Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/00965

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 18 өдөр

    Дугаар 184/ШШ2018/00965

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... тоот хаягт байрлах, “.......” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... 285 тоот хаягт оршин суух, ... овогт .... Г /РД:./-д холбогдох

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 516.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, С.Н-, хариуцагч Л.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.    

                                                                                              

 ТОДОРХОЙЛОХ нь:

“Ө-” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 33 дугаар байрны 285 тоотод оршин суугч Л.Г-аас СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр болох 2016 оны 6 сараас 2018 оны 1 сар хүртэлх нийт 20 сарын төлбөр 516.000 төгрөг нэхэмжилж байна. Засвар үйлчилгээний төлбөр 1 м2-ийг 200 төгрөгөөр бодоод 11.300 төгрөг, лифт 6500 төгрөг, үйлчлэгчийн цалин 7300 төгрөг, цэвэрлэгээний материал 700 төгрөг, нийтдээ сард 25800 төгрөг төлдөг. Манай СӨХ анх 799.800 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 283.800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Өмнөх саруудын төлбөрийг мөн шүүхээр орж шийдвэрлүүлж байсан ба тэр үеийн тооцоог илүү бодсон байснаа хассан. Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас 516.000 төгрөгийг гаргуулж, сууц өмчлөгчдийн холбоог хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“Ө-” СӨХ-ны нэхэмжилсэн 20 сарын төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл засвар үйлчилгээ хийсэн төлбөр СӨХ-ны төлбөрт багтдаг юм байна. Гэвч манай байрны дээврээс байнга ус гоождог. “Ө-” СӨХ бүх оршин суугч гишүүдийн хурлаа хийдэггүй. Хурал хийсэн ч хүчин төгөлдөр бус хурал хийдэг. Хурлын ирц хүрдэггүй 15,16 өрх л ирсэн байдаг. 360 өрхийн 50-иас дээш хувь оролцох ёстой гэсэн СӨХ-ны хууль байгаа. 20 орчим айлын хурлын ирцээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлээд байгаа учир хүчингүй гэж үзэж байна. Тийм учраас би 25.800 төгрөгөөр төлөхгүй гэж маргалддаг. Огт төлөхгүй гээгүй. 17.500 төгрөгөөр сар бүрийн төлбөрөө төлөхөд татгалзахгүй. СӨХ хурлаа хийгээд бүх оршин суугчид хуралдаад, хурлын шийдвэрээ хуулийн дагуу болгосон бол орон сууцны ашиглалт хамгаалалтын зардлыг төлөхөөс татгалзахгүй. 516.000 төгрөгөөс 350.000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн 166.000 төгрөгийг төлөхгүй. СӨХ-ны дарга н.Ө нь холбоог өөрийн өмч шиг ханддаг. Хурлаа зарладаггүй. Огцорно гэдгээс айдаг гэж боддог. Хуулийн дагуу явбал маргалдах зүйл байхгүй. Улсаас 20, 30 саяар нь мөнгө аваад дээврээ зассан гэсэн. Тэр нь хүчтэй салхи, бороог даахгүй байна. Хэлэхээр хамаагүй гэж үл ойлголцдог. Оршин суугчид СӨХ-ны даргыг солихыг хүсдэг” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө-” СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардалд 799.800 төгрөгийг хариуцагч Л.Г-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 283.800 төгрөгөөр багасгаж, 516.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэв.

 

Хариуцагч Л.Г- нь СӨХ оршин суугчдын хурлаа хуулийн дагуу хийдэггүй, дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг үндэслэлгүй тогтоосон, хууль бус хурлын шийдвэрийг дагаж мөрдөхгүй, өөрийн өмчлөлийн орон сууцны дээврээс ус алддаг тул нэхэмжлэлийн шаардлага 516.000 төгрөгөөс 350.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, 166.000 төгрөг буюу зарим хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Ө-” СӨХ нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж 05 дугаартай гэрчилгээ авчээ. /хх-5х/

 

“Ө-” СӨХ нь 2016 оны 6 сараас 2018 оны 1 сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн банкны бичмэл баримт буюу дансны хуулгыг үндэслэн сар бүр 25.800 төгрөгөөр тооцож 20 сарын төлбөр, 516.000 төгрөг шаарджээ./хх-13,108х/

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд “тогтоосон” хэмжээгээр оролцох үүрэг хүлээсэн байх ба хуулийн энэ зохицуулалтаас үзвэл сууц өмчлөгчид, эсхүл түүнээс эрх олгосон эрх бүхий этгээд нь дээр дурдсан санхүүжилтийн төлбөрийн хэмжээг мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3, 147.4-т заасан аргаар тооцож, урьдчилан “тогтоосон” байх шаардлагатай.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар, хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэх, 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг сууц өмчлөгчдийн холбоо өөрийн дүрмэндээ заавал тусгах ёстой, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батлахаар хуульд тусгажээ. Гэтэл “Ө-” СӨХ нь холбооны дүрмийг баримтаар ирүүлээгүй байна. 

 

Талуудаас өөрийн шаардлага, татгалзлаа нотолж буй баримтыг ирүүлсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан баримтыг үзвэл, “Ө-” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж, улмаар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3, 147.4-т заасан аргачлалаар тооцож, төлбөрийг 25.800 төгрөг байхаар тогтоосон гэж үзэх боломжгүй байна. /хх-20,32,34,52-58,66-84,87-107/

 

Дээрхээс дүгнэхэд “Ө-” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу тогтоосон гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

 

Харин хариуцагч Л.Г- нь 2016 оны 6 сараас өмнөх саруудын төлбөрийг сар бүрийн 17.500 төгрөгөөр төлж байсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч мөн хэмжээгээр 20 сарын /2016 оны 6 сараас 2018 оны 1 сар/ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул түүний зөвшөөрсөн хэмжээ болох 350.000 төгрөгийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. /хх-15-16,35/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Г-аас 350.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө-” СӨХ-нд олгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г-аас 11.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө-” СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.УРАНЗУЛ