Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00122

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00122

 

 

МГ ХХК, МК ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03290 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: МГ ХХК, МК ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

 

МГ ХХК нь 79 084 738 төгрөг, МК ХХК нь 15 715 220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Иманмагзам

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Т.Отгонбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Нацагдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МГ ХХК болон МК ХХК-ийн үүсгэн байгуулагч нь У бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр хариуцагч Б-тэй харилцан тохирч МК ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн.

МГ ХХК-ийн хөрөнгө болон санхүүжилтээр МК ХХК-ийн захирал Б-д мөнгө өгч, зээлж байсан. Өнөөдрийн байдлаар МК ХХК-ийн 49 хувийг МГ ХХК-ийн үүсгэн байгуулагч У өөрөө буцааж шилжүүлж авсан.

МГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Б- нь МК ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 09 дүгээр сарын 25-нд МГ ХХК-иас зураг төслийн үнэ гэж 20 000 000 төгрөг авсан ба 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэмж 5 000 000 төгрөгийг авсан. 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зорилгоор 4 000 000 төгрөгийг нэмж авсан. 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МК ХХК-ийн түрээсэлж байсан Их эзэн Чингис ХХК-ийн барилгын 404 тоот өрөөний түрээсийн төлбөр 2 620 000 төгрөгийг МГ ХХК өмнөөс нь төлж байсан. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МГ ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 400 м.кв хэмжээтэй газарт барилгын зураг гаргаж өгнө гэж 5 000 000 төгрөгийг авсан. Б- нь МГ ХХК-ийн салбар охин компани болох Д** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20 000 м.кв газрын нэг удаагийн төлбөрийг төлнө гэж 30 000 000 төгрөгийг авсан. Дээрх үнийн дүн нийтдээ 66 620 000 төгрөг болж байгаа. Мөн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 600 ам.доллар, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг зэргийг Б-ийн данс руу шилжүүлсэн. Нийтдээ МГ ХХК нь 12 464 738 төгрөгийг Б-д шилжүүлж өгсөн байдаг. Иймд Б-өс нийт 79 084 738 төгрөгийн гаргуулж МГ ХХК-д олгож өгнө үү.

МГ ХХК-ийн захирал У нь Б-д компанийн 49 хувийн хувьцааг хүлээж авах болон буцааж өгөхдөө компани ямар нэгэн өр төлбөртэй байх тохиолдолд хүлээн авагч нь төлбөрийг хариуцна гэсэн байдаг. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн МК ХХК нь татварын өр төлбөртэй, төсвөө төлөөгүй, торгуулиуд ирж байсан. 2014-2015 оны хувь хүний орлогын албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд ногдох торгуульд нийт 15 715 220 төгрөгийг хариуцагч Б-өс гаргуулж МК ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. МК ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ашиг, орлого олж байгаагүй. Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан 25 000 000 төгрөг, 2015 онд хүлээж авсан 30 000 000 төгрөг болон бусад мөнгийг МГ ХХК-тай тохиролцооны дагуу барилга барих зөвшөөрөл, газрын үнэ, зургийн зардал, оффиссын түрээсийн төлбөр, тусгай зөвшөөрлийн хураамж, ажлын зургийн урьдчилгаа, барилгын зургийн программ худалдаж авах, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдын цалин зэрэг МК ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан.

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, голын гольдролын дагуу барилга барих зөвшөөрөлтэй газрын зөвшөөрлийг хүчингүй болгож, буцаад барилга барих эрхээ сэргээлгэх гэж 1 жил гаруй хугацаа болж байсан. Энэ хугацаанд МК ХХК-ийн захирал Б- өөрийн машинаа ломбарданд тавьж, ажилчдынхаа цалинг өгч байсан. 20 000 000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа явуулахад зориулж, компьютер, хувилагч, оффиссын түрээсийн түрээс, цахилгааны мөнгө, ажилчдын цалин зэрэгт зарцуулсан. Д** ХХК-ийн геологийн дүгнэлтийг Гүүр хөрс ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр Гүүр хөрс ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 640 000 төгрөг шилжүүлж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 320 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 750 000 төгрөг шилжүүлсэн. Б- хувиасаа 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оффиссын түрээсийн төлбөрт 1 180 750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1 073 500 төгрөг, 2014 онд түрээсийн үлдэгдэл төлбөр 111 250 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцааны төлбөрт 1 191 760 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр оффиссын түрээсийн төлбөрт 1 500 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1 960 671 төгрөг төлсөн. Мөн МГ ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 400 м.кв талбай бүхий газар эзэмших гэрээнд зориулж, 450 000 төгрөг, хайгуулын ажилд Гүүр хөрс ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1 600 000 төгрөг төлсөн.

Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээтэй мөнгийг МГ ХХК-ийн газар эзэмших, барилгын зураг, хөрсний шинжилгээ хийлгэх үйл ажиллагаа, мөн оффиссын үйл ажиллагаанд зарцуулж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээний заалт дээр компанийн эрхийг шилжүүлж авсан үеэс компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эд хөрөнгийг бүрэн шилжүүлнэ гэсэн. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэгтэй холбоотой асуудал дээр МК ХХК нь ямар ч ашиг орлого байгаагүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр дараагийн эрх баригч нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг эдэлнэ гэсэн заалтын дагуу Б- нь дээрх үүрэг, хариуцлагыг хүлээх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б-өс 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МГ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49 084 738 төгрөгт холбогдох хэсгийг, 15 715 220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч МГ ХХК, МК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811 030 төгрөгөөс 631 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 179 080 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б-өс 307 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч МГ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг заримыг нь үнэлэхгүйгээр хариуцагчид ашигтай байдлаар, хэт нэг талыг барьж буруу үнэлсэн гэж үзэж байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 20 дугаар талд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын бэлэн мөнгө хүлээн авагчид Баянбат Батмөнхөд буюу хариуцагч Б- бэлнээр 20 000 000 төгрөг хүлээн авсан баримт байхад МК ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгосон байна гэх үндэслэлгүй дүгнэсэн байна. Дээрх 20 000 000 төгрөгийг хариуцагч Б- нь бэлнээр хүлээж аваад өөртөө зарцуулсан байдаг. Тухайн үед МГ ХХК нь МК ХХК-тай Д** ХХК-ийн барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ гэх гэрээг байгуулсан боловч гэрээт ажлыг хугацаанд нь хийж өгөөгүй. Мөн МК ХХК-ийн хувьд барилгын зураг боловсруулах тусгай зөвшөөрөл байгаагүй болно.

Хэргийн 1 дүгээр хавтасны 26 дугаар талд 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын гүйлгээний утга хэсэгт Б-д 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр 5 000 000 төгрөг олгосон байхад МК ХХК-д зээлсэн болох нь гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 29 дүгээр талд 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын бэлэн мөнгө хүлээн авагчид Б- буюу хариуцагч Б- бэлнээр 4 000 000 төгрөг хүлээн авсан баримт байхад МК ХХК-д олгосон байна гэх үндэслэлгүй дүгнэсэн байна. Бэлэн мөнгөний зарлагын баримт дээр бэлэн мөнгө хүлээн авсан МК ХХК, түүнийг төлөөлж Б- гэсэн ямар ч зүйл байдаггүй.

Хэргийн 1 дүгээр хавтасны 35 дугаар талд 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын мөнгө хүлээн авагч хэсэгт Б--д 5 000 000 төгрөг олгосон байхад МК ХХК-д олгосон мэтээр нотлох баримтын буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч МГ ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагч Б-д зээлдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжилсэн гэвч энэ талаар хэрэгт хавсаргасан нотлох баримтад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт гарсан байх тул энэ хэсэгт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ МК ХХК-ийн хөрөнгө оруулалт гэх баримтаас гадна Б-ийн Хаанбанк-ны данс руу 5 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг мөн хавсаргасан байхад энэхүү баримтыг үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн актаар 4 412 740 төгрөгийг МК ХХК-иар төлүүлэхээр тогтоож, мөн компанийн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлд 11 302 480 төгрөг төлөхөөр тайланд тусгагдсан нь тус тус нотлогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Б-тэй 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.1, 2.3-т тус тус зааснаар компанийн хувьцаа шилжихээс өмнөх үеийн өр төлбөрийг хариуцагч Б- хариуцахаар, нөхөн төлөхөөр тохиролцсон байдаг. Тиймээс Б- гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хувьцаагаа буцаан шилжүүлж өгсөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацааны компанийн үйл ажиллагаатай холбоотой татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг хариуцахаар байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч Б-өс нэхэмжлэгч МГ ХХК нь 79 084 738 төгрөгийг нэхэмжлэгч МК ХХК нь 5 715 220 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б- нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр МК ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр МК ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Уээс шилжүүлэн авч, тус компанийн захирлаар 2 жил 9 сарын хугацаанд ажиллаж байсан, уг 49 хувийн хувьцааг Ут 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч МГ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа хариуцагч Б-д 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эхлэлт, зураг төслийн ажлын үнэ 20 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авахад 4 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МК ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан өрөөний түрээсийн төлбөрт төлсөн 2 620 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 400 м.кв талбайтай МГ ХХК-ийн эзэмшлийн газарт барилгын зураг гаргах ажлын үнэд шилжүүлсэн 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон зээл 5 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 600 ам.доллар буюу 1 464 738 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 6 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөг өгсөн, Д** ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 20 000 000 м.кв талбайтай газрын нэг удаагийн төлбөр төлүүлэхээр өгсөн 30 000 000 төгрөг нийт 79 084 738 төгрөг гаргуулна гэжээ.

 

Үүнээс МГ ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эхлэлт, зураг төслийн ажлын үнэ 20 000 000 төгрөгийг МК ХХК-д шилжүүлж өгсөн байх ба дээрх хоер компанийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэсэн тул Б- нь иргэний хувьд уг гэрээний үүрэгтэй холбоотой хариуцлага хүлээхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн, 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ТҮЦ-ийн барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зориулалтаар 4 000 000 төгрөгийг МГ ХХК-иас Б-д олгосон гэх бэлэн мөнгөний зарлагын баримтад бичигдсэн боловч уг баримтыг МК ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигтэй /1хх 29, 44 дэх тал/ харьцуулан дүгнэвэл тендертэй холбоотой асуудлууд нь дээрх хоёр компаниудад холбоотой байх ба иргэн Б-д холбогдохгүй байна.

 

Мөн МГ ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 400 м.кв талбайтай МГ ХХК-ийн эзэмшлийн газарт барилгын зураг гаргах ажлын үнэ гэх зориулалтаар Б-д 5 000 000 төгрөг өгсөн нэхэмжлэгч компанийн бэлэн мөнгөний зарлагын баримтыг МК ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийг үндэслэж олгосон байна. /1хх 35, 36 дахь тал/ Иймд энэ мөнгөн хөрөнгийг Б-д биш харин МК ХХК-д олгосон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцжээ.

 

МГ ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б-д 2 сарын хугацаатай 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж бичилт хийсэн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн боловч энэ баримтад уг мөнгийг хүлээн авсан талд У гарын үсэг зурсан байна. Харин 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн бичгийн баримтын агуулгад У захирлаас 5 000 000 төгрөг зээлж авсан, уг мөнгө нь МК ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл авах 13 000 000 төгрөгт орсон гэж тэмдэглэж, мөнгө хүлээн авсан Б-, мөнгө өгсөн Г гэж гарын үсэг зуржээ. Энэ хэлцлийн агуулгаас МК ХХК нь 5 000 000 төгрөгийг зээлж авсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч МГ ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б-д 5 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх тайлбараа МБ ХХК гэсэн гарчигтай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн МКХХК-ийн тамга дарагдсан, Н.Батмөнх гэж гарын үсэг зурагдсан баримтаас гадна Хаан банкны мөнгөн шилжүүлгээр Н.Батмөнхөд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийн баримтаар давхар нотлогдоно гэж маргажээ. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн баримтад зурсан гарын үсэг нь Н.Батмөнхийнх биш болох нь Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4649 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн энэ дүгнэлтийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүйгээс гадна Хаан банкны 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтад гүйлгээний утгад хөрөнгө оруулалт гэж бичсэнтэй харьцуулан дүгнэвэл МГ ХХК болон Н.Батмөнх нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна./1хх 248, 249 дэх тал, 2 хх 36-41 дэх тал/

 

МГХХК нь нэхэмжлэлийн бусад шаардлага болох 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлөгдсөн түрээсийн төлбөр 2 620 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлсэн 600 ам.доллар буюу 1 464 738 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлсэн 6 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэлд давж заалдах гомдолд гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

МКХХК нь Н.Батмөнхөд холбогдуулан 15 715 220 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг уг компанийн захирлаар ажиллаж байх хугацаанд татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс 4 412 740 төгрөгийн торгууль, нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүйгээс 11 302 480 төгрөгийн өр үүсгэж, хохирол учруулсан гэжтайлбарлажээ.

 

Татварын улсын байцаагчийн 2016 оны 350017651 тоот актаар 4 412 740 төгрөгийг МК ХХК-иар төлүүлэхээр, 2015 оны 01дүгээр сараас мөн оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд 11 302 480 төгрөг төлөхөөр тусгагдсан боловч уг төлбөр төлөгдөөгүй талаар баримтгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч МК ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА