Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01270

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01270

 

 

*** СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00965 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *** СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-ад холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардалд 516 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Алимаа, С.Нарантуяа

Хариуцагч: Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөлөөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 33 дугаар байрны 0000 тоотод оршин суугч Б-аас 2016 оны 6 сараас 2018 оны 1 сар хүртэлх нийт 20 сарын хугацаан дахь СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 516 000 төгрөг нэхэмжилж байна. Засвар үйлчилгээний төлбөрт сард 25 800 төгрөг төлдөг юм гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *** СӨХ-ны нэхэмжилсэн 20 сарын төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Засвар үйлчилгээ хийсэн төлбөр СӨХ-ны төлбөрт багтдаг юм байна. Гэвч манай байрны дээврээс байнга ус гоождог. *** СӨХ бүх оршин суугч гишүүдийн хурлаа хийдэггүй. Хурал хийсэн ч хүчин төгөлдөр бус хурал хийдэг. Хурлын ирц хүрдэггүй. 20 орчим айлын хурлын ирцээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлээд байгаа учир хүчингүй гэж үзэж байна.

СӨХ-ны төлбөрийг сард 17 500 төгрөгөөр тооцож төлөхөд татгалзахгүй. 516 000 төгрөгөөс 350 000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн 166 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б-аас 350 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 11 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулиин 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148.2, 148.3 дахь хэсэгт зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд холбооны эрх барих, дээд байгууллага нь бүх гишүүдийг хурал гэж заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.

Бид 2010 оноос хойш хоёр удаа гишүүдээс авах төлбөрөө нэмсэн. 2013 онд цэвэрлэгч нарын цалинг нийт гишүүдийн 83 хувь нь зөвшөөрсөн учраас бүх өрхөд сар бүр 1660 төгрөгөөр нэмж шийдвэрлэсэн. Хоёр дахь нэмэгдэлийг 2014 онд санхүүжилт хүндэрч сэлбэг материалын үнэ өссөнтэй холбоотойгоор Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн өгсөн чиглэлийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дээд зөвлөлийн 01 тоот тогтоолийн дагуу нийт гишүүдийн 52 хувийн саналаар нэмэгдүүлсэн. Энэ 2 дахь удаагийн шийдвэрийг 360 өрхөөс 350 өрх хүлээн зөвшөөрч төлж байхад хариуцагч Б- нь зөвшөөрөхгүй олны саналыг үл хүндэтгэж СӨХ-ноос зарласан хурал зөвлөгөөнд оролцохгүй, гарын үсэг зурахгүй, хувиа хичээсэн нийгмийн идэвхгүй, хамт олноос тасархай зарим нэгэн хүмүүст буруу ухуулага явуулж уруу татан бидний ажлыг хүндрүүлж байдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Б-ад холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардалд 799 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 516 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б- нь Сонгинохайрхан дүүргийг 17 дугаар хороо, 33 дугаар байрны 8 дугаар орцны 0000 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 01 сар хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч нь СӨХ-ны зардал тооцох үнийн дүнг 25 800 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бүх гишүүдийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Б- нь эд хөрөнгийн ашиглалт, завсар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч *** СӨХ-д төлөх үүрэгтэй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж, улмаар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3, 147.4 дэх хэсэгт заасан аргачлалаар тооцож, төлбөрийг тооцон тогтоохоор заасан.

 

Гэтэл *** СӨХ-ны оршин суугч бүх гишүүдийн 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хурлын протоколоос үзвэл дээрх хуулийн зохицуулалтыг хангаж, төлбөрийг 25 800 төгрөг байхаар тогтоосон гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд анхан шатны шүүх 2016 оны 06 сараас өмнөх саруудын төлбөрийг сар бүрийн 17 500 төгрөгөөр төлж байсан үйл баримтыг үндэслэж 2016 оны 01 сараас 2018 оны 01 сар хүртэлх хугацаан дахь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, завсар үйлчилгээтэй холбогдох зардалд 350 000 төгрөгийг хариуцагч Б-аас гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар тогтоох хэсэгт хариуцагчаас 350 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00965 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 166 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 16 130 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА