Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/02608

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2017/02608 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д

 

Хариуцагч: Д.А

Автомашины үлдэгдэл төлбөрт 9 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч О.О, гэрч Д.Э, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ад 2013 оны 02 дугаар сарын 20 -ны өдөр худалдсан Тоёота Тундра маркийн, арлын дугаартай, хөдөлгүүрийн багтаамж 5700сс, хар өнгөтэй, ачааны задгай тэвштэй, 2008 онд үйлдвэрлэсэн автомашины төлбөрийн үлдэгдэл болох 9 500 000 (Есөн сая төгрөг) ийг хариуцагч Д.Ааас гаргуулж авах. Иргэн Б.Д би эхнэрийн хамт 2006 оноос 2012 оны хооронд АНУ-д ажиллаж амьдарч байхдаа дээрх автомашиныг Монгол Улс руу ачуулсан. Тус автомашиныг эхнэрийн маань дүү Д.******* өөрийн компанийн нэр дээр хүлээн авч. Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байдаг ба намайг Монголд иртэл бусдад шилжүүлэлгүй, улсын дугаар авч бүртгүүлэлгүй хадгалсаар л байсан. Ийнхүү би монголд ирээд 2013 оны 02 дугаар сард тус автомашиныг Д.Ад худалдсан боловч өнөөг хүртэл үлдэгдэл 9 500 000 (Есөн сая төгрөг)-ийг авч чадахгүй байгаа болно. Д.А нь уг автомашиныг худалдан авахдаа эхлээд 9 000 000 (Есөн сая төгрөг)-ийг өгөөд үлдэгдэл 46 000 000 Т (Дөчин зургаан сая төгрөг)-ийг 2013 оны 7 дугаар сард багтаан өгнө гэсэн хэлцэл хийсэн. Гэвч тухайн оны 07 дугаар сард 30 000 000 (Гучин сая төгрөг)-ийг нь өгсөн. Гэхдээ тус төлбөрт 10 000 000 (Нэг сая төгрөг)-өөр тооцож Мерседес бенз С200 маркийн автомашин оролцуулсан. Ийнхүү олон удаа бага багаар цувуулсаар хамгийн сүүлд 2014 оны 10 дугаар сарын 21 -ний өдөр 1 000 000 (Нэг сая төгрөг) -ийг авсан. Иймд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би өөрийн машиныг 55 саяаар зараад үлдэгдэл 9 500 000 гаргуулна. Анх 55 саяаар зарахаар тохироод, 9 саяыг дансаар шилжүүлээд. Үлдэгдэлийг 4 сард өгнө гээд өгөхгүй байгаад 7 сард өгнө гэж баталгаа гаргаж өгсөн. 7 сард мөнгө бүтэхгүй бна гээд ниссан маркийн эвдэрхий машиныг авах уу гэсэн. Дараа нь засчлаа 30 саяаар ав гэсэн. Зар тавьсан бөгөөд Алтангэрэл гэдэг хүн 10 саяд машин оролцуулаад авна гэсэн. Үнээ буулга гэхээр нь 2 сая төгрөг буулгаад 18 сая төгрөг бэлнээр авахаар болоод худалдсан. Бичиг баримтыг хариуцагч өөрөө шилжүүлж өгсөн. Дараа нь үлдэгдэлээ 10 саяыг өгөөд хаая гэсэн. Би зөвшөөрлөө гэхэд больлоо гэсэн. Дараа нь нөгөө машиныг дүү ******* авах боллоо гээд ******* нь нийт 6 500 000 төгрөг дансаар өгсөн. Одоо үлдэгдэл 9 500 000 нэхэж бгаа гэв.

 

Хариуцагч Д.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлсэн иргэн Дгийн өргөдөлтэй танилцлаа. Нэхэмжилэгч Д нь нэгэнт наймаа хийгдээд дууссан автомашины худалдаанаас дахин мөнгө олох зорилгоор надаас 9,5 сая төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юмаа. Д нь 2013 оны 07 сард надаас 30 сая төгрөг бэлнээр авсан гэж худлаа бичсэн байна. Тоёота Тундра автомашины үлдэгдэл төлбөртөө миний дүүгийн Чех улсаас оруулж ирсэн номер дугаараа аваагүй зарах гэж байсан Ниссан Патпендер автомашиныг Д би үлдэгдэл төлбөртөө авья гэхэд нь би зөвшөөрч өгөөд тооцоо дуусч машинаа нэр дээрээ шилжүүлж авсан. Хэд хоногийн дараа нэг залуу танай оруулж ирсэн Ниссан жипийг Дорж гэж хүнээс худалдан авсан хүн байна. Би Мерседес С200 автомашин дээрээ бэлэн мөнгө өгч авсан гэж хэлэхэд нь би Дгээс асуухад би наад залуутай наймаагаа хийгээд зөрүү мөнгөө аваад тохирчихсон бичиг баримтыг нь шилжүүлээд өгчих гэсэн тул би тэр залуугийн нэр дээр нь шилжүүлсэн. Одоо энэ наймааг буцаахад 3 автомашин хуучирсан худалдаа наймаа хийгдээд их удаж байгаа 4 жил болсон тул буцаах буюу нэмэж төлбөр тооцоо нэхэмжлэх боломжгүй тул энэ нэхэмжилэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Машиныг нэхэмжлэгчээс аваагүй. Нэхэмжлэгчтэй гэрээ хийгээгүй. ******* гэдэг компаниас авсан. Энэ нь гаалийн мэдүүлэг дээр байгаа. Энэ компанитай гэрээ хийж авсан. 55 саяаар зарна, гэхдээ хямдарна гэж байсан. Захирал нь ******* гэж байгаа. Гаалиар 22 300 000 төгрөгөөр орж ирсэн. Ниссан машиныг оролцуулбал авья гэж хэлж байсан. Дтэй ярина гээд Д зөвшөөрсөн гээд тохиролцсон. 9 сая төгрөг өгөөд ниссан машинаа өгөөд 6 саяыг дараа өгнө гэж тохироод авсан. Тэгсэн дараа нь ниссан машин 40 саяаар зарагдахгүй байна гэсэн тэгэхээр нь танай тундра ч гэсэн 55 саяаар зарагдахгүй гэсэн. Тэгээд нэхэмжлэгч нь тундраг зарж өгнө гээд өөр дээрээ байлгаж байсан. Дараа нь Д нь ниссаныг машин оролцуулж зарлаа гэсэн. Би ингээд тооцоо дууслаа гэж ойлгосон. 6 сая төгрөг дутуу гэдгээ нийслэлийн шүүхэд нэхэмжлэгч нь би өөрөө гараараа бичсэн гэж хэлсэн. Тэр 6 саяыг нь өгчихсөн. Машины түлхүүр аваад өгөхгүй байсан тул 500 мянгыг илүү өгөөд авсан. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхгүй, машины гаалийн бичиг дээр Дгийн нэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан Б.Дгийн нэхэмжлэлтэй Д.Ад холбогдох иргэний хэрэгт дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Ааас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 9.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Д.А нарын хороонд хийгдсэн гэх автомашин худалдах худалдан авах тухай гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, нөгөө талаар нэхэмжлэгч Б.Д нь уг автомашины төлбөрийг нэхэмжлэх эрхгүй этгээд байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байна. Хэдийгээр талуудын тайлбараар маргаан бүхий автомашиныг худалдах худалдан авах харилцаа үүссэн, ам гэрээ хийсэн гэх боловч дээрх хэлцэл нь хуулийн шаардлага хангахгүй хэлцэл гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.02.24-ний өдрийн №758 тоот шийдвэрээр талуудын хооронд ИХ-ийн 243-р зүйл, 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн, хариуцагч үүргээ энэ хуульд заасны дагуу гүйцэтгээгүй гэж үзээд 9.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шийдвэр гаргаж, НДЗШШ-ээс хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад талуудын хооронд амаар байгуулагдсан гэх ИХ-ийн 243-р зүйл, 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсээгүй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Учир нь ИХ-ийн 243-р зүйл, 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д хариуцагч Д.Ад биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгө болох автомашин нь ИХ-ийн 252-р зүйл 252.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолгүй хөрөнгийн шаардлагыг хангаагүй байсан байна. Өөрөөр хэлбэл дээрхи автомашин нь нэхэмжлэгч Б.Дгийн өмч биш харин ******* ХХК-ийн нэр дээр гаалиар орж ирж мөн ******* ХХК-иас 2013-2-15 нд Худалдаа Хөгжлийн Банкнаас хариуцагч Д.Аы нэр дээр 2014-02-11-ны өдөр шилжигдэн бүртгэгдсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь уг автомашиныг гадаадаас худалдан авч ******* гэгчийн нэр дээр оруулсан гэх боловч уг автомашин нь Б.*******гийн нэр дээр бус харин ******* ХХК-ний нэрээр Монгол улсын хилээр орж ирсэн гэх гаалийн бүрдүүлэлттэй, мөн уг компаний нэрээс ХХБанкинд дараа нь хариуцагчид шилжсэн байдаг. Мөн нөгөө талаар нэхэмжлэгч Б.Д нь ам хэлцэл хийж автомашиныг хариуцагчид шилжүүлсэн гэх боловч 2017.02.24-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэг болон бусад тайлбартаа өөрийн эзгүйд уг автомашиныг эхнэрээс маань авч явсан байсан гэх зэрэг илт зөрүүтэй тайлбаруудыг өгсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгч нь автомашины талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэстэй. Нөгөө талаар хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах хэлцэл нь хуулийн шаардлага хангахгүй боловч хэрвээ талуудын хооронд худалдан худалдан авах тухай ИХ-ийн 243-р зүйл, 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж шүүх үзвэл ИХ-ийн 244-р зүйл, 244.1 дэх хэсэгт зааснаар талууд худалдан авах гэрээний үнийг зааж бичгээр хийсэн хэлцэл байхгүй, харин талууд төлбөр тооцоогоо бартераар хийсэн болох нь талуудын тайлбар гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдоно. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу авсан гэх төлбөрөө нотлох баримтаар бүрэн нотлож чадахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Талууд автомашинуудыг хоорондоо бартераар солилцож төлбөр тооцоогоо дуусгасан гэж бүрэн боломжтой баримтууд хэрэгт авагдсан байдаг тул хэрвээ шүүх талуудын хооронд иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээ үүссэн байна гэж дүгнэсэн тохиолдолд тооцоо дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.А, түүний өмгөөлөгч О.О нар нь нэхэмжлэгчийг шаардах эрхгүй, төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар /хэргийн 20 дугаар тал/, гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан баталгаагаар /хэргийн 43 дугаар тал/ тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох Тоёота тундра маркийн машиныг өмчлөх эрх нэхэмжлэгчид байхгүй тул шаардах эрхгүй гэж маргаж, үндэслэлээ 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт /хэргийн 42 дугаар тал/ уг машиныг ******* ХХК нь Монгол улсад импортолсон гэж тайлбарлаж байна. Гэвч уг компаний захирал буюу машиныг хүлээн авсан Д.Э-н 2017 оны 02 сарын 21-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр уг Тоёота тундра маркийн машины өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Д мөн болох нь тогтоогдож байна.

 

Улмаар дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь Тоёота тундра маркийн машиныг 55,000,000 төгрөгөөр худалдан авсан нь зохигчдын тайлбар, хариуцагчийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан баталгаагаар тогтоогдсон бөгөөд уг машиныг худалдсан үнийн талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Зохигчид худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрт урьдчилгаанд 9,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй боловч харин төлбөрт тооцож өгсөн Ниссан патфайндер маркийн машиныг нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгт тооцсон, хариуцагч нь 40,000,000 төгрөгт тооцсон гэж маргаж байна. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт Тоёота тундра маркийн машиныг 22,389,076.50 төгрөг гэж, Ниссан патфайндер маркийн машиныг 16,445,831.44 төгрөгөөр гаалийн татвар төлөх үнийг тогтоосон болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 42 дугаар тал/ Гэвч бодит байдалд Тоёота тундра маркийн машин зах зээлд 55,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь дээрх үндэслэлээр тогтоогдсон тул Ниссан патфайндер маркийн машины тухайн үеийн зах зээлийн үнийг гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт заасан үнээр тогтоох үндэслэлгүй юм. Түүнчлэн уг Ниссан патфайндер маркийн машин нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гуравдагч этгээд буюу гэрч Б.Алтангэрэлийн өмчлөгчлөлд шилжсэн, 4 жил өнгөрсөн байх тул зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн буюу Ниссан патфайндер маркийн машиныг төлбөрт тооцож авах үед түүний зах зээлийн ханш ямар байсныг нөхөн тогтоох боломжгүй юм. Учир нь уг машин шинэ машин бус харин ашиглагдаж байсан машин тул түүний ашиглалтын буюу элэгдлийг нөхөн тогтоох боломжгүй гэж үзлээ. Улмаар уг Ниссан патфайндер маркийн машиныг 30,000,000 төгрөгний төлбөрт тооцож авсан болох нь гэрч Д.*******, Б.Алтангэрэл нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагчийн Ниссан патфайндер маркийн машиныг 40,000,000 төгрөгт тооцсон гэх тайлбар нь хариуцагч Д.А болон гэрч Б.Алтангэрэл нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр /хэргийн 112 дугаар тал/ үгүйсгэгдэж байна. Иймд Ниссан патфайндер маркийн машиныг 30,000,000 төгрөгийн төлбөрт тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Хариуцагч нь дүү гэх Д.******* нь Тоёота тундра маркийн машины үлдэгдэл төлбөрт 6,500,000 төгрөгийг надаас асууж төлсөн гэж тайлбарласан ба нэхэмжлэгч уг 6,500,000 төгрөгийг авсан талаар маргаагүй байна. Энэхүү төлбөрийн зарим хэсэг болох 1,000,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Х.Энхжаргалын дансанд шилжүүлсэн байна. /хэргийн 44 дүгээр тал/ Уг мөнгийг хүлээн авсан Х.Энхжаргал нь нэхэмжлэгч Б.Дгийн эхнэр болох нь хэрэгт байгаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 124 дугаар тал/, мөнгийг шилжүүлсэн Хаан банк дахь ******* тоот дансны эзэмшигч нь Д.******* болох нь Хаан банкны 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 8612 тоотоор /хэргийн 128 дугаар тал/ тус тус тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан байна. Иймд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар нэхэмжлэгч нь маргаж буй гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлөх 55,000,000 төгрөгнөөс урьдчилгаанд өгсөн 9,000,000 төгрөг, төлбөрт тооцсон машины үнэ 30,000,000 төгрөг, хариуцагчийн зөвшөөрлөөр Д.*******ийн төлсөн 6,500,000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.А-аас 9,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

 

3.            Хариуцагч Д.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД