг, нэхэмжлэгч Г.Бын төлсөн 126 950 төгрөг, хариуцагч Б.Сгийн төлсөн 608 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Эийн төлсөн 292 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Оээс 292 950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Т.Эт, 441 900 төгрөг гаргуулан Б.Сд, хариуцагч Б.Сгээс 337 457 төгрөг гаргуулан Т.От, 126 950 төгрөг гаргуулан Г.Бд олгож, 52 256 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.              

9. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА