Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/01023

 

                                               ****ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02169 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1963 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****ид холбогдох 

XINFENG YT-600 маркийн тээврийн хэрэгслийг ****ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч А.Одгэрэл, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, В.Гэрэлт-Од, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****ид холбогдуулан XINFENG YT-600 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02169 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Төмөрцоожид холбогдох, XINFENG YT-600 маркийн тээврийн хэрэгслийг ****ын нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1963 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... **** нь ****оос 200,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон бөгөөд зээлдүүлэгч ****ийн зүгээс зээлийн баталгаа хэрэгтэй хэмээн шаардсан тул БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос худалдан авч, 2018.04.26-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж ирсэн ХINFENG YT600 маркийн өрмийн машины эзэмшигчээр 2018.05.17-ны өдөр ****ийг бүртгүүлсэн. Улмаар 2018.05.17-ны өдөр ХINFENG YT600 маркийн өрмийн машины нэрийг ****ийн нэр дээр зээлийн баталгаа болгох үүднээс шилжүүлсэн тул 2018.05.21-ний өдөр 200,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг бичгээр үйлдэж баталгаажуулсан. Гэтэл зээлдүүлэгч **** нь 2018.05.21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгийг нэхэмжлэгч ****од шилжүүлээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ бичгээр үйлдэгдсэн хэдий ч тус зээлийн гэрээ нь хуульд зааснаар байгуулагдаагүй. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйл /Гэрээ байгуулсанд тооцох/-ийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан. Гэвч зээлдүүлэгч болох **** нь 2018.05.21-ний өдрийн зээлийн гэрээний 2.1-д заасан болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу мөнгө буюу зээлийн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй. Нэгэнт 2018.05.21-ний өдрийн зээлийн гэрээ хуульд зааснаар байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргасан. **** нь 200,000,000 төгрөгийг шилжүүлээгүй атлаа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөлгүй өдийг хүрсэн.

4.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйл /Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг/-ийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, мөн зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл зээлийн баталгаа болгох үүднээс ****ын Монгол Улсын хилээр оруулж ирсэн ХINFENG YT600 маркийн өрмийн машины эзэмшигчээр **** нь бүртгэгдсэн атлаа 2018.05.21-ний өдрийн зээлийн гэрээнд заасан 200,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүйн улмаас талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар зээлийн гэрээ хуульд зааснаар байгуулагдаагүй тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу **** нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Талууд маргааны үйл баримт, гэрээний агуулгатай холбоотой тайлбар зөрүүтэй байтал тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Иймээс хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлан талуудын хүсэлт гаргах эрхээр хангаж, чиглүүлэх, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримтыг гаргах, улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийсэн гэх байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ” гэж дурдсан. Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2018.05.21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдсэн эсэх, мөн зээлийн баталгаа болгох үүднээс ХINFENG YT600 маркийн өрмийн машины эзэмшигчээр ****ийг бүртгүүлсэн эсэх асуудлаар маргадаггүй. Харин тухайн зээлийн мөнгө буюу зээлийн хөрөнгийг ****од шилжүүлсэн эсэх асуудлаар маргадаг. Өөрөөр хэлбэл хариуцагч **** нь 2018.05.21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд заасан 200,000,000 төгрөгийг ****од шилжүүлэн өгөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог бөгөөд харин тухайн 234,000,000 төгрөгийг Э.Мөнх-Орчлонд өгч, Э.Мөнх-Орчлон нь ****од 234,000,000 төгрөгийг өгсөн тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг. Гэвч Э.Мөнх-Орчлон гэх хүнээр дамжуулан 234,000,000 төгрөгийн зээлийг ****од өгөөгүй болох нь гэрч Э.Мөнх-Орчлонгийн зөрүүтэй бөгөөд илт үндэслэлгүй мэдүүлэг, 2018.05.21-ний өдрийн Голомт банкны төлбөрийн баримтуудаар тус тус тогтоогддог. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн маргааныг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх XINFENG YT-600 маркийн тээврийн хэрэгслийг ****ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

8. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчаас 200,000,000 төгрөгийг зээлэхээр тохирч өөрийн оруулж ирсэн өрмийн машиныг зээлийн баталгаа болгон хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн боловч 200,000,000 төгрөг шилжүүлээгүй тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авах...” гэж тодорхойлжээ. 

 Хариуцагч **** “...нэхэмжлэгч миний нэр дээр машины нэр шилжүүлж, хамтран ажиллахаар болж би мөнгө олох болж 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн...” гэж мэтгэлцсэн байна. 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар зохих дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримт, зохигчийн гэрээний агуулгатай холбоотой зөрүүтэй тайлбарыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээр залруулан, шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Анхан шатны шүүхээс гаргасан дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчилд тооцогдохоор байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1963 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН