Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 15

 

                                                                      Н.Найманжинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 753 дугаар магадлалтай, 201626020616 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Найманжин болон өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

-2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон,

-2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 сарын баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сар 19 хоногоор тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Боржигин овогт Нацаг-юмын Найманжин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Найманжинг ялтайд тооцогдох хугацаандаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчин үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрч бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Найманжинг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Найманжин болон өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Найманжин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Хохирогч Ц.Даваадорж нь мөрдөн байцаалтын шатанд илтэд худал мэдүүлэг өгсөөр байтал түүний мэдүүлгийг үнэлж, улмаар мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан. Миний холбогдсон хэрэг анхнаасаа эр, эмийн хардалтаас үүссэн гэдгийг хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байтал шүүх танхайн хэрэг гэж ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 2.1-д “эр, эмийн хардалт, хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн зодооныг танхайн гэмт хэргээр зүйлчлэхгүй” гэж заасан байна.

Иймд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Н.Найманжин нь хохирогч Ц.Даваадоржтой хувийн таарамжгүй харьцаа буюу өөрийн хамтран амьдрагч Д.Цогтцэцэгтэй хардсаны улмаас маргалдан зодолдож, хөнгөн гэмтэл учруулсан хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад түүнийг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журам зөрчиж танхайрсан гэж үндэслэлгүйгээр ялыг хүндрүүлэн зүйлчилсэн. Шүүгдэгч Н.Найманжинд хүнд ял оногдуулсан төдийгүй онц хүнд гэмт хэрэгтнээр тооцож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шийдвэрийг цуцлуулахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх түүний хувийн байдал буюу удаа дараа ял шийтгэл хүлээсэн байдлаар хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн ба хэргийн хувийн сэдэлт, таарамжгүй харьцаанаас үүдэн үүссэн зодоон, маргааныг үл ялих зүйлээр шалтаглан хийсэн, үйлдэл хийгдсэн буюу хамтран амьдардаг орцны байр, хонгилыг олон нийтийн орчин гэж дүгнэн, танхайрах явцад зэвсэг хэрэглэсэн гэж дүгнэж байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгчийн гэм бурууг зөв тодорхойлон хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь шүүгдэгчийн хүнд ял, шийтгэлийг хөнгөрүүлэх тул хэргийг үндэслэлтэй, хуулийн дагуу дүгнэж шийдвэрлэхийг хүсч байна...” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтын шатанд Н.Найманжингийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Найманжин 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед согтуурсан үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24, 26 дугаар байрны жижүүрийн өрөө болон подвалд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ц.Даваадоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хутга, тоосго зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Н.Найманжинг урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлсний дараа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчин үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрч бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Н.Найманжин нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт 3 жил 6 сарын хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудаа эдэлсний дараа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох шаардлагыг хангасан талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Д.Цогтцэцэгийн орцны жижүүрийн өрөөнд хохирогч Ц.Даваадорж гутлаа тайлсан нь эр, эмийн асуудлаар хардах бодитой шалтгаан биш бөгөөд үүний улмаас Н.Найманжин нь хохирогчоос илүү хүч чадалтай, давуу болохоо харуулах зорилгоор гарыг нь хутгаар зүсэх, духанд тоосгоор цохих зэргээр догшин хэрцгий авирлаж зодсон нь ялимгүй зүйлээр шалтаглан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.Найманжин болон өмгөөлөгч Ц.Алтанцол нарын “хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 753 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Найманжин болон өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР