Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/01148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Н.Ц-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н -д холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-212 тоот 3 өрөө 40 м.кв, Ү-2201006367 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 98.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34012 дугаар захирамжаар Н.Ц-с 106.640.000 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын Ү-22010063** дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр байр, *** тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 140.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 98.000.000 төгрөгөөр үнэлж үнэгүйдүүлсэн байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Ү анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоосон тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд иргэн Н.Ц би Ш-ны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3/25356 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 98.000.000 төгрөгөөр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төл Н.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32015/340** дугаар захирамжаар Н.Ц-с 106.460.000 төгрөгийг гаргуулан Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Н.Ц-ийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо **-*** тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг /Ү-22010063**/ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь үнийг харилцан тохиролцон 140.000.000 төгрөгөөр үнэлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 140.000.000 төгрөгийн 70 хувь болох 98.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч Н.Ц-н гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрч дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тул төлбөр төлөгч Н.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ш-д Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14-*** тоот 3 өрөө 40 м.кв, Ү-22010063** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 98.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 340** дугаар захирамжаар Н.Ц-с 106.460.000 төгрөгийг гаргуулж, Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34** тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Ш-н ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 162701** тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-*** тоот 3 өрөө 40 м.кв, Ү-22010063** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тогтоолоор битүүмжилж хураан авчээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заажээ.

Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны *** тоот хаягт байрлалтай, 3 өрөө 40 м.кв, орон сууц нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22010063** дугаарт бүртгэгдсэн байна. /хх-ийн 36 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах эрхтэй болно.

Шийдвэр гүйцэтгэгч Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны *** тоот хаягт байрлалтай, 3 өрөө 40 м.кв, орон сууцыг битүүмжилж, хураан авахдаа хэний өмчлөлд байгаа эсэхийг тодруулаагүй хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг зөрчсөн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14-*** тоот 3 өрөө 40 м.кв, Ү-22010063** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 98.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцсугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-с 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ