Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01269

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01269

 

 

*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00772 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-ид холбогдох,

 

Хохиролд 4 623 791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03267 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Б-оос 67 513 767 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 579 941 төгрөгийн хамт гаргуулж *** ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжид зааснаар хариуцагч Б- нь 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. 2015 оны 08 дугаар сард 1 000 000 төгрөг төлж, тохиролцсон хугацаандаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар бүрэн биелүүлээгүйн улмаас *** ББСБ ХХК-иас дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр, шүүхээс олгосон гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай урамшууллын гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 66 513 767 төгрөг дээр байгуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөрийг бүрэн төлүүлж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *** ББСБ ХХК-иас ажиллагааны зардал 140 000 төгрөг, анхны дуудлага худалдааны зарын үнэ 20 000 төгрөг, хоёрдахь албадан дуудлага худалдааны зарын үнэ 20 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардалд 4 000 000 төгрөг, нийт 4 180 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн. Үүнээс ажиллагаа хийлгэхтэй холбогдон урьдчилан төлсөн 140 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөгдсөн. Хариуцагч Б- зээлийн төлбөрийг хугацаандаа төлсөн бол *** ББСБ ХХК-иас 579 941 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж зээлийн гэрээний үүргийг шүүхийн журмаар шаардах болон шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг заасан хугацаандаа сайн дураар биелүүлсэн бол шийдвэрийг албадан биелүүлэхтэй холбоотой 4 180 000 төгрөгийн зардал гарахгүй байсан.

Иймээс Б-оос шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахад гарсан зардалд 4 000 000 төгрөг, анхны дуудлага худалдаа, 2 дах дуудлага худалдааны зарын үнэ 40.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 579 941 төгрөг, нотариатын зардал 3 850 төгрөг, нийт 4 623 791 төгрөг нэхэмжилсэн. Үүний улсын тэмдэгтийн хураамжийг өмнө шийдсэн тул 571 941 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчаас 4 043 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- *** ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 6-д зээлийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийг баталсан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч Б- хүлээн зөвшөөрдөггүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан гэдэг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *** ББСБ-тай байгуулсан гэрээ Б-ид хамаагүй асуудал. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б-оос 3 990 826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53 024 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78 803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: *** ББСБ ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулахдаа боломжтой хугацаандаа мөнгийг төлүүлэхийг зөвшөөрч эвлэрэл байгуулсан. Тэд өөрсдөө ярьснаа буцаан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр НШГА-д өгсний улмаас Б- шүүхээр шийдвэрлүүлсэн 67 513 767 төгрөгөөс гадна 3 990 826 төгрөг төлөх болж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байгааг хүлээн авч анхан шатны шүүхийг шийдвэрийг хэлэлцэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Б-ид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 4 623 791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 579 941 төгрөгөөс татгалзаж, үлдэх хэсгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 105/ШШ2015/03267 дугаар захирамжаар Б-оос 67 513 767 төгрөг гаргуулж *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15 дугаар тал/

 

Уг хүчин төгөлдөр шийдвэрийг албандан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж тус албатай 2015 оны 09 сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулжээ. /хх-ийн 17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгчид урамшууллын хөлс төлж хохирсон гэж тодорхойлж шаардсаныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал бус, урамшууллын гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг шаардсан.

 

Төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэх байгууллага хоорондоо урамшууллын гэрээ байгуулах эсэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хүсэл зоригийн асуудал юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай зохицуулалт нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хэрэгжих бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрт заавал хийгдэхээр зохицуулсан заалт биш юм.

 

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай үүргийн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд үүсгэж, гэрээний төлбөрт 3 990 826 төгрөг төлсөн байна.

 

Иймд нь нэхэмжлэгч *** ББСБ ХХК болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нарын хооронд үүссэн гэрээний үүргийг хариуцагч Б- хариуцах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн үл хөдлөх эдхөрөнгийг албадан худалдах анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах зар гаргах зардал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан зардалд хамаарах бөгөөд уг зардлыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нь төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид олгох үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлсэн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч уг зардлыг шаардах эрхгүй болно.

 

Иймд дээрх нэхэмжлэлийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн тул уг нэхэмжлэлийг гаргахтай холбогдуулж гаргасан нотариатын зардлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-ид холбогдох хохиролд 4 623 791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 932 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 803 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА