Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 404

 

Ж.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар магадлалтай, Ж.М-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарьн 12-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Булган аймаг, Орхон сум, 5 дугаар баг, Мандал гэх газарт оршин суух,

Булган аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Ө овогт Ж-н М.

Ж.М- нь 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр “...утсаар чинь ярьчихаад өгье”, “...ажил, сургуульд оруулж өгнө”, “...барьцаанд байгаа хөөргөө аваад үнэ нэмж зараад мөнгийг чинь өсгөж өгье” гэж бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 88,015,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ж.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Ж.М-ыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ж.М-т 7 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 376 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.М- гаргасан гомдолдоо “...2014 онд Аажий гэх хохирогчтой хэрэгт тухайн үеийн үнэлгээгээр 15,000,000 төгрөг гэж тогтоосон боловч 2019 оны 12 дугаар сард мөрдөгч хэргийг танилцуулах үеэр хохирлын хэмжээ 19,710,000 төгрөг болж өөрчлөгдсөн байсан. Хохирлын хэмжээг 2 өөр янзаар гаргаж өгсөн үндэслэлийг тогтоогоогүй.

Хохирогч Э.Т- 2017 оны 03 дугаар сарын 14-нд мэдүүлэг өгөхдөө 31,000,000 төгрөгийн хохиролтой гэж мэдүүлсэн байдаг. Харин сүүлд дахин мэдүүлэг өгөхдөө 2017 оны 02 дугаар сарын 14-нд надад 12,000,000 төгрөг өгсөн болгож мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад Д.Түмэндэмбэрэлийн утга, авцалдаа дутмаг 3 өөр мэдүүлгүүдийг үндэслэн нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан надаас нэмж 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Түүнээс өөрийн биеэр авсан 31,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд амаар болон бичгээр гаргасан боловч хэлэлцээгүй. Үүнийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

Анх хэрэгт 2013 оны 01 дүгээр сарын 05-наас эхлэн сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн. Гэтэл үүнээс хойш 2015 онд хэрэгжиж эхэлсэн “Өршөөлийн хууль”-д надтай адил 148.3-т заасан зүйл, ангитай болон бодит хохиролтой хүмүүс хамрагдан суллагдаж байсан. Мөн 2017 онд хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар 148.3 гэсэн зүйл ангитай хүмүүсээс тодорхой хэмжээгээр хасагдсан байдаг. Хуулийг хэрэглэхдээ шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг надад хэрэглээгүй. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн ажлын 5 хоногийн хугацаа олгоогүй.

Маргаж байгаа хохирогч Д.Т-г шүүх хуралдаанд оролцуулаагүй, бусад хохирогч нарт хэргийн материал танилцуулаагүй.

Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд бодит хохирлыг тогтоогоогүй байж надад 7 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Шүүх бүрэлдэхүүн дээрх гомдлуудыг хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шинжлэн судалж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ж.М- нь гэм буруугийн хувьд огт маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн.

Анхан шат болон давж заалдах шатны шүүхээс Ж.М-д Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.

Ж.М- нь нийт 15 үйлдлээр буруутгагдаж шийтгэгдсэн бөгөөд 12 үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн, сүүлийн 3 үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн.

Өмгөөлөгчийн зүгээс анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд 12 үйлдэл нь тус тусдаа цаг хугацаанд, нэг бус өөр өөр хохирогчтой давтан гэмт хэрэг гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд мөн хуулийн 72.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх талаар тайлбарыг гаргасан.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх хэрэглээгүй.

Ж.М- нь 15 үйлдлийн хохирогч Т-с 43 сая төгрөгийг залилж авсан гэх үйлдлээс 31 сая төгрөгийг авсан, харин 12 сая төгрөгийг авсныг огт хүлээн зөвшөөрдөггүй.

Хохирогч Д.Т-л нь мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгдөггүй, 31 сая төгрөг гэж мэдүүлснээ өөрчилж сүүлд 43 сая төгрөг залилуулсан болгож учирсан хохирлыг нэмэгдүүлсэн. 43 сая төгрөг Ж.М-д өгсөн талаар баримт хэрэгт байхгүй, энэ талаар мөрдөн байцаалтаар нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байгаа болно.

Д.Т-л нь тайлбар, гэрч, хохирогчоор зөрүүтэй мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн.

Ж.М- болон өмгөөлөгчийн зүгээс Т-д учирсан гэх 43 сая төгрөгийн 12 сая төгрөг авсан гэх үйлдэл нь баримтаар тогтоогдохгүй байх тул учирсан хохирлоос хасч өгөхийг анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбар болон гомдлоор хандсан боловч хүлээн аваагүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулаагүй /ЭХХШтХ-н 31.13 дугаар зүйлийн 3/, нэр бүхий хохирогч нарт хэргийн материал танилцуулаагүй, шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй /Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1/ зэрэг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.М- нь 15 удаагийн үйлдлээр бусдын 88,015,000 төгрөгийг залилж авсан гэм буруутайд тооцогдсон. Шүүгдэгч нь хохирогч нарын заримтай нь хамтран амьдарч байсан нөхцөл байдал бий. Мөн өмгөөлөгчөөр ажиллаж байсан н.Зүмбэрэлийг залилсан асуудал шалгагдсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхэд мөн гаргаж байсан бөгөөд шүүх үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн учир 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүх Ж.М-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ж.М- нь 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 88,015,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ж.М-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогч Д.Т-с 12,000,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрдөггүй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй гэж гомдол гаргах боловч анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Д.Т-н мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэснийг буруутгах, няцаан үгүйсгэсэн баримт байхгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...Д.Т-с 12,000,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М- болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН