Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/01031

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

Дугаар 1031 Улаанбаатар хот

Б.Доржсүрэнгийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00738 дугаар шийдвэртэй,

Нэхэмжпэгч Б.Доржсүрэнгийн хариуцагч Д.Агваанд холбогдуулан гаргасан худалдсан автомашины үлдэгдэл төлбөр 9 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Доржсүрэн,

хариуцагч Д.Агваан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Доржсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: 2006 оноос 2012 оны хооронд АНУ-д ажиллаж амьдарч байхдаа Тоёота тундра маркийн автомашиныг Монгол Улс руу ачуулсныг эхнэрийн дүү Д.Энхтүвшин хүлээн авч, бусдад шилжүүлээгүй, улсын дугаар авч бүртгүүлэлгүй хадгалсан байсан. Ингээд 2013 оны 2 дугаар сард уг автомашиныг Д.Агваанд худалдсан боловч өнөөг хүртэл үлдэгдэл 9 500 000 төгрөгийг өгөөгүй болно. Д.Агваан нь уг машиныг худалдан авахдаа эхлээд 9 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл 46 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сард өгнө гэж хэлцэл хийсэн боловч 30 000 000 төгрөгийг өгч, төлбөрийг 10 000 000 төгрөгөөр тооцож Мерседес бенз С200 маркийн авто машин оролцуулсан. Ийнхүү олон удаа бага багаар цувууясазс хамгийн сүүлд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг авсан. Автомашины үлдэгдэл төлбөр болох 9 500 000 төгрөгийг хариуцагч Д.Агваанаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Агвааны шүүхэд гаргасан тайлбарт: Б.Доржсүрэн нь нэгэнт наймаа хийгдээд дууссан автомашины худалдаанаас дахин мөнгө олох зорилгоор 9 500 000 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Доржсүрэн нь 2013 оны 7 дугаар сард надаас 30 000 000 төгрөг бэлнээр авсан гэж нэхэмжлээд худлаа бичсэн байна. Тоёота тундра автомашины үлдэгдэл төлбөртөө миний дүүгийн Чех улсаас оруулж ирсэн номер дугаараа аваагүй зарах гэж байсан Ниссан патпендер автомашиныг өгөөд тооцоо дуусч машинаа нэр дээрээ шилжүүлж авсан. Хэд хоногийн дараа нэг залуу танай оруулж ирсэн Ниссан жипийг Дорж гэх хүнээс худалдан авсан хүн байна. Би Мерседес С200 автомашин дээрээ бэлэн мөнгө өгч авсан гэж хэлэхэд нь би Б.Доржсүрэнгээс асуухад би наад залуутай наймаагаа хийгээд зөрүү мөнгөө аваад тохирчихсон, бичиг баримтьг ~ь шилжүүлээд өгчих гэсэн тул тэр залуугийн нэр дээр шилжүүлсэн, одоо энэ наймаат буцаахад 3 автомашин хуучирсан худалдаа наймаа хийгдээд их удаж байгаа 4 жил болсон тул буцаах буюу нэмж төлбөр тооцоо нэхэмжлэх боломжгүй тул нэхэмжлэшйг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баришпэ- хариуцагч Д.Агваанаас 9 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгн Б.Доржсүрэнд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,66 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д заасныг баримтлан хариуцагч Д.Агваанаас 166 950 төгрөг гаргуулан нэхэмжлзгч Б.Доржсүрэнд олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Агвааны давж заалдах журмаар гаргасан гомдолд: Б.Доржсүрэн нь анхны нэхэмжлэлдээ 2013 оны 7 сард "надаас 30 сая төгрөг бэлнээр авсан" гэж худлаа бичсэн бөгөөд хурлын явцад бэлнээр мөнгө аваагүй, надаас Ниссан патпендер автомашин 2013 онд авснаа хүлээн зөвшөөрсөн. Уг машинаа мөнгөний хэрэг гараад Мерседес Бенз машиныг 10 саяаар бодоод нэмж 18 сая төгрөг бэлнээр авсан гэж бас худлаа ярьсан. Б.Доржсүрэн нь 2013 онд манай автомашиныг зөвшөөрч авч явчихаад олон сарын дараа бусдад хэдээр зарах нь надад хамаагүй шүү дээ. Манай машины 40 саяын үнэтэй, 38 500 000 төгргөг төлсөн гэсэн нотлох баримт хэрэгт байхад энэ баримтыг үнэлэхгүй н.Доржийн бусдад зарсан гэх үнэ 28 сая дээр нь 2 сая төгрөгийг өөрийнх нь санаачилгаар нэмж 30 сая төгрөгөөр дундажилж тооцож байгаа нь буруу тул надаас 9 500 000 төгрөг гаргуулахаар нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Иймд энэ хэргийг

 

 


 

дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатанд нь буцаах юм уу, гомдлыг минь хангаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Доржсүрэн нь хариуцагч Д.Агваанд холбогдуулан худалдсан автомашины үлдэгдэл төлбөр 9 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр тооцоо дууссан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 2 дугаар сард Тоёота тундра маркийн автомашиныг хариуцагч Д.Агваанд худалдан түүний өмчлөлд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан байх бөгөөд талууд автомашины үнийн талаар болон төлбөр бүрэн төлөгдсөн эсэхэд маргаж байна.

Хэрэгт Д.Энхтүвшин, Б.Алтангэрэл нарын бичсэн тодорхойлолт гэх баримт авагдсан байх ба шүүх Б.Энхтүвшингийн тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу бүрдүүлсэн баримт биш гэж үзэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хуульд заасан шаардлагад нийцүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Тийнхүү шүүхээс гэрч Б.Энхтүвшинг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан байх боловч хэргийн уг нөхцөл байдлын талаар мөн адил бичгээр тодорхойлолт гаргаж өгсөн Б.Алтангэрэлийг гэрчээр асуух шаардлагатай эсэхийг тодруулаагүй байна.

Маргааны үйл баримт болон талуудын хоорондын гэрээний зүйл болох Тоёота тундра автомашины үлдэгдэл төлбөрт тооцож өгсөн гэх Ниссан патпендер маркийн автомашины үнийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйн улмаас хууль хэрэглээний агуулгаар дүгнэлт хийж өөрчлөх боломжгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар

 

 

зүйлийн 168.1.7, 168.1.1-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин

шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00738 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Агваанаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ