Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 753

 

 

Н.Найманжинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Чинбат,

Ялтан Н.Найманжин /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Найманжин, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Найманжинд  холбогдох эрүүгийн 201626020616 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр  сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Нацагюмын Найманжин, 1983 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 11 дүгээр гудамжны 863 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжны 18 тоотод оршин суух,

1.  Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон,

4. Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 сарын баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сар 19 хоногоор тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД:УД83030811/;

Н.Найманжин нь ялтай байхдаа, 2016 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24, 26 байрны жижүүрийн өрөө болон подвольд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Даваадоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хутга, тоосго зэрэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож, биед нь “3 шүдний булгарал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салст, зүүн шанаа, зүүн гарын алганд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Найманжинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Найманжинг ялтайд тооцогдох хугацаандаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Н.Найманжин бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Даваадорж гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж, Н.Найманжингийн цагдан хоригдсон 174 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Найманжинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Н.Найманжин давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие уг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хохирогч Ц.Даваадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө намайг огт танихгүй гэж илт худал мэдүүлсэн. Гэтэл бид хоёр 2008 оноос 2011 он хүртэл 3 жилийн хугацаанд нэг хорих ангид ял эдэлж, хамт сургалтанд сууж, мэргэжил эзэмшиж байсан. Бид Хорих 425 дугаар ангид ял эдэлж байхдаа хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан удаа дараа маргалдаж байсан. Гэтэл тэрээр энэ байдлаа нуун дарагдуулж, огт танихгүй, зүс танина гэх зэргээр зөрүүтэй мэдүүлгүүд өгч, энэ хэргийн үнэн бодит байдлыг бүдгэрүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сард Ц.Даваадорж тааралдаад хорих ангид болсон явдлаа ярьж байгаад миний хамтран амьдрагч Д.Цогтцэцэгийг “янхан хүүхэн, хэн дуртай нь ирж хонодог” гэх зэргээр доромжилж маргалдаад салсан. Хэрэг гарах үед хөл нь гэмтсэн гэсэн атлаа 24 дүгээр байрны 1 дүгээр орцонд оролгүй цааш явж, 2 дугаар орцонд орсон байдаг. Гэмтсэн хөлөө үзэхийн тулд ийм хол явж, хувцасаа тайлсан байсан нь илтэд худал ярьж байна гэж үзэж байна.

Мөн Ц.Даваадорж надтай зодолдож байгаад салсныхаа дараа ширээн дээрээс хутга шүүрч аван над руу дайрч миний зүүн гарын бугуйн хэсэг рүү хатгасан. Би хутгыг нь булааж аваад Д.Цогтцэцэгийг орж ирэхэд нь өгсөн. Намайг хутга барьж дайрсан гэж өөрийн буруутай үйлдлээ нуухын тулд худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний өмсөж явсан хувцас цусны толботой тэр хэвээрээ байгаа. 24 дүгээр байрнаас гараад харихаар 26 байрны урд явж байхад Ц.Даваадорж араас гүйж ирээд боож унагаан миний биед халдсан. Мөн Ц.Даваадорж нь байцаалт өгөхдөө 26 дугаар байрны подвальд “Н.Найманжин шилний хагархай бариад над руу дайраад байсан” гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт огт өөр зүйл ярьсан. Намайг уг подвальд нүүрнийхээ цусыг угаагаад байж байхад Ц.Даваадорж орж ирэн дахин миний биед халдсан. Цамцны захаар хоолойг минь боож унагаачихаад, дээр гараад дахин хоолой боосон. Түүнийг өөрөөсөө холдуулах гэж гарт таарсан зүйлээр цохисон маань үнэн. Би өөрийн холбогдсон хэргийг анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Хэргийн газраас намайг баривчилсан хоёр цагдаа Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд хүргэж өгөхөд эрүүлжүүлэхийн эмч нь манайх эрүүл хүн хүлээж авахгүй, наад хүний чинь биеийн байдал тогтворгүй байна, яаралтай түргэн тусламж дуудаж үзүүл гээд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Гэтэл намайг баривчилсан цагдаа нар хэрэгт холбогдсон, явуулж болохгүй, энд хонуулах шаардлагатай гэж цагдаагийн газар хонуулсан. Тэр өдөр нэг шил Модун гэх /17 градусын/ архи гурвуулаа хувааж уусан. Гэтэл намайг согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэж зүйлчилж байгааг ойлгохгүй байна. Миний эхнэр, хүүхэд, миний амьдрал надад үл ялих зүйл бишээс гадна би эхнэрээ хэн нэгэнтэй хуваалцаж, доромжлуулахыг хүсээгүй нь хүнд гэмт хэрэгтэн болгох шалтгаан болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн тогтоолд намайг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан гэж бичсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гаргасан хүсэлтдээ тодорхой бичсэн. Би байцаалт өгөхгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Гэрч Б.Ижилбаатар нь боловсролгүй, гэрч Н.Алтанчимэг нь сэтгэцийн өөрчлөлттэй гэх шалтгаанаар группт байдаг. Гэрч Д.Цогтцэцэг нь бичиг үсэг мэдэхгүй. Эдгээр гэрч нарыг байцаахдаа өмгөөлөгч болон хөндлөнгийн гэрчгүйгээр байцаалт авсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогч, гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгөх шаардлагатай гэж зааснаас гадна хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж тодорхой заасан байдаг. Гэвч энэ хэргийн нотолбол зохих асуудлуудыг тогтоолгүй хохирогч Ц.Даваадоржийн мэдүүлгийг хэт өндрөөр үнэлэн мөрдөн байцаах ажиллагааг дутуу явуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул үнэн зөвөөр, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Н.Найманжингийн өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхээс Н.Найманжинг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлыг дүгнэхдээ хохирогчийн буруутай байдал болон өш санан хонзогнож, худал өгсөн мэдүүлэг, улсын яллагчийн “...ялимгүй зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн...” гэх үндэслэлгүй дүгнэлтийг үндэс болгон хуулийн зүйл, хэсгийг тодорхойлон, хүнд ял шийтгэл оногдуулсан төдийгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд бид гомдолтой байна. Н.Найманжин, Ц.Даваадорж нар нь хувийн харьцаа болон эр, эмийн хардалт, өш санан муудалцаж зодолдсон нь тэдний мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Энэ нь танхайрах гэмт хэргийн сэдэлт, үйлдлийн шинжийг үгүйсгэж, иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй байхад шүүх шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн байдлаар ялыг хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хүнд ял оногдуулан, онц аюултай гэмт хэрэгтэн хэмээн тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн, сэдэлт, гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг үндэслэн хуулийн зүйлчлэлийг зөвтгөн хөнгөрүүлж, үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор М.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Ялтан Н.Найманжин тухайн үед архи ууж согтууран, болсон нөхцөл байдлыг буруугаар ойлгосон. Шүүгдэгчийн ярьсан зүйлүүд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Согтуурсан үедээ айлд орсон. 24 дүгээр байрны подвальд орж бусдыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтэй гэж үзсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Найманжин нь 2008, 2011 онуудад хүнд гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлж, ялтай байхдаа 2016 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24, 26 байрны жижүүрийн өрөө болон подволд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Даваадоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хутга, тоосго зэрэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн түүнийг зодож, биед нь “1 шүдний булгарал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салст, зүүн шанаа, зүүн гарын алганд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ц.Даваадоржийн “...2016 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 20-21 цагийн үед 6 дугаар бичил хорооллын арктай байрны автобусны буудал дээр автобуснаас буугаад явж байхдаа замын боржур дээр хальт гишгээд зүүн хөлийнхөө шагайг эвгүй болгочихсон. Хөл маань өвдөөд 24 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүр Д.Цогтцэцэг эгчийнд очиход охинтойгоо хоёулаа жижүүрийнхээ өрөөнд байсан. Д.Цогтцэцэг эгчид хөлөө эвгүй болгочихлоо, танайд сууж байгаад хөлөө үзье гэж хэлээд ...оймсоо тайлах гээд тонгойгоод сууж байтал түүнтэй хамт амьдардаг Н.Найманжин гаднаас орж ирээд “чи манай гэрт юу хийж байгаа юм” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Намайг оймсоо өмсөж байхад Н.Найманжин дээгүүрээ өмсөж явсан хувцасаа тайлаад цээж нүцгэн намайг багалзуурдаад хоолой боосон. ...Гарах гэж байхад араас хутга барьчихсан над руу дайраад байсан. Би хутгыг нь тавиулах гээд ноцолдож байгаад зүүн гарынхаа алганд зүсүүлсэн. ...Н.Найманжинд “хоёулаа чамайг эрүүл болсон үед чинь ярилцъя” гэж хэлээд гарах гэтэл араас мөрнөөс татахаар нь эргээд харсан чинь миний дух руу тоосгоор цохиход, би өмнө нь шууд сөхрөөд унасан. Тэгээд “чамайг одоо ална” гээд намайг татаж босгож ирээд духаараа миний нүүр лүү мөргөхөд миний шүд булгараад унасан. Тэрнээс хойш нүүр, гэдэс, элэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Сүүлд нь миний ар нуруу руу тохойгоороо 2 удаа цохиход нь дуугарч чадахгүй сөхрөөд сууж байгаад босч ирэхэд Н.Найманжин “гар утсаа гаргаад ир” гээд нэхээд байсан” /хх-14-15/,

Гэрч Д.Цогтцэцэгийн “...Би Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр байрны “Түшээ” СӨХ-д орцны жижүүрээр ажилладаг. Ц.Даваадорж нь манай СӨХ-д цахилгаанчинаар ажилладаг. Н.Найманжинтай 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээр танилцаж найзууд болсноос хойш хааяа манайд ирж хонодог байсан. 2016 оны 2 дугаар сарын 14-ний орой жижүүрийнхээ байранд охинтойгоо хамт байж байтал Ц.Даваадорж автобуснаас буух гэж байгаад хөлөө эвгүй гишгэчихлээ гээд доголоод орж ирсэн. Тэгээд гутлаа тайлаад “хөлөө үзчих үү” гэхээр нь “тэг” гэхэд оймсоо тайлах гэж байхад нь гаднаас Н.Найманжин нилээн согтуурсан байдалтай орж ирээд үгийн зөрүүгүй Ц.Даваадоржийг тонгойгоод сууж байхад нь ар нуруу хэсэг рүү нь гараараа цохиод байхаар нь би арайхийж салгасан. ...Н.Найманжин талхны саванд байсан хутгыг авчихсан, Ц.Даваадоржийн гарыг зүссэн байсан. Тэр үед Ц.Даваадорж бид хоёр арайхийж Н.Найманжингийн гараас хутгыг нь аваад айсандаа голын саад руу шидсэн...” /хх-18-19/,

Гэрч Н.Алтанчимэгийн “...2016 оны 2 дугаар сарын 14-ний 22 цагийн орчим 26 дугаар байрны подвальд хувцасаа угаах гээд нөхөр, хоёр найзынхаа хамт байж байхад манай нөхрийн дүү Н.Найманжин бага зэрэг согтуу, Д.Цогтцэцэг нэг хүнтэй нийлээд  над руу дайрлаа гээд хашгираад орж ирсэн. Удалгүй манай ажлын Ц.Даваадорж орж ирээд Н.Найманжинд хандаж “чи миний гарыг зүсчихлээ” гэсэн. Түүний гарын алга хэсэгт бага зэрэг зүсэгдээд цус гарч байгаа харагдсан. Н.Найманжин подвальд байсан цонхны шилийг хагалаад урт шил барьчихаад Ц.Даваадорж руу дайраад байсан. Ц.Даваадорж түүнд “чи буруу ойлгоод байна” гэж хэлж байсан. Тэгээд ноцолдоод байхаар нь би нөхрөө дуудахаар гарахад тэд подвальд үлдсэн. 28 дугаар байрны жижүүрийн өрөөнд очиж нөхрийгөө дагуулаад очиход ...Ц.Даваадоржийн баруун хөмсөгний дээд хэсгээс их хэмжээний цус гараад хувцас нь нил цус болсон, гарч чадахгүй, Н.Найманжин хойноос нь зулгаачихсан зогсож байсан. Манай нөхөр Ц.Даваадоржийг арай гэж татаж гаргаад гэр лүү нь явуулсан. Дотогш ороход 00-ийн ойролцоо, хана хэсгээр их хэмжээний цус болсон байсныг цэвэрлэсэн. ...Толгой руу нь юугаар цохисныг хараагүй, ...миний хувцас угааж байсан ваннтай усан дотор бүтэн тоосго байсан...” /хх-20-21/,

Гэрч Б.Ижилбаатарын “...28 дугаар байрны жижүүрийнхээ өрөөнд хэвтэж байтал эхнэр Н.Алтанчимэг орж ирээд “Н.Найманжин хүн алах нь ээ, шил хагалчихлаа, чи оч” гэсэн. Намайг очиход тэр хоёр подвалийн үүдэнд зогчихсон Ц.Даваадоржийн толгойноос их хэмжээний цус гарчихсан зогсож байсан. Ц.Даваадоржийг подвалиас гарахад толгой өвдөөд байна гэж зогсож байгаад гэр лүүгээ явсан...” /хх-23/,

Гэрч Б.Алтан-Өлзийгийн “...2016 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Тайшир10-с Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЗАА-ийн 01-33 тоотод дуудлага өгсөн гэсний дагуу очиход Ц.Даваадорж гэх залуу бусдад зодуулсан гэсэн дуудлага өгсөн байсан. Дуудлагаар очиж хохирогч Ц.Даваадоржийг гэмтлийн эмнэлэг явуулахаар болж, түүнийг зодсон гэх Н.Найманжинг хаана байж болохыг асуухад ...24 дүгээр байрны орцны жижүүр Д.Цогтцэцэг гэх эмэгтэйтэй хамтран амьдардаг, тэнд байж магадгүй гэсний дагуу очиход Н.Найманжин гэх залуу жижүүрийн өрөөнд согтуу унтаж байхаар нь түүнийг цагдаагийн хэлтэс рүү авчирч түр саатуулсан. Түүнийг саатуулах үед биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Зодуулсан залуугийн толгой хагарсан бололтой толгойгоо боочихсон, өмссөн хувцас нь цусаар бохирлогдсон, нүүр хэсэг нь хавдсан байсан...” /хх-25/,

Гэрч С.Золжаргалын “...2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ...23 цагийн орчим ...Ц.Даваадоржийн нүүр, өмсөж явсан хувцас нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай гаднаас орж ирсэн. Түүнээс юу болсон талаар асуухад 24 дүгээр байрны жижүүр Д.Цогтцэцэгийн нөхөрт зодуулчихлаа, миний гарыг хутгаар зүсэж, толгой руу тоосгоор цохисон гэж хэлсэн. ...Цагдаа нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөнд очиход манай дүүг зодсон залуу орцны жижүүрийн өрөөнд сууж байсан. ...Хутга, тоосго хаана байгааг асуухад Д.Цогтцэцэг хутгыг байрны саад руу шидэж байсан гэж хэлэхэд цагдаа нар хайж байгаад олж хураагаад  явсан...” /хх-26/,

Гэрч Ц.Гуамаралын “...Н.Найманжин нэг залуутай муудалцаад хэрүүл зодоон хийгээд орж ирсэн. Н.Найманжин хана түшүүлээд тавсан байсан цонхны шилийг хөлөөрөө өшиглөөд хагалсан. ...Н.Алтанчимэг, Б.Ижилбаартар, Шараа бид дөрөв 26 дугаар байрны подвальд очиход Н.Найманжин нөгөө залууг зодчихсон, тэр залуугийн нүүр хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон, нүүрээ гараараа дараад гарынх нь салаагаар цус гарч байсан. ...Н.Найманжингийн биед ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Харин Ц.Даваадоржийн дух хэсэгт язарч хагараад их хэмжээний цус гарч байсан. Подваль дотор нэлэнхүйдээ цусаар бохирлогдсон байсан. Н.Алтанчимэгийн хувцас угааж байсан ванн дотор бүтэн тоосго хийсэн байсан...” /хх-93-94/,

Н.Найманжингийн яллагдагчаар өгсөн: “...Д.Цогтцэцэгийн гэр лүү очоод хаалгыг нь татахад хаалга нь цоожтой байхаар нь цонхоор харахад Д.Цогтцэцэг орон дээр Ц.Даваадоржтой хэвтэж байхаар нь уур хүрээд хаалгыг нь угз татан ороод ...Ц.Даваадоржийн зүүн шанаа тус газар нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод, зууралдахаар нь харилцан зодолдсон. Д.Цогтцэцэг унтаж байсан охиноо аваад  гарсан. Бид хоёр маргалдаж байтал Ц.Даваадорж ширээн дээр байсан ногоон иштэй жижиг хутгыг аваад над руу дайрахаар нь ноцолдож байгаад түүний гараас хутгыг нь салгаж аваад байж байтал гаднаас Д.Цогтцэцэг орж ирээд миний гараас хутгыг аваад гараад явсан. Тэгээд түүнийг гутлаа  өмс гэж хэлээд түрүүлээд гэр лүүгээ харихаар 26 дугаар байрны урд явж байтал миний араас Ц.Даваадорж гүйж ирээд араас боож унагаагаад нүүр, шанаа хэсэгт гишгэсэн. Энэ үед боолтондоо хальт ухаан балартсан байсан. ...Ц.Даваадорж бид хоёрыг маргалдаж байхад Б.Ижилбаатар ах эхнэрийнхээ хамт гараад явсан. ...Ц.Даваадорж бид хоёр зодолдож байхад миний хоолойг боогоод байхаар нь гарт баригдсан тоосгоор түүний нүүр лүү цохиход толгойноос нь цус гараад надаас салаад, намайг ална гэж заналхийлээд гараад явсан. Тэгээд би Д.Цогтцэцэгийн гэрт байж байтал 2 цагдаа ирээд намайг аваад явсан...” /хх-123-125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2415 дугаартай, шинжээчийн “Ц.Даваадоржийн биед 1 шүдний булгарал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салст, зүүн шанаа, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх духны шарх гэмтэл нь ир ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2 дахь хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 3974 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-35/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Н.Найманжингийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Н.Найманжин согтуурсан үедээ, бусдыг илтэд үл хүндэтгэн хутга, тоосго зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Ц.Даваадоржийн биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, тухайн үед хохирогчийн зүгээс хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Н.Найманжин, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Н.Найманжин “...хэргийн нотолбол зохих асуудлуудыг тогтоолгүй, хохирогчийн мэдүүлгийг хэт үнэлэн мөрдөн байцаах ажиллагааг дутуу явуулж хэргийг шийдвэрлэсэн тул зүйлчлэлийг өөрчлөхийг...”, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол “...хэргийн зүйлчлэл буруу, иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй байхад шүүх шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн байдлаар нь хүндрүүлэн зүйлчилж, онц аюултай гэмт хэрэгтэн хэмээн тооцсон нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь танхайрах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл хийж, улмаар бусдын бие махбодид халдаж, энэхүү үйлдлээсээ үүсэх хор уршгийг хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.

Түүнчлэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн газар болон орчин нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж болдог ба Н.Найманжин нь нийтийн зориулалттай орон сууцны орц болон подвальд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ц.Даваадоржийг (хөлөө эвгүй гишгэчихлээ гээд оймсоо өмсөөд сууж байхад) манайд юу хийж байгаа юм хэмээн согтуурхаж, биед нь гэмтэл учруулж байгаа үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж буй нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүх Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Н.Найманжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Ялтан Н.Найманжин 2008, 2011 онуудад хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж, хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь үндэслэл бүхий болсон байх тул ялтан Н.Найманжин, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Ц.Даваадорж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...миний хугарсан үүдэн 3 шүдний 2 нь хиймэл шүд байсан, 1 нь өөрийн шүд байсан юм...” гэж мэдүүлсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2415 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Ц.Даваадоржийн биед 3 шүдний булгарал...” бүхий гэмтэл тогтоогдсон гэж буруу дүгнэснийг дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Найманжин, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                Н.БАТСАЙХАН