Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 352

 

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй,

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн

 А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын

хэсгийн ахлагч П.С-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                      Г.Банзрагч

                                                М.Батсуурь

                                                Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

             Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0300 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлалтай,

      Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч Ц.Ө-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0300 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлалаар: Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ө-ын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/172 тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Ц.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэлийн агуулга нь: “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.С нь холбогдох хууль, Засгийн Газрын тогтоол, ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар өөрт нь олгоогүй эрх мэдлийг өөртөө бий болгож, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/130 дугаар тушаалын хавсралтад зааж өгсөн гүйцэтгэх ёстой эрх үүргийнхээ хэмжээг хэтрүүлэн, хувь хүний албан тушаал, ажлын байрыг булааж авах зорилгоор гаргасан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалынх нь нэхэмжлэгчид хамааралтай хэсгийг нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага болно.

4. ... Нэгдүгээрт: 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна нь 128/ШЗ2020/1331 дүгээр захирамжаараа “... Б/172 дугаар тушаалын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ ...” хэмээн шийдвэрлэв.

5. Хоёрдугаарт: 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ц, О.Н, Э.Л нар нь “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн тухай” 224 дүгээр тогтоолоороо “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангав. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2163 дугаар магадлалд “... шүүх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 тушаалаар нэхэмжлэгч Ц.Ө-ыг “Б” ТӨААТҮГ-ын үйлдвэрлэл-технологийн албаны дарга, ерөнхий технологичийн ажил албан тушаалаас чөлөөлсөн нь хууль ёсны эсэх талаар талууд маргаж буй эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийг уг ажил албан тушаалд эгүүлэн томилсон нь ойлгомжгүй байна...” гэсэн нь шүүгчийн захирамжид дүгнэсэнчлэн “... ажлын хэсгийн ахлагч тус шийдвэрийг гаргах эрхтэй эсэх, ажил олгогч биш этгээд хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргасан нь үндэслэлтэй эсэхийг одоогийн Иргэний хэргийн шүүхэд хянагдаж буй Ц.Ө-ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргаантай хэрэгт нэг мөр дүгнэгдэн шийдвэрлэх боломжтой ...” гэж ойлгогдохооргүй байна.

6. Өөрөөр хэлбэл энэхүү захиргааны хэргийн маргаан бүхий акт болох ажлын хэсгийн ахлагч Д.С-ын “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалтай нэхэмжлэгч Ц.Ө-ыг маргасан эсэхийг тодруулалгүйгээр, мөн нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн албан тушаал шинээр батлагдсан бүтцээр байгаа эсэх нь тодорхойгүй байхад эгүүлэн томилсон нь ойлгомжгүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааснаас бус Иргэний хэргийн шүүх Д.Совдын гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах үр дагавар үүсгэхгүй.

7. “... шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6868 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, холбогдох ажиллагааг 5 сар орчмын хугацаанд хийж байснаа дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай нийцсэнгүй. ...” хэмээн шийдвэрлэсэн.

8. Гуравдугаарт: 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна нь 128/ШШ2020/0300 дугаар шийдвэрээрээ “... Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А-130 дугаар тушаалаар татан буулгах, архив эд хөрөнгийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хэсгийг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ахлуулан байгуулж, ажлын хэсгийн хийх ажлын удирдамжийг батлан, татан буугдсан байгууллагын эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан баланс гаргаж, үндсэн болон бусад эд хөрөнгийг шинээр байгуулагдах хуулийн этгээдэд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасан байна.

9. Энэ тушаалаар баталсан ажлын хэсгийн хийх ажлын удирдамжид татан буулгах, архив, эд хөрөнгийг шинээр байгуулагдах хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хүрээнд 1/ хуулийн этгээдийг татан буулгах тухай мэдэгдлийг нийтэд мэдээлэх, 2/ хуулийн этгээдийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх, 3/ үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж, акт үйлдэн хүлээн авах, хүлээлгэн өгөх, 4/ төсвийн болон бусад өр төлбөр, ажиллагсадтай хийх өр авлагын тооцоог нэгтгэн гаргаж, барагдуулах арга хэмжээ авах. 5/ архив, албан хэргийн материалыг акт үйлдэн хүлээн авч, шинээр байгуулагдсан хуулийн этгээдээд хүлээлгэн өгөх, 6/ санхүүгийн хаалтын тайлан тэнцэл гаргах, 7/ холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад татан буулгах талаар мэдэгдэх гэсэн ажлуудыг тодорхой заажээ.

10. Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар “Б” УТҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар “Б” УТҮГ-ын даргыг томилсон, хуулийн этгээдийн бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 17-нд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон хуулийн этгээдийн хэлбэр болон өмчийн хэлбэр, мөн гүйцэтгэх удирдлагын буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн өөрчлөлт бүртгэгдсэн байна.

11. Өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн удирдлага 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр томилогдож, хуулийн этгээдийн бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 17-нд энэ талаарх мэдээлэл бүртгэгджээ.

12. Гэтэл “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын буюу татан буугдсан хуулийн этгээдийн захирлын тушаалын албан хэвлэмэл хуудас, тамга бүхий 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А-130 дугаар тушаалаар томилогдсон татан буулгах, архив эд хөрөнгийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Д.С гаргаж “Б” ТӨААТҮГ-ын ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлжээ. Ингэхдээ Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг.

13. Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Б” ТӨААТҮГ-ыг татан буулгаж, “Б” УТҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулж байгаа хэдий ч энэ шийдвэрийг Иргэний хуулийн хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хуулийн этгээдийг татан буулгах үндсэн зохицуулалтаар авч үзвэл энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгээр “Б” ТӨААТҮГ нь хуулийн этгээд болохын хувьд “Б” УТҮГ болж зохион байгуулалтын төрөл, хэлбэр өөрчлөгдсөнөөс биш 32 дугаар зүйлд зааснаар татан буулгагдсан үр дагавар үүсгээгүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дээрх тогтоолд заасанчлан тус газрын чиг үүрэг хадгалагдсан, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт орохооргүй байна.

14. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” үндэслэл үүсэхгүй, зохион байгуулалтын бүтцийн хувьд зарим нэг өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй ч бүх албан хаагчдыг чөлөөлж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

15. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж буй тохиолдолд өөрчлөн зохион байгуулагдсан хуулийн этгээдийн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглодог бөгөөд 40.4-т зааснаар хуулийн этгээдийн харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

16. Тодруулбал “Б” УТҮГ-ын ажиллагсдыг чөлөөлж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ.

17. Эндээс дүгнэхэд “Б” ТӨААТҮГ-ын захирлын гэх Б/172 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “ иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус байна.

18. Нөгөөтэйгүүр уг тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх ажил олгогчид буюу хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээдэд олгогдсоноос биш, өөр этгээдэд олгогдоогүйн дээр ажлын хэсгийг байгуулсан тушаалд заасан ажлын хэсгийн чиг үүрэг, хийх ажлын удирдамжид заагаагүй хүний нөөцтэй холбоотой чиг үүргийг ажлын хэсгийн ахлагч эдлэхгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан тодорхой үндэслэлээр өөрийн санаачилгаар цуцлах эрх ажил олгогчид олгогдсон байхад өөр этгээд энэ эрхийг хэрэгжүүлэх боломж хуулиар хязгаарлагддаг.

19. Хуулийн этгээдийн өмчийн төрөл, хэлбэр нь өөрчлөгдсөн “Б” УТҮГ-ын дарга томилогдсон, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш өмнөх хуулийн этгээдийн захирлын тушаалын хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэн хуулиар ч, ажлын хэсгийг байгуулсан эрх бүхий этгээдийн шийдвэрээр ч эрх олгогдоогүй этгээд ийнхүү хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргаж, ажилтнуудыг бөөнөөр чөлөөлсөн энэ шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” үндэслэлээр мөн л илт хууль бус байна.

20. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд сарын өмнө, бөөнөөр чөлөөлөх тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэх ажил олгогчийн үүргийг, ажилтнуудын эрхийг хамгаалах зохицуулалтыг нэгэнт илт хууль бус актын энэ маргаанд тайлбарлах ч илүүц байна.

21. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох энэ маргаан нь хэдийгээр хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэлгүйгээр баримталсан ч ийнхүү хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргах эрх олгогдоогүй этгээдээс, ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл буюу хөдөлмөрийн хуулиар заасан үндэслэл үүсээгүй байхад бөөнөөр нь чөлөөлсөн захиргааны байгууллагаас байгуулсан ажлын хэсгийн ахлагчийн илт хууль бус шийдвэртэй холбоотой хууль хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хөдөлмөрийн маргаан гэхээс илүүтэй илт хууль бусаар иргэний эрхийг зөрчсөн үр дагавар үүсгэсэн захиргааны актын маргаан, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой, энэ талаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 224 дүгээр тогтоолд дүгнэж, нэхэмжлэлийг “харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

22. Шүүх эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч Ц.Ө-д холбогдох хэсэг л энэ шүүхийн шийдвэрт хамааралтай болно.

23. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. ...” хэмээн шийдвэрлэсэн.

24. Дөрөвдүгээрт: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь 393 дугаар магадлалынхаа “тогтоох нь” хэсэгт “... Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Ө-ын “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Совдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай. ...” хэмээн тогтоон шийдвэрлэжээ.

25. Ийнхүү тогтоох нь ч аргагүй байсан мэт. Учир нь “тогтоох” хэсгийнхээ өмнөх хянавал хэсэгт илэрхий худал хуурмаг, зүй бус дүгнэлтийг шүүгч нар олон удаа хийсэн нь тийнхүү тогтооход хүргэсэн бололтой байна.

26. Д.Б, Д.Б, А.С нар нь 393 дугаар магадлалынхаа хянавал хэсэгт: “... мөн Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт “татан буугдаж, шинээр байгуулагдсан “Б” УТҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх”-ээр даалгасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаар тушаалаар “шинээр байгуулагдсан “Б” УТҮГ-ын дүрэм, бүтэц”-ийг баталж, мөн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаалаар “Б” УТҮГ-ын орон тооны хязгаарыг баталжээ. Үүгээр татан буугдахаас өмнөх үйл ажиллагааны журам, дүрэм уг байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны бүтэц шинэчлэгдсэн байна.

27. Энэхүү шинэчлэгдсэн бүтэц, байгууллагын өмнөх бүтцийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргааны удирдлагын орон тоонд байсан “үйлдвэрлэл- технологийн албаны дарга, ерөнхий технологич” гэсэн орон тоо шинэ бүтцээр хасагдсан байна гэж хянажээ.

28. Эндээс үзэхэд шүүгч нар Д.Б, Д.Б, А.С нар нь хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт ихээхэн автагдсан нь илэрхий харагдаж байна. ХХААХҮ-ийн сайдын А-168, А-177 дугаар тушаалууд нь Биокомбинатын бүтэц, орон тоог хэрхэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тэдгээр тушаалууд нь гарсан өдрөөсөө хойш нэг өдөр ч хэрэгжээгүй болохыг огт авч үзэхгүй байгаа юм.

29. Мөн шүүгч нар нь “өмнөх үйл ажиллагааны журам”-ыг А-168, А-177 дугаар тушаалуудаар шинэчилсэн мэтээр огт үндэслэлгүй худал дүгнэлтийг шүүхийн магадлалдаа бичсэн нь ч ноцтой үйлдэл гэж үзэж байна.

30. Засгийн газрын 188 дугаар тогтоолд ч “...зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх”-ээр заасан байгааг ч илт мушгин гуйвуулж шүүхийн магадлалдаа тайлбарласан байна.

31. 2018 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд ямар нэгэн тодотгол, өөрчлөлт ороогүй учраас 2019 оны 01 сар хүртэл өмнөх, бүтэц зохион байгуулалт, төсвийнхөө хүрээнд Биокомбинатын 2018 оны үйл ажиллагаа явагдсан нь хэн бугайд ч тодорхой.

32. Түүнчлэн шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэхэд нотлох үндэслэл болгоод буй А-168, А-177 дугаар тушаалуудад дурдсан бүтэц орон тоо нь хэргийн нотлох баримтаар авагдсан Б-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны А/11 дүгээр, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/33 дугаар тушаалуудын үндэслэлд огт дурдагдахгүй байгааг санаатайгаар уу, санамсаргүйгээр үү, огт анзаарахгүй байгаа нь ихээхэн эргэлзээтэй.

33. Мөн шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хүн, ... захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...” заасанчлан иргэн хүн ажлын байраа, байгууллагынхаа мэргэжлийн удирдлагыг хамгаалуулж үлдэхээр хуулийн хүрээнд шүүхэд хандан тэмцэж байхад “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар илт хууль бус тушаал нь ч А-168, А-177 дугаар тушаалуудтай огт хамааралгүйгээр, тэдгээрийг үндэслэлд нь огт дурдахгүйгээр гарсныг огтхон ч анзаарч үзэхгүйгээр, Иргэний хуулиар Засгийн газарт олгосон бүх эрхийг ажлын хэсгийн ахлагч Д.С бүгдийг нь эдлэх ёстой, Д.С бол Засгийн газар мөн гэдэг логикоор улайран зүтгэж, зөвтгөх тайлбар оролдлого хийж байгаа нь үнэхээр ихээхэн эргэлзээтэй.

34. Энэхүү маргаантай хэргийг шийдвэрлэхдээ шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь онцгой анхаарал хандуулах ёстой байсан нэг асуудал нь ХХААХҮ-ийн сайд Б.Б нь 2018 оны 10 сарын 12-ны өдөр “Дүрэм, бүтэц батлах тухай” А-168 дугаар тушаалынхаа 2 дугаарт “энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Т/-д үүрэг болгосугай, мөн уг тушаалынхаа 3 дугаарт “Батлагдсан бүтцийн дагуу албан хаагчдыг томилон, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Ц/ -д даалгасугай. ...” гэж тушаасан болно.

35. Эндээс харахад Д.С-д А-168 дугаар тушаалаар ямар ч эрх олгоогүй нь тодорхой харагдана. Үүнийг шүүгч Д.Б, Д.Б, А.С нар анзаараагүй. Д.С бүхнийг шийдэж болно гэдэг ганцхан үүднээс л хандаад байсан нь тодорхой харагдаж байна.

36. Мөн энэхүү хэргийг шийдвэрлэхдээ шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь 393 дугаар магадлалынхаа үндэслэл болгоод байгаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн “Орон тоо батлах тухай” А-177 дугаар тушаалын 1 дүгээрт “Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоог хавсралтаар баталж, орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоосугай, уг тушаалын 2 дугаарт “тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Т/-т үүрэг болгосугай... ” гэж тушаасан байгаа. Гэтэл Б-ын ажиллагсдын орон тоог тогтоох эрх нь Д.С-д байгаа мэтээр шүүгч Д.Б, Д.Б, А.С нар ойлгоод байгаад үнэхээр ойлгомжгүй байгаа юм.

37. Эдгээр А-168, А-177 дугаар тушаалуудаас Биокомбинат УТҮГ-ын удирдах дээд байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газар юм байна гэдэг нь тодорхой харагдаж байна.

38. Энэ бүгдээс маш тодорхой харагдаж байгаа нь Биокомбинат УТҮГ-ын бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг ХХААХҮ-ийн сайд Б.Б-оос ажлын хэсгийн ахлагч Д.С-д даалгаагүй гэдэг нь хэн бүхэнд илэрхий байна. Ийм л ойлгомжтой асуудлыг шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь олж харахыг хүсээгүй нь илт байна.

39. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 393 дугаар магадлалд “... захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн: зөрчигдөж болзошгүй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой, тус шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байна.

40. Харин нэхэмжлэгчийн илт хууль бус гэж маргаж байгаа маргаан бүхий Б/172 дугаар тушаалын зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон, тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь татан буугдаж, байгууллагын орон тоо, бүтэц шинэчлэгдсэн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр, орон тоо нь хасагдсан. Үүний учир шүүхээс энэхүү маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас өмнөх ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, ажиллах боломжгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй юм. ...” гэж шүүгч Д.Б, Д.Б, А.С нар үзжээ.

41. Шүүгч нарын энэ дүгнэлтээс харахад тэд Биокомбинат гэдэг хуулийн этгээд алга болчихсон гэж ойлгосон байна. Тэр нь магадгүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ухуулгад хэт автсантай холбоотой болов уу.

42. Уг нь Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар Биокомбинат аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаад, 4 дүгээр заалтаар нь Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулчихсан юм. 188 дугаар тогтоолоор Биокомбинат үйлдвэрийн газрыг устгаагүй бөгөөд зөвхөн өөрийн орлогоороо зардлаа санхүүжүүлж явдаг аж ахуин тооцоот үйлдвэрийн газрыг, бүх зардлаа улсын төсвөөс авч санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон юм шүү дээ.

43. Монгол улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлд “... Хуулийн этгээд ...”-ийн талаар “ ... 25.1 Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ....” гэж тов тодорхой заасан бий.

44. Хуулийн энэ заалттай нийцүүлэн үзэхэд 1923 онд байгуулагдсан Биокомбинат үйлдвэрийн газар нь 2018 оны 06 сарын 20-ноос өмнө ч, одоо ч Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 97 жилийн турш Биокомбинатынхаа хашаан дотор оршин байж, Монгол улсынхаа мал сүргийг вирус, бактери, микоплазм зэрэг бичил биетнүүдээр үүсгэгддэг халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцин, оношлууруудаа үйлдвэрлэсээр, Монгол улсынхаа мал сүргийг тодорхой зүйлийн халдварт өвчнүүдээс сэргийлэх үүргээ амжилттай биелүүлсээр, төр, засаг болон мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ өмнө хариуцдаг үүргээ хангалттай биелүүлсээр, нэхэмжлэгч, хариуцагч байж чадсаар л байж байгаа. Биокомбинат - үйлдвэрийн газар нь өмнө нь ч, одоо ч 100% төрийн өмчит үйлдвэрийн газар хэвээрээ байсаар байгаа болно.

45. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 27 дугаар зүйлд “..Хуулийн этгээдийн нэр...” -ийн талаар тов тодорхой заасан бөгөөд “...27.1-д хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна...” гэж заасан. Хуулийн энэ зүйлтэй нийцүүлж ойлговол Биокомбинат нь 2018 оны 06 сараас өмнө нь ч, одоо ч Биокомбинат гэдэг нэртэйгээ л байгаа.

46. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 28 дугаар зүйлд “...Хуулийн этгээдийн оршин байгаа газар...” -ыг зааж өгсөн бөгөөд “... 28.1-д хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ, 28.2-д хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна...” гэж заасан байна.

47. Хуулийн энэ зүйлтэй нийцүүлж үзвэл Биокомбинат - үйлдвэрийн газар нь 1923 оноос хойш Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд өөрийнхөө хашаанд бат найдвартай байсаар байгаа.

48. Энэ талаарх нотлох баримт нь улсын бүртгэлийн газраас шүүхийн журмаар авагдсан бөгөөд хэргийн нотлох баримтууд дотор байгаа болно. Шүүгч  нарын энэ буруу дүгнэлтийг нотлох бас нэгэн баримт хэргийн нотлох баримтууд дотор байгаа болно.

49. Тэр нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” 186 дугаар тогтоолын 1 дүгээрт “... Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.  2 дугаарт “... Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Г)-т даалгасугай. 3 дугаарт “... Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсантай холбогдуулан гүйцэтгэх удирдлагыг мэргэжлийн багаар гүйцэтгүүлэн ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд (Ч.У), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Г)-т даалгасугай...” гэж шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол гарчихсан бөгөөд тогтоол нь хүчин төгөлдөр байгаа. Миний ойлгосноор Засгийн газрын тогтоол нь хуультай ижил үйлчлэлтэй.

50. Мөн шүүгч нарын 393 дугаар магадлалдаа дүгнэсэн дүгнэлт нь буруу байгаагийн бас нэгэн баталгаа нотолгоо нь Биокомбинатын захирлын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/33 дугаар тушаал болно. Энэхүү тушаалыг гуравдагч этгээд нь хуурамчаар үйлдэж ирүүлснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд мэдэгдсэний үндсэн дээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс засварлагдаагүй хувийнх нь хуулбарыг шүүхийн журмаар гаргуулж авсан нь хэргийн материал дотор хадгалагдаж байгаа.

51. Уг “Цалингийн сан батлах тухай” А/33 дугаар тушаалын хавсралтын 1 дүгээр хуудсанд “Үйлдвэрлэл-технологийн алба” нь Биокомбинатын бүтэц, зохион байгуулалтанд байсаар байгаа нь тодорхой байгаа юм.

52. Иймээс шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь гуравдагч этгээдийн зүгээс явуулж буй буруу буюу хууль бус тайлбарт автаж нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь татан буугдаад алга болсон, ажлын байр нь бас устсан, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг нь зөрчөөд хууль бусаар Ажлаас чөлөөлснийг огт авч үзээгүй бөгөөд “... ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, ажиллах боломжгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй юм...” гэх мэтчилэн Иргэний хэргийн шүүхийн өмнөөс “урьдчилсан шүүхийн шийдвэр гаргаж” өгсөн агуулгатай дүгнэлт хийсэн нь туйлын ёс зүйгүй бөгөөд ёс суртахуунгүй байна.

53. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар нь ийнхүү олон хууль бус, зүй бус, худал хуурмаг дүгнэлт хийхийнхээ зэрэгцээ, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зохиомол, хуурамч, хууль бус урьдчилсан шийдвэр гаргаж өгч буй нь тэдгээр шүүгч нар нь хариуцагч, гуравдагч этгээдүүдтэй ихээхэн ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж би хардаж байна.

54. Дээрхээс дүгнэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б, Д.Б, А.С нарын гаргасан 393 дугаар магадлал нь ямар ч хууль эрх зүйн нотолгоотой үндэслэлгүй нь тодорхой байгаа юм.

55. 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлалыг гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-ийг хариуцагч, гуравдагч этгээдүүд нь бусадтай хамтран үйлдсэн хууль бус, зүй бус үйлдлүүдээ хаацайлахын тулд өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж, Монгол Улсын Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.1, 28.3 зүйлийг илт буруугаар тайлбарлаж, уншиж ойлгохгүйгээр, үг нэг бүрчлэн уншихгүйгээр, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын Биокомбинатад хамааралтай хэсгийг илт мушгин гуйвуулж тайлбарлан, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 07 сарын 31-ний өдрийн А/130 дугаар тушаалын хавсралтаар Д.Сд нарын гүйцэтгэх ёстой 7 бүлэг ажлыг тов тодорхой заагаад өгчихсөн байхад түүнд нь багтаагүй бусад хууль бус үйлдлүүдийг хийх хязгааргүй эрх мэдлийг Д.С-д хуулиар олгосон байдаг юм гэх мэтчилэн илт хууль бус тайлбарыг хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс өгөхөд түүнд нь шүүгч нар автаж, үнэмшиж ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 10 сарын 12-ны А/168, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А /177 дугаар тушаалууд нь нэг ч өдөр хэрэгжээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн ажлын байрыг булааж авах зорилгоор гаргасан “үйлчлэлгүй” “нэрийг нь барьж ашиглах” зорилготой тушаалууд гэдэг нь тов тодорхой харагдаж байхад, Биокомбинатын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу гуравдагч этгээд нь Захиргааны хэргийн шүүхийг хууран мэхлэх, залилах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлж, хуурамч худал тайлбар ирүүлсээр байхад тэр бүхнийг үл харгалзан тэдгээрийг хариуцагч, гуравдагч этгээдүүдэд ашигтайгаар шүүхийн зүгээс тайлбарлаж, Монгол Улсын Засгийн газар нь Биокомбинатын даргын Б/01, А/11, Б/55 тушаалууд, ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын Б/172, ХХААХҮ-ийн сайдын А/168, А/177 тушаалуудынх нь үндэслэл болсон 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолынхоо Биокомбинат буюу нэхэмжлэгчийн ажил олгогчтой холбогдох хэсгийг нь өөрчлөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” 186 дугаар тогтоолоо гаргаад өмнө нь хууль бус тогтоол гаргасан алдаагаа засаад залруулчихсан бөгөөд Засгийн газрын энэ тогтоол нь хуультай нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байгааг ч огт авч хэлэлцэхгүйгээр зөвхөн гуравдагч этгээд, хариуцагчийн ямар ч үндэслэл, нотолгоогүй тайлбар гэгчид үндэслэж шүүхийн шийдвэрээ гаргасанд үнэхээр гомдолтой байна.

56. Гомдлынхоо төгсгөлд онцлон тэмдэглэхэд нэхэмжлэгчийн зүгээс энэ удаад маш тодорхой ганцхан Захиргааны акттай л маргалдаж байгаа. Тэр нь Д.Совдын хууль бусаар буюу өөрт нь Засгийн газраас ч, ХХААХҮ-ийн сайдаас ч ямар нэгэн эрх олгогдоогүй байхад Биокомбинат үйлдвэрийн газар - ажил олгогчийн өмнүүр орж ажиллагсдыг нь хууль бусаар хоморголон халж хаяад явчихсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалын нэхэмжлэгчтэй холбогдох хэсгийг нь илт хууль бус болохыг нь тогтоолгохыг л хүсэж байгаа.

57. Өмнөх шүүх хурлуудын үед дурдагдаж, шүүхийн захирамж, шийдвэр, магадлалуудад тусгагдсан Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, байгууллагын захирлын тушаалууд болон бусад нотлох баримтаар авагдсан хэргийн материалууд нь хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбарлаж байгаачлан энэхүү Б/172 дугаар тушаалтай тэдгээр нь ямар ч хамааралгүйг нотлох үндэслэлүүд болох юм.

58. Өөрөөр хэлбэл, Д.С нь хувь хүмүүсийн хоорондын өс хонзонгоор Б/172 дугаар тушаалыг ямар ч үндэслэлгүйгээр гаргаж маш олон хүний ажил, амьдралд үлэмж их хохирол учруулж, Монгол Улсын вирус, нянгийн халдвартай тэмцэх чадавхыг нь дахин сэргэхэд бэрхтэйгээр доройтуулж, хөдөө аж ахуй, биотехнологийн салбарын цорын ганц үйлдвэрийн газрыг нь дампууруулах замд нь оруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хууль бус тушаалыг л гаргасан албан хаагч болж түүхэнд үлдэх болно.

59. Д.С үнэхээр тус байгууллагын асуудлыг шийдэхээр ажиллаж байсан сан болбол Биокомбинат - үйлдвэрийн газрын вакцин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, орон нутгаас ирүүлсэн захиалгаа нийлүүлсээр байхад нь 254 мэргэжилтэн, ажилтан нарыг нь хэнд нь ч мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлж хаяад явж болохгүй шүү дээ.

60. Д.С 254 мэргэжилтэн, ажилтан нарыг бүгдийг нь ажлаас нь чөлөөлсөн Б/172 дугаар тушаал гаргасныг тухайн үедээ хэн ч мэдэхгүй бүгд л ажлаа хийгээд явж л байсан шүү дээ. Энэ үнэн бодит байдлыг ч шүүх огт авч үзэхгүй байгаа нь хачин.

61. Д.С нь хууль мэддэггүй юм аа гэхэд тус байгууллагыг татан буулгах шийдвэрийг гаргасан Засгийн газрынхаа 188 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар Биокомбинат аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаад, 4 дүгээр заалтаар нь Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан тэр л жишгээр Д.С 254 ажиллагсдыг нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаад, мөн тэр өдрөө ажилд нь оруулах тушаал гаргаж болохоор л байсан. Гэтэл ажилтан нарт ч, ажилтны төлөөлөлд ч огт мэдэгдэхгүйгээр чөлөөлөх тушаал гаргаад л орхичихсон байдаг.

62. Д.С нь Засгийн газрынхаа тогтоолын дагуу ажил хийж байгаагүй бөгөөд хорлон сүйтгэл үйлдэж явсан нь энэ үйлдлээс нь тов тодорхой харагдаж л байдаг юм. Үүнийг хэн ч харсан Д.Совд хууль ёсны дагуу бөгөөд төр засгийнхаа өгсөн үүрэг даалгавар биелүүлэн ажил хийж явсан гэж харагдахгүй л байх.

63. Шүүгч Д.Б, Д.Б, А.С нарын 393 тоот магадлалд олон дурдагдсан Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 нь Д.Совдод бүхнийг шийд гэдэг үүрэг өгдөггүй болохыг ХХААХҮ-ийн сайдын А-130, А-168, А-177 дугаар тушаалууд ч тодорхой харуулж байна. Хэрэв тийм байсан бол ХХААХҮ-ийн сайд ямар ч тушаал гаргах шаардлагагүй шүү дээ. Д.С бол Монгол Улсын Засгийн газар биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Мөн Д.С бол ганцаараа Ажлын хэсэг биш юм.

64. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.4, 32.5, 32.6, 32.7, 32.8, 32.9, 32.10, 32.11, 32.12-д тус тус заасан байгууллагыг татан буулгахтай холбоотой бүх ажлыг Д.С ганцаараа гүйцэтгэх онцгой бүрэн эрхгүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалын хавсралтад заасан 7 бүлэг ажлыг ч Д.С ганцаараа гүйцэтгэх эрхгүй.

65. Түүнчлэн Иргэний хуулийн 32 дугаар зүйл болон А-130 дугаар тушаалд заагдаагүй татан буугдсан байгууллагын ажиллагсдыг ажлаас нь өөрийн дураар хоморголон халах, байшин барилга, тоног төхөөрөмжийг нь худалдан борлуулах, дотоод, гадаадын банкин дахь дансанд нь байгаа мөнгийг нь дур мэдэн захиран зарцуулах мэт хязгааргүй бүрэн эрхийг Д.С-д олгоогүй гэдгийг онцлон анхааруулахыг хүсэж байна. Нэхэмжлэгчийн тухайд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 болон 32.2-т заасан Засгийн газрын бүрэн эрхтэй огт маргаагүй. Зөвхөн Д.Совдын гаргасан Б/172 дугаар тушаалын нэхэмжлэгчтэй холбоотой хэсгийг л илт хууль бусыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

66. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б, Д.Б, А.С нар нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2 буюу Засгийн газрын тогтоолтой маргалдаж буй мэтээр буруу ойлгон тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасанчлан хэзээ ч нэхэмжлэгчийн ажил олгогч буюу Биокомбинат үйлдвэрийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээдээр ажиллаж байгаагүй Д.С-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” эрх байсан мэтээр андуурч, ямар ч нотлох баримтгүйгээр хуулийн зүйлийг буруугаар тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасанчлан эрх ашиг нь огт хөндөгдөөгүй этгээд нэхэмжлэл гаргаад яваад байгаа мэтээр ямар ч ойлгомжгүй хуулийн зүйлийг үндэслэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-ийг үндэслэж Д.С-ын гаргасан Б/172 дугаар тушаалын илт хууль бусыг нь Захиргааны хэргийн шүүх тогтоож болохгүй шүү гэж анхааруулсан байдлаар илт хариуцагч, гуравдагч этгээдийн талд үйлчлэн шүүхийн магадлалаа гаргасан нь ихээхэн харамсалтай байна.

67. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заажээ. Шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой.

68. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д нийцүүлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх нь зүйтэй юм.

69. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэсний 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан талаар дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй бөгөөд дээрх хуулийн зүйл заалтуудыг буруу хэрэглэсэн байна.

70. Дээрхээс дүгнэвэл П.С-д “Б” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 254 ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаал гаргах эрх анхнаасаа олгогдоогүй нь тодорхой харагдана.

71. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан. Гэтэл П.С болон ажлын хэсэг нь ажилтан, ажилтны төлөөлөгч нарт огт мэдэгдэхгүйгээр Б/172 дугаар тушаалыг гаргасан.

72. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ. 

ХЯНАВАЛ:

73. Давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан, “захиргааны акт”-ын хуулиар тогтоосон шалгуур, шинжийг буруу тодорхойлсноос захиргааны хэргийн шүүх өөрийн эрх хэмжээнд хамааралгүй, харьяалалын бус маргааныг шийдвэрлэж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

74. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 188 дугаар тогтоолоор “Б” аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэгийн ерөнхий газрын харьяанд “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар, энэ тогтоол гарсантай холбогдуулан уг байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо төсөвтөө багтаан мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгаж шийдвэрлэсэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар “... байгууллагыг татан буулгах” ажлын хэсгийг байгуулсан, уг ажлын хэсгийн ахлагч П.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1, дахь хэсгийг тус тус үндэслэн “... “Б” аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрын ... ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ... цуцалж, ажлаас чөлөөлөх, ... ажиллагсдад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох”-оор шийдвэрлэсэн байна.

75. Хуулийн этгээдийг татан буулгах үйл ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой үүссэн уг харилцаа нь Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр тус тус тусгайлан зохицуулагдсан, хувийн эрх зүйн харилцаа байхад нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалыг захиргааны акт гэж үзэх, уг маргааныг захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

76. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “... захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “захиргааны хэргийн шүүх ... нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан, “Б” аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч П.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 дугаар тушаалаар нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулаагүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгч Ц.Ө-ын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн эсэх маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус тус буруу байна.

77. Нэхэмжлэгч Ц.Ө-оос  “... ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, тушаал гаргасан П.С-д ... намайг болон нийт 253 ажилчдын хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд тэрээр өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон”,  “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” үндэслэл үүсэхгүй, зохион байгуулалтын бүтцийн хувьд зарим нэг өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй ч бүх албан хаагчдыг чөлөөлж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй”, “... ажлын хэсгийн ахлагч тус шийдвэрийг гаргах эрхгүй, ажил олгогч биш этгээд хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн” гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, Иргэний хуулийн 32 дугаар зүйлээр “хуулийн этгээдийг татан буулгах” харилцааг нарийвчлан зохицуулсан, уг харилцааны явцад уг хуульд заасан “татан буулгах комисс”, түүний дарга буюу эрх бүхий этгээдийн тодорхой үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, үүний улмаас ажилтны хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн эсэх тухайн асуудал нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус /нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

78. Иймд, нэхэмжлэгч Ц.Ө-ын “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.Ө-ын нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ө-ын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч П.С-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ө-оос  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

               ШҮҮГЧ                                                  Д.МӨНХТУЯА