Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 650

 

106/2020/0162/Э

 

 

 

  2020             05            21                                        2020/ДШМ/650    

 

Ж.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.М-т холбогдох эрүүгийн 201301051866 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-, 1987 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Булган аймгийн оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: /,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

Ж.М- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж

1. 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгис” кино театрын хажууд явж байхдаа хамтран амьдрагч Г.Буяндэлгэрийн эзэмшлийн “Acer” загварын зөөврийн компьютерыг “ажил дээр хэрэглэх шаардлага гараад байна” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 920.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

2. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кафед иргэн Б.Батжаргалд өөрийгөө “Оджаргал” гэж танилцуулан, түүний “Samsung duos 4610” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

3. 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” кафед иргэн Б.Ачмаагийн “Samsung note 1” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 750.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

4. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төвийн 2 дугаар давхарт лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Ц.Даваажаргалаас “эрэгтэй гар цүнх, сорочкин цамц, тэлээ” зэрэг эд зүйлийг худалдан авна гэж, HTC загварын гар утсыг “хүнтэй яриад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  205.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

5. 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг Т.Аажийгаас 10 ширхэг сүүжин ээмэг, кольцо хэлбэртэй алтан бөгж 15 ширхэгийг “худалдан авна” гэж хуурч аван мөнгийг төлөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ш.Эрдэнэбулганд 19.710.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

6. 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн Г.Соёлгэрэлээс “Samsung S4, S3” загварын 2 ширхэг гар утсыг “мөнгийг нь эргэж орж ирээд өгнө” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 880.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

7. 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” бааранд иргэн Б.Оюунгэрэлтэй хамт сууж байхдаа түүний “I phone 5” загварын гар утсыг “хүнтэй яриад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

8. 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роман” нэртэй ресторанд иргэн Ж.Дэмбэрэлийн “Samsung galaxy note” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

9. 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт хамт сууж байсан иргэн Б.Сарантуяагийн “Samsung note 3” загварын гар утсыг “дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 900.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

10. 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Д.Дэлгэрцэцэгийн “Dell” загварын цэнхэр өнгийн зөөврийн компьютерыг “хэд хоног хэрэглэчихээд өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

11. 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гэрэл” төвийн 1 давхарт байрлах “Каiser” нэртэй бааранд иргэн Б.Нямдалайгийн “Samsung grand” загварын гар утсаар “ярьчихаад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

12. 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Зүмбэрэлийн ажлын газар дээр түүнд иргэн Ш.Мөнхбатын “Prius 20” загварын автомашиныг “өөрийнхөө машин” гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4.500.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

13. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.Оюунчимэгийг “ажилд оруулна, хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө” гэж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Home plaza” гэх барилгын гадаа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 8.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Рома хотхонд худалдаж авсан 4 өрөө байрандаа тавилга авахад мөнгө хэрэгтэй байна” гэж 12.000.000 төгрөгийг, мөн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” рестораны замын урд талд “барьцаанд байгаа аавынхаа хөөргийг авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Түмэндэмбэрэлээс 31.000.000 төгрөг, нийт 43.000.000 төгрөгийг авч залилсан,

15. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Нарангаравт “хөөрөг авч цааш нь ашиг гаргаж зарах гэсэн юм, 6.000.000 төгрөг зээлчих, 500.000 төгрөгийн хүү нэмээд өнөөдөр буцаагаад өгчихье” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 6.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч -ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-аас 920.000 төгрөг гаргуулж Г.Буяндэлгэрт, 300.000 төгрөг гаргуулж Б.Батжаргалд, 750.000 төгрөг гаргуулж Б.Ачмаад, 205.000 төгрөг гаргуулж Ц.Даваажаргалд, 19.710.000 төгрөг гаргуулж Ш.Эрдэнэбулганд, 880.000 төгрөг гаргуулж Г.Соёлгэрэлд, 450.000 төгрөг гаргуулж Д.Оюунгэрэлд, 500.000 төгрөгийг гаргуулж Ж.Дэмбэрэлд,  900.000 төгрөг гаргуулж Б.Сарантуяад, 700.000 төгрөг гаргуулж Д.Дэлгэрцэцэгт, 450.000 төгрөг гаргуулж Б.Нямдалайд, 4.500.000 төгрөг гаргуулж А.Зүмбэрэлд, 6.500.000 төгрөг гаргуулж С.Оюунчимэгт, 43.000.000 төгрөг гаргуулж Д.Түмэндэмбэрэлд, 6.000.000 төгрөг гаргуулж М.Нарангаравт тус тус олгож, Ж.М-ын цагдан хоригдсон 381 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ж.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2013 онд анх энэ хэрэгт холбогдон шалгаж эхэлсэн. 2014 онд Аажий гэх хохирогчид учруулсан хохирлыг 16.000.000 төгрөг гэж тогтоон хавтаст хэрэгт хавсаргасан. Гэтэл хэдэн жилийн дараа дахин хохирлын үнэлгээг хийлгэж 19.710.000 төгрөг болгож өөрчилсөн нь үнийн болон ханшийн зөрүүнээс үүдэн хохирлыг дүнг эрс өсгөж байна.

2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн 201301051866 дугаартай хавтас хэргийг үүсгэж шалгаж байсан тул 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцож эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү. Мөн энэ хэрэг нь 2015 онд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байсан боловч хамруулаагүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Хохирогч Д.Түмэндэмбэрэл нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст “Ж.М- миний биеийг өөрт нь 31.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн өргөдөл гаргасан байдаг. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр би Д.Түмэндэмбэрэлээс 31.000.000 төгрөгийг зээлж авахдаа М.Төрмөнхийн дэргэд хүлээлгэж өгсөн. Гэтэл Д.Түмэндэмбэрэл нь 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр надад 12.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн. Дахин 2019 онд хохирлын хэмжээг 43.000.000 төгрөг болгож өөрчлөхдөө эгч Наранчимэгээс нийт 43.000.000 төгрөг аваад надад хүмүүсийн дэргэд хүлээлгэн өгсөн гэх мэтээр удаа дараа өөр өөр мэдүүлэг өгсөн. Би 31.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн, харин 12.000.000 төгрөг аваагүй талаар анхнаасаа үнэн зөвөөр мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд мэдүүлж байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр миний аваагүй 12.000.000 төгрөгийг хохиролд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 12.000.000 төгрөгийг хасаж тооцон, хохирлыг үнэн зөвөөр тогтоож миний эрх зүйн байдлыг дордуулахгүй, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Ж.М- нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн, гэм буруугийн талаар маргаагүй. Прокуророос Ж.М-т холбогдуулан бусдыг залилсан гэж 15 үйлдлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 12 үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн, харин сүүлийн 3 үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх үед үйлдэгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өмнө үйлдэгдсэн 12 үйлдэл нь тус тусдаа үйлдэлтэй, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн давтан гэмт хэрэг бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь хэсгүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжтой талаар тайлбарыг гаргасан бөгөөд шүүх хүлээж аваагүй. Мөн хохирогч Түмэндэмбэрэлээс 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 12.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 31.000.000 төгрөг нийт 43.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлээс 12.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Д.Түмэндэмбэрэл нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгдөггүй бөгөөд 31.000.000 гэж мэдүүлснээ өөрчилж 43.000.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Д.Түмэндэмбэрэл тайлбар өгөхдөө /5хх 75/ “Наранчимэг, Төрмөнх нараас 31.000.000 төгрөгийг авч Ж.М-т өгсөн”, /5хх 85-86/ гэрчээр мэдүүлэхдээ “31.000.000 төгрөгийг өгсөн”, /6хх 2-3/ хохирогчоор мэдүүлэхдээ “ажлын газрын хүмүүс болон Наранчимэг нараас нийт 43.000.000 төгрөг авч өгсөн” , /6хх 4-5/ хохирогчоор мэдүүлэхдээ “Дэлэгээс 12.000.000, Наранчимэгээс 11.000.000, Төрмөнхөөс 20.000.000 авч 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3-4 дүгээр хорооллын “Нар” их дэлгүүрийн гадна Ж.М-т өгсөн” гэжээ. 5хх 80-81 дүгээр хуудаст хохирогчоор Х.Төрмөнх мэдүүлэхдээ ”Москва рестораны урд 20.000.000 төгрөгөө аваад Түмэндэмбэрэлийн машинд уулзаж нөхөр гэх залууд нь өгсөн” гэх мэдүүлсэн. Х.Дэлэгийн “2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 12.000.000 төгрөгийг Ж.М-т өгсөн бөгөөд Д.Түмэндэмбэрэл төлж барагдуулсан” гэх хүсэлт /6хх 43/, Л.Наранчимэгийн “11.000.000 төгрөгийг 3 дугаар сарын 14-ний өдөр Ж.М-т бэлнээр өгсөн” /6хх 42/ гэх хүсэлтүүд хэрэгт хавсаргагджээ. Х.Дэлэг гэх хүнийг хэрэгт гэрчээр мэдүүлэг аваагүй бөгөөд дээрх зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлгүүдийг үндэслэн 12.000.000 төгрөгийг авснаар хохирол төлбөрт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Ж.М-ын хийсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.М-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа бүрэн хийгдэж шүүхээр хэлэлцсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирлын тухайд, хохирогч Д.Түмэндэмбэрэл болон гэрч нарын мэдүүлэг, хохирлын талаар гаргаж өгсөн баримтын дагуу хохирлыг тооцож хэргийг шийдвэрлэсэн тул маргах зүйл байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.М- нь 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр “...утсаар чинь ярьчихаад өгье...”, “...мөнгийг нь эргээд төлье...”, “...ажил, сургуульд оруулж өгнө...”, “...барьцаанд байгаа хөөргөө аваад үнэ нэмж зараад мөнгийг чинь өсгөж өгье...” хэмээн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 88.015.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Батжаргалын “...Оджаргал “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд миний утсыг авсан. ...Намайг бие засчихаад гараад ирсэн чинь Оджаргал миний утсыг аваад хувцсаа аваад явчихсан байсан...” /1хх 13/,

хохирогч Ц.Даваажаргалын “...нилээн хэдэн хувцас өмсөж үзээд ноосон майк, зангианы хавчаар, “шарф” гэсэн эмблемтэй сорочкин цамц, “кензо” гэсэн эмблемтэй сорочкин цамц, үүргэвчин цүнх, тэлээ авсан. ...Намайг гадаа байж бай гээд орсноо 10 минутын дараа байх гарч ирээд утсаар ярьж байснаа миний утасны цэцэг дуусчихлаа семинараас ярьж байгаа байх чиний утсаар ярьчихъя гээд миний утсыг аваад алга болчихсон. ...” /1хх 25-26/,

хохирогч Б.Ачмаагийн “...өөр өрөөнд орж ирээд ерөөсөө удаагүй байж байхад Мөөгий “найз нь утсаар ярьчихаад ирье” гэж хэлээд 10-аад минут болсон ба орж  ирэхгүй байхаар нь зөөгчөөс очиж асуухад гараад явчихсан гэсэн. ...” /1хх 221-222/,

хохирогч Б.Нямдалайгийн “...Мөөгий гэж танилцуулсан залуу над дээр ирээд юм ярьж байснаа “миний гар утасны цэнэг дуусчихлаа, чи гар утсаа өгч байгаач, би ганц ярьчихаад өгье” гээд аваад гарсан. ...” /1хх 243-244/,

хохирогч Ж.Дэмбэрэлийн “...”та гар утсаа өгч байгаач, миний утас нэгжгүй болчихлоо, ирэх хүмүүстэйгээ ярьчихаад өгье “гэж гуйж аваад текэн дээр хэсэг зогсож байгаад хойшоо заал руу орох хооронд авч гараад тэр чигээрээ алга болсон. ...” /2хх 6-7/,

хохирогч Г.Соёлгэрэлийн “...М- ирээд “найз маань хөдөөнөөс хоёр утас  захиад байна” гээд 700.000 төгрөгийн үнэтэй “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг, 400.000 төгрөгийн үнэтэй “Samsung S3” загварын гар утас 1 ширхэгийг тус тус аваад явсан. Тэрнээс хойш сураггүй алга болсон. ... /2хх 16-17/,

хохирогч Ш.Эрдэнэбулганы “...би гомдолтой байна. Ж.М-аас миний хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна. ...” /2хх 49/,

хохирогч Д.Оюунгэрэлийн “...М- “утсаар чинь ярьчихаад өгье” гэхээр нь өөрийн “I phone 5” загварын гар утсаа өгсөн. М- нэг хүнтэй уулзах гэж  байгаа бололтой бид хоёрын уулзсан газрыг зааж өгч байснаа гэнэтхэн алга болчихсон. ...” /2хх 111-112/,

хохирогч Б.Сарантуяагийн “...Төрөө гэх залуу “миний утасны цэнэг дуусчихлаа, чи надад утсаа өгч байгаач, дүүтэйгээ яриад өгье” гэж хэлэхээр нь би итгээд гар утсаа өгсөн. ...Ойролцоогоор 1 минут болсны дараа гэнэт “би яагаад утсаа өгчихвөө” гэж санаа зовоод араас нь гартал алга болчихсон байсан. ...” /2хх 238-239/,

хохирогч Г.Буяндэлгэрийн “...Ж.М- бид хоёр “Тэнгис” кино театрын хажууд явж байгаад миний эзэмшлийн зөөврийн комьпютерыг авахдаа тэр “ажил дээр хэрэглэх шаардлага гараад байна, 3-4 хоног хэрэглэж байгаад өгнө” гэж хэлээд авч яваад дахиад ирээгүй. ...” /3хх 4-5/

хохирогч А.Зүмбэрэлийн “...31-78 УБГ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг би хөдөөний паспорттой тул таньдаг ахынхаа нэр дээр гэрчилгээ гаргуулсан, ажил дээр нь очоод нэр шилжүүлж өгнө гэж хэлж итгүүлэн бэлнээр 3.000.000 төгрөг авсан. Мөн нэмээд 200.000 төгрөг авсан. Ж.М- мөнгө дутчихлаа гээд байхаар нь Хаан банкны Ганболдын Сүрэнжав гэх дансаар /дансны дугаарыг санахгүй байна/ 1.300.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкнаас шилжүүлсэн. ...” /3хх 93-94/,

хохирогч С.Оюунчимэгийн “...Мөнх нэртэй хүн намайг ажилд оруулж өгнө, мөн хүүхэд сургуульд оруулж өгнө гэж надаас 6.500.000 төгрөг  авсан. Дараа нь 2017 оны 11 500.000, 1.000.000, 600.000, 150.000 төгрөгийг цувуулж авсан. ...” /4хх 171-172/,

хохирогч М.Нарангаравын “...1.000.000 төгрөг олдохгүй байгаа, чи 6.000.000 төгрөг өгөөч би уг хөөргийг цаашаа 170.000.000 төгрөгөөр зараад чиний мөнгийг өгье, хүүнд нь 500.000 төгрөг өгье гэхээр нь би итгээд мөнгө өгсөн. ...” /5хх 11-12/,

хохирогч М.Төрмөнхийн“...бид хоёр нотариатын газар ороод 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад үлдсэн 10.000.000 төгрөгт нь Түмэндэмбэрэлийн машиныг худалдаж авсан тухай гэрээ хийсэн. ...Тэгээд би Түмэндэмбэрэлд яаралтай миний мөнгийг гаргаж өг гэсэн чинь өөрийнхөө машиныг зараад надаас авсан 20.000.000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн. ...” /5хх 80-81/,

хохирогч Д.Түмэндэмбэрэлийн “...би ажлынхаа газрын хүмүүс болон эгч Наранчимэг нараас нийт 43.000.000 төгрөг аваад М-т бэлнээр өгсөн. ...Тэр хөөргөө авна гэж ороод бид нар “Нар” хүүхдийн их дэлгүүрийн гадна хүлээж байтал нөгөө талын хаалгаар гараад алга болчихсон байсан. ...” /6хх 4-5/,

гэрч Т.Аажийгийн “.. надаас 11 ширхэг алтан сүүжин ээмэг, 21 ширхэг алтан бөгж аваад “хамт явъя, эгчээс очоод мөнгийг чинь авч өгье. Манай эгч Шангриллад семинарт сууж байгаа” гээд очсон. ...Тэгээд намайг 3 давхарт хүлээлгэж байгаад өөрөө дээшээ гараад алга болсон. ...” /1хх 189-190/,

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “...Г.Буяндэлгэрийн “Acer” загварын нөүтбүүкийг 2014 оны 7 дугаар сарын дундуур наадмын үед авсан нь үнэн. ...Би Б.Батжаргалтай нэг танилцах үдэшлэг дээр танилцахдаа өөрийгөө Оджаргал гээд танилцуулсан. ...Нэг кафед Б.Батжаргалтай таараад “гар утсаар нь яриад өгье” гэж хэлээд түүний “Samsung duos 4610” загварын гар утсыг авч залилсан. ...”Цэцэ”г төвийн 2 дугаар давхарт бэлэн лангуу ажиллуулдаг танил Ц.Даваажаргалаас цүнх, сорочкин цамц, тэлээ зэргийг худалдан авна гэж хэлээд, мөн “HTC” загварын гар утсыг нь хүнтэй яриад өгье гэж аваад буцааж өгөлгүй залилсан. ...Т.Аажийгаас алтан сүүжин ээмэг 8 ширхэг, алтан бөгж 10 ширхэгийг залилж авсан. ...Г.Соёлгэрэл гэж эмэгтэйд “найз маань хөдөөнөөс хоёр гар утас захиад байна” гэж итгүүлэн 2 ширхэг гар утсыг авсан нь үнэн. ... Д.Оюунгэрэлд “утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлээд “I phone 5” загварын гар утсыг нь авсан. ...СУИС-ын хажууд байдаг “Роман” ресторанд ганцаараа ороод “төрсөн өдөр тэмдэглэх гэж байгаа, ширээ засуулах” талаар ярилцаж байгаад “та гар утсаа өгч байгаач, миний утас нэгжгүй болчихлоо ирэх хүмүүстэйгээ ярьчихаад өгье” гэж хэлээд тэр ахын” Samsung galaxy note 2” загварын гар утсыг авч залилсан. ...Би Б.Сарантуяатай “turuu turuu” facebook хаягаар танилцаад хоорондоо холбоотой байж байгаад “А” пабад уулзахдаа “гар утсаар нь яриад өгнө” гэж хуураад “Samsung note 3” гар утсыг авсан. ...Би Д.Дэлгэрцэцэг гэдэг охины гэрт нь очиж зөөврийн комьютерыг нь “хэрэглээд өгнө” гэж хэлээд авсан. Буцааж өгөлгүй, ломбарданд тавиад авч чадаагүй. ...Түмэндэмбэрэл “би хүнээс олоодхоё” гэж хэлээд тэр өдөртөө хоёр хүнээс 31.000.000 төгрөг аваад Түмэндэмбэрэлийн хамт 3, 4 дүгээр хороолол руу хөөрөг авахаар явсан. Түмэндэмбэрэлийг гадаа үлдээчихээд Алтантөгрөгийн хажуугийн байр луу орсон. Гэтэл миний уулзах ёстой хүн байхгүй байсан болохоор нь маргаашдаа өгнө дөө гэж бодоод орсон байрныхаа урд талын хаалгаар гараад явсан. ...Би картыг нь авч яваад хажууханд нь байрлах бэлэн мөнгөний машинаас картнаас нь 6.000.000 төгрөг аваад “Жуков” руу явж аавын хөөргийг авах гэсэн боловч нөгөө хүн нь байхгүй болохоор нь тэр өдөртөө өгнө гэж явж байгаад өгч чадаагүй. Ганц нэг хүнд өртэй байсан болохоор тэр өрөндөө өгөөд дууссан байх гэж бодож байна, сайн санахгүй байна...” /1хх 50-52/, /1хх 54/, /2хх 81-82/, /5хх 22-23/, /6хх 8-11/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх 15/, /1хх 27/, /1хх 223/, /1хх 234/, /1хх 246/, /2хх 8/, /2хх 18/,/2хх 99/, /2хх 113/, /2хх 240/, /3хх 6/, /6хх 6/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-11/, /1хх 21-23/, /1хх 215-217/, /5хх 6-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 179-183/, /1хх 187-188/, /1хх 218-220/, /2хх 235/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 191-192/, /4хх 193-199/, /4хх 199-200/ /4хх 202-206/, /4хх 244/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.М-ыг 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ж.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаярын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна. Харин хохирогч С.Оюунчимэг нь анхан шатны шүүх хуралдаанд “зарим хохирол давхардсан тул 8.750.000 төгрөгийн хохирлоос 6.500.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлснийг үндэслэн хохирлоос 2.250.000 төгрөгийг хасаж тооцсон нь зөв байна. /6хх 149/

 

Шүүгдэгч Ж.М- болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын “...Ж.М-ын 12 үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжтой байсан. ...Мөн хохирогч Д.Түмэндэмбэрэлээс 31.000.000 төгрөг авсан байхад 43.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

 

Шүүгдэгч Ж.М- нь залилах гэмт хэргийг 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх бөгөөд гэмт хэргийг үйлдэж төгссөн хугацаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа төдийгүй дээрх хугацаанд бусдын эд хөрөнгийг залилсан хэд хэдэн удаагийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэрвээ шүүгдэгчийн дээрх 15 удаагийн үйлдлүүдийг тус тусад зүйлчилж, тус тусад нь ял оногдуулбал шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүснэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Д.Түмэндэмбэрэлийн “...Д.Пүрэвсүрэнгээс 12.000.000 төгрөг зээлж Ж.М-т өгсөн боловч тэрээр мөнгийг аваад 2-3 хоног алга болсон тул 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Х.Дэлэгээс 12.000.000 төгрөг зээлж Д.Пүрэвсүрэнд өгсөн. ...Мөн 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Төрмөнх, Наранчимэг нараас 31.000.000 төгрөг зээлж Ж.М-т өгсөн боловч авч чадалгүй залилуулсан. ...” гэх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /5хх 71/, түүний хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /5хх 83-84/, /5хх 85-86/, /6хх 3-5/, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Д.Түмэндэмбэрэлээс Д.Пүрэвсүрэнд 12.000.000 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт /5хх 106/ болон Л.Наранчимэг, Х.Дэлэг нарын “хохирол төлбөргүй болсон” гэх тайлбар /6хх 42-43/ зэргээр шүүгдэгч Ж.М- нь хохирогч Д.Түмэндэмбэрэлээс 43.000.000 төгрөг залилж авсан болох нь нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Харин шүүх цагдан хоригдсон хоногийг 381 гэж илүү тооцсон байх тул үүнийг 376 гэж залруулах нь зүйтэй байна.

 

   Иймд шүүгдэгч Ж.М- болон түүний өмгөөлөгч Ж.Батбаярын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад шүүгдэгч Ж.М-ын цагдан хоригдсон хоногийг зөвтгөж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 381 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 376 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН