Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02037

 

 

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02037

 

 

Т.Алтансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01575 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Алтансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /цаашид ТӨААТҮГ гэх/ холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, Н.Байгальмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Т.Алтансүх нь Барилгын хөгжлийн төвд төсөл хөтөлбөрийн хэлтсийн мэргэжилтэн албан тушаалд 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орсон. 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр барилгын материалын хэлтэст барилгын чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан. Т.Алтансүхийг ажиллаж байх хугацаанд нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд Т.Алтансүхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг танилцуулаагүй, мөн тэтгэмж олгоогүй. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/204 тоот тушаал гарсан байсныг сүүлд хэргийн материалтай танилцаж мэдсэн. Тус тушаалаар Т.Алтансүхийг сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон байсан.

...Т.Алтансүхийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа очиход нь чамайг ажлаас халсан гэж мэдэгдсэн. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/84 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 заасныг үндэслэсэн боловч, талуудын хооронд харилцан тохиролцсон зүйл байхгүй. 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор харилцан тохиролцсон гэж бичгээр хэлцэл байгуулсан байхыг шаарддаг. Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр хэлцлийн агуулга болон хэлбэрийг хангах ёстой. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар мэдэгдээгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Т.Алтансүхийг Барилгын хөгжлийн төвтэй хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан гэж бодож байсан. Гэтэл ажлаас чөлөөлөх тушаалын тушаах хэсэгт ...Г.Алтанцэцэг нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул түүний оронд ажиллаж байсан Т.Алтансүхийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2012 оны хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа тохиолдолд зайлшгүй үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хугацаатай байгуулна гэжээ. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Алтанцэцэгийн оронд түр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ хугацаатайгаар байгуулсан гэх үйл баримт байхгүй учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхгүй. Тушаалын дараах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заасныг баримтласан. Энэ заалт нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл юм. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлах ёстой байдаг. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалтыг баримтлан чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй, мөн нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй байсан. Барилгын хөгжлийн төвд 2-3 удаа өргөдөл гаргасны дараа дэвтрээ авсан. Иймд Т.Алтансүхийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Барилгын хөгжлийн төвд хийгдсэн зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Т.Алтансүхийн анх ажиллаж байсан хэлтэс татан буугдаж, Т.Алтансүхийг барилга, барилгын материалын хэлтсийн барилгын чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулах болсон. 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 54 дүгээр тогтоолоор манай байгууллагын зохион байгуулалтын бүтэц, ажил албан тушаалын жагсаалтын шинэчлэн батлагдсан. Уг 54 дүгээр тогтоолоор орон тоо 125 байхаар өөрчлөгдсөн. Барилгын хөгжлийн төв нь нийт ажилтнуудын ажлын орон тоог цөөрүүлсэн. Орон тоо цөөрүүлэх болсонтой холбоотойгоор нийт ажилтнуудад хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан. Т.Алтансүхийн ажлын байр нь тус төвийн бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан. Шинээр батлагдсан ажил албан тушаалын жагсаалтад байхгүй байгаа. Энэ тухай Т.Алтансүхэд 45 хоногийн өмнө мэдэгдсэн. Барилгын хөгжлийн төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар Т.Алтансүхийг ажлаас нь чөлөөлсөн. Б/142 тоот тушаалыг танилцуулахад Т.Алтансүх өөрийн биеэр байлцсан. Хүний нөөцийн мэргэжилтэн Т.Алтансүхэд уг тушаалыг гардуулж өгсөн. Өмнөх ажил албан тушаалын жагсаалтаар хөдөлмөр хамгааллын барилгын чанар аюулгүй байдлын хэлтэст, барилгын чанар аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо 3 байсныг шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар өөрчлөгдсөн. Энэ талаар танилцуулсан.

...Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Т.Алтансүх байгууллагын удирдлагуудтай уулзаж намайг ажлын байраар хангаж өгөөч, цаашид энэ байгууллагад ажиллах хүсэлттэй байна гэсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс барилгын салбарын сургалт, судалгааны мэдээллийн хэлтэст, барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Г.Алтанцэцэгийн оронд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түр ажиллуулахаар болсон. Т.Алтансүх нь Т.Алтанцэцэгийн оронд түр хугацаатай ажиллана гэдгээ ойлгож байсан. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Т.Алтанцэцэг ажилдаа орох хүсэлт гаргасан. Т.Алтансүхийг дээрх хугацаагаар ажлын байраар хангаж байсан учраас ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа Т.Алтансүхийг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан боловч хүлээлгэж өгөөгүй. Т.Алтансүхийг тус байгууллагад ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч "Барилгын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох "урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай" нэхэмжлэгч Т.Алтансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Алтансүхийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Т.Алтансүхийг шүүх хөдөлмөрийн хуульд заасан хугацаатай гэрээ байгуулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан Т.Алтансүхтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 7-д заасныг зөрчсөн. Т.Алтансүхтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулаагүй, Г.Алтанцэцэгийн оронд ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна. Т.Алтансүхтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хугацаатай гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг Т.Алтансүхэд гардуулаагүй баримтыг үнэлээгүй. Хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс нийт ажилтнуудад хөдөлмөрийн гэрээг танилцуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тус баримт дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан Т.Алтансүхэд гэрээ өгч явуулсан боловч гарын үсэг зурж авчраагүй гэх тайлбар нь нотлогдоогүй. Тус баримтад Т.Алтансүхэд хөдөлмөрийн гэрээг бичгээр танилцуулаагүй ба бусад ажилтнуудад танилцуулсан нь харагдаж байна. Иймд хариуцагчийн Т.Алтансүх нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах саналтай байсныг мэдэж байсан гэх тайлбар нотлогдохгүй байхад шүүхэд хугацаатай байгуулсан гэж үзсэн байна.

Т.Алтансүх нь Г.Алтанцэцэгийн оронд ажилласан гэдэг нь тогтоогддоггүй. Г.Алтанцэцэг нь Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд Т.Алтансүхтэй нэг өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр томилсон байдаг. Мөн өдрөө хүүхэд асрах чөлөө олгосон байдлыг үзвэл Т.Алтансүхийг Г.Алтанцэцэгийн оронд ажиллаж байгааг мэдэж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Т.Алтансүхийг ажилд авсан тушаалыг Т.Алтансүхэд танилцуулаагүй үйл баримтыг шинжилж дүгнээгүй, нөгөө талаар Т.Алтансүх нь Г.Алтанцэцэгийг оронд ажиллаж байсан, түүнийгээ мэдэж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Т.Алтансүх нь хугацаатай гэрээ байгуулсан талаар мэдээгүй, энэ талаар ажлаас чөлөөлөгдөхдөө мэдсэн болно.

Т.Алтансүхийг ажлаас халах үндсэн шалтгаан нь сахилгын зөрчил байх бөгөөд ажил олгогч шууд удирдлага, хамтран ажиллахгүй байх санал гаргасан баримтыг шүүх үнэлээгүй. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Дамбадаваагийн байгууллагын захиргаа, хүний нөөцөд өгсөн баримтад Т.Алтансүх нь байнга хоцордог, ажил тасалдаг, ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тул цаашид Т.Алтансүхтэй хамтран ажиллах боломжгүй гэдгийг илэрхийлсэн байдаг бөгөөд шүүх тус нотлох баримтыг үнэлээгүй.

Ажил олгогч нь Т.Алтансүхийг ажлаас халах үндсэн шалтгаан нь сахилгын зөрчил бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/84 тоот тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заасныг баримталсан Дамбадаваагийн өргөдөл зэргээр тогтоогдож байна. Мөн ажил олгогч нь Т.Алтансүхийг ажлаас чөлөөлөх зорилгоор Г.Алтанцэцэгийг ажилд орох өргөдлийг бичүүлсэн гэх үндэслэл нь Г.Алтанцэцэг нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөө ажилд буцан орж тус өдрөө хүүхэд асрах чөлөө авсан болох нь Г.Алтанцэцэгийн хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаас харагдаж байна. Т.Алтансүхийг ажлаас халах бодит үндэслэл шаардлагыг шүүх дүгнээгүй байна. Т.Алтансүх 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажил хүлээлцсэн байх бөгөөд энэ талаар ажил хүлээлцэх акт, тойрох хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Т.Алтансүх нь ажил хүлээлцээгүй байхад Г.Алтанцэцэг нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасан бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байсан үед чөлөө авсан үйл баримтад Т.Алтансүхийн ажлаас чөлөөлсөн буюу хариуцагчийн тайлбарладаг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон нөхцөл байдал үйл баримтыг шүүх дүгнээгүй байна. Т.Алтансүх нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажилласан гэж үзэх атлаа хүүхэд асрах чөлөө нь үргэлжилж байх үед Т.Алтансүхтэй хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсныг шүүх дүгнээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Алтансүх нь хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн датгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Алтансүх нь хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Төсөл хөтөлбөрийн хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Барилгын материалын хэлтэст Барилгын чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сургалт судалгаа мэдээлэлийн хэлтсийн Барилгын салбарын ажилтаны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сургалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан ба тус төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/84 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Зохигчид ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 54 тоот тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг 125 орон тоотой байхаар баталсан тул хариуцагч байгууллага бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ нэхэмжлэгч Т.Алтансүхийн орон тоог хасагдсан гэх үндэслэл зааж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирлын Б/142 тоот тушаалаар ажлаас чөлөөлсний дараа 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/204 тоот захирлын тушаалаар Г.Алтанцэцэгийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажилд томилжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болон Г.Алтанцэцэгийн оронд хугацаатай ажиллуулах тушаал гаргасан талаар танилцуулаагүйгээс мэдээгүй гэх тайлбар гаргасан байна.

 

Хариуцагч байгууллага нь Т.Алтансүхийг Г.Алтанцэцэгийн оронд хугацаатай ажиллуулж байсныг танилцуулсан гэх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн барилгын хөгжлийн төвийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэст тушаал танилцуулсан хурлын тэмдэглэл нь Т.Алтансүхийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой баримт бөгөөд уг баримтад ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид сонсгож оролцуулсан талаарх мэдээлэл бичигдсэн боловч нэхэмжлэгч энэхүү хуралд оролцоогүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал уншиж сонсгох хуралд оролцуулсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Дээрх хурлын тэмдэглэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Т.Алтансүхийг Г.Алтанцэцэгийн оронд ажилд томилсоныг танилцуулсан тухай баримт гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг бусдын оронд хугацаатай ажиллуулахаар томилсон тушаалыг танилцуулаагүй гэж үзнэ.

 

Шүүх Г.Алтанцэцэгийг Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу Т.Алтансүхийг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/84 тоот тушаалыг буруутгах боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Мөн Г.Алтанцэцэг нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд орох өргөдлөө ажил олгогчид гаргаснаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/87 тоот захирлын тушаалаар Т.Алтансүхийг ажлаас чөлөөлсөн, Г.Алтанцэцэг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүүхэд асрах чөлөөг үргэжлүүлэн авах өргөдөл гаргасан тухай үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

 

Ажил олгогч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хассан тушаал, шийдвэр нь бодитой байхаас гадна ийнхүү шийдвэрлэсэн талаараа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмаар ажилтанд мэдэгдэх, танилцуулах, түүнчлэн бусдын оронд хугацаатай ажиллуулах бол энэ тухай ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай.

 

Иймээс нэхэмжлэгч Т.Алтансүхийг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхад нь ажлаас чөлөөлж, бусдын оронд хугацаатай ажиллуулсан нь хууль зөрчсөн тул нэхэмжлэгч Т.Алтансүхийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан /5 сар 9 хоног/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 985 110 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01575 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Алтансүхийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас ажилгүй байсан /5 сар 9 хоног/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 985 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Алтансүхэд олгож, нэхэмжлэгч Т.Алтансүхийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ