Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/01599

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/01599

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХанУул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино өөрийн байрны 1 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, оюутны гудамж, G&D center, 301 тоот хаягт байрлах Ш ХХК /РД:2040018/-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 46 тоотод оршин суух, Мэргэн овогт Амсосын Баттөр РД:/ЧЛ72061176/-д холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байрны 46 тоот орон сууцны 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд,  хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК нь Кей Си Би ХХК-тай 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 1.991.601.744 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Кей Си Би ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 60 айлын орон сууцыг барьж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад орлуулах 015/193 дугаар бүхий актаар улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Кей Си Би ХХК-ийн удирдах зөвлөлөөр тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээний 3-д заасны дагуу зарагдаагүй үлдсэн байрнуудыг Ш ХХК болон Кей Си Би ХХК-тай хуваах авахаар урьдчилан борлуулсан 22 байрны үлдэгдэл төлбөр болох 223.941.000 төгрөгийг Ш ХХК-ийн ашигт хувиарлагдан тооцохоор тохиролцсон. Тухайн үед уг 46 тоот орон сууц худалдан борлуулагдаагүй байсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүйгээр амьдарч байсан. Манай байгууллагын зүгээс хариуцагчаас орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөр төлөх нөхцөл тохирох талаар удаа дараа холбогдож байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй өнөөдрийг хүртэл манай байгууллагын өмчид гэрээ хэлцэлгүйгээр үнэ төлбөргүй амьдарч байна. Иймд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 46 тоотод орон сууцыг А.Бийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Б нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Ш ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 байр, 46 тоот орон сууцанд амьдарч сарын түрээсийн төлбөр 250.000 төгрөгийг 16 сарын хугацаанд төлөөгүй нь манай байгууллагыг хохироосоор байна. Иймд хариуцагч А.Бөөс Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 байр, 46 тоот орон сууцны 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Ш ХХК-ийн удирдах зөвлөлийн тогтоолоор хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулж, зарагдаагүй үлдсэн байрнуудыг Ш ХХК, Кей Си Би ХХК нар хуваан авах,  зарагдсан байрны үлдэгдэл  мөнгийг Ш ХХК авах, гэрээнд тус байрны 46 тоот орон сууцыг Ш ХХК авах болсон. Түрээсийн гэрээ болон, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй,  2016 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А.Б амьдарсан. Анх 150.000 төгрөгийн түрээс төлөхөөр тохирч Ш ХХК-ийн нягтлан бодогч Э.Гандиймаагийн дансруу түрээсийн төлбөр 150.000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Түүнээс хойш төлбөр мөнгө хийгдээгүй. А.Бтэй харилцан тохиролцоод 250.000 төгрөгөөр түрээслүүлж байгааг мэдэгдэж, хүлээн зөвшөөрч амьдарч  байсан. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгөөд төлбөр төлөх тухай ярьж байсан.  Нэхэмжлэгч талаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч, хариуцагч сайн дураар биелүүлсэн. А.Бөөс 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ш ХХК-ийн өмч гэдэг нь захирал С.Чинбатын гарын үсэгтэй 2016 оны 11 дүгээр сарын 242/16 дугаар хөрөнгө шилжүүлэх тухай Хан-Уул дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газрын лавлагааны хавсралтад 46 тоот гэж дурдагдсан, Ш ХХК-ийн өмч мөн юм. А.Б нь С.Чинбаттай харилцан тохиролцоод байрыг түрээсэлж, нягтлангийн дансруу түрээсийн төлбөр шилжүүлж байсан. Түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч түрээсийн харилцаа үүсч, мөнгө төлж байсан. Хариуцагч 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг төлөөгүй байна. Түрээсийн харилцаа үүссэний дараа хугацаа хожимдуулж, төлсөн. Түрээсийн төлбөр нэхэж мэдэгдэх хуудас явуулж байсан. Удирдах зөвлөлийн тогтоолтой  холбоотой  эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарсан. Тогтоолын дагуу Ш ХХК нь  шаардах эрхийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэлийн түрээсийн төлбөрт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.  

 

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Миний бие Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 байр, 46 тоот орон сууцанд тухайн үеийн байрны өмчлөгч болох Чинбат гэх хүнтэй тохиролцож, 2016 оны 10 сараас эхлэн амьдарч эхэлсэн. Миний бие Ш ХХК-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, Ш ХХК-д орон сууцны хөлслөх гэрээний үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрийн сонгон авсан өмгөөлөгчийг оролцуулах хүсэлттэй  тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч шударга эзэмшигч  шаардах эрхтэй гэж заасан. Маргаж буй орон сууц  хэний өмч талаарх баримт хэргийн материалд байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй. Кей Си Би ХХК нь байрыг барьж, улсын комисст хүлээлгэн өгсөнд маргахгүй. Ш ХХК-ийн өмч гэж тогтоосон баримт байхгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар өмчлөх эрх баталгааждаг. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч нь 2016 оны 10 дугаар сараас эхлээд Ш ХХК-ийн өмчлөлийн байранд амьдарч байгаа, 16 сарын түрээс 4.000.000 төгрөг нэхсэн. А.Бийг захирал С.Чинбат уг байранд оруулж байсан. Өөрсдөө шударга өмчлөгч биш байж биднээс түрээсийн мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хавтаст хэргийн 8, 9-р хуудсанд Кей Си Би ХХК-ийн  удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол, борлуулалтын судалгаа байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн нотлох баримт байна. /Хавтаст хэргийн 12-р хуудас/ Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирсэн бичиг баримт нь мөн хуулийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Кей Си Би ХХК-ийн баримтад өөрсдөө хуулбар үнэн гэж дараад нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөөд байгаа нь үндэслэлгүй байна. Кей Си Би ХХК-ийн Удирдах зөвлөлийн тогтоолд Ш ХХК хуулбар үнэн дараад өмчлөх эрхтэй гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Түрээсийн гэрээ Иргэний хуульд зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж хүчинтэй болдог. Хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Бд удаа дараа мэдэгдэл өгсөн гэж байна. Нотлох баримт шинжлэн судлахад мэдэгдэл өгч байсан баримт гарсангүй. А.Бтэй 250.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон баримтгүй нотлогдохгүй байна. Игэний хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж хийсэн түрээсийн гэрээ алга. Ш ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   

  ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч А.Бд холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж, шүүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 46 тоот, 49 м.кв 2 өрөө, орон сууцны 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

 

              Хариуцагч А.Б, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгч Ш ХХК-ийн орон сууцны бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 46 тоот, 49 м.кв 2 өрөө, орон сууцнаас гарсан бөгөөд 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж маргадаг.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

              Нэхэмжлэгч тал Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 46 тоот, 49 м.кв 2 өрөө, орон сууцны 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаа баримтаар нотлогдоогүй, түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.      

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт

зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70.200+79.000/=149.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

              1.Нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Бд холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам, 41 дүгээр байр, 46 тоот, 49 м.кв 2 өрөө,  орон сууцны 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 16 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ                           Л.НАРАНГЭРЭЛ