Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 785

 

Д.Баясгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

ялтан Д.Баясгалангийн өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2016 2502 1956 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Адуучин овогт Дашдондогийн Баясгалан, 1973 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9 дүгээр гудамж 149 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙР73010518/;

 

Д.Баясгалан нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг Ази” ХХК-ийн барилгат хамт ажиллаж байсан Б.Баттэгштэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан түүний зүүн гар тус газарт нь арматурын төмрөөр цохиж “зүүн шуу ясны далд хугарал” бүхий бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Баясгаланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Адуучин овогт Дашдондогийн Баясгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг хохирогч Б.Баттэгшид буцаан олгож, хохирогч Б.Баттэгш энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Баясгалангаас нэхэмжлэн авах эрхтэйг дурдаж, Д.Баясгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж, Д.Баясгалан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Баясгалан тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогч Баттэгшийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тул надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, намайг суллаж өгнө үү гэжээ.

Ялтан Д.Баясгалангийн өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн шатнаас эхлэн ялтан Д.Баясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Д.Баясгаланд 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Д.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Баясгалан анх удаа хүдэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан Д.Баясгалан нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорыг арилгах, хохирол төлөх боломжтой байсан боловч төлөөгүй. Түүний “учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Д.Баясгалан нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг Ази” ХХК-ийн барилгат хамт ажиллаж байсан Б.Баттэгштэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан түүний зүүн гар тус газар нь арматурын төмрөөр цохиж “зүүн шуу ясны далд хугарал” бүхий бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтад хохирогч Б.Баттэгшийн “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баясгалан /Лантуу/ нь зүүж байсан гинжээ миний бичиг баримтаар ломбарданд тавиад тэр мөнгөөрөө 0.75 литрийн Монгол стандарт архи авсан. Тэгээд бид 2 барилгын подвалын гражид ороод хоёулаа хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад бид 2 манаачийн бутикт орсон. Тэгээд би босоод явлаа эхнэртэйгээ уулзлаа гэсэн. Тэгтэл Баясгалан нь “чи яах гээд байгаа юм бэ одоо амар” гэсэн, тэгэхэд нь би зөрөөд явлаа гэхэд Баясгалан газраас 40-60 см орчим урттай арматурын төмөр аваад миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа хаасан. Тэгтэл миний гар луу 2 удаа тэр төмрөөр цохисон. ... Миний гарын гэмтлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баясгалан нь миний шуу руу арматурын төмрөөр 2 удаа цохиж гэмтээсэн...” /хх 13-14/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттэгшийн: “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би Баясгалантай хамт ажлын байрандаа архи уусан. Баясгалан намайг унт гээд толгой руу төмрөөр цохих гэхэд нь гараараа хамгаалсан...” /хх 75/,

мөрдөн байцаалтад Д.Баясгалангийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би 1 шил 0.75 литрийн “Монгол Стандарт” архи аваад Баттэгшийн байрлаж байсан жижиг байшинд ороод Баттэгш бид хоёр архи хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад Баттэгш нь гарч явах гээд байхаар нь барилга дээр янз бүрийн төмөр, ёрдгор янз бүрийн зүйл дээр уначих байх гэж бодоод түүнийг унт гэхэд унтахгүй босч явах гээд байсан. Тэгэхээр нь Баттэгшийг орон дээр дарж хэвтүүлж дарж байгаад газарт байсан барилгын зориулалттай 40 орчим см урттай арматурын төмрөөр бөгсрүү нь 1 удаа цохисон 2 дахь удаагаа цохьтол гар руу нь цохиод зүүн гарыг нь хугалчихсан...” /хх 27/,

мөрдөн байцаалтад гэрч Е.Оюунцэцэгийн: ...Намайг Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу материал татах гээд 2-3 хоног яваад ирэхэд ... манай нөхөр Баясгалан нь Баттэгшийг гэмтээчихсэн, энэ 2 маргалдаад ийм юм болсон гэж Баттэгшийн эхнэрээс сонссон...” /хх 15/,

гэрч М.Оюунчимэгийн: “…2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш Баясгалан нь согтуу ирээд надад “Баттэгш бид 2 жаахан муудалцаад” гэж хэлэхэд нь би Баттэгш бид хоёрын байрладаг өрөө рүү ороход Баттэгш халамцуухан “би явлаа, ажиллаж чадахгүй юм байна” гэсэн сууж байсан. Тэгээд харахад зүүн гараа хөдөлгөж чадахгүй болчихсон “арматурын төмрөөр намайг Баясгалан гар, хөл рүү цохилоо гээд 17-19 мм голчтой 40 орчим см урттай арматурын төмөр барьчихсан зогсож байсан. ... харахад зүүн гар хөдлөхгүй байна гээд гар нь битүү хавдчихсан байсан...”  /хх 18-19/,

шинжээч эмч О.Болороогийн: “...Баттэгшийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон өдөр үүсэх боломжтой гэмтэл. Өөрөө гараараа дарснаас эсхүл, өөр хүн цохисноос болж үүсгэгдэнэ ... зүүн гар нь гэмтсэн юм чинь баруун гараараа тоглох боломжтой. Зүгээр сагс тоглож байхад үүсгэгдэхгүй харин унаж туссан бол үүсгэгдэнэ...” /хх 45/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10101 дугаартай дүгнэлт /хх 23/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Д.Баясгалангийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Гэвч Д.Баясгалан нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад ялтны ар гэрээс хохирогч Б.Баттэгшид эмчилгээний зардалд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Б.Баттэгшийн “...давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй, Д.Баясгаланд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэж бичгээр гаргасан хүсэлт, шүүгдэгч гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал, түүний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Д.Баясгалан, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан “…хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тул хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдол болон тайлбарыг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.