Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03404

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03404

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, .... дүгээр хороо, Барилгачдын талбай .... тоот хаягт байрлах , М.К ХХК /РД: ..../,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....дүүрэг, ... дүгээр хороо, Барилгачдын талбай .... тоот хаягт байрлах, М.Г ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух Алаг адуут овогт Б.Б /РД: .../-д холбогдох

         82,335,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.К ХХК, М.Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Агийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.У миний бие нь М.К ХХК, М.Г ХХК-иудыг үүсгэн байгуулагч юм. 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай, Компанийн хувьцаа бэлэглэх тухай гэрээнүүдээр М.К ХХК-ийн 49 хувийг Б.Бөд шилжүүлсэн бөгөөд компанийн бүхий л эрх мэдэл, үүрэг хариуцлагыг тэрээр хариуцах болсон.

 

Б.Бөөс 66,620,000 төгрөгийг гаргуулах тухай М.Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: А/ Б.Б нь М.К ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 25-нд М.Г ХХК-иас зураг төслийн үнэ гэж 20,000,000 төгрөг авсан; Б/ 2013 оны 11 дүгээр сарын 16-нд 5,000,000 төгрөгийг М.Г ХХК-ийн захирал Н.Уээс зээлж авсан; В/ 2014 оны 4 дүгээр сарын 13-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТҮЦ-ний барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зорилгоор 4,000,000 төгрөгийг Б.Б авсан; Г/ 2014 оны 5 дугаар сарын 3-нд М.К ХХК-ийн түрээсэлж байсан Их эзэн Чингис ХХК-ийн барилгын 404 тоот өрөөний түрээсийн 2,620,000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр М.Г ХХК өмнөөс нь төлж байсан; Д/ 2014 оны 10 дугаар сарын 4-нд М.Г ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол байрлах 400 м/кв хэмжээтэй газарт барилгын зураг гаргаж өгнө гэж 5,000,000 төгрөгийг авсан; Е/ Б.Б М.Г ХХК-ийн салбар охин компани болох Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20,000,000 м/кв газрын нэг удаагийн төлбөрийг төлнө гэж залилан 30,000,000 төгрөгийг авсан.

 

Б.Бөөс 15,715,220 төгрөгийг гаргуулах тухай М.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай, Компанийн хувьцаа бэлэглэх тухай гэрээнүүдээр М.К ХХК-ийн 49 хувийг Б.Бөд шилжүүлсэн, мөн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 49 хувийн хувьцаагаа буцаан авсан. Түүний үйл ажиллагаа явуулж байх хугацааны дараах өр төлбөрийг нэхэмжилж байна. Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн актаар доорх зөрчил илэрсэн. А/ 2014 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 288,575 төгрөгийн торгууль, 147,173.20 төгрөгийн алданги, нийт 730,512 төгрөг; Б/ 2015 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 480,600 төгрөгийн торгууль, 249,912 төгрөгийн алданги, нийт 730,512 төгрөг; В/ 2015 онд 21,600,000 төгрөгийн борлуулалтын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчилд 2,160,000 төгрөгийн нөхөн татвар, 1,080,000 төгрөгийн торгууль, 6,480 төгрөгийн хүү, нийт 3,304,800 төгрөгийн акт тавигдсан; Г/ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 11,302,740.2 төгрөгийг өрийг төлөөгүй.

 

Иймд Б.Бөөс нийт 82,335,220 төгрөгийг гаргуулж, 66,620,000 төгрөгийг М.Г ХХК-д, 15,715,220 төгрөгийг М.К ХХК-д тус тус олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би анх 2013 онд Уранчимэг захиралтай танилцаад компани байгуулж байсан, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээгээр 49 хувийг шилжүүлэн аваад 2016 оны 2 дугаар сарын 18-нд гэрээгээр буцаан шилжүүлсэн. М.К ХХК тухайн үед ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тусгай зөвшөөрөл ч байгаагүй. Чингэлтэй дүүргийн офисст анх 3 ажилчин авч ажлын гараагаа эхэлж байсан. Далд нууц эм эн ХХК-ийн газар дээр барилгын ажил эхэлсэн байдаг. Ажлыг эхлэх явцад мөнгө нь дансаар шилжүүлээгүй хувь хүнээр мөнгө авч өгсөн байдаг. Тайлан, тооцоондоо анх 17,000,000 төгрөгийг оруулсан, ажил эхлэх үед бидэнд компьютер, бичиг хэргийн тоног төхөөрөмж гэж байгаагүй, 5 ширээтэй л байсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 20,000,000 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг нь компьютер, тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан. Дараа нь 5,000,000 төгрөгийг ажилчдын цалин болон зээл гэж өгч байсан. Компанийн тусгай зөвшөөрөл авахын тулд би өөрөөсөө хувиасаа компанидаа мөнгө зарцуулж, тэмдэгтийн хураамж болон бусад шаардагдах зардлын мөнгийг өөрийн зүгээс оруулсан. 2013-2017 онд компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан. 2014 онд 4,000,000 төгрөгийг тендерт оролцох зорилгоор зээлж аваад буцаагаад өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 2,620,000 төгрөгийн хувьд Алтанхүү инженерийн төлсөн мөнгийг надаас нэхэмжилж байна. 2014 оны 5,000,000 төгрөгийг газрын төлбөр болон дуудлага худалдааны төлбөр гэж төлсөн. Баримт нь хэрэгт байгаа. 30,000,000 төгрөгийн хувь Далд нууц эм эн ХХК-ийн газар болохгүй байна гэж ярилцаад захирлын тушаал гарч компанидаа зарцуул гэсэн, анхны дуудлага худалдааны үнэ 220,000,000 төгрөгийг намайг хариуцаад үнийг нь багасгахыг бодоорой гэж надад хэлсэн. Тухайн үед Нийслэлийн засаг даргын захирамжаар голын ай сав хэсэг байна гэж барилгын үйл ажиллагаа явуулахыг нь зогссон. Үүнээс өмнө 13,000,000 төгрөгийг ажилчдын цалингийн зардалд оруулж байсан. Би хүмүүсээс мөнгө зээлээд болгож байсан, эхний удаа би хүнээс зээлж байсан дараа нь өөрийнхөө машиныг барьцаанд тавьж 6,000,000 төгрөг зээлсэн, мөн өөрийн ажлын хөлсөөрөө 20,000,000 төгрөгийг ажилчдын цалин болон компанийн байрны түрээсийн мөнгөнд өгч байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г ХХК нь хариуцагч Б.Бөд холбогдуулан М.К ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Б нь 2013 оны 9 дүгээр сарын 25-нд М.Г ХХК-иас зураг төслийн үнэ гэж 20,000,000 төгрөг авсан, 2013 оны 11 дүгээр сарын 16-нд 5,000,000 төгрөгийг М.Г ХХК-ийн захирал Н.Уээс Б.Б зээлж авсан, 2014 оны 4 дүгээр сарын 13-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТҮЦ-ний барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зорилгоор 4,000,000 төгрөгийг Б.Б авсан, 2014 оны 5 дугаар сарын 3-нд М.К ХХК-ийн түрээсэлж байсан Их эзэн Чингис ХХК-ийн барилгын 404 тоот өрөөний түрээсийн 2,620,000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр М.Г ХХК өмнөөс нь төлж байсан, 2014 оны 10 дугаар сарын 4-нд М.Г ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол байрлах 400 м/кв хэмжээтэй газарт барилгын зураг гаргаж өгнө гэж 5,000,000 төгрөгийг Б.Б авсан, М.Г ХХК-ийн салбар охин компани болох Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20,000,000 м/кв газрын нэг удаагийн төлбөрийг төлнө гэж залилан 30,000,000 төгрөгийг Б.Б авсан тул 66,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх,

 

Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч Б.Бөд холбогдуулан Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн актаар доорх зөрчил илэрсэн. 2014 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 288,575 төгрөгийн торгууль, 147,173.20 төгрөгийн алданги, нийт 730,512 төгрөг, 2015 онд хувь хүний албан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд 480,600 төгрөгийн торгууль, 249,912 төгрөгийн алданги, нийт 730,512 төгрөг, 2015 онд 21,600,000 төгрөгийн борлуулалтын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчилд 2,160,000 төгрөгийн нөхөн татвар, 1,080,000 төгрөгийн торгууль, 6,480 төгрөгийн хүү, нийт 3,304,800 төгрөгийн акт тавигдсан, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 11,302,740.2 төгрөгийн өрийг төлөөгүй тул 15,715,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

 

Харин хариуцагч Б.Б нь тухайн үед авсан мөнгийг компанид ширээ, сандал, компьютер авсан, ажилчдын цалин тавьсан, түрээсийн төлбөр төлсөн, бүгдийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Г ХХК-ийн хариуцагч Б.Бөөс 66,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Н.У нь М.Г ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр томилогдсоныг улсын бүртгэлд бүртгэсэн тухай тус компанийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тус компанийг төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд нь Н.У байна.

 

Хариуцагч Б.Б нь М.К ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Б нь 2013 оны 9 дүгээр сарын 25-нд М.Г ХХК-иас зураг төслийн үнэ гэж 20,000,000 төгрөг авсан гэх боловч 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн М.Г ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаас үзвэл 20,000,000 төгрөгийг Далд нууц эм эн ХХК-ийн зургийн ажлын хөлсөнд зориулж Б.Бөд М.Г ХХК-иас олгожээ. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 13-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТҮЦ-ний барилгын зураг төслийн ажил хийх тендер авах зорилгоор 4,000,000 төгрөгийг Б.Б авсан гэх боловч 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн М.Г ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаас үзвэл 4,000,000 төгрөгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт шалгаруулахад зориулж Б.Бөд М.Г ХХК-иас олгожээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй; мөн 492.1.1-т хөрөнгө олж авсан этээд болон үүрэг гүйцэтгэгч этээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэжээ. Хариуцагч Б.Б, нэхэмжлэгч М.Г ХХК-ийн хооронд хуульд заасан үүрэг үүсээгүй боловч хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчээс 24,000,000 төгрөгийг авсан болох нь баримтаар тогтоогдсон буюу хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Мөн Б.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 16-нд 5,000,000 төгрөгийг М.Г ХХК-иас зээлж авсан болох нь мөн компанийн 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцоно. гэжээ. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү тооцох боломжгүй, зээлдэгчид мөнгийг хүлээлгэн өгсөн нь дээрх баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Харин 2014 оны 10 дугаар сарын 4-нд М.Г ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол байрлах 400 м/кв хэмжээтэй газарт барилгын зураг гаргаж өгнө гэж 5,000,000 төгрөгийг Б.Б авсан гэх боловч М.Г ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5,000,000 төгрөг олгосон тухай бэлэн мөнгөний зарлагын баримтнаас үзвэл дээрх мөнгийг М.К ХХК-д олгосон, мөн 2014 оны 5 дугаар сарын 3-нд М.К ХХК-ийн түрээсэлж байсан Их эзэн Чингис ХХК-ийн эзэмшлийн байрны 404 тоот өрөөний түрээсийн төлбөрийн 2,620,000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр М.Г ХХК өмнөөс нь төлж байсан гэх боловч М.Г ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2,620,000 төгрөг олгосон тухай бэлэн мөнгөний зарлагын баримтнаас үзвэл дээрх мөнгийг Гунгаадондовын Төмөрбаатар гэх этгээдэд олгосон, мөн М.Г ХХК-ийн салбар охин компани болох Далд нууц эм эн ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 20,000,000 м/кв газрын нэг удаагийн төлбөрийг төлнө гэж 30,000,000 төгрөгийг Б.Б авсан гэх боловч М.Г ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 30,000,000 төгрөг олгосон тухай бэлэн мөнгөний орлогын баримтнаас үзвэл дээрх мөнгийг Гунгаадондовын Төмөрбаатар гэх этгээдэд тус тус олгосон байх тул дээрх төлбөрүүдийг хариуцагч Б.Б хариуцах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 37,620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Б.Бөөс 66,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс 29,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Бөөс 15,715,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Б.Б нь М.К ХХК-ийн 49 хувийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр Н.Уээс шилжүүлэн авч, улмаар 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг улсын бүртгэлд бүртгэжээ. Мөн М.К ХХК-ийн 49 хувийг 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б.Б нь Н.Ут буцаан компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлжээ. Гэвч Н.У нь тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон тухайгаа эрх бүхий байгууллагад бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй бөгөөд өөрөөр хэлбэл Монтрак констаркшн ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд нь Н.У болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч М.К ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бөд холбогдох 15,715,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс 29,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М.К ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бөд холбогдох 15,715,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Бөөс 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР