Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 182/2016/00603/И |
Дугаар | 210/МА2017/00685 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2017/00685
2017 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2017/00685 |
Д.У-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00194 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.У-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 84 362 069 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч Р.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.У нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие лизингийн үйлчилгээг дагнан эрхэлдэг Хас лизинг ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 40000293 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, ХХК-д очиж автомашинаа өөрөө сонгож авсан бөгөөд насан туршийн хөрөнгө болгож авах зорилготой байсан учраас урьдчилгаа 51 300 000 төгрөгийг Х ХХК-д төлөөд 77-78 гэсэн энэ дугаарыг автомашинаа сонгож авсан. Би үйл ажиллагаатай БНХАУ-ын Хөх хот руу байнга зорчдог бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд заасан төлбөрийг хийсэн байхад Х ХХК-ийн хүмүүс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 77-87 УНЗ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 суудлын автомашиныг надад мэдэгдэлгүйгээр, байлцуулалгүйгээр хураан авч явсан байсан. Автомашиныг түр хурааж авсан байгаа боловч хурааж авсан акт байдаггүй. Би автомашиндаа суудлын бүрээс 250 000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Мөн нүдний шил гэх мэт зүйлс арын байсан. Миний эд зүйлсийг надад хүлээлгэж өгөөгүй. Гэхдээ би үүнтэй холбоотой шаардлага гаргаагүй. Автомашины туулсан зам нь 3 000 км хүрээгүй байдалтай байсан. Энэ автомашиныг би зөвхөн ажил гэрийн хооронд л унадаг байсан. Би автомашиныг худалдаж авахдаа 51 300 000 төгрөгийг даатгалын хамт 57 437 000 төгрөг төлсөн. Ингээд сар бүр 3 395 000 төгрөгийг бүтэн жил төлсөн учраас нийт 84 362 069 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд зааснаар 3 сар дараалан зээлээ төлөөгүй байдал үүсгэж байгаагүй учраас гэрээ цуцалсныг буцааж сэргээх хүсэлтийг шүүхэд хандаж удаа дараа гаргаж байсан боловч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлөгдсөн гэдэг үндэслэлээр буцаасан. Дахин 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нийт 5 жилийн хугацаанд зохих дүн нь 254 364 000 төгрөг болох байсан учраас энэ дүнгээсээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Үүнээс хойш удаа дараа шүүх хуралдаан явагдаж байсан ч нотлох баримт дутуу шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж байсан. Намайг БНХАУ-д ажилтай байхад хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээг цуцалсан байсан байсан учраас Х ХХК-ийн холбогдох албан тушаалтантай уулзахад миний автомашиныг буцааж өгөхгүй, дахин шинээр гэрээ байгуулахыг шаардсан. Ингээд би шүүхэд өөрийн автомашинаа авахын тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Х ХХК-ийн 387 тоот гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 40000293 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг цаашид үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байсан. Энэ хугацаанд Х ХХК нь уг автомашиныг өөртөө байлгаж байгаа гэж бодож явтал 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын их дэлгүүрийн гадаа зогсоол дээр түрээсийн гэрээний зүйл болох 77-87 УНЗ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 суудлын автомашинаа хараад жолоочтой нь уулзаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь гуйж авч хараад уг автомашин бусдын өмчлөлд шилжиж худалдагдсан талаар олж мэдсэн. Ийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Х ХХК-д төлсөн 84 362 069 төгрөгийн хохирлоо хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцааж шаардаж байна гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг ойлгож байна. Эхлээд талуудын хооронд ямар харилцаа үүссэн, үүнээс ямар шаардах эрх байгаа талаар тодруулах ёстой. Түрээслүүлэгч буюу Х ХХК нь нэхэмжлэгчийн захиалгын дагуу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Тоёота ланд круйзер маркийн автомашиныг худалдаж борлуулдаг ̺ ХХК-тай гэрээ байгуулж, уг автомашиныг өөрийн өмчлөлд худалдаж авсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 312.2 дахь хэсэгт зааснаар бид үүргээ биелүүлсэн бөгөөд уг худалдах, худалдан авах гэрээг хэрэгт өгсөн. Ингээд нэхэмжлэгчид санхүүгийн түрээсийн гэрээний дагуу автомашиныг шилжүүлсэн. Гэхдээ автомашины өмчлөгч нь Хас лизинг ХХК байсан. Хоёрдугаарт санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсанаар Хас лизинг ХХК нь нэхэмжлэгчийн ашиглалтад, түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашиныг шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд талууд тохиролцож, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр болсон. Уг гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5.1.1-д заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ Иргэний хуулийн 25 дугаар бүлгийг харвал Санхүүгийн түрээсийн гэрээ нь бусдын өмчлөлд биш бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх төрлийн хамаарч байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өмчлөх эрх шууд шилжихэд чиглээгүй юм. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан бөгөөд үүнийг хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан учраас үүнтэй холбоотой тайлбар алга байна. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэгчийн Х ХХК-д гаргасан хүсэлтэд гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрлөө, би шинээр гэрээ байгуулж, энэ автомашинаа дахиад санхүүгийн түрээсийн гэрээгээр гэдэг. Бид хүсэлтийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор урьдчилгаа төлөөд шаардлагатай баримтуудаа бүрдүүлж өгнө үү, энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд автомашиныг бусдад худалдах талаар хариу өгсөн. Энэ хүртэл бид автомашиныг өөрсдийн өмчлөлд байлгаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "А” ХХК-д санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн. Тус компани нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул өмчлөх эрхийг шилжүүлсэн. Эндээс харвал хууль хэрэглээний байгаа үр хувьд бусдын өмчлөлд шилжих буюу худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай зөвлөмжид дурдсан байдаг. Талуудын хооронд эд хөрөнгө ашиглуулах зорилго байгаа, эд хөрөнгө ашиглахтай холбоотой тохиролцоо тусгагдсан, тогтоосон түрээсийн , эд ашиглуулах зорилго байгаа бол Иргэний хуулийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхээр заасан. Энэ тохиолдолд түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоо байж болох ч энэ нь талуудын үндсэн тохиролцоо буюу санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Төлбөр төлөлтийн хувьд бол хугацаа хэтэрсэн буюу хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгдөөгүй, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс төлбөр дутуу төлөгдсөн, 11 дүгээр сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 04-ний өдөр бас дутуу хийгдэж эхэлсэн. 10 сард төлбөр огт төлөгдөөгүй учраас гэрээний 3.4-т зааснаар дараа дараагийн хийсэн төлбөрүүд өмнөх сарын төлбөрт тооцогдсон. Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг үлдэгдэл 111 295 530 төгрөг болсон. 2016 оны 02 сард мөн төлөөгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваариас хугацааг харж болно. Хугацаа хэтэрсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг шууд цуцлах талаар талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д заасан. Мөн гэрээний 6.4-т зааснаар хугацаа хэтэрсэн үүргийн зөрчлийг хэсэгчлэн биш, бүхэлд нь хангахыг арилсан гэж ойлгохоор заасан. Гэвч зөрчил арилаагүй учраас гэрээний 6.5-д зааснаар нэг талын санаачлагаар гэрээг цуцалсан. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бид нэхэмжлэгчид шаардах хуудас хүргүүлсэн. Төлбөрийн хугацаа хэтрээд 60 хоног болсон, төлбөрийг нэг хоногийн дотор төлж барагдуулна уу, үгүй бол Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4-т заасан үндэслэлээр эд зүйлийг түр хураан авах болно гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, үгүй бол автомашиныг өөрийн биеэр авч ирэх болно гэж хариу өгсөн. Гэвч төлбөрийг барагдуулаагүй тул 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөн шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд үүргийн зөрчил арилахгүй байна, төлбөр нэмэгдээд 9 507 324 төгрөг боллоо гэж дурдсан. Гэтэл шаардах хуудсыг хүлээж авсан хирнээ 4 сарын төлбөрийг төлөх боломжгүй байна, боломжтой болоод хүлээж авъя гэсэн байдаг. Ингээд бид түрээсийн зүйлийг буцаан авсан. Энэ талаар мөн гэрээний 6.5-д заасан бөгөөд гэрээний 6.4-т заасан ердийн боломжит хугацаанд түрээслэгч зөрчлийг арилгаагүй тохиолдолд түрээслэгч дангаар шууд цуцалж, түрээсийн зүйлийг шүүхийн бус журмаар үл маргах байдлаар худалдан борлуулах, гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Гэхдээ хариуцагч нь дахиад гэрээ байгуулаад автомашинаа авах нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор материалаа бүрдүүлж өгвөл бид гэрээ байгуулахад болно гэдгээ мэдэгдсэн. Иргэний хуулийн 195.5-д заасны дагуу авч үзвэл бид гэрээ байгуулах саналаасаа татгалзаагүй хүлээж байсан. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчээс баримтаа бүрдүүлж өгөөгүй, ямар нэгэн гаргаагүй учир 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "А" ХХК-тай гэрээ байгуулж, автомашиныг ашиглалтад нь шилжүүлсэн. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ биш, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан учраас өмчлөлийн хувьд маргахгүй. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6.3-т зааснаар өмчлөгч нь "Х" ХХК байх юм.
Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 1.3-т заасан байдаг. Түрээсийн төлбөр төлж байгаа тохиолдолд өмчлөлдөө авах зорилгоор гэрээ байгуулсан бол шаардах эрх байж болох юм. Харин өмчлөл хуваагдахгүй, маргахгүй байгаа тохиолдолд шаардах эрх үүсэхгүй. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалттай адил үйлчлэх юм. Хийсвэрээр бодвол 1, 2 дугаар сарын түрээсийн төлбөрөө төлөөд хугацаагаа хэтрүүлж байгаад 5 дугаар сард төлбөрөө төлөөд үлдсэн 3, 4 дүгээр сарын төлбөрийг төлөхгүй гэж болохгүй. Иймд мөнгөө буцааж авахаар шаардах эрх байхгүй, эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Х" ХХК-иас гэрээ үүргийн гүйцэтгэлд 84 362 069 төгрөгийн хохирол гаргуулах тухай нзхэмжлэгч Д.У-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 432 752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Д.У-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, нотлох баримт болон хуулийг зөвхөн хариуцагчид тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Гэрээний талууд хэдийгээр хэн аль нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй ч гэрээ болон хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд гэрээнээс татгалзах нь хуулийн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч миний хувьд хариуцагч талыг гэрээнээс нэг талын санаачилгаар цуцлах болон түрээсийн автомашиныг хураан авах нөхцөл байдлыг бүрдүүлээгүй, Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1 болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4-д зааснаар түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй зэрэг зөрчлийг гаргаагүй, гаргаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийг буруутган хариуцагчид ашигтай байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээ нь 5 жилийн урт хугацаанд хэрэгжих гэрээ бөгөөд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4 дэх хэсэг заасан хуулийн зохицуулалтаас харахад түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй байгаа тохиолдолд гэрээг цуцлах биш, хурааж авахаар зохицуулсан байна. Мөн Иргэний хуулийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж талаар зохицуулсан байхад хариуцагч нь ялимгүй зөрчлийг далимдуулж, гэрээ болон зөрчиж, автомашиныг хураан авч гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, автомашиныг бусдад худалдаж, гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон байхад шүүх энэхүү хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх Иргэний хуулийн 227.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол мөн хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг илт зөрчиж байна. Учир нь түрээслүүлэгч буюу хариуцагч нь гэрээ болон хуульд заасны дагуу гэрээг цуцлаагүй, хуулийг зөрчих замаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцалсан буруутай болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Д.У хариуцагч "Х" ХХК-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Х" ХХК-ийн 387 тоот гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 40000293 тоот "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г цаашид үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд төлсөн 84 362 069 төгрөгийн хохирлыг буцаан гаргуулахаар шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Д.У нь Х ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, түрээслэгч Д.Уранчимэг нь 60 сарын хугацаанд түрээсийн үндсэн төлбөр 171 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд, хүүний хамт нийт 254 960 310 төгрөгийг түрээслүүлэгч Хас лизинг ХХК-д төлж, 77-87 УНЗ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн суудлын автомашиныг эзэмшихээр тохиролцсон талаар зохигчид маргаагүй.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Учир нь талуудын байгуулсан дээрх гэрээнд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсэгт заасан журмыг тусгасан эсэх нь тодорхой бус байх бөгөөд уг гэрээний гол нөхцөл болсон түрээсийн төлбөр, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болоход гэрээний үнийг төлж дуусгах журмын талаар хэрхэн тохиролцсон үйл баримт нь талуудын хоорондын гэрээ цуцалсантай холбоотой эрх зүйн үр дагаварыг тодорхойлоход ач холбогдолтой.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Тодруулбал талуудын хоорондын гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсантай холбоотой талуудын хувьд үүсэх эрх үүрэг, үр дагаврыг тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан дүгнэлт хийх боломжтой болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй тул хууль хэрэглээний хувьд дүгнэн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ1