Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00127

 

Б.Ө-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01675 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1858 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Ө-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Ш, П.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 91 500 000 төгрөгийг хариуцагч нараас, хариуцагч Х.Шаас 15 000 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Х.Ш, Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Х.Ш-ын сөрөг нэхэмжлэлтэй, 17 200 000 төгрөг гаргуулах П.Д-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гийгиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ганчимэг, хариуцагч Х.Ш, П.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Б.Түмэнжаргал, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х.Шт 60 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд Х.Ш нь өөрөө хөдөө явж байгаа тул найз П.Д-т зээлийн мөнгийг өгчих, П.Д нь миний газрын гэрчилгээг гартал түр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг дэх 2 өрөө орон сууцаа барьцаанд тавина гэж хэлсэн.

Х.Шын хэлсний дагуу П.Д-т 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 19-ний өдөр 45 000 000 төгрөгийг тус тус өгсөн. Х.Ш 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надтай уулзаж 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 12 дугаар гудамжны 10-87 тоот хаягт байршилтай 687 м/кв газрыг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан.

Х.Ш нь зээлсэн мөнгөнийхөө зөвхөн хүүг төлж байсан, үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй. Түүний хүсэлтээр дээрх зээлийн гэрээг удаа дараа сунгаж байсан. Иймд Х.Шаас 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 60 000 000 төгрөг, зээлийн хүүнд 3 000 000 төгрөг, алданги 28 500 000 төгрөг, нийт 91 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн Х.Ш нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр надаас 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд гэрээнд үүрэг гүйцэтгээгүй бол 0.5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Уг гэрээг Х.Ш-ын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаагаар сунгасан боловч Х.Ш энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ төлөлт хийгээгүй. Иймд Х.Ш-аас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

П.Д-ын сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь П.Д 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 81 000 000 төгрөгийг П.Д төлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Х.Ш-ын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Х.Ш өөрөө мөнгө хүлээж аваагүй, П.Д, Я.Лхагвасүрэн нарыг явуулсан. Гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг авсан талаар баримтууд хэрэгт байгаа гэжээ.

Хариуцагч Х.Ш  шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 

Би Б.Өтай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулаагүй бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсны дараа мөнгөө өгөлгүй П.Д-ын зээлийг намайг төл гээд мөнгө өгөөгүй. Би П.Д-тай гэрээ хий гэж хэлээгүй. Тэр үед би хотод байсан. 

Б.Өыг мөнгө өгөхгүй байхаар нь гэрээ цуцалж, хүчингүй болгох хүсэлт тавихад хүлээж аваагүй. Би өөр газраас зээл авсан. П.Д бид хоёр хамтран ажиллаж байсан учраас би түүний өмнөөс Б.Өд төлөх ёстой мөнгийг бүрэн төлсөн.П.Д-ын зээл 81 000 000 төгрөг, өөрийн зээл 60 000 000 төгрөг, нийт 137 000 000 төгрөг өгсөн тул Б.Өд ямар нэг өгөх өр байхгүй.

Харин 2015 оны 10 000 000 төгрөгийн зээлийг төлөөгүй байгаа учраас зөвшөөрнө, алдангийг нь зөвшөөрөхгүй. П.Д бид хоёр хамтран ажиллахаар болж, түүнд хөрөнгө оруулахаар тохиролцсон тул барьцаалсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөх зорилгоор Б.Ө-тай гэрээ байгуулсан. Б.Ө нь зээлийн мөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул хүчин төгөлдөр хэлцэл болоогүй.

Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Ө-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг харилцан тохиролцож, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгосон ба уг гэрээний үндсэн төлбөрийг цувуулан дансаар болон бэлнээр 81 000 000 төгрөг төлж барагдуулсан. 60 000 000 төгрөгийн зээлийг би өөрөө авсан, буцаан төлөхөд Х.Ш, бид хоёр хамтран ажиллаж байсан, санхүүгээ барьж байсан учраас миний өмнөөс төлөлтийг хийж байсан. Одоо бидний хооронд уг гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэг төлбөр тооцоо байхгүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Би зээлийн гэрээний үндсэн төлбөрт Б.Ө-д 2013 оны 07 дугаар сарын 18-наас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 27 сарын хугацаанд 81 000 000 төгрөг төлж барагдуулсан. Зээлийн гэрээний хүү 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх нэг cap найман хоногийн хүү 3 800 000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 60 000 000 төгрөг нийт 63 800 000 төгрөгийг төлөх ёстой бөгөөд гэрээний үүрэгт 17 200 000 төгрөг илүү төлсөн тул Б.Өгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01675 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Ш-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд, нэхэмжлэгч Б.Өгаас 3 000 000 төгрөг гаргуулан хариуцагч П.Д-т тус тус олгож, нэхэмжлэгч Б.Өгийн нэхэмжлэлээс хариуцагч Х.Ш, П.Д нараас 91 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч П.Д-ын сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Б.Ө-гаас 14 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Ө-гийн төлсөн 690 450 төгрөг, хариуцагч Х.Шинэбарын төлсөн 457 950 төгрөг, хариуцагч П.Д-ын төлсөн 243 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Б.Ө-гаас 457 950 төгрөг гаргуулж хариуцагч Х.Ш-т, 62 950 төгрөг гаргуулж хариуцагч П.Д-т, хариуцагч Х.Ш-аас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1858 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01675 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ш-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-д, нэхэмжлэгч Б.Өгаас 3 000 000 төгрөг гаргуулан хариуцагч П.Д-т тус тус олгож, нэхэмжлэгч Б.Ө-гийн нэхэмжлэлээс хариуцагч Х.Ш, П.Д нараас 91 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч П.Д-ын нэхэмжлэгч Б.Өгаас 14 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч Х.Шын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Ө, Х.Ш нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг хүчингүй болгон, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 615 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гол үндэслэл болгосон баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гээд байгаа 81 000 000 төгрөг байгаа. Энэхүү тайлбар нь ямар учраас гараад ирснийг мэдэхгүй. Нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж маргаж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Ер нь Б.Ө, Х.Ш нарын хооронд 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс гадна түүнээс хойш 15 000 000, 22 000 000, 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг ба түүний төлбөрт Х.Ш Б.Ө-д нийт 91 000 000 төгрөг төлсөн байдаг. Үүнийг нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн байх магадлалтай. Хариуцагч Х.Ш, П.Д нар нь эдгээр бүх зээлийн гэрээний үүрэгт төлж байсан төлбөрийг 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гэж маргадаг. Шүүх дээр дурдсан өөр бусад зээлийн гэрээний үүргүүдийн төлөлтийг хэрхэн яаж төлж байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийсэнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Гэтэл шүүх 81 000 000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг хэрэгт авагдсан бичгийн баримттай харьцуулан үзсэнгүй. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн Голомт банкны хуулга байдаг. Хаан банкны дансаар 3 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ нийлээд 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүүд нийт 42 000 000 төгрөг төлсөн байгаа.

Магадлалд “хариуцагч Х.Ш нь уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Б.Ө нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээж өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүрэгтэй” гэж дурджээ. Хэргийн үйл баримтаар бол анх П.Д нь Х.Ш-ын гуйлтын дагуу Б.Ө дээр очиж түүнээс 60 сая төгрөгийг хүлээж авсан байдаг. Үүний дараа Х.Ш 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр П.Д-ын барьцааг чөлөөлөөд өөрийнхөө газрыг оронд нь барьцаанд тавьж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Үүний дараа сар бүр зээлийн гэрээний үүрэг буюу хүүг П.Д биш Х.Ш нь Б.Ө-д төлж, нийт 42 сая төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зөрүүтэй, хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заажээ. 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад газраа барьцаалаад байгаа үйлдэл, Б.Өгийн зээлийн гэрээний үүрэгт хүү төлөөд байгаа үйлдэл, нөхцөл байдалд нь дүн шинжилгээ хийсэнгүй. Дээрх Х.Ш-ын үйлдлээс үзэхэд Б.Ө, Х.Ш нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа юм. Мөн хэрэгт авагдсан баримт болон хэргийн үйл баримтаас аваад үзэхэд Үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцдог. Х.Ш нь 2013 оны 08 дугаар сарын 26-нд зээлийн гэрээ барьцааны гэрээг байгуулсан 4 удаагийн сунгалтын гэрээ байгуулж, мөн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт “...2013 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 60 сая төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 сая төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 сая төгрөг, нийт 97 сая төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж уг хугацаанд барагдуулж дуусгахаар үүрэг хүлээж гэрээ хийсэн байгаа нь өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

199.3.-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. Зээлийн төлбөрийг 2015 он гартал төлсөн.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын өөрсдийнх нь тайлбараар П.Д, Х.Ш нарын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг үүргийг гүйцэтгэж, дуусгавар болгоогүй юмаа, зөвхөн барьцаа нь солигдсон юм гэдэг. Х.Ш нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг нийт 4 удаа сунгаж хамгийн сүүлд гэрээгээ дүгнэж, дээрх зээлийн гэрээний үүрэг болох нийт 97 сая төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж гэрээ хийсэн байдаг.

Тэгээд П.Днь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би зээлийн төлөлтөд орооцолддоггүй байсан Х.Ш л төлж байсан би мэдэхгүй гэж мэдүүлж байсан хүн өнөөдөр яахаараа би бүр давуулаад төлсөн гэж яриад зогсож байгаа тайлбарын зөрүүг шүүх юу гэж дүгнэж байгаагаа ч бичээгүй. Мөн Х.Ш нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Өтай зээлийн болон барьцааны гэрээ хийгээд оронд нь БЗД-т байрлах газраа барьцаалж, зээлийн гэрээг удаа дараа буюу нийт 4 удаа сунгасан, мөн Б.Өтай барьцааны гэрээг хийгээд, удаагүй байхдаа буюу 1 сар гарангийн дараа барьцааг хуурамч бичиг баримт үйлдэж буюу эрүүгийн гэмт хэрэг үйлдэж газраа чөлөөлөөд байгаа үйлдлийг шүүх огт дүгнэсэнгүй.

Шүүх П.Д, Б.Ө нарын хооронд хийгдсэн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж энэ хугацааны зээлийн хүүг төлөх ёстой юм байна, түүнийг П.Д илүү төлсөн байна гэж шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ хэзээ дууссан бэ гэдэгт хариулт өгч чадаагүй байна. Ийм байхад шүүх Х.Шыг хариуцагч биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв Х.Ш нь хариуцагч биш юм бол яагаад 60 сая төгрөгийг хүлээж аваагүй байж барьцаанд өөрийн үнэтэй газраа тавиад барьцааны гэрээ байгуулаад байгаа,  яагаад 60 сая төгрөгийн аваагүй юм бол барьцаанд тавьсан газраа хуулийн дагуу Б.Өгаас шаардаж авахгүй хууль бусаар гэмт хэрэг үйлдэн нотариатын тамга тэмдгийг хуурамчаар ашиглаж хуурамч гэрээ хийж барьцааг чөлөөлөх болсон юм бэ. Энэ тамга тэмдэг хуурамчаар ашигласан үйлдэл дээр нь Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаад Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг бөгөөд шүүх энэ талын дүгнэлтийг огт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу байна.

2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Учир нь тэр гэрээний дагуу Х.Ш нь газраа барьцаалж барьцааны гэрээг үйлдсэн. Уг гэрээний дагуу 60 сая төгрөгийн зээлийн гэрээний хүүг сар бүр Х.Ш төлөлт хийдэг байсан. Мөн 4 удаа уг зээлийн гэрээг сунгаж Б.Өтай сунгалтын гэрээг хийсэн зэргээс үзэхэд Х.Ш нь энэ зээлийн гэрээнд хамааралтай этгээд гэдгээ илэрхийлж байсан.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01675 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1858 дугаартай магадлалыг хянан үзэж дээрх хэргийн үйл баримт бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд үндэслэн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу бүрэн бодитойгоор үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах талаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Х.Ш, П.Днарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91 500 000 төгрөг, хариуцагч Х.Шт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна хариуцагч Х.Ш 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч П.Днь нэхэмжлэгч Б.Өгаас илүү төлсөн 17 200 000 төгрөг гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ө нь Х.Штай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон бөгөөд уг гэрээнд заасан 60 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох учиртай. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Хариуцагч Х.Ш дээрх гэрээний зүйл болох мөнгийг аваагүй гэж маргасан ба нэхэмжлэгч Б.Ө нь зээлийн гэрээний дагуу түүнд мөнгийг хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй гэж хоёр шатны шүүх үзжээ.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч Х.Шын сөрөг нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх уг сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Зохих журмын дагуу байгуулагдсан боловч хэрэгжээгүй зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1858 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 615 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН