Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/00772

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: НК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц-д холбогдох,

             

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 4.623.791 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03267 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Б.Цоос 67.513.767 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 579.941 төгрөгийн хамт гаргуулж “НК” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид зааснаар хариуцагч Б.Ц нь 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. 2015 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөг төлж, тохиролцсон хугацаандаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар бүрэн биелүүлээгүйн улмаас “НК ББСБ” ХХК-иас дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр, шүүхээс олгосон гүйцэтгэх хуудсны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай урамшууллын гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 66.513.767 төгрөг дээр байгуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөрийг бүрэн төлүүлж 2017 оны 3 дугаар сарын 10 -ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “НК ББСБ” ХХК-иас ажиллагааны зардал 140.000 төгрөг, анхны дуудлага худалдааны зарын үнэ 20.000 төгрөг, хоёрдах албадан дуудлага худалдааны зарын үнэ 20.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардалд 4.000.000 төгрөг, нийт 4.180.000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн. Үүнээс ажиллагаа хийлгэхтэй холбогдон урьдчилан төлсөн 140.000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөгдсөн. Хариуцагч Б.Ц зээлийн төлбөрийг хугацаандаа төлсөн бол “НК ББСБ” ХХК-иас 579.941 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж зээлийн гэрээний үүргийг шүүхийн журмаар шаардах болон шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг заасан хугацаандаа сайн дураар биелүүлсэн бол шийдвэрийг албадан биелүүлэхтэй холбоотой 4.180.000 төгрөгийн зардлууд “Номин Карт” ББСБ-с гарах ёсгүй байсан. Монгол улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй”, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Б.Цтой байгуулсан зээлийн гэрээний 2.12-т “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Зээлдүүлэгч нь өмгөөлөгч болон эрх бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан /улсын тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хураамж, шинжээчийн ажлын хөлс, унаа харилцаа холбоо, SMS banking үйлчилгээ, томилолтын зардал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, барьцааны зүйлийг үнэлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахтай холбогдох г.м/ бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлнө” гэж тус тус заасан. Иймээс Б.Цоос шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахад гарсан зардалд 4.000.000 төгрөг, анхны дуудлага худалдаа, 2 дах дуудлага худалдааны зарын үнэ 40.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 579.941 төгрөг, нотариатын зардал 3.850 төгрөг, нийт 4.623.791 төгрөг нэхэмжилсэн. Үүний улсын тэмдэгтийн хураамжийг өмнө шийдсэн тул 571.941 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчаас 4.043.850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц “НК” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 6-д зээлийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийг баталсан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч Б.Ц хүлээн зөвшөөрдөггүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан гэдэг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Номин карт ББСБ”-тай байгуулсан гэрээ Б.Цид хамаагүй асуудал. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “НК ББСБ” ХХК нь хариуцагч Б.Цид холбогдуулан шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 4.623.791 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхийн зардалд нэхэмжилсэн 579.941 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 4.043.850 төгрөг гаргуулахаар шаардлаа.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 105/ШШ2015/03267 дугаар захирамжаар “НК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Цид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 67.513.767 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 67.513.767 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч “НК ББСБ” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15/б/373 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулжээ. Гэрээний 2.1-д зааснаар урамшууллын хэмжээг төлбөр 66.513.700 төгрөгийн 6 хувь байхаар тохиролцсон байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Б.Цийн төлөх төлбөрт 62.523.000, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 720.000 төгрөг тус тус нэхэмжлэгчийн дансанд орсон нь Хаан банкны депозит дансны хуулга болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2/2340 тоот албан бичиг, мөнгө суутган авсан тухай тодорхойлолт зэрэг  баримтаар тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь 66.513.700 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар урамшуулал 3.990.826 төгрөгийг төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан 66.513.700 төгрөгөөс суутгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан.

Хариуцагч нь хуулиар тогтоосон дээрх үүрэг буюу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 3.990.826 төгрөгийн зардал буюу хохирол учирсан нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан үндэслэлээр 4.000.000 төгрөг бус 3.990.826 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч нь дээрх зардал буюу хохирлыг нэхэмжлэгчийн өмнө нөхөн төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15/б/373 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээг байгуулсан боловч гэрээнд зардлын хэмжээг хэрхэн тохирсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл,  хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн “барьцаа эд хөрөнгийн дуудлага” гэх 20.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн “барьцаа эд хөрөнгийн дуудлага” гэх 20.000 төгрөг, нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн баримтыг нотариатаар баталгаажуулсан зардал 3.850 төгрөг, нийт 43.850 төгрөгийг  хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцох үндэслэл тогтоогдсонгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 53.024 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 3.990.826 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх 53.024 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Цоос 3.990.826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53.024 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78.803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ