Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02181

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/02181

 

 

 

 

             Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01ий өдрийн 181/ШШ2019/01924 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгчҮ ХХК-ийн хариуцагч К хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 412 390 889.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

                Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:Ү ХХК нь К ХМХ-тэй 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ТС-ХЭ-17/007-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот зээлийн гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 дугаартай барьцааны гэрээ, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж Д өмчлөлийн ...байршилтай, орон сууцны зориулалттай, 155 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, Д өмчлөлийн, лексус РХ 400 маркийн, ...УНТ улсын дугаартай, суудлын зориулалттай авто машин, 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот барьцааны гэрээний хавсралтад дурдсан нэр бүхий гэрэл зургийн студидэд хэрэглэдэг тоног төхөөрөмж, тоо ширхэг жагсаалтын дагуу, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот барьцааны гэрээний хавсралтад дурдсан нэр бүхий оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмж, тоо ширхэг жагсаалтын дагуу барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээлээ буцаан төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардлага тавьж байсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөр огт төлөөгүй, үндсэн хүүгээс 23 597 887.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 264 812.32 төгрөг, нийт 23 862 700 төгрөг төлсөн. Иймд хариуцагч К ХМХ нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11 714 804,12 төгрөг, үндсэн хүү 100 676 084,92 төгрөг, үндсэн зээл 300 000 000 төгрөг нийт 412 390 889.04 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас 263 158 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл хүү болон нэмэгдүүлсэн хүү, зээлэнд төлсөн төлбөр нийт 149 232 389.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ү ХХК-тай байгуулсан 2017 оны 04 сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 дугаар зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. 300 000 000 төгрөгийг 1 жилийн 24 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан мэт зээлийн гэрээ байгуулсан боловч бид зээлийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй бөгөөд Х2017 оны 07 сарын 03-ны өдөр буцаан тушаасан.Ү ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр И ХХК-тай №ТЗ-11\006 тоот зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлсэн. №ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүйн улмаас 300 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан. И ХХК-ийн үйл ажиллагаа доголдож цаашид зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болоходҮ ХХК өөр аж ахуйн нэгж дээр зээлээ үргэлжүүлчих гэж шаардсаны дагуу бид 2011 оны №ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 300 000 000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн хамт К ХМХ-ийн нэр дээр шилжүүлэн буцаан барьцаалж К ХМХ-ийн нэр дээрҮ ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №ТС-ЭХ- 17\007 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. №ТС-ЭХ-17/007 тоот зээлийн гэрээний 1.1-д зээлийн гэрээний зорилго нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухайд нийцүүлэн банкнаас зээл олгох, зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн зарцуулалтад хяналт тавих, .... талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэж заасан атлаа К ХМХ-д олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн өдрөө зээлдүүлэгч банк буцаан авсан нь зээлийн гэрээний зорилгод нийцэхгүй. Мөн тус гэрээний 3.1.5-д зааснаар зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон боловч зээлийн мөнгө зориулалтын дагуу ашиглагдаагүй.Ү ХХК-аас олгосон зээл нь өмнө үүссэн төлбөр тооцоог хаахаар байсан бөгөөд гэрээнд заасан зорилгоор И ХХК-ийн харилцан хамаарал бүхий К ХМХ-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, зээлийг олголгүйгээр зохиомлоор хийгдсэн, нэг зээлийн төлбөрийг өөр зээлд хөрвүүлэх замаар байгуулсан хууль бус үйл ажиллагаа байна. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд зээлийг ашигласан хугацаанд төлөх төлбөрийг хүү гэж ойлгогдохоор байна. Гэтэл бид ашиглаагүй зээлэнд хүү буюу зээлийн үнэ төлөх боломжгүй. Мөн гэрээ байгуулснаас хойш нийт 36 841 500 төгрөг төлсөн. Иймд нэхэмжпэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүү 112 390 884.4 төгрөг, мөн зээлээс буцаан төлсөн 36 841 500 төгрөг, нийт 149 232 389.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар К хэвлэл мэдээллийн хэрэгслээс 412 390 889.04 төгрөг гаргуулж, ҮХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 290 104.45 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч К хэвлэл мэдээллийн хэрэгслээс 2 290 104.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчҮ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэсний хөрөнгө оруулалтын банктай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 дугаар зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. Анхан шатны шүүх “дээрх гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болох нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн. Зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан мэт зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг зориулалтын дагуу захиран зарцуулалгүй 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буцааж тушаасан. Үнь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр И ХХК-тай №ТЗ-11/006 тоот зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар зээлсэн. №ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 300 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан. И ХХК-ийн зээлийн үлдэгдэл 300 000 000 төгрөг нь №ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн үлдэгдлийн нийлбэр юм. №ТЗ-11/006 тоот зээлийн гэрээгээр тооцсон хүүгийн үлдэгдлийг өөр зээлд хөрвүүлж дахин зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардлага гаргасан нь тодорхой байна. Мөн дээрх баримтаас харахад зээлийг ашиглаагүй байхад хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчиж байна. Бидний зүгээс ашиглаагүй зээлэнд хүү буюу зээлийн үнийг төлөх боломжгүй. Гэрээ байгуулснаас хойш нийт 36 841 500 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү болох 112 390 884.04 төгрөг, зээлээс буцаан төлсөн 36 841 500 төгрөг, нийт 149 232 389.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, маргааны үйл баримтын талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

НэхэмжлэгчҮ ХХК-ийн зээлд 300 000 000 төгрөг, үндсэн хүүд 100 676 084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22 714 804.12 төгрөг, нийт 412 390 889.04 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч К хэвлэл мэдээллийн хэрэгсэл 263 158 500 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “.., зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тайлбарладаг бол хариуцагч “ ... зээлийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй, банк бусдын авсан зээлийг биднээр төлүүлсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан. 

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчҮ ХХК хариуцагч К ХМХ-тэй зээлийн, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэн, үүргийн гүйцэтгэлд Д өмчлөлийн 155 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ...УНТ улсын дугаартай лексус RX 400h маркийн автомашин, гэрэл зургийн болон оффисын тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалсан байна.

Хариуцагчийн “ ... ашиглаагүй зээлэнд хүү төлөхгүй” гэх гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч банк 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн зээлийн дансанд шилжүүлсэн, мөн өдрөө К ХМХ-ийн эрхлэгч Д “И” ХХК-ийн 286 838 625.50 төгрөгийн зээлийг хаасан баримтууд хэрэгт авагдсан байх боловч зээл хаасан баримтанд зурагдсан гарын үсэг Д өөрийнх нь хүсэл зориг мөн эсэх, түүнчлэн хариуцагч зээлийн төлбөрт хичнээн төгрөг төлсөн болох нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч 23 597 887.68 төгрөг, хариуцагч 36 841 500 төгрөг төлсөн гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргаж байхад шүүх дээрх үйл баримтуудын талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

Шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй. Хэргийн 13-14 дэх талд авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж К ХМХ-ийн үүсгэн байгуулагч Д гарыг үсэг зурсан байх ба шүүхээс барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцаа хөрөнгийн өмчлөгчийн талаар эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01ий өдрийн 181/ШШ2019/01924 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 904 112 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

                                     ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.МӨНХЗУЛ