Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00242

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01575 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2037 дугаар магадлалтай                                                                                                        

             Т.А-ийн нэхэмжлэлтэй,

            “Б” ТӨААТҮГ-т холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын тайлбарт: Т.А- нь Бд төсөл хөтөлбөрийн хэлтсийн мэргэжилтэн албан тушаалд 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орсон. 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барилгын материалын хэлтэст барилгын чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан. Т.А-ийг ажиллаж байх хугацаанд нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд Т.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг танилцуулаагүй, мөн тэтгэмж олгоогүй. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/204 тоот тушаал гарсан байсныг сүүлд хэргийн материалтай танилцаж мэдсэн. Тус тушаалаар Т.А-ийг сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон. Т.А-ийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа очиход нь чамайг ажлаас халсан гэж мэдэгдсэн. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/84 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дах заалтуудыг үндэслэсэн байгаа боловч, талуудын хооронд харилцан тохиролцсон зүйл байхгүй. 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор харилцан тохиролцсон гэж бичгээр хэлцэл байгуулсан байхыг шаарддаг. Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр хэлцлийн агуулга болон хэлбэрийг хангах ёстой. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар мэдэгдээгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Т.А-ийг Бтэй хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан гэж бодож байсан. Гэтэл ажлаас чөлөөлөх тушаалд “... Г.Алтанцэцэг нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул түүний оронд ажиллаж байсан Т.А-ийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2012 оны хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа тохиолдолд зайлшгүй үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хугацаатай байгуулна” гэжээ. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Алтанцэцэгийн оронд түр ажиллахаар хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар байгуулсан гэх үйл баримт байхгүй учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхгүй. Тушаалын дараах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг баримталсан. Энэ заалт нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл юм. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлах ёстой байдаг. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалтыг баримтлан чөлөөлсөн нь тодорхойгүй. Ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй, мөн нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй байсан. Бд 2-3 удаа өргөдөл гаргасны дараа дэвтрээ авсан. Иймд Т.А-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалмаагийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 онд Бд хийгдсэн зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Т.А-ийн анх ажиллаж байсан хэлтэс татан буугдаж, Т.А-ийг барилга, барилгын материалын хэлтсийн барилгын чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулах болсон. 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 54 дүгээр тогтоолоор манай байгууллагын зохион байгуулалтын бүтэц, ажил албан тушаалын жагсаалт шинэчлэн батлагдсан. Уг 54 дүгээр тогтоолоор орон тоо 125 байхаар өөрчлөгдсөн. Б нь нийт ажилтнуудын ажлын орон тоог цөөрүүлсэн. Орон тоо цөөрүүлэх болсонтой холбоотойгоор нийт ажилтнуудад хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан. Т.А-ийн ажлын байр нь тус төвийн бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан. Шинээр батлагдсан ажил албан тушаалын жагсаалтад байхгүй болсон. Энэ тухай Т.А-эд 45 хоногийн өмнө мэдэгдсэн. Бийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар Т.А-ийг ажлаас нь чөлөөлсөн. Б/142 тоот тушаалыг танилцуулахад Т.А- өөрийн биеэр байлцсан. Манай хүний нөөцийн мэргэжилтэн Т.А-эд уг тушаалыг гардуулж өгсөн. Өмнөх ажил албан тушаалын жагсаалтаар хөдөлмөр хамгааллын барилгын чанар аюулгүй байдлын хэлтэст, барилгын чанар аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэний орон тоо 3 байсныг шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар болж өөрчлөгдсөн. Энэ талаар танилцуулсан. Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Т.А- байгууллагын удирдлагуудтай уулзаж намайг ажлын байраар хангаж өгөөч, цаашид энэ байгууллагад ажиллах хүсэлтэй байна гэсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс барилгын салбарын сургалт, судалгааны мэдээллийн хэлтэст, барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Г.Алтанцэцэгийн оронд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түр ажиллуулахаар болсон. Т.А- нь Т.Алтанцэцэгийн оронд түр хугацаатай ажиллана гэдгээ ойлгож байсан. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Т.Алтанцэцэг ажилдаа орох хүсэлт гаргасан. Т.А-ийг дээрх хугацаагаар ажлын байраар хангаж байсан учраас ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа Т.А-ийг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан боловч хүлээлгэж өгөөгүй. Т.А-ийг тус байгууллагад ажиллуулах боломжгүй байх учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй байна гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01575 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч "Б" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох "урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай" нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2037 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01575 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ийг Б ТӨААТҮГ-ын Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б ТӨААТҮГ-аас ажилгүй байсан /5 сар 9 хоног/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.985.110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-эд олгож, нэхэмжлэгч Т.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, Н.Байгалмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2037 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.А-ийг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхад нь ажлаас чөлөөлж, бусдын оронд хугацаатай ажиллуулсан нь хууль зөрчсөн тул нэхэмжлэгч Т.А-ийг “Б” ТӨААТҮГ-ын Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ... гэжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлагдсан Бийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд бүтэц орон тоо хасагдсаны улмаас нэхэмжлэгч Т.А- 2016.12.05-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч Т.А- нь шинэ бүтцээр ажлаас чөлөөлөгдсний дараа гомдол саналгүй, ажлын байртай л байвал ямар ч орон тоонд ажиллах боломжтой гэж удирдлагуудад хүсэлт гаргасны үндсэн дээр Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Г.Алтанцэцэгийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд /2017.04.01-ний өдөр хүртэл/ түүнийг ажилдаа эргэн орох хүртэл тус орон тоон дээр хугацаатай ажлын байранд ажиллуулсан. Нэхэмжлэгч Т.А- бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөж, хүүхэд асрах чөлөөтэй мэргэжилтний оронд ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тухайн ажлаас чөлөөлөгдсөн буюу 2016.12.05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 2016.12.16-ны өдөр хугацаатай ажилд томилсон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан болно. Шүүх энэхүү байдлыг харгалзан үзэлгүй ажлын байранд буцаан томилсон байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2037 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... нэхэмжлэгч Т.А-ийг “Б” ТӨААТҮГ-ын Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ...” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч “Б” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бүтцийн өөрчлөлттэй холбоотой гэрээ цуцлах тухай нийтийн сонсголоор мэдэгдсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

“Б” ТӨААТҮГ-тай ажилтан Т.А- нь хөдөлмөрийн гэрээ байгуулан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл “Б” ТӨААТҮГ-ын Төсөл хөтөлбөрийн хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Барилгын материалын хэлтэст Барилгын чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сургалт судалгаа мэдээллийн хэлтсийн Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сургалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан ба тус төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/84 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн тухай баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх Б/84 тоот тушаалаар Т.А-ийг сургалт судалгаа мэдээллийн хэлтсийн барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын асуудал  хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөхдөө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Б”-ийн дүрмийн 6.7.5 дах заалтыг үндэслэсэн байх бөгөөд тушаалд ... Г.Алтанцэцэг нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул түүний оронд ажиллаж байсан Т.А-ийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн ... гэжээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 54 тоот тогтоолоор “Б” ТӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг 125 орон тоотой байхаар баталсан тул хариуцагч байгууллага бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ нэхэмжлэгч Т.А-ийн орон тоог хасагдсан гэх үндэслэл зааж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирлын Б/142 тоот тушаалаар ажлаас чөлөөлсний дараа 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/204 тоот захирлын тушаалаар Г.Алтанцэцэгийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажилд томилсон байна.

Ажил олгогч нь орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч энэ тушаалаа ажилтанд мэдэгдээгүй бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Г.Алтанцэцэгийн оронд хугацаатай ажиллуулах тушаал гаргасан талаар түүнд танилцуулаагүйгээс түр хугацаатай ажлын байранд ажиллаж байгаагаа мэдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Анхан шатны шүүх Г.Алтанцэцэгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу ажил олгогч нь Т.А-ийг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/84 тоот тушаалыг буруутгах боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийг ажилтан Г.Алтанцэцэгийн оронд хугацаатай ажиллуулах тухайгаа түүнд танилцуулсан гэж хариуцагч маргасан боловч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан тухай хурлын тэмдэглэлд тушаалыг нэхэмжлэгчид сонсгож оролцуулсан талаарх мэдээлэл бичигдсэн хэдий ч хариуцагч нь нэхэмжлэгчийг энэ хуралд оролцуулсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ. 

Өөрөөр хэлбэл, дээрх хурлын тэмдэглэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Т.А-ийг Г.Алтанцэцэгийн оронд ажилд томилсныг танилцуулсан тухай баримт гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг бусдын оронд хугацаатай ажиллуулахаар томилсон тушаалаа танилцуулаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн гаргасан орон тоо хассан тушаал, шийдвэр нь бодитой байхаас гадна энэ тухайгаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмаар ажилтанд мэдэгдэх, танилцуулах, түүнчлэн бусдын оронд хугацаатай ажиллуулах бол энэ тухай ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой бөгөөд нэхэмжлэгч Т.А-ийг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхад нь ажлаас чөлөөлж, бусдын оронд хугацаатай ажиллуулсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2037 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН