Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 405

 

Э.Б- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 649 дүгээр магадлалтай, Э.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э-н Б.

Э.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” төв дэх “**” эмийн сангаас эрх олгосон 11262265 индексийн дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жорыг хуурамчаар үйлдэн хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж диазепам эмнээс 210 ширхэг, трамадол эмнээс 80 ширхгийг тус тус худалдан авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Б-ийг хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Б- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна.Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т ял оноох харилцааг Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгээр зохицуулдаг. Тэгэхээр Э.Б-ий үйлдлийн үр дүнд нийтийн албаны ашиг сонирхол ямар нэг байдлаар хөндөгдөж, энэ талаар шийтгэх тогтоолд заавал зааж, шүүхийн шийдвэрийн үр дүнд уг ашиг сонирхол сэргээгдэж эсхүл хамгаалагдаж байх ёстой. Гэвч нийтийн албаны ямар ч ашиг сонирхол хөндөгдөөгүй тул шийтгэх тогтоолд энэ талаар заагаагүй. Өөртөө гэм хор учруулах буюу өөрийн эрүүл мэндийг хохироох нь яагаад гэмт хэрэг болоод байгааг аль ч шатны шүүх тайлбарлаж чадахгүй байгаа нь Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм.

Иймд уг бүлэгт заасан гэмт хэргийг Э.Б- үйлдээгүй болно.

Шийтгэх тогтоолд яллах дүгнэлтээс хальж “Энэ эмийг тусгай зөвшөөрлөөр олгогддог гэж шүүх дүгнэв. ... Э.Б-ийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэсэн нь шүүгдэгчийн эрх зүйг байдлыг дордуулсан бөгөөд уг дүгнэлтийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

“Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгоно” хэмээн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааж, ямар үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох талаар нэг бүрчлэн тоочсон байна. Харин тэр дунд эм олгогдох үйл ажиллагаа байхгүй байна.

Тэгэхээр “эмийг тусгай зөвшөөрлөөр олгодог” хэмээн дүгнэсэн дүгнэлт нь тусгай зөвшөөрөл гэж юуг хэлдэг талаарх хуулийн ойлголттой зөрчилдөж байх тул" хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

Эмийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгогддог гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэх юм бол эм олгох үйл ажиллагааг Э.Б- явуулаагүй тул түүнд уг заалт хамаарахгүй ба тэрээр зөвхөн эмийн жороор эм худалдан авсан.

Эмийн жор бичих үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулна гэж хуульд заагаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасныг хэрэглэхийн тулд тус зүйлийн гарчгийг харах ёстой. Э.Б-ий үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж нийтийн албаны ямар нэгэн эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй. Э.Б- урьд гэмтэл авсны улмаас эмчийн бичиж өгсөн жорын дагуу өөрийн эмчилгээнд зориулж хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж түүнд тусгагдаагүй зүйлд дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг Э.Б- хөндөөгүй, зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй. Э.Б-ий шээснээс илэрсэн сэтгэцэд нөлөөт бодисууд Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан конвенцийн жагсаалтад багтсан. Шүүх Э.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Б-ий гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Э.Б-ийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” төв дэх “**” эмийн сангаас эрх олгосон 11262265 индексийн дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жорыг хуурамчаар үйлдэн, уг жороор диазепам эмнээс 210 ширхэг, трамадол эмнээс 80 ширхгийг тус тус худалдан авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх болон хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах, хууль зүйн зөв дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Э.Б- нь эмчилгээний зорилгоор эмчийн зөвшөөрсөн тун, хэмжээгээр хэрэглэх ёстой бөгөөд эмчийн жороор олгогддог сэтгэцэд нөлөөт эмийн жорыг хуурамчаар үйлдэн,  их хэмжээгээр худалдан авсан, тэдгээрийг хэрэглэж байсан үйлдэл тогтоогдсон байна. Хууль тогтоомжийн дагуу хэрэглэхийг зөвшөөрсөн, эсхүл хориглосон эсэхээс үл хамааран мансууруулах эм, бодисыг хэрэглэж байгаа тун, хэрэглэж буй хандлага, давтамж зэргийг шалгаж тогтоосноор, хүний сэтгэхүйд идэвхжилтийн нөлөөлөл үзүүлдэг хориглосон бодисын агууламж бүхий эм, бодисыг тухайн хүн мансуурах зорилгоор хэрэглэж байгаа, эсхүл эмчийн зөвшөөрлийн хүрээнд эмчилгээний түвшинд хэрэглэж байгаа зорилгыг зөв тодорхойлж, эдгээрт үндэслэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа зөрчигдсөн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ий үйлдлийн сэдэл, санаа зорилгыг зөв тодорхойлж чадалгүй, түүний үйлдлийг нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт холбогдох харилцааг зөрчсөн буюу хуурамч бичиг баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж бодит байдалд нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй, хэргийг шийдвэрлэсэн байна.               

Дээрх байдлаас дүгнэвэл Э.Б-ий үйлдэлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэх, тэрээр гэм буруутай эсэх талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, түүнд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзлээ.   

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Э.Б-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж, ийнхүү шийдвэрлэж байгаатай холбогдуулан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий Э.Б-ий хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 649 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Э.Б-ий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт очтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.   

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН