Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01987

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01987

 

Б.Э, Т- ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01150 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Э, Т- ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.У-, М-ХХК нарт холбогдох

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэгт 3 071 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Т- ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, өмгөөлөгч Г.Тулга, хариуцагч Н.У-, хариуцагч Н.У-ийн өмгөөлөгч М.Хувцагаан, Р.Эрдэнэсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т- ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2006 оноос Т- ХХК-г үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2012 онд хамтран амьдарч байсан Н.У- өөрийн болон компанийнхаа бүх хөрөнгө, эрхүүдийг алдсан. Н.У- нь нэхэмжлэгчийн болон Т- ХХК-ны 4 310 669 265 төгрөгийн эд хөрөнгө, эрхийг хууль бусаар авсан болохыг тогтоосон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосон.

 

Т- ХХК-ны гаалиар худалдан борлуулах зорилгоор оруулж ирсэн нийт 3 041 650 000 төгрөгийн үнэ бүхий 32 ширхэг хүнд даацын машин, механизмыг зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулж ашигласан, Лексус-470 маркийн УНА 0609 улсын дугаартай 30 000 000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг 2012 онд бусдад зарсан гэмт үйлдлүүдээс болж Б.Э болон Т- ХХК-д нийт 3 071 650 000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Н.У- болон М-ХХК-иас 3 071 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар үндэслэж байгаа. Тухайн үед битүүмжилсэн байсан 32 ширхэг хүнд даацын машин механизмын үнийг Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжилж байна.2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Б.Эийн гарын үсгийг хуурамчаар зурж, Н.У- нь Т- ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, Т- ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан.

 

Нэхэмжлэгч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.У- нь Б.Эийн зөвшөөрөлгүйгээр Лексус-470 маркийн 06-09 УНА улсын дугаарын автомашиныг захиран зарцуулсан гэж үзэн хохирол болох 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч М-ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Н.У-, М-ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.У- нь Т- ХХК-ийн захирлын 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 тушаалаар дэд захирлын албан тушаалд томилогдсон. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр Н.У-т 3-н жилийн хугацаагаар захиран зарцуулах эрхийг олгосон. Н.У-ийг Т- ХХК-ийн дэд захирлаар томилсон тушаал хэвээрээ байсан. Компанийн тухай хуульд зааснаар Н.У- нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхтэй. Т- ХХК-ийн хүсэл зоригийн гадуур түүний зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Т- ХХК өөрөө энэ техникүүдийг оруулж ирсэн бол авто тээврийн газар өөрсдөө хүсэлтээ гаргах байсан. Н.У- 2012 оны 04 дүгээр сараас Б.Этэй хамтарч амьдарч байсан, нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь М-ХХК-д хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М-ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Т- ХХК, Б.Э нарын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.У-т холбогдох 3 041 650 000 /гурван тэрбум дөчин нэгэн сая зургаан тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлийг болон 30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай Б.Эийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15 366 000 төгрөг, Б.Эээс 307 950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2015/07002 дүгээр захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т- ХХК-ийн өмгөөлөгч Г.Тулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 8.1.5-д зааснаар эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хороо нэхэмжилж,шүүх бүрэлдэхүүнтэй шийдэх байсан хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 8.1.8-д зааснаар өөрчилсөн. Шүүгч И.Амартөгс дангаар шүүх хуралдаан хийж өмнө нь шийдвэрлэж байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан бөгөөд шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч Т.Энхтуяа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан заалтыг зөрчлөө.

 

Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан талаар: Түхайн шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч болох өмгөөлөгч надад гардуулах хувь байхгүй гэсэн шалтгаанаар гардуүлаагүй,давж заалдах гомдол гаргах эрх хязгаарлагдмал нөхцөл байдалд тухайн хэргийн шүүх хүралдаанд оролцохдоо өөрийн хийсэн тэмдэглэл дээрээ тулгүурлан давж заалдах гомдол гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтуүд нь шаардлага хангасан байхад шүүх эдгээр баримтуудыг үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй. Нэхэмжлэгчийн баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, нэхэмжилэлийн дүн, үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна гэснийг зөвшөөрөхгүй, хууль сануулж гаргасан эд хөрөнгийн үнэлгээ байсаар байтал үүнийг үгүйсгэсэн үндэслэлээ шүүх заагаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатнны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Т- ХХК, Б.Э нар нь хариуцагч М-ХХК, Н.У- нарт холбогдуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэгт 3 071 650 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч .., хууль бусаар захиран зарцуулаагүй, албан ёсоор Т- ХХК-ийн дэд захирлаар томилогдсон байсан. Түүнчлэн дээрх эд хөрөнгө нэхэмжлэгчийнх гэдэг нь нотлогдоогүй гэж маргажээ. /1-р хх 1-2, 86-87, 2-р хх 183-184/

 

Нэхэмжлэгч Б.Э нь Н.У-ээс Лексус-470 маркийн авто машиныг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн хохирол буюу машины үнэ 30 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг 30 000 000 төгрөг нь 3 071 650 000 төгрөгийн үнийн дүнд багтсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч М-ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул анхан шатны шүүхээс татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ. /2хх-227-239 /

 

Нэхэмжлэгч тал 32 ширхэг хүн даацын машин механизм, Лексус-470 маркийн 06-09 УНА улсын дугаартай автомашиныг хариуцагч хууль бусаар захиран зарцуулсныг нотлохоор эрүүгийн хэргийн баримтууд, үнэлгээний тайлан зэргийг гаргасан. /2хх 1-8/

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1829 дүгээр шийдвэрээс үзэхэд хариуцагч Н.У- нь нэхэмжлэгч Б.Этэй 2006 оны 01 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байна./1хх-ийн 220-222 / Мөн Т- ХХК-ийн захирал Б.Эийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 дугаар тушаалаар Н.У-ийг компанийн дэд захирлаар томилж, гадаад, дотоод худалдааны гэрээ контракт үйлдэх, харилцах данс эзэмших, тайлан баланс бүртгэл, эд хөрөнгө, бараа материалд хяналт тавих, захиран зарцуулах бүрэн эрхийг олгосноос үзэхэд түүнийг уг компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан гэж үзэхээр байна. /1-р хх 248 /

 

Мөн Т- ХХК-ийн захирал Б.Э нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр гүйцэтгэх захирал Н.У-т компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эд хөрөнгийг захиран зарцуулах, техникүүдийг худалдах, худалдан авах бүх эрх, үүргийг 3 жилийн хугацаагаар олгосон тул өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /1-р хх-ийн 25/

 

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцсэн. Хариуцагч Н.У-т олгосон итгэмжлэл, захирамжуудад компанийн эд хөрөнгө, техник хэрэгслийг худалдан борлуулах эрх олгосон байгаагаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Н.У-т холбогдуулан компанийн эрх бүхий этгээдийн хувьд хохирол учруулсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын, үндэслэлд уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Мөн хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эрх зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албан ёсоор албажуулсан, Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан зарчимтай харшлахгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хугацаандаа ирж гардан авах нь хэргийн оролцогчийн үүрэг юм.

 

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цуглуулсан баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул буруутгах боломжгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т- ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 366 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                        Ш.ОЮУНХАНД