Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00008

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00008

 

 

Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01740 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-, П- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 289 932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг цалин орлогоор хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттөгс

Хариуцагч Б.Батлхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Болдсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б-, П- нар нь 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Банктай зээл, барьцааны гэрээ болон фидуцийн гэрээг тус тус байгуулж, 13 600 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй зээлж авсан.

Зээлдэгч нь барьцааны гэрээгээр **** УНМ улсын дугаартай Хьюндэй Аванте маркийн суудлын автомашиныг барьцаалж, фидуцийн гэрээгээр Приус 20 маркийн суудлын автомашиныг банкны өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь гэрээний 3.2.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1048 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн.

Зээлдэгч нь фидуцийн гэрээгээр шилжүүлсэн Приус 20 маркийн автомашиныг эзэмшиж байхдаа зам тээврийн осол гаргаснаас уг машиныг зээлийн төлбөрт авах боломжгүй болгосон. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар мэдэгдэж, биечлэн уулзаж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 11 054 932 төгрөг, зээлийн хүүд 7 312 001 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 922 999 төгрөг, нийт 19 289 932 төгрөгийг хариуцагч Б-, П- нараас гаргуулж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч П-ын цалингийн орлогоос гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Учир нь банк давуу эрхээ ашиглан зээлдэгч надаас үйлчилгээний шимтгэл гэсэн нэрээр зээлийн гэрээний 1.5-д зааснаар 136 000 төгрөг, 1.7-д зааснаар 110 000 төгрөг мөн энэхүү гэрээнүүдийн хуулбарыг архиваасаа авч өгөхдөө 20 000 төгрөг зэргээр удаа дараа надаас мөнгө авсан. Мөн банк нь гэрээний 5.1, 5.1.2, 5.1.4-т зааснаар гэрээгээ цуцлаагүй. Зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу банк нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд харин зээлдэгч миний хувьд зээлээ төлөх чадваргүй болсон. Зээлийн гэрээгээ цуцалж, банкны өмчлөлийн машинаа шилжүүлж өгч гэрээгээ дуусгавар болгоё гэж удаа дараа банканд хандсан боловч миний энэ хүсэлтийг банк хүлээн аваагүй.

Фидуцийн гэрээний 3.1, 3.1.1-д заасны дагуу фидуцийн хөрөнгийн даатгалын хугацааг нэг ч удаа сунгуулаагүй бөгөөд үүнээс болоод даатгалын байгууллагаас автомашины нөхөн төлбөр авч чадаагүй. Иймээс энэ мөнгийг банкны эрсдлийн сангаас нөхөн төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П- шүүхэд гаргасан тайлбартаа: Би үндсэн зээлдэгч биш, манай хүү С.Батлхагва мэдэж байгаа. Миний хувьд шүүх хуралдаанд оролцох ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б-ас 9 644 966 төгрөг, П-аас 9 644 966 төгрөг тус тус гаргуулж Банканд олгож, нэхэмжлэлээс үлдэх шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч П-ын цалингийн орлогоос гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б-, П- нараас 254 400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж миний зүгээс гаргасан нотлох баримтууд болоод хэргийн материалтай сайн танилцаж асуудалд бодитойгоор хандаагүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-т зааснаар банк нь эрхийнхээ дагуу гэрээг цуцлаагүй. Зээлийн гэрээний хамтран зээлдэгч гэрээний 5.1.т заасан банкны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

Гэтэл банк нь гэрээнд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд харин ч зээлдэгч миний хувьд зээлээ төлөх чадваргүй боллоо, зээлийн гэрээгээ цуцалж барьцаа хөрөнгө болох банкны өмчлөлийн авто машинаа буцааж өгөөд гэрээгээ дуусгавар болгоё гэж удаа дараа хандсан боловч энэ хүсэлтийг банкны зүгээс хүлээж аваагүй.

Фидуцийн гэрээний 3.1.1-д Фидуцийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд хяналт тавих, фидуцийн хөрөнгийн даатгал, даатгалын хугацааг сунгуулах болон хөрөнгөтэй холбоотой бусад шаардлагатай арга хэмжээг авах гэх зэргээр банкны хүлээх үүргийг тодорхой заасан байхад банк нь энэ үүргийнхээ дагуу фидуцийн хөрөнгийхөө даатгалыг хийлгээгүй бөгөөд үүнээс болоод банк зээлдэгчийн аль аль нь хохирол амсаж, даатгалын байгууллагаас авах нөхөн төлбөрийг авч чадаагүй. Аливаа банкинд эрсдэлийн сан гэж байдаг. Банкны буруугаас болж фидуцийн хөрөнгийн даатгал хийгдээгүй учраас банк өөрөө эрсдэлээ хүлээж хохиролийн асуудлаа шийдэх ёстой.

Фидуцийн гэрээний 4.1-т үүрэг хүлээгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсвэл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд банк фидуцийн хөрөнгийг үүрэг хүлээгчээс бодитоогоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хамгаална гэсэн байна. Гэтэл банк энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд авто машинийг төлбөртөө тооцуулан өгөх гэсэн зээлдэгч миний саналыг хүлээж аваагүй. Зээлдэгч миний хувьд 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл төлөх графикийн дагуу 3 400 000 зээлийн хүүнд 1 995 697 нийт 5 395 697 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зээлийн хүүнд 566 254 төгрөг төлсөн байна.

Хэрвээ банк гэрээгээр хүлэээсэн үүргээнхээ дагуу авто машиний даатгалыг хийлгэсэн бол банк зээлдэгчийн аль алинд нь хохирол учрахгүй байсан. Хариуцагч нь төлбөр төлөх боломжгүй, ослын улмаас гэмтэл авч групт байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Банк ХХК нь хариуцагч Б-, П- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 289 932 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг П-ын цалингийн орлогоос хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Банк ХХК болон Б-, П- нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13 600 000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэх, зээлдүүлэх талаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн байх бөгөөд мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн барьцаанд хөдлөх эд хөрөнгө болох Хьюндай авенте маркийн 52 11 УНМ улсын дугаартай суудлын автомашиныг барьцаалж, барьцааны гэрээг 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, Тоёото приус маркийн автомашины өмчлөгчийн нэрийг нэхэмжлэгчид шилжүүлж фидуцийн гэрээг мөн өдөр тус тус байгуулсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч уг гэрээнүүдийг үндэслэж шаардлага гаргаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч Банк ХХК хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 11 054 932 төгрөг, зээлийн хүүд 7 312 001 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 922 999 төгрөг, нийт 19 289 932 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан дээрх тооцоог няцаасан тайлбар, холбогдох нотлох баримтаа гаргаж маргаагүй.

 

Зээлийн гэрээний зээлдэгч талд Б-, П- нар гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн ба тэдгээр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлдүүлэгч нь гэрээний үүргийг хэн алинаас шаардах эрхээ өөрөө тодорхойлох хүрээнд хоёуланд нь холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б-, П- нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 11 054 932 төгрөг, зээлийн хүүд 7 312 001 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 922 999 төгрөг, нийт 19 289 932 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулсныг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч нараас зээлийн үүргийг хувь тэнцүүлэн гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээв.

 

Банк ХХК нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчсөн, үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэх тайлбар, давж заалдах гомдолд зааж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Фидуцийн гэрээний 3.1.1-д зааснаас үзвэл тус банк нь тухайн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, даатгалын асуудлыг хариуцаж авч байгаа гэсэн агуулга тодорхойлоогүй. Харин шаардлага гаргах арга хэмжээг авах талаар үүргээ гүйцэтгэхийг үүрэг хүлээгчид буюу тэр фидуцийн гэрээний шууд эзэмшигч буюу Б-ас өмчлөгчөөс шаардах агуулгатай ба зээлдэгч нь даатгалын гэрээг сунгуулах, даатгуулах, тэр эд хөрөнгийн бүх эрдлийг өөртөө хүлээж авахаар тохиролцсон зохицуулалт биш байна.

 

Хариуцагч П-ын цалин орлогыг барьцаалсан талаар баримтгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01740 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 254 400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА