Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00392

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00392

 

 

 

Н.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01482 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Ц-ийн хариуцагч Н албанд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-212 тоот, улсын бүртгэлийн Ү-2201006367 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв 3 өрөө орон сууцыг 98 000 000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Н.Ц-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34012 дугаар захирамжаар Н.Ц-ээс 106 640 000 төгрөг гаргуулж, Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-212 тоот, улсын бүртгэлийн Ү-2201006367 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв 3 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3/25356 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 98 000 000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34012 дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч Н.Ц-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-212 тоот, улсын бүртгэлийн Ү-2201006367 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцож, 140 000 000 төгрөгөөр үнэлсэн. Талуудын харилцан тохиролцсон үнийн 70 хувь болох 98 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Н.Ц-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний өөрийн үнийн санал 140 000 000 төгрөг байхад түүнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хуулийн дагуу гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Н албанд холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, анхны албадан дуудлага худалдааны доод үнийг талуудын тохиролцсон үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоосон нь хуульд заасны дагуу гэж маргажээ.

 

Н.Ц-ээс 106 460 000 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34012 дугаар захирамж, мөн өдрийн 3467 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16270133 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх-31/

 

Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-212 тоот, Ү-2201006367 дугаар улсын бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор битүүмжилж /хх.44/, хураан авчээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах эрхтэй болно. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд битүүмжлэгдсэн орон сууц нь төлбөр төлөгч Н.Ц-ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх нь тогтоогдохгүй байх бөгөөд хэргийн 32 дахь талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гэх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн баримтад нэхэмжлэгч Н.Ц нь Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-212 тоот, Ү-2201006367 дугаар улсын бүртгэлтэй орон сууц Б.Б-д шилжсэн гэх агуулгатай мэдүүлэг өгсөн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Н.Ц-г уг орон сууцны өмчлөгч гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг нотлох баримтад үндэслэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ