Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00315

 

“Акума-Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01371 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Акума-Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МГВХЭ” ХХК-ийн захирал М.Лханаад холбогдох,

16 600 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Лханаагийн 2 450 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй

иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Очирбал, хариуцагчийн төлөөлөгч М.Лханаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Акума-Эрин” ХХК, “МГВХЭ” ХХК-ийн захирал М.Лханаатай Тос, тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу түүнд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээнд заасан 14 000 000 төгрөгний үнэ бүхий 401-00023А travel motor маркын эксковаторын сэлбэгийг 564 дугаартай бараа материалын борлуулалтын падааны хамт хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 12 000 000 төгрөгийг нэхэмжлэл хүлээн авсан өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс ажлын 21 хоногийн дотор төлөх ёстой байсан. Компаниас 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түүнтэй холбогдон сэлбэгийн үнэ 12 000 000 төгрөгийг төлөх талаар сануулахад тэр ...асуудалгүй төлнө... гэж байсан ч түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй байдаг болсон тул сэлбэгийн үнийг төлүүлэх арга хэмжээ авхуулахаар менежер П.Пүрэвдоржийг Орхон аймаг руу томилолтоор ажиллуулсан боловч М.Лханаа мөн л утсаа авахгүй байсан. Түүний авсан сэлбэгийн үнэ болох 12 000 000 төгрөг, 265 хоногийн алданги 3 180 000 төгрөг, менежер П.Пүрэвдоржийн Орхон аймагт очиж ажилласан томиололтын зардал 150 000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1 200 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбогдон УТХ-д төлсөн 70 200 төгрөг, нийт 16 600 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Лханаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Акума-Эрин" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжпэгч тал надтай 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Тос, тосолгооны материал, аккумулятор, сэлбэг нийлүүлэх гэрээгээр ямар сэлбэг авах талаараа харилцан тохиролцоогүй бөгөөд миний захиалсан Солонгос Улсад үйлдвэрлэсэн DOOSAN-255-LСU маркын эксковаторын мотор байсан бөгөөд би мотороо захиалаад 2 сар хүлээж байж нэг мотор ирсэн боловч мотор нь таарахгүй байсан учир инженер нь ирж тавих гээд чадаагүй, би моторыг нь ачаад хот ороод буцааж өгөх гэтэл өөрсдөө аваагүй. Би моторыг нь 3 удаа ачиж авчраад энд хадгалж байна. Би моторыг нь буцааж өгнө гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Лханаа би өөрийн “МГВХЭ” ХХК-ийнхаа өмчлөлийн экскаворт мотор захиалж, 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Акума Эрин” ХХК-д өгсөн. Гэтэл мотор нь таарахгүй хуучин байсан учир би 2 удаа Улаанбаатар хотод авч очиход мотороо надаас аваагүй учир би буцааж авчирсан нийт 450 000 төгрөгний зардал гаргасан. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир би өөрийн өгсөн мөнгө болон зардлаа гаргуулж авах нь зүйд нийцнэ. Иймд “Акума Эрин” ХХК-иас 2 450 000 төгрөг гаргуулан “МГВХЭ” ХХК-д гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. “Акума-Эрин” ХХК хариуцагчтай гэрээ байгуулж 14 000 000 төгрөгний үнэ бүхий эксковаторын сэлбэг хүлээлгэж өгсөн. Гэрээний дагуу 2 000 000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг дараа төлөхөөр тохиролцсон. Төлөөгүй 12 000 000 төгрөг, гэрээний дагуу алданги бусад зардал нийт 16 600 200 төгрөг нэхэмжилж байгаа. Захиалагчийн хүссэн сэлбэгийг нийлүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “МГВХЭ” ХХК худалдан авсан тухай зарлагын баримт хэрэгт байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул “МГВХЭ” ХХК-иас 16 600 200 төгрөг гаргуулах тухай “Акума Эрин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан “Акума-Эрин” ХХК-иас 2 300 000 төгрөг гаргуулан “МГВХЭ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлээс 150 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 990 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн хураамж 54 150 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, “Акума-Эрин” ХХК-иас 51 750 төгрөг гаргуулан “МГВХЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Акума-Эрин ХХК” нь “МГВХЭ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж нийт 16.600.200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх гомдол гаргаж байна. Талуудын хооронд 2015.06.04-ний өдөр “Тос тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх” гэрээг байгуулсан бөгөөд “Акума-Эрин" ХХК нь “МГВХЭ” ХХК-ийн захиалгын дагуу нийт 14 000 000 төгрөгийн үнэ бүхий эксковаторын сэлбэгийг нийлүүлсэн. Ер нь “Акума Эрин” ХХК худалдан авагчийн захиалсан техник хэрэгслийг нийлүүлэх үүрэгтэй бөгөөд түүний захиалсан техник хэрэгсэл нь тухайн машин механизмдаа таарч тохирох эсэх талаар баталгаа тогтоох үүрэггүй болохыг анхаарах хэрэгтэй.

Хариуцагч нь эксковаторыг захиалсан гэсэн боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Хэрэв түүний захиалсан мотороос өөр моторыг худалдагч тал нийлүүлсэн бол худалдан авагч нь техник хэрэгслийг шалгаж хүлээн авах үедээ энэ талаар гомдлын шаардлага гаргах ёстой байсан. Нэгэнт шалгаж хүлээн авахдаа захиалснаас өөр маркын техник хэрэгсллийг шилжүүлсэн бол иргэний хуульд заасан татгалзал, шаардлагаа гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 -д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг доголдлын талаар мэдсэн буюу мэдэж боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар хуульчилсаныг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь хууль хэрэглээний алдаа хэмээн үзэж байна. Хариуцагч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хэд хэдэн удаа сэлбэг хэрэгслийг буцаах зорилгоор Улаанбаатар хотод ирж “Акума Эрин” ХХК-тай уулзаж байсан, түүнчлэн тохирохгүй байгаа сэлбэг хэрэгсэл нь одоог хүртэл худалдан авагчийн эзэмшилд байгаа хэмээн мэдүүлсэн хэдий ч бодит байдал дээр манай компанитай уулзаж гэрээний үүргийг хэрхэн барагдуулах асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж байгаагүй бөгөөд сэлбэг хэрэсглийг машин техник хэрэгслийн хамт бусдад худалдсан нь үнэн юм.

“Акума Эрин” ХХК нь гэрээний үүргийг хэрхэн хангуулах асуудлаар уулзаж ярилцах зорилгоор олон удаа утсаар холбогдсон боловч үр дүнд хүрээгүй тул арга буюу худалдааны менежерийг Эрдэнэт хот руу 2015 оны 09 сард томилолтоор явуулсан боловч М.Лханааг хайгаад олоогүй. Харин 2015 оны 11 сард худалдааны менежерийг дахин явуулахад М.Лханаа төлбөртөө тооцож ачааны автомашин өгье гэсэн боловч тэр машин нь асахгүй байсан. Зохигч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байтал М.Лханаа нь Орхон аймгийн Прокурор дуудаж уулзан дарамталсан, гэрээнд гарын үсэг зураагүй гэх мэт бодит үнэнд нийцэхгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргадаг. М.Лханаа нь утсаа авдаггүй, гэрээн дээр бичсэн гэрийн хаягаар нь очихоор өөр айл байдаг тул бид түүний үйлдлийг шалгуулахаар 2015.09.11-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт хандсан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзсан тул аймгийн прокурорын газарт хандсан боловч мөн л хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн.

Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч УЕП-т гомдлоо гаргахад М.Лханаагийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэ гэсэн хариу өгснөөр тухайн үед аймгийн прокурор байсан Ж.Мөнхжаргал М.Лханаа болон “Акума Эрин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг дуудан тайлбар авахад компаниас худалдан авсан сэлбэгээ эксковатортоо суурилуулж, эксковатороо бусдад худалдсан ч мөнгөө авч чадахгүй байгаагаас сэлбэгийн үлдэгдэл төлбөр болох 12.000.000 төгрөгийг төлж чадахгүй өдийг хүрсэн талаараа тайлбар өгч байсан нь үнэн юм. Хэрэгт авагдсан прокурорын мэдэгдэх хуудсыг уншихад л холбогдох албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелуүлэхгүй байгаа асуудлаар “Акума-Эрин” ХХК-иас УЕП-т гомдол гаргажээ гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдоос шүүхэд гаргаж байгаа тайлбарууд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байгаа нөхцөл байдлуудыг анхаараагүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн эзэмшилд байгаа гэх 401-00023а маркын моторыг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан. Бидэнд М.Лханаа хэлэхдээ нэмэлт хэрэгслийн тусламжтайгаар моторыг эксковаторт бүрэн суурилуулан худалдан борлуулсан гэсэн. Одоо буцааж өгөх мотор сэлбэг хэрэгсэл түүнд байхгүй. Маргаан бүхий мотор “МГВХЭ” ХХК-ийн эзэмшилд байгаа эсэхийг тодруулах нь уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хариуцагч барааны доголдлыг арилгуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээж аваагүй тул гэрээнээс татгалзаж барааны үнэд төлсөн 2.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэстэй” хэмээн үзсэн байх бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө төлдөө мэдэгдэнэ”, 205 дугаар зүйлийн “...аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” хэмээн заасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу бид худалдан борлуулсан барааны төлбөр ч үгүй, бараа ч үгүй үлдэж байгаа шударга бус үр дагавар бий болж байна. Иймээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг тодорхой байдлаар шийдвэрлэх зорилгоор “Акума Эрин” ХХК-ийн худалдан борлуулсан тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд байгаа эсэх, биет байдлаар буцаан өгөх, эсхүл мөнгөн хэлбэрээр нэхэмжлэгч талд нөхөн төлөх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ны өдрийн 142/ШШ2016/01371 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2017.01.10-ны өдрийн 07 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Акума Эрин” ХХК нь хариуцагч “МГВХЭ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 600 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, “МГВХЭ” ХХК нь “Акума Эрин” ХХК-иас гэрээний дагуу өгсөн 2 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, хохирол 450 000 төгрөг, нийт  2 450 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон атлаа талууд гэрээний гол нөхцлийг тохирсон нь нотлогдоогүй, гэрээ байгуулагдаагүй гэж зөрчилтэй дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасныг зөвтгөх  боломжтой гэж үзэв. 

Талууд гэрээний зүйлийн үнийг тохирч, уг үнийг төлөхдөө хэсэгчлэн, тодорхой хугацаанд эсвэл дараа төлөхөөр тохирсон нь төлбөр төлөх журмыг тогтоосон агуулга  юм. Харин худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлж байгаа учраас хүү тооцсон, ийнхүү хүү тооцсоноор үнэ нэмэгдэх нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинж байна. Гэрээний талууд моторын үнийг харилцан тохирсон, харин үнийг дараа төлөх хугацаа тогтоосноор эд хөрөнгийн үнэ өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт хамаарах тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлд шүүх худалдсан эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах хугацаа, эд хөрөнгө доголдолтой тохиолдолд худалдан авагчийн гаргах шаардлага, гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан хэм хэмжээг баримталсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид нь гэрээний дагуу шилжүүлсэн ...мотор худалдан авагчийн захиалсан мотор мөн эсэх талаар  маргажээ.  Зохигчдын байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд гэрээний зүйлийг тос тосолгооны материал, аккумлятор, сэлбэг хэрэгсэл гэж заасан ба тодорхой эд хөрөнгийг нэрлэж, үнийг заагаагүй байна.

“МГВХЭ” ХХК-ийн захирал М.Лханаа нь “Акума-Эрин” ХХК-иас 2015 оны 06 дугаар сард 401-00023а travel motor маркын моторыг аваад өөрийн DOOSAN SOLAR 255 Lc-v маркын эксковаторт тавих гэсэн боловч таараагүй тул буцааж өгөхөөр Улаанбаатар хот руу ачиж явсан, “Акума-Эрин” ХХК хүлээж аваагүй тул өөртөө хадгалж байгаа  үйл баримт гэрч Б.Нармандах, Ж.Батболд нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-дХудалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж заасан байна. Нийлүүлсэн эд хөрөнгө биет байдлын доголдолгүй байж болох боловч гэрээгээр тохирсоноос өөр эд хөрөнгө нийлүүлснийг доголдолтойд тооцдог.

Хариуцагч нь гэрээнд зааснаас өөр эд хөрөнгийг өгсөн тул доголдолтой гэж үзэн, гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 2 000 000 төгрөг, моторыг ачуулахад гарсан тээврийн хөлс 450 000 төгрөг, нийт 2 450 000 төгрөгийг “Акума-Эрин” ХХК-иас шаардсаныг шүүх нотлох баримтын хүрээнд 2 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д нийцсэн  байна.

Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхад шүүх нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөгийг хариуцагчид буцаан олгож шийдвэрлэхдээ хариуцагчаас моторыг гаргуулж нэхэмжлэгчид олгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуулийн дээрх заалтад нийцсэнгүй.

Иймд нэхэмжлэгчийн “...моторын асуудлыг шийдвэрлээгүй талаарх” гомдлыг хангаж, харин магадлалыг хүчингүй болгуулж шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 07 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 142/ШШ2016/01371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад ...олгосугай гэснийг олгож, “МГВХЭ” ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг нэхэмжлэгч “Акума-Эрин” ХХК-нд буцаан олгосугай” гэж нэмж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. ИХШХШТХуулийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

      ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА