Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2022/01531

 

 

 

 

 

 

 

2022 08 19 210/МА2022/01531

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02393 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н газарт холбогдох, үнэлгээ болон дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/02773 дугаар захирамжаар Н.Бас 110,505,520 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Н.Б төлбөрийг төлөөгүй тул үүргийг гүйцэтгэлийг Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204071624 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 85А байр, зоорийн давхрын 3-20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 286,537,500 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байна. Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн тул дуудлага худалдааг хүчингүйд тооцож, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2773 дугаар захирамжаар Г.Г-, Н.Б нараас 110,895,859 төгрөг гаргуулж Мирай капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Г-, Н.Б нарын үүргийг гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85А байр, зоорийн давхрын 270 м.кв талбайтай нийт 18 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21260730/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21260730/08 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 386,537,500 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг талуудад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-162/24707, 4-162/24708, 4-162/24706 дугаар албан бичгээр мэдэгдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-162/345, 346, 347 дугаар албан бичгээр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анхны дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн боловч уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Талуудад хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4-162/1915, 1916, 1914 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2809 дүгээр захирамжийг хүлээн авсан тул хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/02773 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071624 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол/13342/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 85А байр, зоорийн давхрын 3-20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Д ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №Ш21-24 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/9 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 төгрөгөөс үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээч 286,537,500 төгрөгөөр харин хөрөнгийн үнэлгээний И ХХК 338,936,300 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний зөрүү 52,398,800 төгрөг байна. Иймд зөрүүтэй үнэлгээг эцэслэн шийдвэрлүүлэхээр шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1.  Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

3.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/02773 дугаар захирамжаар Г.Г-, Н.Байгаль нараас 110,505,520 төгрөг гаргуулан М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

4.  Хариуцагч байгууллага нь дээрх шүүгчийн захирамж болон 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлбөгч Г.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85А байр, зоорийн давхрын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21260730/07 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21260730/08 дугаар тогтоолоор хураан авчээ. /хх 51, 54/

 

4.а. Төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Н газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Д ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 286,537,500 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 64-75/

4.б. Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан шаардлагад нийцэхгүй байхаас гадна мөн хуулийн 9.3.5-д заасан үнэлгээний зүйлийн шинж байдлыг зөв тодорхойлоогүй байна. Тодруулбал, дээрх 18 ширхэг авто зогсоолууд нь биет байдлын хувьд салгаж болох авто зогсоолын зориулалттай хөрөнгө байхад тус бүрийн үнийг тодорхой гаргаагүй байна.

4.в. Түүнчлэн, шинжээч төлбөрт хураагдсан 18 ширхэг, нийтдээ 270 м.кв талбай бүхий хөрөнгө гэж үзэж зах зээлийн хандлагын аргаар харьцуулан үнэлэхдээ 15 м.кв талбайтай 1 ширхэг авто зогсоол, 240 м.кв талбайтай гэх зогсоолыг сонгон авч харьцуулжээ. Ингэснээр үнэлгээний зүйл болох 18 ширхэг авто зогсоол тус бүрийн үнийг бодитой тодорхойлоогүй, зогсоол тус бүрийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээ тодорхой бус болсон байна.

Хэдийгээр эдгээр хөрөнгүүд нь улсын бүртгэлийн нэг дугаарт бүртгэгдсэн байх боловч авто зогсоол тус бүр Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан хөрөнгө юм.

 

5.  Анхан шатны шүүх анхны албадан дуудлага худалдааг, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гомдлыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85А байр, зоорийн давхрын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 286,537,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг болон 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/9 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ