Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01858

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01858

 

 

Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01675 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш-,

Хариуцагч: Д-д холбогдох,

 

Зээлийн гэрэээний үүрэгт 91 500 000 төгрөгийг хариуцагч нараас, хариуцагч Ш-аас 15 000 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ш-, Ө- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Ш-ын сөрөг нэхэмжлэлтэй,

17 200 000 төгрөг гаргуулах Д-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гийгиймаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ганчимэг

Хариуцагч: Ш-, Д-

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ш-т 60 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд Ш- нь өөрөө хөдөө явж байгаа тул найз Д-т зээлийн мөнгийг өгчих, Д- нь миний газрын гэрчилгээг гартал түр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг дэх 2 өрөө орон сууцаа барьцаанд тавьна гэж хэлсэн. Ш-ын хэлсний дагуу Д-т 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 19-ний өдөр 45 000 000 төгрөгийг тус тус өгсөн. Ш- 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надтай уулзаж 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 12 дугаар гудамжны 0000 тоот хаягт байршилтай 687 м/кв газрыг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан.

Ш- нь зээлсэн мөнгөнийхөө зөвхөн хүүг төлж байсан, үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй. Түүний хүсэлтээр дээрх зээлийн гэрээг удаа дараа сунгаж байсан.

Иймд Ш-аас 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 60 000 000 төгрөг, зээлийн хүүнд 3 000 000 төгрөг, алданги 28 500 000 төгрөг, нийт 91 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн Ш- нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр надаас 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд гэрээнд үүрэг гүйцэтгээгүй бол 0.5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Уг гэрээг Ш-ын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаагаар сунгасан боловч Ш- энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ төлөлт хийгээгүй.

Иймд Ш-аас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д-ын сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь Д- 2013 оны 7 дүгаар сарын 18-ны өдөр байгуулсан 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 81 000 000 төгрөгийг Д- төлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ш-ын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ш- өөрөө мөнгө хүлээж аваагүй, Д-, Л- нарыг явуулсан. Гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг авсан талаар баримтууд хэрэгт байгаа гэжээ.

 

Хариуцагч Ш- шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ө-тай 2013 оны 07 дугаар сарын 18 ны өдөр гэрээ байгуулаагүй бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсны дараа мөнгөө өгөлгүй Д-ын зээлийг намайг төл гээд мөнгө өгөөгүй. Би Д-тай гэрээ хий гэж хэлээгүй. Тэр үед би хотод байсан. Ө-ыг мөнгө өгөхгүй байхаар нь гэрээ цуцалж хүчингүй болгох хүсэлт тавихад хүлээж аваагүй. Би өөр газраас зээл авсан.

Д- бид хоёр хамтран ажиллаж байсан учраас би түүний өмнөөс Ө-д төлөх ёстой мөнгийг бүрэн төлсөн. Д-ын зээл 81 000 000 төгрөг, өөрийн зээл 60 000 000 төгрөг, нийт 137 000 000 төгрөг өгсөн тул Ө-д ямар нэг өгөх өр байхгүй.

Харин 2015 оны 10 000 000 төгрөгийн зээлийг төлөөгүй байгаа учраас зөвшөөрнө, алдангийг нь зөвшөөрөхгүй.

Д- бид хоёр хамтран ажиллахаар болж, түүнд хөрөнгө оруулахаар тохиролцсон тул барьцаалсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөх зорилгоор Ө-тай гэрээ байгуулсан. Ө- нь зээлийн мөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул хүчин төгөлдөр хэлцэл болоогүй. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д- шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг харилцан тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгосон ба уг гэрээний үндсэн төлбөрийг цувуулан дансаар болон бэлнээр 81 000 000 төгрөг төлж барагдуулсан. 60 000 000 төгрөгийн зээлийг би өөрөө авсан, буцаан төлөхөд Ш-, бид хоёр хамтран ажиллаж байсан, санхүүгээ барьж байсан учраас миний өмнөөс төлөлтийг хийж байсан.

Одоо бидний хооронд уг гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэг төлбөр тооцоо байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Би зээлийн гэрээний үндсэн төлбөрт Ө-д 2013 оны 07 дугаар сарын 18-наас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 27 сарын хугацаанд 81 000 000 төгрөг төлж барагдуулсан. Зээлийн гэрээний хүү 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх нэг cap найман хоногийн хүү 3 800 000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 60 000 000 төгрөг нийт 63 800 000 төгрөгийг төлөх ёстой бөгөөд гэрээний үүрэгт 17 200 000 төгрөг илүү төлсөн тул Ө-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө-д, нэхэмжлэгч Ө-аас 3 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Д-т тус тус олгож, нэхэмжлэгч Ө-ийн нэхэмжлэлээс хариуцагч Ш-, Д- нараас 91 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д-ын сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Ө-аас 14 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө-, хариуцагч Ш- нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө-ийн төлсөн 690 450 төгрөг, хариуцагч Х.Шинэбарын төлсөн 457 950 төгрөг, хариуцагч Д-ын төлсөн 243 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж,нэхэмжлэгч Ө-аас 457 950 төгрөг гаргуулж хариуцагч Ш-т, 62 950 төгрөг гаргуулж хариуцагч Д-т, хариуцагч Ш-аас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангаагүй.

Шүүх Ш-ыг хариуцагч биш гэж үзэж түүнтэй байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, мөн хариуцагч Д- нь Ө-д 81 000 000 төгрөгийг төлсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан баримтаар бол Д- Ө-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг хүлээж авсан байдаг хэдий ч Ш- нь анх Ө-тай уг зээлийн талаар ярилцаж тохиролцоод өөрөө хөдөө явж байгаа учраас найз Д-ыг явуулж гэрээ байгуулж мөнгийг авхуулсан байдаг. Үүний дараа 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж Д-ын барьцаалсан орон сууцыг сольж өөрийн нэр дээр байгаа Баянзүрх дүүргийн 2-р хороо Сэлбийн 12-р гудамжны 0000 тоот хаягт байршилтай 687 м/кв газрыг барьцаалсан байдаг. Хэдийгээр Ш- 60 000 000 төгрөгийг би аваагүй гэж тайлбарладаг хэдий ч дараа нь Ө-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж үйлдээд Д-ын барьцааг чөлөөлж өөрөө газраа барьцаалаад байгаа нь дээрх 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт өөрийгөө хамааруулж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Мөн Ш- нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг нийт 4 удаа сунгаж хамгийн сүүлд гэрээгээ дүгнэж дээрх зээлийн гэрээний үүрэг болох нийт 97 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Ийм байхад шүүх Ш-ыг хариуцагч биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Д- 81 000 000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлгүй дүгнэлтийг шүүх хийжээ. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн банкны хуулга болон бичгийн баримтаар Х.Шинэбэяр нь нийт 42 000 000 төгрөгийг төлсөн байхад шүүх худлаа дүгнэлт хийсэн.

2013 оны 08 дугээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Учир нь тэр гэрээний дагуу Ш- нь газраа барьцаалж барьцааны гэрээг үйлдсэн. Уг гэрээний дагуу 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг сар бүр Ш- төлөлт хийдэг байсан. Мөн 4 удаа уг зээлийн гэрээг сунгаж Ө-тэй сунгалтын гэрээг хийсэн зэргээс үзэхэд Х.Шинэбэяр нь энэ зээлийн гэрээнд хамааралтай этгээд гэдгээ илэрхийлж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө- нь хариуцагч Ш-, Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91 500 000 төгрөгийг, хариуцагч Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, Ш- нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Д- нь 17 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Ө- нь Ш-тай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгч, зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлээ болгожээ. Уг гэрээнд 60 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, хугацааг 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл гэж гэрээний нөхцлийг талууд тохиролцсон байна.

 

Хариуцагч Ш- уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Ө- нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүрэгтэй.

 

Бэлэн мөнгө хүлээж авсан гэх баримт /1 хавтас, 19 дэх тал/-д 60 000 000 төгрөгийг Ө- нь Д-т хүлээлгэж өгсөн байх ба уг нотлох баримтыг хариуцагч Д-ын тайлбартай харьцуулан дүгнэвэл зээлийн гэрээг Ө- нь Д-тай байгуулсан, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иймд нэхэмжлэгч Ө- нь уг зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ш-аас шаардах эрхгүй гэж дүгнэж түүнээс 91 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин нэхэмжлэгч Ө- нь хариуцагч Д-аас 60 000 000 төгрөгийн зээлийн үүргийг шаардах эрхтэй ба зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү шаардах эрхгүй. Гэвч хариуцагч Д- зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасантай нийцэх тул зээлийн хүү гэж төлсөн 18 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцохгүй юм.

 

Ө-ийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24368 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл Д- нь 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 81 000 000 төгрөгийг Ө-д төлсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрхи зээлийн гэрээний үүрэгт Д- нь хүлээн зөвшөөрч хүүд төлсөн 18 000 000 төгрөгийг, үндсэн зээл 60 000 000 төгрөгийн хамт төлөх үүргийг хүлээсэн ба түүний төлсөн 81 000 000 төгрөгийг хасч тооцвол тэрээр 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө-д илүү төлсөн тул энэ хэмжээгээр Д-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин Ө- болон Ш- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгжээгүйгээс нэхэмжлэгч зээлийн үүрэг шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь алдаатай болсон, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаар дээрх зээлийн гэрээг Ө- болон Ш- нар байгуулсан боловч Ө-аас мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг бодитоор зээлдэгч талд шилжүүлээгүй нь гэрээ байгуулсанд тооцохгүй болохоос уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй.

 

Хариуцагч Ш- 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар нэхэмжлэгч Ө-аас зээлсэн талаар маргаагүй, гэрээг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Гэрээний 2.7-д зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр заасан ба алдангийн тодорхойлолт нь хуулийн шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ш-аас 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө-д олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01675 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө-д, нэхэмжлэгч Ө-аас 3 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Д-т тус тус олгож, нэхэмжлэгч Ө-ийн нэхэмжлэлээс хариуцагч Ш-, Д- нараас 91 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д-ын нэхэмжлэгч Ө-аас 14 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч Ш-ын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ө-, Ш- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг хүчингүй болгон, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 615 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА