Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01837

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01837

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01599 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууцны түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ХХК нь К- ХХК-тай 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 1 991 601 744 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. К- ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 60 айлын орон сууцыг барьж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад орлуулах 015/193 дугаар бүхий актаар улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн К- ХХК-ийн удирдах зөвлөлөөр тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээний 3-д заасны дагуу зарагдаагүй үлдсэн байрнуудыг *** ХХК болон К- ХХК-тай хуваах авахаар урьдчилан борлуулсан 22 байрны үлдэгдэл төлбөр болох 223 941 000 төгрөгийг *** ХХК-ийн ашигт хувиарлагдан тооцохоор тохиролцсон.

Тухайн үед уг 000 тоот орон сууц худалдан борлуулагдаагүй байсан. Манай байгууллагын зүгээс хариуцагчаас орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөр төлөх нөхцөл тохирох талаар удаа дараа холбогдож байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй өнөөдрийг хүртэл манай байгууллагын өмчид гэрээ хэлцэлгүйгээр үнэ төлбөргүй амьдарч байна. Иймд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 000 тоотод орон сууцыг Б-ийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б- нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл *** ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 байр, 000 тоот орон сууцанд амьдарч сарын түрээсийн төлбөр 250 000 төгрөгийг 16 сарын хугацаанд төлөөгүй.

Иймд 16 сарын түрээсийн төлбөр 4 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Түрээсийн гэрээ болон, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, *** ХХК-ийн удирдах зөвлөлийн тогтоолоор хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулж, зарагдаагүй үлдсэн байрнуудыг *** ХХК, К- ХХК нар хуваан авах, зарагдсан байрны үлдэгдэл мөнгийг *** ХХК авах, гэрээнд тус байрны 000 тоот орон сууцыг *** ХХК авах болсон. 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Б- амьдарсан. Анх 150 000 төгрөгийн түрээс төлөхөөр тохирч *** ХХК-ийн нягтлан бодогч Г-гийн дансруу түрээсийн төлбөр 150 000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Түүнээс хойш төлбөр мөнгө хийгдээгүй. Б-тэй харилцан тохиролцоод 250 000 төгрөгөөр түрээслүүлж байгааг мэдэгдэж, хүлээн зөвшөөрч амьдарч байсан. Нэхэмжлэгч талаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч, хариуцагч сайн дураар биелүүлсэн.

Иймд Б-өөс 16 сарын түрээсийн төлбөр 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Маргаж буй орон сууц хэний өмч талаарх баримт хэргийн материалд байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй. *** ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 байр, 000 тоот орон сууцанд тухайн үеийн байрны өмчлөгч болох н.Чинбат гэх хүнтэй тохиролцож, 2016 оны 10 сараас эхлэн амьдарч эхэлсэн. Миний бие *** ХХК-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, *** ХХК-д орон сууцны хөлслөх гэрээний үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б-д холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 000 тоот, 49 м.кв 2 өрөө, орон сууцны 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 16 сарын түрээсийн төлбөр 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байхад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

*** ХХК болон К- ХХКийн хооронд байгуулагдсан Хөрөнгө хувиарлах тухай гэрээний 3 дахь заалтанд заагдсан зарагдаагүй үлдсэн байрнуудыг хаалганы дугаараар 2 компани хувааж авсан бөгөөд хариуцагч Б-ийн амьдарч байсан 000 тоот орон сууц нь манай компанид хувиарлагдсаны дагуу түрээсийн төлбөр 4 000 000 төгрөгийг шаардсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан К- ХХК-иас Хан-Уул дүүргий бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгээр 000 тоот орон сууцыг *** ХХК-д шилжүүлсэн болох нь нотлогддог.

Хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөхийн газар бүртгүүлээгүй ч гэсэн хариуцагч хүн амьдрах зориулалт бүхий орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, мөн өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Батмэндийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгожээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нь хариуцагчаас орон сууцны 16 сарын түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх боловч түүнд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд эрх нь итгэмжлэлээр олгосон хэмжээгээр хязгаарлагдана. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчид гардуулах ажиллагаа хийснийг буруу гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Гэтэл уг захирамжийг гарахаас өмнө буюу иргэний хэрэг үүсгээгүй байхдаа 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, эрх үүргийг тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байна.

 

Түүнчлэн шүүх талуудад 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материал танилцуулсан /хх 25 дахь тал/ бөгөөд хариуцагч талд 41-60 дахь талд авагдсан нотлох баримтыг, нэхэмжлэгч талд 62-64 дэх талд авагдсан нотлох баримтыг танилцуулах ажиллагаа огт хийгдээгүй байгаа нь талууд нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.

 

Дээрх зөрчил тус бүрийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль баримтлаагүй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01599 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА